| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2021/01432/И |
| Дугаар | 102/ШШ2021/02993 |
| Огноо | 2021-11-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2021/02993
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймаг, .......... тоот хаягт оршин суух, Б овогт Б.Ж /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ........... тоот хаягт байрлах, Т ХХК /РД: 000000/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ............ тоот хаягт оршин суух, С овогт О.С /РД:00000000/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 30,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Жийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ж нь 2019 оны 7 дугаар сард Т ХХК-ийн Төв аймгийн ........ нутаг дэвсгэрт байрлах, М 1000 айл төслийн М-Өргөө хотхон, 2 дугаар ээлжийн 90 айлын орон сууцны 00 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 35.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалж, нийлүүлэгч гэх Т ХХК-д дээрх орон сууцны төлбөрийн 50 хувь буюу 17,800,000 төгрөгийг гэрээний 2.4-д заасны дагуу нийлүүлэгчийн данс буюу Худалдаа хөгжлийн банкны 0000000000 тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн. Үүнээс гадна энэхүү гэрээний нийлүүлэгч гэх Т ХХК нь гэрээний 3.1-д зааснаар орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулна гэж энэхүү гэрээг захиалагч бидэнтэй хийсэн юм. Гэтэл өнөөдрийг хүртэл байр нь ашиглалтад ороогүй барилгаа ч барихгүй захиалагч биднийг даруй 1 жил 6 сараар хохироож байна. Т ХХК нь талууд хоорондын байгуулагдсан гэрээний 3.7-д зааснаар захиалагчийг тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй 14 хоногийн л хугацаа өнгөрөхөд гэрээг нийлүүлэгч тал дангаараа цуцлах эрхтэй хэмээн өөрт илт давуу байдал олгосон гэрээг захиалагчтай хийсэн байсан атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, компанийн гүйцэтгэх захирал О.С болон захирал Д.Баасанжав нар нь өнөөдрийг хүртэл утсаа ч авахгүй байх, төлбөр тооцоогоо буцааж аваад гэрээгээ цуцалъя гэхэд өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй хохироож байгаа болно. Б.Ж нь 1-4 насны хүүхдүүдээ гэртээ асарч байгаа, нөхөр Э.Ганбүргэд нь ажлын байрны цомхотголоор ажлаасаа чөлөөлөгдсөн зэрэг хүндрэлтэй асуудлууд маш их гарч амьдрал маш хүнд байна. Өнөөдөр Улаанбаатар хотод арга буюу ирж эдгээр хүмүүстэй уулзаж, төлбөр тооцоогоо авах гэж 1 жил айлын байр түрээслэн сууж 8,000,000 төгрөгөөр давхар хохирч байна. Иймд худал амлалт өгч биднийг хохироож байгаа Т ХХК-иас байрны урьдчилгаа болгон төлсөн 17,800,000 төгрөг, гэрээний 5.6-д заасан нийлүүлэгч нь орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөх хугацааг 45 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 46 дахь хоногоос эхлэн орон сууцны үнийн дүнгээс хоног тутамд 0,2 хувийн алдангийг захиалагчид төлнө гэсний дагуу 4,000,000 төгрөг, орон сууц хөлсөлсөн зардал хохиролд 4,000,000 төгрөг, нийт 25,800,000 төгрөгийг гаргуулан захиалагч Б.Жийг хохиролгүй болгож өгнө үү. О.С нь хувийн дансаар 4,500,000 төгрөгийг авсан бөгөөд эрүүгийн хэрэгт шалгагдахдаа би төлнө гэсэн тайлбар гаргасан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул түүнээс 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т ХХК нь Төв аймгийн Зуунмод хотын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах М 1000 айл төслийн 2 дугаар ээлжийн 90 айлын орон сууцыг барих ажлыг Төв аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр, өөрийн хөрөнгөө оруулан 2019 онд барьж эхэлсэн. Барилгын ажил ид явагдаж байх хугацаанд нэхэмжлэгч нар орон сууц захиалж, гэрээ байгуулан зарим төлбөр тооцоогоо хийсэн байсан. Тус захиалгын орлогыг барилгаа хурдан барихын тулд барилгын ажилд зарцуулсан юм. Барилгын ажлыг туслан гүйцэтгэгч "Ц" ХХК-иар бариулж эхэлсэн ба тус компани нь барилгын ажлыг удаашруулснаас барилгын ажил өвөлтэй золгож удааширсан. Мөн үүний улмаас зээлээр авах санхүүжилт маань бүтэлгүй болсон бөгөөд тус туслан гүйцэтгэгч компанитай маргаантай байдал үүссэн. 2020 оны хавар барилгын ажил эхлэх улирал буюу 3 дугаар сард туслан гүйцэтгэгчтэй үүссэн маргаантай асуудалд Төв аймгийн Засаг даргын тамгын газраас оролцож, манай компанийн тус барилгын ажилд оруулсан нийт хөрөнгийг манай компанид гарган өгч, тус орон сууцыг үргэлжлүүлэн барих өөр этгээд "Ц" ХХК-тэй гэрээ байгуулахаар тогтож шийдвэрлэсэн билээ. Дээрх нөхцөл байдлын улмаас манай компани орон сууцны барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Ингээд манай компанийн зүгээс оруулсан хөрөнгөө /орон сууц захиалагч нарын орон сууц захиалгын төлбөр багтсан болно/ гаргаж авахаар хүлээж эхэлсэн ч одоог хүртэл Төв аймгийн Засаг даргын тамгын газраас барилгыг үргэлжлүүлэн барих этгээдтэй гэрээ байгуулаагүй гэх бөгөөд манай оруулсан нийт хөрөнгө оруулалт санхүүжилтийг шийдвэрлээгүй байна. Төв аймгийн Засаг даргын тамгын газраас манай компанийн дээрх асуудлыг шийдвэрлэсний дараа нэхэмжлэгч нараас орон сууц захиалгын үнэд авсан төлбөрүүдийг Т ХХК төлж дуусгах болно. Харин дээр дурдсан манай компанид үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж нэмж нэхэмжилж буй алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.С миний бие Б.Ж-ээс байрны урьдчилгаа 4,500,000 төгрөгийг авсан. Уг төлбөрийг 2 хувааж төлж барагдуулна гэдгээ мэдэгдэж байна. Эхний төлбөрийг 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2,250,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,250,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан 25,800,000 төгрөг, хариуцагч О.С-д холбогдуулан 4,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т ХХК нь үндсэн төлбөр болох төгрөгийг зөвшөөрсөн, хариуцагч О.С нь өөрт ногдох 4,500,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2,250,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2,250,000 төгрөгөөр хувааж төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч О.С-гийн зөвшөөрлийг дэмжиж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын алдангид 4,000,000 төгрөг гаргуулах хэсгээсээ татгалзлаа.
Шүүх хариуцагч О.С-гийн зөвшөөрлийг баталж, Т ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Т ХХК-иас 25,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Т ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 05 дугаартай Орон сууц захиалгын гэрээ бичгээр байгуулжээ. Уг гэрээгээр Т ХХК нь Төв аймаг, ........... нутаг дэвсгэрт байрлах, М 1000 айл хорооллын М-Өргөө хотхон, 2 дугаар ээлжийн 90 айлын орон сууцны 0 дүгээр байрны 1 дүгээр орц, 3 давхарын 0 тоот хаягт байрлах, 35,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулж, улсын комисст хүлээлгэн өгөх, Б.Ж нь тухайн орон сууцны төлбөрт 35,900,000 төгрөгийг хариуцагчид хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ. Зохигчид энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.
Шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээний дагуу хариуцагчид гэрээнд заасан орон сууцыг барьж ашиглалтад оруулах, нэхэмжлэгчид гэрээгээр тохирсон хөлсийг төлөх үүрэг тус тус үүссэн байна. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан орон сууц төлбөр болох 35,900,000 төгрөг төлөхөөс гэрээний 2.1-д заасны дагуу 50 хувийн төлбөрт 17,800,000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр мөнгөөр болон автомашинаар төлж, м.кв-ын үнээс хөнгөлөлт эдэлсэн болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Харин хариуцагч нь гэрээгээр тухайн орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж, Улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг хүлээн боловч уг үүргээ биелүүлээгүй, биелэгдэх боломжгүй буюу ажлын үр дүн бий болоогүй нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул түүнийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол мөн хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчил нь ноцтой зөрчилд тооцогдохоор байх тул нэхэмжлэгч нь гэрээг цуцлах эрхтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч гэрээг цуцалсан тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт төлсөн 17,800,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ ноцтой зөрчснөөс учирсан хохиролд хариуцагч Т ХХК-иас 4,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс нөгөө тал гэрээг цуцалсан тохиолдолд өөрт учирсан хохирлоо нөгөө талаас шаардах эрхтэй. Энэ тохиолдолд гэрээг цуцлахад хүргэсэн нөгөө талын буруутай үйл ажиллагаанаас болж нөгөө талд хохирол учирсан нь буюу гэрээний үүргийн зөрчил болон учирсан хохирлын хэмжээ, шалтгаант холбоо баримтаар тогтоогдсон байхыг шаарддаг.
Нэхэмжлэгч нь орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй, гэрээний төлбөрөө өлийг хүртэл буцааж өгөөгүйгээс амьдрах газаргүй болж, орон сууц хөлсөлж хохирол учирсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр С.Г-той байгуулсан түрээсийн гэрээ, 2021 он 5 дугаар сарын 17-ны өдөр Ч.А-тай байгуулсан түрээсийн гэрээ, С.Г-ийн 6 сарын түрээсийн төлбөрт 1,080,000 төгрөг хүлээн авсан нотариатын батлуулсан бичиг, Ч.Аын түрээсийн төлбөрт нийт 5,600,000 төгрөг авсан тухай нотариатаар батлуулсан 2 бичгийг нотлох баримтаар гаргажээ.
Хариуцагч нь гэрээний хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүйн улмаас гэрээ дууссанаас хойш нэхэмжлэгч бусдын байрыг түрээсэлж, зардал гаргасныг гэрээг цуцалсантай холбоотой түүнд учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэхдээ Ч.Атай түрээсийн гэрээ байгуулсаны үндсэн дээр орон сууц хөлслөөгүй тухайн гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь үйлчилгээний зориулалттай дан барилга болох нь гэрээ болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул түүнийг амьдран суух зориулалтаар орон сууц хөлсөлсөн гэж үзэх боломжгүй байна.
Иймд С.Г-ийн өмчлөлийн 17 м.кв 1 өрөө орон сууцыг сарын 180,000 төгрөгөөр 6 сарын хугацаанд хөлсөлж, 1,080,000 төгрөгийн зардал гаргасныг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч Т ХХК-иас шаардах үндэслэлтэй байна.
Орон сууц захиалгын гэрээний 5.6-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн алдангид 4,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр татгалзаж байх тул нэхэмжлэгч уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр хариуцагч Т ХХК-иас 18,880,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,920,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч О.Сгоос 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч О.С нь өөрт холбогдох 4,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2,250,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2,250,000 төгрөгөөр тус тус хуваан төлөх тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дэмжиж байна.
Иймд хариуцагч О.С-гийн зөвшөөрлийг баталж, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд тохирох, хариуцагч О.С-гоос нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Т ХХК-иас 18,880,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ж-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,920,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан Т ХХК-д холбогдох алдангид 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2,250,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2,250,000 төгрөгөөр хувааж төлөхийг зөвшөөрсөн хариуцагч О.С-гийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.6, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,950 төгрөгөөс 372,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3,050 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан, хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 252,350 төгрөг, хариуцагч О.С-гоос улсын тэмдэгтийн хураамжид 86,950 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Ж-т олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ