Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/921

 

 

 

 

 

 

 

 

   2024          11           20                                    2024/ШЦТ/921

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Э.Билгүүн,

шүүгдэгч “******”, түүний өмгөөлөгч Ц.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн “******” холбогдох эрүүгийн 2405030591501 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 12-ны өдөр “***” төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “****”, Налайх дүүргийн “***” ажилтай, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот, “***” тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, “******” овогт “******”, /РД: “***”/.            

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч “******” нь 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ““******”” гэх нэртэй зочид буудалд хохирогч “******”“...манай найз “******”тоосонгүй...” гэх шалтгаанаар түүнтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хуйх, баруун хацар, шанаа, эрүү, хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл, дух, баруун нүдний дээд доод зовхи, хоёр бугалга, шуу, сарвуу, гуя, өвдөг, шилбэ, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “******” мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-09 дэх тал/,

 

Хохирогч “******”:

           “...Би 2024 оны 07-р сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ““******”” гэх нэртэй бааранд “******”болон нэг үл таних нэг залуугийн хамт орсон. Тухайн бааранд орохдоо би хар өнгийн цүнхтэй байсан бөгөөд би тухайн бааранд ууж байгаад нэг мэдсэн ухаангүй болсон байсан. Тэгээд нэг сэрэхэд Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ““******”” гэх нэртэй зочид буудал руу орж байсан бөгөөд тухайн буудалд “******”, тэгээд шал танихгүй нэг залуугийн хамт байсан. Тэгээд би хамт байсан хүмүүсээс миний цүнх болон гар утас хаана байгаа талаар асуухад “******” миний гар утас байж байсан бөгөөд миний цүнх олдохгүй байсан. Тэгээд би хамт байж байсан хүмүүсээс миний цүнх хаана байгаа талаар асуухад Баяраа нь гэнэт өөр сэдэв гаргаж ирээд “манай найз “******” чиний араас их олон жил гүйлээ, чи яагаад тоохгүй байгаа юм” гээд над руу уурлаад намайг зодсон бөгөөд намайг зодож байгаад зугтаагаад яваад өгсөн. Тэгээд би зодуулчхаад өөрийн хоёр найз болох Золоо болон Зулааг дуудсан бөгөөд манай найзууд хүрч ирээд цагдаад дуудлага өгсөн, ...Намайг Баяраа чи манай найзыг яагаад тоохгүй байгаа юм гэж хэлээд намайг зодоод байсан. Өөр хүн бол намайг зодсон зүйл байхгүй, ...Миний хувийн байгууллагын тамга, гэрээ, байгууллагын гэрчилгээ, болон бэлнээр 2,000,000 төгрөг байсан, ...Би тухайн баар луу өөрөө цүнхээ үүрж орсон бөгөөд тухайн баарнаас гарахдаа цүнхээ авч байсан эсэх талаараа сайн санахгүй байна       би шүүх эмнэлэгт үзүүлнэ, ...би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

 

            Хохирогч “******” дахин өгсөн:

“...Баянзүрх дүүргийн “******” бааранд найз “******”, түүний найз Баяраа бас нэг эмэгтэй дөрвүүлээ уух зүйл захиалаад цаг орчим суугаад “night” руу орсон бүжиглэсэн. Тэгээд уух юм дууссан цаашаагаа юу болсон талаар мэдэхгүй, нэг сэрэхэд буудлын өрөөнд бусдад зодуулж байгаа байдалтай бас цаашаагаа ухаан санаа орж гараад байсан учир болсон асуудлыг тодорхой мэдэхгүй байна, ...Баяраа гэх залуу нь үсдээд хананд хашаад хэд хэдэн удаа цохисон, энэ байдал нь удаан үргэлжилсэн өрөөнд байсан “******” намайг салгаагүй, наана нь танихгүй нэг залуу болиоч ээ гээд орилоход Баяраа гараад зугтаасан, ...Цүнхний талаар бол анх уулзсан газар бол цүнх байсан харин буудал руу орох үед харин цүнхтэй байсан эсэхээ мэдэхгүй байна. Мөн дотор нь байсан мөнгө хаана алга болсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

 

Хохирогч “******” дахин өгсөн:

“...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, миний зүгээс нэхэмжлэх хохирол байхгүй, хохирлыг барагдуулсан. Сэтгэл санааны хохирол үнэлүүлэхгүй хоорондоо асуудлаа шийдсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

Гэрч Б.”******”ын:

“...Би 2024 оны 07-р сарын 12-ны орой өөрийн найзууд болох “******”, Баяраа, тэгээд үл таних нэг залуугийн хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ““******”” гэх нэртэй бааранд орсон. Тэгээд бид нар тухайн бааранд нэлээд их хэмжээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд тухайн баарнаас гарахын өмнө нь “******” нь надад хэлэхдээ чи миний цүнхийг аваарай гээд надад хэлсэн. Тэгэхээр нь бид нар тухайн баарнаас гарахын өмнө нь би сууж байсан газар дээрээсээ очоод “******”гийн цүнхийг нь авсан бөгөөд бид нар тухайн баарнаас гараад буудал руу явах гээд тухайн баарнаас гараад бид ямар ч ухаангүй болсон. Тэгээд нэг сэрэхэд бид нар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “UB place”-н хойд талд байдаг буудалд байж байсан бөгөөд “******” болон хамт бааранд орсон залуугийн хамт байж байсан. Тэгээд “******”гийн утас руу хүн залгаад хаана байгааг нь асуухад би тухайн утсаар ярьж байсан хүмүүст хаана байгаа талаар нь хэлж өгсөн, ...Тухайн баарнаас гарч байхад бол “******”гийн биед нь ил харагдах гэмтэл шарх бол байгаагүй, харин намайг тасраад өглөө нь буудалд сэрэхэд нүд нь хөхөрсөн байсан, ... Миний мэдэж байгаагаар тухайн цүнх дотор нь цамц л байх шиг байсан өөр юм бол мэдэхгүй байна тухайн цүнхийг хаана аваачиж тавьсан талаараа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 

Гэрч Б.”******”ын дахин өгсөн:

“...2024 оны 07 дугаар сарын 12-аас 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хороо, ““******”” зочид буудалд найз “******”, найз “******” болон бас нэг үл танихгүй залуугийн хамт орсон. Уг буудалд орохдоо гаднаас уух зүйл аваад орсон байсан тул түүнийгээ ууцгааж байгаад унтчихсан. Унтаж байгаад сэрэхэд “******” танай найз Баяраа намайг зодсон, чи намайг салгаагүй гэж уурласан, би хариуд нь би тэрийг чинь мэдээгүй гэхэд чи ядуу гуйлгачин биз дээ, мөнгө хөрөнгөгүй биз дээ, ээж аав чинь гуйлгачин биз дээ тийм учраас би юу гэж чамтай хамт байх юм, юу гэж хамт амьдрах юм гэж хэлсэн, хариуд нь чи миний ядуу амьдралыг мэдэж байж доромжилж байгаа юм уу гээд хоорондоо маргалдсан. Хамт байсан танихгүй эрэгтэй та хоёр хэрүүлээ болиоч ээ гэж хэлж байсан. “******” найзтайгаа утсаар яриад би зодуулчихлаа гээд уйлаад байсан учир би гар утсыг нь булааж аваад ярьж байсан найзад нь зам зааж өгсөн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. “******” намайг янз бүрээр доромжилж байсан ч би цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

Гэрч “******”:

“...Би 2024 оны 07-р сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Сhiсаgо” гэх нэртэй бааранд орсон. Тэгээд тухайн бааранд байж байгаад тухайн баарнаас гарах гэж байгаад тухайн баарны үүдэнд Баяраа гэх залуутай танилцсан. Тэгээд Баяраа надад Гүрээ болон “******” гэх хүмүүсийг танилцуулсан бөгөөд Баяраа нь би модны хоёрт буудал авсан байгаа тийшээ очоод уугаад сууя гээд надад хэлсэн. Тэгээд бид нар Баянгол дүүргийн 6-р  хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” гэх нэртэй буудалд орсон бөгөөд тухайн буудалд уугаад сууж байгаад би тасраад унтчихсан байсан. Нэг сэрэхэд Баяраа нь “******”г түлхээд унагааж байсан ба би очоод салгаад байж байхад тухайн буудлын хүн нь орж ирээд та нар одоо болиоч хэтэрхий их чимээ гаргаж байна гэж уурлахад нь Баяраа буудлаас гараад явсан. Тэгээд “******” явлаа гэж байсан ба Гүрээ унтаж байгаад босож ирээд явуулахгүй гээд нэлээд маргаан болж байгаад сүүлдээ найзууд нь хүрч ирээд “******”г хараад цагдаад дуудлага өгсөн, ...Тухайн буудал руу ороход бол “******”гийн биед ил харагдах гэмтэл бол байгаагүй, харин би тасраад унтаж байгаад босож ирэхэд “******”гийн царай нь гэмтэлтэй болсон байсан, ...Баяраа гэх залуутай маргалдсан юм шиг байна лээ би босож ирэхэд лав Гүрээ гэх залуу нь орон дээр унтаж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9425 дугаартай:

 “...”******” биед хамар ясны хугарал, хуйх, баруун хацар, шанаа, эрүү, хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл, дух, баруун нүдний дээд, доод зовхи, 2 бугалга, шуу, сарвуу, гуя, өвдөг, шилбэ, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр, цохих үйлдлээр үүссэн, шинэ гэмтэл байх боломжтой, ...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-39 дэх  тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч “******” нь хохирогч “******” эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ”******” болон түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “******”д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч “******” нь:

2024 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ““******”” гэх нэртэй зочид буудалд хохирогч “******”“манай найз “******”тоосонгүй” гэх шалтгаанаар түүнтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хуйх, баруун хацар, шанаа, эрүү, хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл, дух, баруун нүдний дээд доод зовхи, хоёр бугалга, шуу, сарвуу, гуя, өвдөг, шилбэ, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч С.”******”, гэрч Б.”******”, “******”нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9425 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь***** прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч “******”ыг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “******” эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.000.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн, мөн хохирогч С.”******” нь Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй бөгөөд шүүгдэгч “******” нь дээрх хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна. 

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч “******”тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно. 

 

Шүүгдэгч “******”ы цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2405030591501 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “******” нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч “******” овогт “******”ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “******”ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “******”д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “******” нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “******” нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч “******”д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “******”д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ