Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/934

 

 

 

 

 

 

 

 

   2024          11           22                                    2024/ШЦТ/934

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

хохирогч “*****”,

шүүгдэгч “*****”, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “*****”д холбогдох эрүүгийн 2405000001494 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, “***” оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ”***”  мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт “***” тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, “*****” /РД: “***”/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч “*****” нь 2024 оны 09 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө 00 цагийн орчим Баянгол дүүргийн 34-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ““*****”” нэртэй бааранд архи, согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн “*****”тай “өөрийг нь орхиж явсан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, үүссэн таарамжгүй харилцааны явцад иргэн “*****”ын толгойн тус газар нь гараараа цохих, үсдэх, маажих, газар унагах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь дух, хамар, уруул, хоёр нүдний зовхи, хацар, баруун чихний дэлбэн, эрүү, хүзүү, баруун шуу, зүүн бугуйнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “*****” мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “*****” мэдүүлэхдээ: “...Би анх шүүх эмнэлэгт үзүүлэх үед нүүрэндээ маш их ач холбогдол өгч үзүүлсэн, тухайн үед толгой өвдөж байсан, гэхдээ уусан учраас маргааш нь угаасаа өвдөнө гэж бодоод тоогоогүй. Одоо миний толгой дүйнгэтэж өвддөг, толгойдоо MRI хийлгэсэн, бариа засалд 1 сар явсан. Би өнөөдөр баримтаа авч ирээгүй боловч баримтаар нэхэмжлэх хохирол төлбөр байгаа. Мөн маш их гомдолтой байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол төлбөрөө нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч “*****”ын:

“...2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Халиунаа, Нарангэрэл бид гурав хүүхдийн 100-д уулзаж тээврийн хэрэгсэл дотроо 750 граммын виски хувааж уусан. Тэгээд баар руу орж үйлчлүүлж байгаад 12 цагийн орчим гарч ирсэн. Халиунаа гэртээ харилаа гэж байсан. Би Нарангэрэлтэй таксинд суугаад хорооллын “Саstle” нэртэй баараар үйлчлүүлсэн. Тэгсэн гэнэт бүжгийн талбай дээр Халиунаа гарч ирээд миний толгой руу цохиод, намайг үсдэж дараад газар унагасан. Тэнд байсан хүмүүс болиулсан. Тэгсэн намайг дахиж үсэдсэн. Би өөрийгөө хамгаалахын тулд харилцан үсдэлцсэн. Халиунаа намайг үсдэж байхдаа гараараа миний нүүрийг маажсан. Над руу дахиад уурлаад дайраад байхаар нь аргадаж ярилцсан. Яагаад ингээд байгааг нь асуутал “чи Нарангэрэлийг аваад явсан, утсаар яриулаагүй, чи намайг мөнгөгүй болохоор орхиж явлаа” гэж хэлсэн. Халиунаа эгчийг зүс танина, Нарангэрэл бид хоёр 10-н жилийн ангийн хүүхдүүд...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

 

Гэрч “*****”:

“...2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн өдрөө тэмдэглээд найзууд болох Түмэнбаяр, Халиунаа нартай уулзсан. Бид гурав “хүүхдийн 100”-ийн “Чоко”-ийн 8 давхарт байрлах баар луу орох гээд онгойх цаг нь болоогүй болохоор Түмэнбаярын машин дотор нэг шил коньяк уусан. Баар онгойход ороод тухайн газар виски уусан. Тухайн газраас гараад хорооллын ““*****”” гэх баар луу явахаар болоод таксинд суухдаа бид хоёр Халиунааг орхиод явчихсан байсан. Тэгээд ““*****”” ороод бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь гэнэт зодоон цохион болоод бужигнаад эхэлсэн. Тэгээд би уначихсан байхад нэг үл таних эмэгтэй намайг босгоод текэн дээр суулгаад 50 гр виски авч егөөд уучхаад би гараад таксинд суугаад гэр лүүгээ харьсан. “*****”бид хоёр санамсаргүй аваад явчихсан. Тэгээд араас Халиунаа гар утсаа авах гэж ирээд маргаан гарсан. Тухайн зодоон дунд хүмүүст түлхэгдээд би уначихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 12294 дугаартай шинжээчийн:

“...”*****”ын биед дух, хамар, уруул, хоёр нүдний зовхи, хацар, баруун чихний дэлбэн, эрүү, хүзүү, баруун шуу, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-2 хоногоос дотогш цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хавтаст  хэргийн 19-20 дахь тал/,

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон баримт /хавтаст хэргийн 41-44 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч “*****” нь хохирогч “*****”ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг ******* шүүгдэгчээс гаргуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаангүй. Бусдын биед халдаж болохгүй гэдгийг маш сайн ухамсарлан ойлгож байгаа. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлд заасны доод хэмжээгээр тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “*****”гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч “*****” нь:

2024 оны 09-р сарын 15-аас 16-нд шилжих шөнө 00 цагийн орчим Баянгол дүүргийн 34-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ““*****”” нэртэй бааранд архи, согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн “*****”тай “өөрийг нь орхиж явсан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, үүссэн таарамжгүй харилцааны явцад иргэн “*****”ын толгойн тус газар нь гараараа цохих, үсдэх, маажих, газар унагах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь дух, хамар, уруул, хоёр нүдний зовхи, хацар, баруун чихний дэлбэн, эрүү, хүзүү, баруун шуу, зүүн бугуйнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч “*****”, гэрч Т.Нарангэрэл нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 12294 дугаартай шинжээчийн  дүгнэлт, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч “*****”г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.  

 

****** цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч “*****”г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч “*****” нь ажилгүй, нөхөр нь ажил хийж гэр бүлээ авч явдаг байсан боловч сүүлийн үед ажил хийгээгүй байгаа. Иймд дээрх байдлуудыг нь харгалзан үзэж торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг гаргав. 

 

Шүүгдэгч “*****”гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2405000001494 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “*****” нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч “*****”г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “*****”г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “*****”д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “*****” нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч “*****”гаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 3.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч “*****”т олгож, хохирогч “*****” нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “*****” нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч “*****”д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “*****”д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ