Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/02889

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Г-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Х ХХК

 

Хариуцагч: Б нарт холбогдох,

 

12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Г нь 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Х” ХХК-ийн захирал А.Бтэй тохиролцоод 8x8 харьцаатай модон торхон мансардтай байшинг бариулахаар болсон. Би 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн дотор нэг сарын хугацаанд түлхүүр гардаж авах нөхцөлтэйгөөр захиалга хийж, урьдчилгаа мөнгө болох 8,500,000 төгрөгийг 2 хуваан А.Бийн ***-*** данс руу 5,500,000 төгрөг, 3,000,000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн. Тэрээр 10 хоногийн дараа 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр модоо ачаад очих гэж байна мөнгө нэмж шилжүүл гэхээр нь А.Бийн ***-*** данс руу 3,500,000 төгрөг дахин шилжүүлсэн. Гэвч тэрээр мөнгө авсан өдрөөс хойш утсаа авахгүй, сураг тасарсан. Улмаар бидний тохирсон 1 сарын гэрээний хугацаа дууссан тул арга буюу гэрээнээс татгалзаж, шүүхэд хандаж байна. Нэгэнт хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байгаа учраас “Х” ХХК эсхүл А.Б нарын хэн буруутайгаас гэрээний урьдчилгаанд өгсөн 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү   гэжээ.   

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч “Х” ХХК болон А.Б нарт холбогдуулж 12,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргаж шүүхэд хандсан ба нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир би гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрөө буцаан шаардаж байна” гэж тайлбарласан.

 

Хариуцагч нар дээрх нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хариуцагч нар ямар нэг байдлаар эсэргүүцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэж нэхэмжлэлийг дор дурдсан үндэслэлүүдээр хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсгүүдтэй харшлахгүй гэж шүүхээс үзлээ. 

Нэг талаас ажил гүйцэтгэгч тодорхой ажлын үр дүнг нийлүүлэх, нөгөө тал буюу захиалагч нь тохирсон хөлс төлөх 2 талт үүрэг бүхий гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д тодорхойлсон. Хэрэгт 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Хаан банкны дансны хуулгууд авагдсан ба уг баримтыг нэхэмжлэгчийн “...хариуцагчаар ...түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр байшин бариулахаар болсон, ...урьдчилгаанд 8,500,000 төгрөгийг 2 хуваан А.Б-ийн данс руу шилжүүлсэн” гэсэн тайлбартай харьцуулан судлахад нэхэмжлэгч Ц.Г болон А.Б нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх, харин  захиалагч гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргийг тус тус хүлээж оролцох учиртайг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсгүүдэд заасан бөгөөд нэхэмжлэгчийн “...урьдчилгаа төлбөрийг тохирсон хугацаанд төлсөн боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.

 

Ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэйг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан.

 

Нэгэнт хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар маргаан гаргаагүй учраас нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй байна. 

  

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч А.Б-ээс 12,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. Харин гэрээний тал болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас “Х” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч А.Б-ээс 12,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас “Х” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бээс 206,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гт олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                     Н.ХАНГАЛ