| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/0938/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/964 |
| Огноо | 2024-11-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/964
2024 11 29 2024/ШЦТ/964
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир /тээврийн прокурор/,
иргэний хариуцагч “*****”,
шүүгдэгч “*****”нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны 06 дугаар сарын 18-ны өдөр **** төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ***** мэргэжилтэй, ***** явдаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ***** суух, урьд нь ял шийтгэлгүй, “*****” /РД: *****/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч “*****”нь ***** замд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 12 цаг 07 минутын орчимд “Тоёота приүс” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио нь хөдөлгөөний хориглоно. 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчиг, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гар яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч “*****”мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “*****”мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч “*****” мэдүүлэхдээ: “...Хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан болно…” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-9 дэх тал/,
Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,
Хохирогч “*****”:
“... Би 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ганцаараа 25-р эмийн сангаас 10-р хорооллын урд талын автобусны буудал руу алхаж явж байгаад 10-р хорооллын уулзварын зүүн талаар хойноос урагш зам хөндлөн ногоон өнгийн гэрэл дохиогоор явган хүний гарцаар гарч явсан юм. Тэгэхэд нэг мэдэхэд л би газарт уначихсан миний зүүн хөл өвдөөд байсан тэгэхэд машинд мөргүүлчихлээ гэж ойлгосон. Тэгээд би газарт хэвтэж байхад нэг залуу түргэн, цагдаад дуудлага өгч байсан. Тэгээд цагдаа нар ирээд ардаас нь түргэний машин ирээд намайг түргэний машинаар Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү аваад явсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэхэд зүүн хөлийн шилбэний хугаралтай байна гэж хэлж байсан. Надад гомдол санал алга...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч “*****”:
“...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч “*****”нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.621.988 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч “*****”гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
Иргэний хариуцагч “*****”гийн:
“...Зам тээврийн ослын талаар мэдэхгүй байна. Би тухайн үед байгаагүй. Би төлж барагдуулах шаардлагатай бол төлж барагдуулна. Ослын улмаас машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 12068 дугаартай:
““*****” биед зүүн шаант яс болон тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 40810294 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн х-н 33-37 дахь тал/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяраа “...“Тоуота Рrius” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч “*****”нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн, гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Б. Явган зорчигч “*****”нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэсэн магадалгаа /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн “...бичлэгийг тоглуулахад явган зорчигч зам хөндлөн гарч байгаа нь харагдах бөгөөд энэ үед зүүнээс баруун чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зогсож урагшаа, баруунаас зүүн чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зогсож хойд зүгт эргэж байх бөгөөд энэ үед явган зорчигчийг зүүнээс хойд зүг рүү эргэж байгаа тээврийн хэрэгсэл мөргөж унагаж байгаа нь харагдаж байна...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 72 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “*****”нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч “*****” эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргав.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “*****”холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч “*****”нь:
Баянгол дүүргийн 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 10-р хорооллын уулзвар замд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 12 цаг 07 минутын орчимд “Тоёота приүс” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио нь хөдөлгөөний хориглоно. 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчиг, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гар яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч “*****”мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
- 3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч “*****”, иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнэ, иргэний хариуцагч “*****” нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 12068 дугаартай дүгнэлт, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 40810294 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах дэслэгч Г.Баяраагийн “магадалгаа”, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч “*****”“Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “*****” эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал болон бусад хохирол төлбөрт шүүгдэгч “*****”нь хохирогчид нийт 1.900.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна. Хохирогч “*****”нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг гаргажээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч ““*****”Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч “*****”цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 5 сарын хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 240300741087 тоот дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “*****”нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
1. Шүүгдэгч “*****”Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ”*****”тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “*****”оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “*****”нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “*****”тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч “*****”1.621.988 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “*****”нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч “*****”урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “*****”авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ