| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/0937/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/965 |
| Огноо | 2024-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Энхтөр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/965
2024 11 29 2024/ШЦТ/965
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Н.Энхтөр,
хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,
шүүгдэгч “******”, түүний өмгөөлөгч Б.Бадамханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “******” холбогдох эрүүгийн 2405036071497 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдөр **** төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, **** ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ***** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо **** тоотод оршин суух, урьд:
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/448 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, “******”/РД: ******/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч “******” нь 2024 оны 8 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 4-р нутаг дэвсгэрт байрлах нүхэн гарцын ажлын талбайд **** маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт 1 удаа цохиж зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, хамарт шарх, хамарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “******” мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч “******”:
“...Би 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөрийн ажлын талбай дээр буюу Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэрмэс” захын урд буюу төмөр замын вокзалын баруун талд ногоон зоорины хашаанд байх Хятад, Монголын засгийн газрын хооронд хөнгөлөлттэй зээлээр хийгдэж буй нүхэн гарцын түгжрэлийг бууруулах төслийн хүрээнд зам гүүрний ажил хийгдэж байсан газарт 21 цагийн орчимд талбай дээр шороо ачиж гарах том машин ирнэ гэж том машин олж өгсөн Хятад компанийн Хятад улсын иргэн над руу залгаж хэлэхээр нь би талбай дээр ухсан газрын хэсгийн хажууд байхад 21 цаг 40 минутын орчимд нэг том машин орж ирсэн байсан бөгөөд өөр машин ирээгүй байсан. Дунд нь холбож өгсөн компанийн Нэргүй гэх хүнээс хэдэн машин ирэх вэ гэж асуухад 1 машин бол ирсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд намаг хүлээж байгаарай гэсэн юм. Ирсэн нэг машины араас хэд хэдэн машин цувраад ирэх шиг болсон. Бүх машин ирсний дараа ажлын талбай руу нэг л машин оруулж тэвшин дээр нь шороо ачихад машин нь хажуу тийшээ хазайхаар нь нүхээ өргөсгөж ухаарай гэж экскаваторын жолоочид хэлсэн. Хэрэв тэгэхгүй бол машин аюултай нөхцөлд орно шүү гэж хэлсэн. Тэр үед гэнэт нэг үл таних дээгүүрээ хар өнгийн цамцтай залуу хүрч ирээд миний гараас татаад өөдөөс Монгол хэлээр юм яриад байхыг нь би огт ойлгоогүй ба би ухсан газрын хөвөө буюу ирмэг хэсэг дээр зогсож байхад өнөөх үл таних Монгол залуу нь их дайрч давшилсан байдалтай намайг ухсан газар хэсэг рүү түлхэнэ гэж үйл хөдлөлөөрөө айлгахаар нь байж бай гэж хэлээд нүхнээс холдоод зогсоход өнөөх үл таних залуу нь надад гараараа машин хазайсан байгааг дүрсэлж үзүүлсэн. Би утсаа аваад ажилтан олж өгсөн хүн рүү залгаад чи өөрөө Монгол орчуулагчаас энд байгаа залуугаас холбогдуулаад асуугаач ээ энэ хүн их сэтгэл хөдлөлтэй байна гэж хэлэх хооронд өнөөх үл таних залуу их сэтгэл хөдлөлөөр над руу дайраад байхаар нь биед нь хүрэлгүйгээр бай бай гэж хэлсэн. Тэгтэл өнөөх үл таних Монгол залуу нь гэнэт миний хацар руу нэг удаа тохоодоход миний нүдний шил хагарч би юу ч харах боломжгүй болсон. Энэ үед миний хацраас их цус гарч байсан. Би цусаа харахад өнөөх Монгол залуу над руу дайрах үед би нүдний шилээ газарт хайж доошоо сууж “аа” гэж орилсон. Харин манай туслах ажилтан гарч ирэн намайг аваад байшин руу орж миний шархыг цэвэрлэсэн. Тэрнээс цааш би юу болж байгааг огт мэдээгүй. Яагаад гэвэл би -6,00 хэмжээтэй шил зүүдэг тул шилгүй болохоор юу ч хараагүй мөн маш их айж балмагдсан байсан учир юу болсныг мэдээгүй. ...Монгол эрэгтэй хүн байсан ба дээгүүрээ Хар өнгийн хувцастай, өөрийгөө цагдаа нар ирэхэд “******” гэж нэрээ хэлж байсан хүн намайг тохойлдож гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,
Хохирогч “******”дахин өгсөн мэдүүлэг:
“...Би одоогоор 1,600,000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байгаа. ...Би цаашид БНХАУ-д очиж сорви арилгах гоо сайхны эмчилгээ хийлгэнэ. Тэр эмчилгээний үнэ ойролцоогоор 5,000,000 төгрөг болно. Надад 6,632,000 төгрөг өгчихвөл гомдол санал гэхээр зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
“******”-н хохирогчоор өгсөн мэдүүлэг:
“...2024 оны 8 дугаар сарын 25-ны 21 цагийн орчимд намайг зочид буудалдаа байж байх явцад 3-р төслийн инженер Zhang Hanqin /жан ханчинг/ нь над руу залгаад барилгын талбай дээр Монгол жолооч залууд зодуулчихлаа гэхээр нь би цагдаад дуудлага өгчих гэж хэлээд би 22 цагийн орчим 3-р төслийн талбай дээр очсон. Намайг очиход цагдаагийн бүрэлдэхүүн ирчихсэн манай инженерийг зодсон гээд байгаа монгол жолоочтой уулзаад зогсож байсан. Намайг очоод удаагүй байхад барилгын талбай руу гаднаас нэлээд олон хар өнгийн куртиктэй, куртикнийхээ ард талд монгол бичгээр “Босоо хөх монгол” гэж бичсэн залуучууд орж ирээд Монголоор баахан юм ярьж ирээд надаас 10 орчим см өндөртэй хар өнгийн футболктой залуу миний цээж хэсэг рүү 1 удаа баруун гараараа цохисон /миний өндөр 172см/. Түүний араас эрээн алаг хувцастай 175 орчим см өндөртэй залуу миний цээж хэсэгт 1 удаа баруун гараараа цохиод миний зүүн чихний ар хэсэгт баруун гараараа ахин 1 удаа тус тус цохисон. Тухайн үед миний зүүн чих цохиулснаас болоод хэсэгтээ дүнгэнэж өвдсөн. Үүний дараа удалгүй 170 орчим см өндөртэй хар футболктой толгойн оройн 2 талаараа үсгүй голоороо үстэй, үсээ хойш нь самнасан туранхай залуу миний зүүн хөлийн шилбэ рүү 1 удаа өшиглөсөн. Тэр үед би өшиглүүлээд арагшаа ухрах үедээ зүүн хөлөөрөө хадаасан дээр гишгэсэн. Тухайн үед байсан цагдаа болон манай барилгын талбайд байсан хүмүүс ирж биднийг салгасан. Би тухайн миний эрх чөлөөнд халдсан залуучуудыг өмнө нь огт харж байгаагүй анх удаа харсан. Танихгүй. Би одоо харвал уг залуучуудыг бүгдийг нь танина. Зааж өгч чадна. ...Намайг очиход Zhang Hanqin-ийн нүүрнээс их цус гарсан нойтон салфеткаар арчаад цус нь тогтохгүй зогсож байсан. Яагаад цус гарах болсон талаар би хараагүй намайг ирэхэд л цус гарчихсан байсан. Би яагаад цус болсон талаар асуухад Монгол жолооч залуу гарынхаа тохойгоор миний нүд рүү цохиод шил нь хагараад цус гарсан гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,
Гэрч “******”:
“...Машин хазайгаад л шороо ачихаа болиод гарсан тэгсэн чинь “******” хашаан дотор хятадтай маргалдаад үлдсэн байсан. Намайг сүүлд ороход нэг хятад залуу нүүрний зүүн талдаа байхаа цус гарчихсан цус болчихсон байсан. Нүдний шил нь хагараад зүсчихсэн гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,
Гэрч “******”-ийн:
“...намайг очиход Zhang Hanqin-ийн зүүн хацраас цус гарсан, хувцас нь битүү цус болсон харааны нүдний шил нь хагарчихсан зогсож байсан. Монгол жолооч залуугийн биед ил харагдах шарх сорви харагдаагүй. Зүгээр л харагдаж байсан. Тэр залуугаас архи үнэртэж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 60-62 дахь тал/,
Гэрч “******”-н:
“...Би Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн бөгөөд Монгол улсад Улаанбаатарын түгжрэлийг бууруулах нүхэн гарц барих төслийн хүрээнд орчуулагчаар ирсэн. Тухайн өдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн орой байсан цагаа сайн санахгүй байна. Оройхон “******” буудалд байж байтал ерөнхий инженер Ли жан хуа над руу утсаар яриад нүхэн гарцын талбай дээр хүн цохиулчихсан байна чи ирээд эмнэлгээр дагуулаад яваадхаач гээд намайг дуудсан. Тэгээд би буудлаасаа гараад барилгын талбай дээр очсон. Ба очоод хашааны гаднаас Жан ханчингийг дагуулаад эмнэлэг явсан. Тэр хашаан дотор юу болсон талаар мэдэхгүй байна. Хэн хэнийгээ цохисон зодсон талаар мэдэхгүй. Миний биед учирсан ямар нэг гэмтэл байхгүй намайг цохиж, зодсон хүн байхгүй ээ. Үүнээс өөр мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/,
Гэрч “******”:
“...Би 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Бугат 114 чиглэлд ахлагч Л.Даваажавын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед 2024 оны 8 дугаар сарын 25-ны 22 цагийн орчимд баахан хүрз барьсан хүмүүс зодоон хийх гээд байна гэх утгатай дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу 22:31 цагт Баянгол дүүргийн 25-р хороо “Хэрмэс” төвийн урд байрлах нүхэн гарцын ажлын талбай гэх газарт очсон. Биднийг очих үед гадна хаалга хаалттай байсан. Хаалгыг онгойлгоод дотогш ороход 3 монгол залуу зогсчихсон бид дуудлага өгсөн гээд байж байсан. Тэр үед нэг хятад иргэн нүүрнээс нь цус гараад арчаад цэвэрлэсэн байдалтай байсан. Тэгээд байж байтал орчуулагч нар нь болон дарга нар нь гээд нэлээн хэдэн хятад иргэн ирсэн. Хятадууд ирээд орчуулагчаар нь дамжуулаад уулзтал манай ажилчныг зодсон байна гэхээр нь тэр зодсон гэх монгол жолооч “******” гээд нэг залуу байсан тэр залуу би тохойгоороо цохичихсон юм гэсэн. Яагаад тохойлдож байгаа юм гэтэл машинаасаа болоод маргалдсан юм гэсэн. Тэр “******” нь нэлээн согтолттой байсан. Тэгж байтал гаднаас хар бараан өнгийн нэлээн олон хүн орж ирээд тэдэнд дунд эрээн хувцастай үсээ толгойн орой дээрээ боосон нүдний шилтэй залуу байсан. Тэр залуу манай дүүг зоддог яасан овоо муу хятадууд вэ гээд шууд дайрч ирээд тэнд зогсож байсан нэг өндөрдүү туранхай хятад иргэний зүүн хацар орчимд нэг удаа цохиод бас өшиглөөд байсан. Тэр эрээн хувцастай залуутай хамт ирсэн залуучууд бол цохиж зодсон зүйл байхгүй. Бид тэр асуудлыг зохицуулаад салгаад байж байтал муу хужаа нар та нарыг ална хөөж гаргана гэх зэргээр үг хэлээр доромжилж байгаад тэр залуучууд гараад явсан. Тэд нарыг явсны дараа тухайн эхэнд зодуулдаг хятад иргэнийг бусад нь эмнэлэг рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан 11382 дугаартай:
“...”******”ын биед зүүн дал, зүүн шуунд зулгаралт, баруун бугалга, гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх, нидрэгдэх механизмаар үүснэ. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын ээрэг тогтоогдохгүй. Дээрх гэмтлүүд нь 1-2 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 78-79 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан 11348 дугаартай:
“...”******”-н биед зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, хамарт шарх, хамарт зулгаралт гэмтэл үүссэн. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 84-85 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан 964 дугаартай:
“...”******”ын биед тогтоогдсон зүүн дал, шууны зулгаралт, баруун бугалга, өвдөгний цус хуралт гэмтэл нь биеийн нийт гадаргуун 1%-д хүрэхгүй байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэсэн нэмэлт шинжилгээний дүгнэлт /хавтаст хэргийн 105-106 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан:
“...хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ирэн “******”-аар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан этгээдийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааг явуулав. 5 гэрэл зургийг хананд тогтоон хохирогчоос таныг цохисон гэх хүн энэ дунд байна уу хэрэв байвал та заана уу гэх асуултыг мөрдөгч асуухад хохирогч ”******” нь эргэлзэх зүйлгүйгээр №2 гэрэл зургийг заав... Хохирогч би энэ хүнийг хараад шууд таньж байна. Энэ намайг цохисон залуу мөн байна...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 112-121 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “******” нь хохирогч Хохирогч “******”“******”-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, хүний сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлж буюу 3.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин: “...Хохирол төлбөрийн хувьд Жан Ханчин нь 6.632.000 төгрөгийг нэхэмжилсэн, уг мөнгөний 5.000.000 төгрөгийг хохирогч нүүрэн дээрээ үүсэн сорвио арилгах төлбөрт нэхэмжилж байгаа. Тийм учраас 6.632.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа нөхцөл байдал, тухайн үед үүссэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувьд эрүүл мэндээрээ хохирсон нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлд заасны доод хэмжээгээр тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “******”ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч “******” нь:
2024 оны 8 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 4-р нутаг дэвсгэрт байрлах нүхэн гарцын ажлын талбайд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Zhang Hanqin-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт 1 удаа цохиж зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, хамарт шарх, хамарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч “******”, гэрч “******”, “******”, “******”, “******”, “******”нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан 11348 дугаартай дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ”******” нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч “******”ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “******”“******”-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, эм тариа авч эмчилгээ хийлгэсэн, ирээдүйд эмчилгээ хийлгэх зардал, төлбөрт нийт 6.632.000 төгрөгийг нэхэмжилснээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд 592.000 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгч “******” нь баримтаар тогтоогдож байгаа хохирлыг төлж барагдуулсан байна.
*********************“******”“******”-д олгохоор шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “******”ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч “Эрүүгийн хариуцлагын тал дээр улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээж байгаа, хохирол төлбөрийг баримтын хэмжээнд төлсөн, цаашид сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлийн ангид заасан торгох ялын доод хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Иймд шүүхээс шүүгдэгч “******”ыг ***************** ял шийтгэв.
Шүүгдэгч “******”ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2405036071497 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “******” нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “******”ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “******”ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “******”ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “******” нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч “******”аас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 3.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч “******”“******”-д олгож, хохирогч “******”“******”-н нэхэмжлэлийн шаардлагаас 6.040.000 төгрөгийн хохирлыг хэлэлцэх орхиж, хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “******” нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч “******”ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “******”ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ