| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2021/01366/И |
| Дугаар | 102/ШШ2021/1873 |
| Огноо | 2021-08-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2021/1873
2021 оны 08 сарын 06 өдөр Дугаар 102/ШШ2021/01873 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***, өөрийн байранд оршин байх, “*** банк” ХХК /РД:*** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт *** ын Н /РД:*** /
Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт С гийн Б /РД:*** /-т холбогдох,
14,530,404.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А (цахимаар), хариуцагч Л.Н , хариуцагч С.Б (цахимаар) шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*** банк” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Л.Н Л.Э нар нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр *** банктай *** тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, дахин 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр *** -1 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 2,000,000 төгрөг нэмэгдүүлэн авч нийт 9,419,355 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авч, дахин 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр С.Б тэй хамтран *** тоот “зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай” гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдлийг 4,300,000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 12,239,043 төгрөгийн зээлийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3,883,656.09 төгрөг, зээлийн хүү 6.434,389.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,741.20 төгрөг нийт 10,320,786.89 төгрөгийг төлж барагдуулсан байна. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөхгүй байсаар 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар гэрээний хугацаа 514 хоног хэтэрч үндсэн зээл 10,416,343.91 төгрөг, зээлийн хүү 4,048,504.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,556.18 төгрөг нийт 14,530,404.78 төгрөгийн өр хуримтлагдсан байна. Зээлдэгч нарт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, мэдэгдэх хуудас гардуулж байсан боловч огт ахиц гараагүй тул 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн *** тоот зээл болон барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 14,530,404.78 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж, банкийг хохиролгүй болгож өгнө үү. Бид зээлийн гэрээнд Л.Н болон С.Б нар гарын үсэг зурсан учир хоёр этгээдийг хариуцагчаар татсан. Тухайн үед банкнаас дуудаж ирээд С.Б ийг гарын үсэг зуруулсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна гэжээ.
Хариуцагч Л.Н болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** банкнаас цалингийн зээлтэй холбоотой хариуцагч Л.Н миний нэр дээр ирсэн 14,530,404 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Тус шаардлагын дагуу Сэлэнгэ аймгийн *** банкны салбарын хуулийн зөвлөхтэй холбогдсон. Л.Н миний бие нь ковид 19 цар тахлын улмаас ажилгүй болж төлөлт хийлгүй удсан. Одоо тогтсон ажилтай болсон тул *** банкны Сэлэнгэ салбарын хуулийн зөвлөхтэй ярилцаж зээлийн төлөлтийн нөхцөлийг өөрчилж мөн батлан даагч С.Б ийг солихоор болсон. Зээлийн хүү буюу зээл төлөөгүй зөрчлийг 6 сарын дотор төлж барагдуулаад түүнээс хойш үндсэн төлбөрөө графикийн дагуу төлөхөөр *** банкны Сэлэнгэ салбартай тохиролцсон. Зээлийн гэрээг байгуулахад би С.Б ийг гуйж байгаад гарын үсэг зуруулсан болохоос банкнаас авсан мөнгөнөөс түүнд өгөөгүй. Миний зүгээс зээлийн гэрээнүүдийг байгуулсан, гэрээний дагуу мөнгийг хүлээн авсан, төлбөрийн үлдэгдэл, тооцоолол дээр маргаад байх зүйл алга гэжээ.
Хариуцагч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг нэхэмжлэлд намайг хариуцагчаар татсан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үеийн буюу *** банкнаас 4,300,000 төгрөгийн зээлийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр найзын нөхөр байсан Л.Н нь авч зээлийн гэрээг байгуулснаас хойш 2 хоногийн дараа манай ажил дээр *** банкны эдийн засагч *** гэх эмэгтэй ирж баримтын шалгалт орох болсонтой холбогдуулан та гарын үсэг зураад өгөөч Л.Н ыг зээлээ аваад явсан гэж ирсний дагуу би гарын үсэг зурсан төдий, тухайн зээлээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Л.Н , Л.Э нар нь “*** ” банктай *** тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэн авчээ.
2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *** -1 тоот “Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ”-гээр 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн *** тоот цалингийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал уг гэрээний дагуу 2,000,000 төгрөгийг нэмэгдүүлэн авч нийт 9,419,355 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авахаар болсон ба уг гэрээнд Л.Н Л.Э нар гарын үсгээ зурсан байна.
2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр *** тоот “Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай” гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдлийг 4,300,000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 12,239,043 төгрөгийн зээлийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд Л.Н болон С.Б нар гэрээний нэг тал болон оролцож гарын үсгээ зуржээ.
2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч “*** банк” ХХК нь хариуцагч Л.Н болон С.Б нарт холбогдуулж 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн *** тоот гэрээг цуцалж, үндсэн зээл 10,416,343.91 төгрөг, зээлийн хүү 4,048,504.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 65,556.18 төгрөг, нийт 14,530,404.78 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан.
Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.
Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.
Хариуцагч Л.Н нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн, банкны зүгээс нэмэлт хугацааг олгож байсан үйл баримтын талаар маргаагүйгээс гадна тэрээр “...2018 оны гэрээний үүргийг биелүүлэхгүй байгаа болон гэрээний үүргийг 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс хэвийн төлөлт хийн биелүүлэх” талаараа нэхэмжлэгч “*** банк” ХХК-д тайлбар өгч байжээ.
2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн *** тоот “Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай” гэрээний холбогдох заалтуудыг дээр дурдсан үйл баримттай харьцуулан судлахад нэхэмжлэгч талд гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрх үүссэн гэж үзэхээр байна.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Хариуцагч Л.Н ын зүгээс зээлийг хүлээн авсан болоод зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа байдал, мөн зээлийн тооцоолол дээр маргаагүй. Ийм учраас нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгүүдэд заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.
Нэхэмжлэгчийн “...зээлийн гэрээг цуцлах” тухай шаардлагыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзэн, тусгайлан шийдвэрлэх шаардлага байхгүй гэж шүүхээс дүгнэлээ.
Хариуцагчийн “...банкны зүгээс шаардаад байхаар нь С.Б ийг гуйж байгаад гэрээнд гарын үсгийг нь зуруулсан” гэх тайлбарыг нэхэмжлэгч талаас үгүйсгээгүй учир хариуцагч С.Б т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Л.Н аас 14,530,404.78 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*** банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас С.Б т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,602.03 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Н аас 230,602.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*** банк” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ