Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар  2024/ШЦТ/112

 

 

 

 

 

 

 

 

 2024      03         15                                          2024/ШЦТ/112

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Ч.Б- холбогдох эрүүгийн 23250044000*** дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

******* овогт Ч.Б-д /РД; **********/,

Шүүгдэгч Ч.Б нь;

2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 08-13 тоотод хохирогч Ж.Ц-г “архинд явсангүй” гэсэн шалтгаанаар түүний дагз хэсэгт таягаар цохих, пийшин мөргүүлж, хацар, хүзүү хэсгийг нь түлэх, толгой хэсэгт нь заазуураар цохих зэргээр зодож, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ч.Б “...Миний тэтгэвэр 01-ний өдөр буусан байсан, 08-ны өдрийн шөнө 12 цаг дөхөж байхад хаалга нүдээд байхаар нь онгойлгоогүй, тэгсэн “тар, няр” гээд урд талын цонхыг хагалсан, би Бямбаа руу яриад “нөгөө хүн чинь цонх хагалчихлаа, би хөлдөж үхлээ” гэхэд “би цагдаа дуудъя” гэсэн, би ч өөрөө 102 руу дуудлага өгсөн. Цагдаа “наад хүнээ наанаа байлгаж бай” гэхээр нь би хаалга онгойлгосон, Ц-ийн хоёр гар нь жаахан цус болсон, шанаанаас нь цус гоожсон, дан ноосон өмдтэй, гадуур хувцас байхгүй, дан цамцтай орж ирсэн. Хөдөлгөөнт эргүүлийн хоёр цагдаа ирээд “энэ хүн чинь шалдан юм байна шүү дээ” гээд миний жинсэн өмд, хар куртикийг өмсгөөд аваад явсан, намайг архи уусан гэдэг нь худлаа, “айлд архи ууж байгаад ирлээ, гадуур хувцсаа алдчихлаа, утас байхгүй болсон” гэж өөрөө ярьж байсан. Заазуур гэж яриад байгаа, манайд заазуур байдаггүй, хомоочигтой таягаар толгой руу нь цохисон, түүнээс биш заазуур бариагүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Ж.Ц-гийн “...2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр...би Б ахынд орсон чинь ширээн дээр нь 0.75л “Хараа” архи байсан. ...Б ах намайг “гал түлчих” гэхээр нь гал түлэх гээд байж байтал таягаараа миний ар дагз руу нэг удаа цохихоор нь би халуун пийшин мөргөж, хацар, хүзүү хэсгээрээ түлэгдсэн, “та яаж байгаа юм” гэтэл надад “би тэр байтугай хүн алж явсан” гэж хэлээд ширээн дээр байсан заазуураар миний толгой хэсэгт нэг удаа цохисон, ...цагдаа нар намайг БОЭТ-н хүлээн авах дээр авч очоод би толгойдоо оёдол тавиулж анхны тусламж авсан. Гэмт хэргийн улмаас миний сэтгэл санаанд ямар нэгэн хор уршиг учраагүй, эмчилгээ хийлгэсэн, гаргаж өгөх баримтгүй. Би маш их гомдолтой байна, шүүх хуралд суухгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27, 29 дэх тал/,

гэрч О.Б-ийн “...2023 оны 11 дүгээр сарын 08-ны орой манай байшинг түрээсэлж байсан Ч.Б над руу утсаар залгаад “танай эхнэр Ж.Ц байшингийн цонх хагалчихлаа, агсан согтуу тавиад байна, цагдаа дуудаад өг” гэхээр нь би цагдаа дуудаж өгсөн. ...Ж.Ц надад “Ч.Б ах толгой тус газарт заазуурдсан, тэгээд миний толгойноос цус гарсан.” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

гэрч Х.Г-ийн “…***** аймаг ****-***** сум ****** баг **-** тоотод дуудлагын дагуу очиход нэг настай өвгөн, гэх эмэгтэйтэй хамт байж байсан. Тэгтэл Ц-тай хамт байсан настай өвгөн “энэ эмэгтэй манай байшингийн цонхыг хагалаад, танхайраад байна.” гэхээр нь Ц-г эрүүлжүүлэх гээд цагдаагийн газар авч очиход толгой хэсэг нь нилээн гүн язарсан байхаар нь БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасагт 2-3 оёдол тавиулсан. ...Тухайн үед Ц-аас толгойгоо яасан талаар асуухад архи уучихсан байсан учир над руу уурлаж, хашхираад яасан талаараа огт хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

Ч.Б-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...би өөрт холбогдох хэрэгт өмгөөлөгч авахгүй, мэдүүлэг өгөхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43, 55 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч Э.Б-ын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1038 дугаартай; “...1.Ж.Ц-гийн биед баруун чамархай, хүзүү, зүүн чих, хацарт шарх, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн, мохоо зүйлийн хоёр удаагийн болон өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

***** аймаг ****-***** сумын ***** баг **-** тоот хэргийн газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7, 8-11 дэх тал/,

Шүүгдэгч Ч.Б-ын;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56  дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 57-88 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 59-61 дэх тал/,

Сүхбаатарт дүүргийн шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 64-67 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 276 дугаартай, мөн шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолуудаар оногдуулсан торгох ялуудыг бүрэн эдэлж дууссан тухай Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 20/264 дугаартай, 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 21/44 дугаартай тогтоолууд /хавтаст хэргийн 80, 81 дэх тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,

хохирогч, гэрч нараас мөн Ч.Б-оос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Б-ыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны орой ***** аймаг ****-***** сум ****** баг **-** тоотод хохирогч Ж.Ц-г “архинд явсангүй” гэсэн шалтгаанаар дагз хэсэг рүү нь таягаар цохих, пийшин мөргүүлж, хацар, хүзүү хэсгийг нь түлэх, “би хүн алж явсан юм шүү” гэж хэлээд толгой хэсэгт нь заазуураар цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “баруун чамархай, хүзүү, зүүн чих, хацарт шарх, уруулд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Ж.Ц-гийн “...2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр...Б ах таягаараа миний ар дагз руу нэг удаа цохихоор нь би халуун пийшин мөргөж, хацар, хүзүү хэсгээрээ түлэгдсэн, “та яаж байгаа юм” гэтэл надад “би тэр байтугай хүн алж явсан” гэж хэлээд ширээн дээр байсан заазуураар миний толгой хэсэгт нэг удаа цохисон.” гэх,

гэрч О.Б-ийн “...Ж.Ц надад “Ч.Б ах толгой тус газарт заазуурдсан, тэгээд миний толгойноос цус гарсан.” гэж хэлсэн.” гэх,

гэрч Х.Г-ийн “…Ц-г эрүүлжүүлэх гээд цагдаагийн газар авч очиход толгой хэсэг нь нилээн гүн язарсан байхаар нь БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасагт 2-3 оёдол тавиулсан.” гэх мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч Э.Б-ын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1038 дугаартай; “...Ж.Ц-гийн биед баруун чамархай, хүзүү, зүүн чих, хацарт шарх, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,

шүүгдэгч Ч.Б нь хохирогч Ж.Ц-гийн эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, толгойн дагз хэсэгт нь таягаар цохиж, пийшин мөргүүлж хацар, хүзүү хэсгийг нь түлэх, толгой хэсэгт нь заазуураар цохих зэргээр зодож, хохирогчийн биед “чамархайд шарх, хүзүү, зүүн чих, зүүн хацар уруулд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан,

түүний хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг нь ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч Ч.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ч.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Ч.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ч.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “...шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б “.....бусдад төлөх төлбөргүй, 61 нас хүрсэн байдлуудыг нь харгалзан торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан болно.

         Шүүх шүүгдэгч Ч.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          түүний 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон гуч хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /1 x 15 нэгж/ тооцож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг эдэлсэнд тооцов.   

Шүүгдэгч Ч.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

Бусад асуудал;

          Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй хэдий боловч хохирогч Ж.Ц нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******** овогт Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Б-ын 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон гуч хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /1 x 15000/ тооцож,

шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг эдэлсэнд тооцсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.Э