| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/03457/И |
| Дугаар | 102/шш2018/03809 |
| Огноо | 2018-12-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 102/шш2018/03809
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...нэхэмжлэлтэй,
Хариуцагч:...холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн П.... нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр надтай Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж Баянзүрх дүүргийн .... тоот ... тоот улсын бүртгэлийн дугаартай, 44 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа дуусч, зээлдэгчид зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй, оршин суугаа хаяг тодорхойгүй байсныг олж тогтоосон. Иймд өнөөдрийн байдлаар үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 6,000,000 төгрөг, алданги 14,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг зээлдэгчээс гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.... нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 6,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг нийт 39,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээний арын хуудсанд иргэн П.... нь Б....оос 20,000,000 төгрөгийг бэлнээр хүлээж авлаа гэсэн бичиг байгаа. Иймээс зээл аваагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Зээлдэгч нь гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа гэв.
Хариуцагч П.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Миний бие нэхэмжлэгчээс мөнгө зээлэх ямар нэгэн хүсэл зориг байгаагүй байсан бөгөөд, Р....ийн ятгалгын дагуу өөрийн өмчлөлийн орон сууцны гэрчилгээг гаргуулан Б....т 20,000,000 төгрөгийн барьцаанд тавьж, уг мөнгийг Р.... нь авсан болно. Анхнаасаа миний бие Б....ыг таньдаггүй байсан. Харин Р.... намайг түүн дээр дагуулан очиж зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Тухайн үед нэхэмжлэгчид эгч нь энэ мөнгийг хэрэглэхгүй, Р.... хэрэглэх гэж байгаа гэж хэлэхэд мэдэж байгаа эгч минь, энэ гэрээ зөвхөн хэлбэрийн төдий л гэрээ юм. Р.... бид хоёрын хооронд мөнгө төгрөг өгөлцсөн баримт л болж байгаа юм. Та битгий санаа зов. Орон сууц таны нэр дээр байгаа учраас зээлийн болон барьцааны гэрээг таны нэр дээр хийхгүй бол болохгүй гэж хэлж байсан. Р....ийн 20,000,000 төгрөгийг төлөнгүүт хэлбэрийн төдий дүр үзүүлэн байгуулсан энэ гэрээ дуусгавар болно, 20,000,000 төгрөг болон хүү, алдангийг надаас нэхэмжлэхгүй, зөвхөн Р....ээс л нэхэмжилнэ гэж хэлж байсан.
Зээлийн гэрээний хугацаа дуусч, нэхэмжлэгчээс байрны гэрчилгээг чөлөөлж өгөхийг хүсэхэд Р.... нь зээлийн төлбөрөө төлөөгүй байгаа учир гэрчилгээг суллах боломжгүй гээд, 2 сарын хүүгийн төлбөрийг Р....ээс авсан талаар надад мэдэгдсэн. Ингээд Р....тэй холбогдоход өнөө маргаашгүй зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлж, орон сууцыг маань суллаж өгнө гэж хэлж байсан боловч өнөөдрийг хүртэл суллаж өгөөгүй. Улмаар Р.... утсаа авахаа байж, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан тул түүнийг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, одоо залилангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа. Нэхэмжлэгч нь миний байрыг барьцаанд тавиулж, уг мөнгийг Р.... хэрэглэх гэж байгаа талаар хангалттай мэдэж байсан, тэд урьдаас хэлэлцэн тохиролцсон байсан. Би тэдний хуйвалдааныг мэдэлгүйгээр Р....ийн ятгалгаар өөрийн өмчлөлийн орон сууцны гэрчилгээг яаравчлан гаргуулж барьцаанд тавьсан. Тэгэхээр 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг би хариуцахгүй, Р.... хариуцах үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
П....д мөнгө зээлэх хүсэл зориг байгаагүй. Өмнө нь танилын холбоотой байсан Р....т залилуулсан. Үүргийг гүйцэтгэл хангуулахаар шаардаад үл хөдлөх хөрөнгийг Р....ийн ятгалгаар П.... өөрийн нэр бүртгүүлсэн. Б.... нь үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчтэй нь зээлийн гэрээ байгуулна гэсэн тул П.... Б.... нар зээлийн гэрээ байгуулсан. Б.... нь 20,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар өгөөгүй. П.... нь Р....т холбогдуулан гомдол гаргасан. Уг зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар залилангийн гэмт хэргийн шинжтэй гэж эрүүгийн хэрэг үүсгэгдэж, одоо шүүхийн шатанд явж байгаа. Нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэргийг шийдвэрлэх боломжгүй юм. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээг бодитоор хийсний үндсэн дээр зээлийн гэрээ байгуулсанд тооцдог. Тиймээс П.... нь 20,000,000 төгрөгийг өөрийн гэр дээр аваагүй учир зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох эсвэл хэргийг түдгэлзүүлэх үндэслэлтэй байна. Гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь тогтоогдож байна. Хэрэгт байхгүй ч гэсэн энэ хэрэгт нэхэмжлэгч тал иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох эсвэл хэргийг түдгэлзүүлэх үндэслэл бүрдэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.... нь хариуцагч П....д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 6,000,000 төгрөг, алданги 14,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн шаардсан алдангийн тооцоолол буруу хийгдсэний улмаас илүү шаардсан 1,000,000 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагыг 39,000,000 төгрөг болгон багасгаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргаан бүхий зээлийн гэрээнд гарын үсэг зурж байгуулсан боловч 20,000,000 төгрөгийг бодитоор хүлээн авч зарцуулаагүй, мөнгийг өөр этгээд буюу Р.... гэгч авч ашигласан учир П.... төлбөр төлөх хариуцлага хүлээхгүй гэж, мөн уг зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар Р....т холбогдуулан эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа бөгөөд, нэхэмжлэгч Б.... тэрхүү эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон оролцож байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл түдгэлзүүлэх үндэслэлтэй гэж тайлбарлан маргаж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт ...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.
Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу зээлдүүлэгч Б.... нь 20,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч П.... эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн барьцаанд П....гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ... тоот дахь 44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалан, Барьцааны гэрээг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ. /хх 5, 6/
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлд нийцсэн, хуульд заагдсан хэлбэрээр хийгдэж, талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулан нотариатаар гэрчлүүлсэн, хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байна.
Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг зээлдэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн болох нь Зээлийн гэрээний арын нүүрэнд П....гийн бичсэн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гар бичмэл бүхий баримт болон, гэрч Р....ийн ...зээлийн гэрээ байгуулаад мөнгийг П.... эгч бид хоёр хамт авсан... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
Түүнчлэн, хариуцагчийн зүгээс мөнгийг бодитоор авч ашиглаагүй, Р.... гэгч ашиглах талаар зээлдүүлэгчид урьдчилан хэлсэн байсан гэж тайлбарлан маргаж, Р....т холбогдуулан энэхүү зээлийн гэрээг байгуулуулан П....гээр Б....оос зээл авахуулсан нь залилан мэхлэх шинжтэй гэж үзэн, эрүүгийн журмаар гомдол гаргасан нь эрүүгийн хэргийн шүүхэд хянагдаж байгаа бөгөөд уг хэрэгт нэхэмжлэгч Б.... нь иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлэх хүсэлтийг тус тус шүүх хуралдааны явцад гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулжээ.
Маргаан бүхий зээлийн гэрээний арын хуудсанд бичигдсэн гар бичмэл болон гэрч Р....ийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг зэргийг дүгнэвэл хариуцагч П.... нь нэхэмжлэгч Б....той байгуулсан дээрх зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг хүлээн авч, улмаар уг мөнгөө иргэн Р....т шилжүүлсэн, түүнийг буцааж аваагүйн улмаас цагдаагийн байгууллагад хандан эрүүгийн журмаар шалгуулахаар гомдол гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, уг хэрэг шалгагдаж байгаа гэх үйл баримт тогтоогдсон.
Гэвч тэрхүү эрүүгийн хэрэг Р.... гэгч нь П....г хууран мэхэлж, Б....т үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээлдэж, 20,000,000 төгрөгийг хууран мэхэлж авсан, мөн тэтгэврийн зээл авахуулж 2,000,000 төгрөгийг итгэл төрүүлэн авч үлэмж хэмжээний хохирлыг П....д учруулсан гэх хариуцагчийн гомдолд эрүүгийн хэрэг үүсгэн хянан шалгагдаж байгаа нь Б.... болон П.... нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан хүчин төгөлдөр Зээлийн болон Барьцааны гэрээний үүрэгтэй хамааралгүй байх тул П.... нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Б....оос авсан 20,000,000 төгрөг, зээлийн хүү 6,000,000 төгрөг, нийт 26,000,000 төгрөгийг түүнд буцаан төлөх үүрэгтэй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг болон маргаан бүхий зээлийн гэрээний 2.7 дахь хэсэгт зааснаар зээлдэгчийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алднги тооцон хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд, хуулийн дээрх зохицуулалтаар анзыг шаардвал гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэх тул, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн зээлдэгчийн гүйцэтгээгүй үүрэг 26,000,000 төгрөгийн 50 хувь болох 13,000,000 төгрөгийг хариуцагч П....гээс шаардах эрхтэй.
Зээл болон зээлийн барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр тул хариуцагч П.... шүүхийн шийдвэрийг сайн дураар, эсхүл нэхэмжлэгч буюу төлбөр авагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн ... дугаартай, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол 9 дүгээр байрны 35 тоот дахь 44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдах аргаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П....гээс 39,000,000 /гучин есөн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б....т олгосугай.
2.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан П....гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн ... дугаартай, Баянзүрх дүүргийн ... тоот дахь 44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 423,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА