| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0288/Э |
| Дугаар | 2024/ЦШТ/299 |
| Огноо | 2024-07-01 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2024/ЦШТ/299
2024 07 01 2024/ЦШТ/299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Ц.Л,
хохирогч П.Б,
шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч О.С нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Г.О-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, автоашиглалтын инженер мэргэжилтэй, “*****” төвд гар утасны засварчин ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, түүний хүүхдийн хамт ******************************* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Б овогт Г-ийн О /РД; ***********/,
Шүүгдэгч Г.О нь;
согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 3 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Вегас” бааранд хохирогч П.Б-тай пиво булаацалдан маргалдаж, улмаар уг баарны гадаа түүний нүүр рүү нь цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийн битүү гэмтэл, сэмж, чацархайд шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт /500мл/, духанд зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн нүдний алиманд цус хуралт, нуруунд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Г.О “...“Вегас” бааранд П.Б бид хоёр пиво булаацалдаад, миний пивыг булааж авсан. П.Б өөрөө “гараад ир, зодолдьё” гэж уриалсан. Түүнд хүнд хохирол учруулсандаа гэмшиж байгаа, хариуцлагаа хүлээнэ. П.Б-аас уучлалт гуйсан.” гэв.
хохирогч П.Б “...2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед З ахтай явган замын хавтангийн ажил ярих гэж гэрээсээ гарсан, гэтэл З ах надаас миний талаарх урьдны асуудлыг асуусан, миний хувьд жаахан эмзэглэж явдаг зүйл байдаг болохоор сэтгэл санаа тиймэрхүү байсан тул “харилаа” гэж гараад замаараа “Вегас” баар руу орсон, тэнд эртний танил Г.О ахтай таарсан. Бид хоёрын согтолт өндөр байсан байх гэж бодож байгаа, нэг нэгийнхээ пивоноос минийх, чинийх гэж буцаалдсан, тэгээд “энд хоёулаа маргалдаад яах вэ, гаръя” гээд “Вегас” баарны гадаа гарсан. Тэр үед толгой хэсэг рүүгээ цохилт авсан, үүний улмаас толгой балартаж, ухаан алдах байдал руу орсон, энэ байдлын улмаас сэрэхэд хэвлийн хөндийгөөр маш их өвдөлттэй байсан, дахиад өшиглөхөд нь “болиоч, аймар өвдөж байна” гэж хэлчихээд буцаад толгой балартаад унасан байдаг. Шөнийн 02.00-02.30 цагийн үед Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасагт түргэний тэргээр ирсэн, энэ үед ар гэрийн хүнээ заавал дуудах шаардлагатай гээд ээж Г, аав П нар ирсэн. Толгойдоо 6 оёдол тавиулсан, “маш удаан унтсан” гэж яаралтай тусламжийн эмч хэлсэн, эмнэлгээс гараад явж байхад хэвлийн хөндий, цээж маш их өвдөлттэй байсан, гэр рүүгээ ороход цээж хэсгээр хөндүүртэй, доошоо тонгойж хэвтэж чадахгүй байсан, нойл ороход улаан хүрэн юмаар бөөлжсөн, ээждээ “ийм юмаар бөөлжчихлөө” гэхэд “яаралтай буцаад явъя” гэсэн, ингээд “амь нас эрсдэлтэй, дотуур цус алдалттай, яаралтай хагалгаанд ор” гээд үүрийн 04.00-05.00 цагийн үед хагалгаанд орсон, сэрэхэд хэвлийн хөндий битүү боолттой байсан. Сэрснээс хойш хоёр өдрийн дараа өндийдөг болохдоо гэрээсээ утсаа захиад Г.О ахтай яриад “эмнэлэг дээр хагалгаанд ороод иймэрхүү байдалтай байна, та хүрээд ирэх үү” гэхэд “би одоохондоо хотод байна, ажилтай болохоор амжихгүй байна” гэдэг хариултыг надад өгсөн. Би эмнэлэгт 8 хоноод эмнэлгээс гараад гэртээ байсан, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Г.О ах ээжийн хамт надтай ирж уулзаад буруугаа хүлээгээд надаас уучлалт гуйсан.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан:
хохирогч П.Б-ын “...сэтгэл санаа тавгүй байсан болохоор “пиво ууя” гэж бодоод Уурхайчин багт байрлах “Вегас” баар луу ганцаараа явж ороод дижигийн цаад талын хоёр дахь ширээн дээр танихгүй нэг эмэгтэй ганцаараа сууж байхаар нь урдаас нь харан сууж бид хоёр хүний зургаан шил пиво ууж дуусгаад би бүжгийн талбайд бүжиглэж байгаад 2017 онд танилцаж байсан О гэдэг ахтай таарсан. ...ширээн дээр байсан пивыг “минийх, чинийх” гэж харилцан маргалдаж бид хоёр гарахаар болж хамтдаа баарнаас гараад баарны гадна үүдний хэсэгт ирэхэд О миний нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохиход би ухаан балартсан, тэгээд хэдхэн секундийн хугацаатай хальт ухаан ороход газар хэвтсэн байдалтай, гэдэс маш их өвдөж байсан. Тэгээд эргээд ухаан алдаж...Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн өрөөнд сэрсэн. ...Би О-эс өөр хүнтэй маргалдаагүй, ...2018 онд О-ийн дүү О-тай хоёр, гурван сарын хугацаатай үерхэж байх үедээ О-тэй маргалдаж түүний биед халдаж байсан удаатай, гэхдээ үүнээс болж өс санаад, дараа нь асуудал үүсэж байгаагүй. ...2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Г.О-ийн 9935-**** дугаарын утас руу залгаж ярихад “цохиж, зодсон” гэдгээ хүлээн зөвшөөрч “эм, тариа эмчилгээнд боломжоороо тусална” гэж хэлсэн. ...гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 12 дахь тал/,
“...2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Г.О-ийн ээж надтай утсаар холбогдож “уулзаад ярилцах хэрэгтэй байна” гэхээр нь Г.О-тэй 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр уулзсан чинь “хохирол мөнгийг барагдуулах болно, зохицоод гайгүй шийдүүлээд өгөөч” гэж гуйж 100.000 төгрөг өгсөн. Ер нь “гомдолгүй, гэж гайгүй шийдүүлээд өгөөч” гээд гуйгаад байгаа тэгэхээр нь би “хуулийн дагуу шийдүүлнэ” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 14 дэх тал/,
иргэний нэхэмжлэгч Б.Д-ийн “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан. Иймд хохирогч П.Б-т 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс хойш Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.508.740 төгрөгийн зардал гарсан тул тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,
гэрч Д.П-ын “...эхнэр бид хоёр 2024 оны 3 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө гэртээ амарч байхад 02.00 цагийн орчим хүү П.Б ээжийнхээ утас руу залгаад “хүнд зодуулаад Бүсийн оношлогоо эмчилгээний төв”-рүү явж байна, хүрээд ир” гэсний дагуу би хүлээн авах дээр ирэхэд хүү П.Б духандаа оёдол хийлгээд байж байсан. ...юу болсон талаар тодруулахад “...“Вегас” бааранд О гэдэг залуутай тааралдаж маргаан үүссэн чинь намайг дагуулж гараад зодчихлоо” гэж хэлсэн, өөр нарийн зүйлийн талаар хэлээгүй. ...Эмнэлгээс гараад машин дотор явж байсан чинь бага зэргийн донсолгоонд “цээжин дотор өвдөөд байна” гээд байсан бөгөөд гэртээ ороод байж байсан чинь цээжин доторх өвдөлт нь улам ихсэж эргээд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ирж хэвлийн эход харуулж, толгойны зураг авахуулахад “хэвлийд цус хуралттай байна, шууд хэвтэн эмчлүүлж хагалгаанд орох шаардлагатай” гэсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,
гэрч Б.Г-ын “...О текнээс пиво худалдаж аваад бид нар дээр авч ирэх гээд явж байсан чинь нүдний шилтэй, бор, биерхүү залуу О-ийн барьсан байсан шилтэй пивыг булааж байгаа юм шиг ширүүн авахаар нь “найз нь юм байлгүй” гэж бодоод тоолгүй орхиж С, Н бид гурав бүжгийн талбайд бүжиглэсэн. Тэгээд баар хаах болж гэрэл асахад 02.00 цаг болж байсан байх энэ үед С над дээр ирээд “О ууртай стресстэй байна, чи очоод явъя гээд хэлчих” гэхээр нь би очоод “хэдүүлээ явах уу” гэж хэлсэн чинь “за” гэж хэлсэн. ...С бид хоёр гадуур хувцсаа өмсөх хооронд О, Н хоёр түрүүлээд гарсан, С бид хоёр хувцсаа өмсчихөөд гараад ирсэн чинь баарны гадна О, Н хоёр байхгүй байхаар нь О-ийн утас руу залгаж, “хаана байгаа юм” гэсэн чинь “Төрийн банкны хажууд байна” гэхээр нь явж очсон. ...эмнэлгийн машин...худалдааны гудамжаар явж баар луу орох, гарах хашааны үүдний хэсэгт очмогцоо нэг хүн аваад явж байгаа харагдсан, тэгсэн чинь О “миний маргалдсан залууг эмнэлгийн машин аваад явчих шиг боллоо” гэж хэлэхээр нь бид нар таксинд суугаад Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах дээр очиж Сыг эмчид үзүүлээд байж байсан чинь нөгөө нүдний шилтэй залуу толгойдоо оёдол тавиулсан юм уу гэмээр боолт хийлгэчихсэн настай эрэгтэй хүний хамт явж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дахь тал/,
гэрч П.Нямхүүгийн “...2024 оны 3 дугаар сарын 24-ний орой С, Сын найз залуу О, Г бид 0.75л шил архи хуваан ууж дуусгаад хамтдаа “Вегас” баар луу ороод...бүжгийн талбайд бүжиглэж байхад О текнээс гурван шилтэй пиво бариад бид нар дээр ирж байсан чинь нэг залуу О-ийн барьж байсан пивоноос нэгийг нь булаагаад авч байгаа харагдсан, ...удалгүй баар хаах болж С, Г бид гурав баарнаас гараад иртэл О баарны үүдэнд дээгүүрээ нүцгэн, ганцаараа зогсож байхаар нь “юу болсон юм” гэсэн чинь “би хүн цохичихлоо” гэж хэлээд хажууд нь газар байсан хувцсаа авч өмсөж “явъя, явъя” гээд Төрийн банкны урд талд очиход С, Г хоёр удалгүй араас ирээд С, О-с “яасан юм” гэсэн чинь хүн цохисон талаараа хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
гэрч Т.Ц-ын “...2024 оны 3 дугаар сарын 24-ний орой “Вегас” баар луу ганцаараа орж дижигийн цаад талд буюу ертөнцийн зүгээр зүүн талын захын ширээний наад талаасаа хоёр дахь ширээн дээр шилтэй пиво уугаад ганцаараа сууж байсан чинь нүдний шилтэй, таргандуу залуу ирж миний урдаас харж суун бид хоёр танилцахад “Б” гэж байсан, ...баар хаах дөхөж байсан санагдаж байна, би баарнаас гараад ирсэн чинь Б баарны яг үүдний гадна урд хэсэгт газар хэвтсэн байдалтай байхад нь нэг залуу хэд, хэдэн удаа биеийн хэсэг рүү нь өшиглөж байгаа харагдсан, өшиглөж байсан залуу дээгүүрээ өмссөн байсан хувцсаа тайлаад байсан, яг юуны улмаас болж тэр танихгүй залуу Б-ыг өшиглөөд байсныг мэдэхгүй. ...Б босож ирэхгүй, дух хэсгээс нь цус гарсан байсан. ...Би тухайн үед гар утасгүй байсан болохоор эмнэлгийн түргэн тусламж дуудаж чадахгүй, хүмүүсийг “түргэн дуудаад өгөөч” гэж хэлэхэд хүмүүс түргэн тусламж дуудаад байх шиг байхаар нь эмнэлгийн тусламж ирээд аваад явчих байх гэж бодоод гэр лүүгээ шууд харьчихсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/,
Г.О-ийн яллагдагчаар өгсөн “...“Вегас” бааранд Т.С, Г, Н нарын хамт хүний хоёр, гурван шил пиво уугаад бүжиглээд байж байсан, би сүүлийн дөрвөн пивоо аваад С, Г хоёрт хоёрыг нь өгчихөөд хоёрыг нь бариад, нэгийг нь “Н-д өгнө” гээд аваад явж байсан чинь П.Б-тай таараад мэнд мэдээд байж байсан чинь үгийн зөрүүгүй барьж байсан пивыг минь булаагаад авахаар нь “яаж байгаа юм” гээд пивоо авах гэсэн чинь өгөхгүй байхаар нь хаячихаад бүжиглэж байсан чинь П.Б нойлын өрөөнөөс гарч ирээд хүн тавлаж байгаа аятай өөдөөс хараад надаас булааж авсан пивыг ууж байснаа “өмнө чиний хамрыг хугалж байсан нь багадаж дээ” гээд дээрэлхэнгүй харьцсан. ...Тэгээд надад “гараад ир, хоёулаа зодолдьё” гэж хэлээд түрүүлээд гарахаар нь би араас нь гарсан чинь баарны гадна үүдний хэсэгт тамхи татаад зогсож байсан, бид хоёр барилцаж аваад би П.Б-ын нүүр хэсэг рүү гараараа хоёр удаа цохиход зөрүүлээд миний хавирга руу нэг удаа цохисон, ...зууралдаад байж байхад П.Б шон мөргөж газар унахаар нь гэдэс хэсэг рүү нь хоёр, нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. ...Зодоон дууссаны дараа П.Б ухаан алдчихаар нь “эмнэлэгт хүргэж өгье” гэж бодож байсан чинь хажууд байсан хүмүүс түргэн тусламж дуудсан...түргэн тусламжийн машин П.Б луу очиж байгаа харагдсан. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч түүнтэй холбогдож уучлалт гуйгаад 100.000 төгрөг бэлнээр өгсөн, хохирлыг бүрэн барагдуулах болно.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 120-121 дэх тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч Э.Б-ын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 327 дугаартай; “...П.Б-ын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, сэмж, чацархайд шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт /500мл/, духанд зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн нүдний алиманд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх хэвлийн хөндийн битүү гэмтэл, сэмж, чацархайд шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Духанд зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. П.Б-т 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн толгойн КТГ шинжилгээгээр хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл оношлогдсон байна. Дээрх гэмтэл нь хуучин гэмтэл ба хэзээ үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй.” гэсэн дүгнэлт /хавтас хэргийн 64-66 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаартай; “...Магадлуулагч Пунцагноров овогтой Бын сэтгэцэд 2024 оны 3 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд илэрсэн нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 155-157 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Вегас” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн; “...“Вегас” баарны баруун урд зүг рүү харсан тусгалтай хяналтын камерын дүрс бичлэгт үзлэгийг явуулахад огноо, цаг харагдахгүй байх бөгөөд бичлэгийн хугацаа 32 минут 11 секунд болоход хохирогч П.Б, сэжигтэн О нар өнхөрч унахад Г.О П.Б-ын дээр гармагцаа баруун гараараа хоёр, зүүн гараараа ес, баруун гараараа дөрвөн удаа дараалан цохиход түүнийг нэг эрэгтэй хүн ирж салгахад холдож байгаад дахин ирж П Б-ын хэвлий хэсэг рүү гурван удаа өшиглөж байна.” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 3-7 дахь тал/,
дээрх бичлэг бүхий хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 8 дахь тал/,
хохирогч П.Б-ын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд 1.508.740 төгрөг шилжүүлсэн талаарх Орхон аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 18/33 дугаартай албан бичиг, хавсралт баримтын хамт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
хохирогч Б.Б-ын Орхон Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 18-45 дахь тал/,
хохирогч П.Б-ын эмчлүүлсэн тухай, яаралтай тусламжийн хуудас, хүлээн авахын бүртгэл, өвчний түүхийн хуулбар /хавтас хэргийн 72-99 дэх тал/,
хохирогч П.Б-ын “...Г.О анхны тохирсон 8.000.000 төгрөгийг төлж барагдуулсан тул миний бие гомдолгүй болно. Цаашид элдэв зардлын хохирол нэхэмжлэхгүй.” гэсэн хохиролгүйн баталгаа,
шүүгдэгч Г.О-ийн;
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 128 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 138 дахь тал/,
хохирогч П.Б-т сэтгэцэд учирсан хохиролд 4.450.000 төгрөг, эмчилгээний зардалд 3.550.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөг төлсөн,
Эрүүл мэндийн даатгалын санд 1.508.740 төгрөг төлсөн баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн,
Г.О-с болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Г.О-ийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Г.О согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 3 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Вегас” бааранд хохирогч П.Б-тай пиво булаацалдан маргалдаж, улмаар уг баарны гадаа түүний нүүр рүү нь цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийн битүү гэмтэл, сэмж, чацархайд шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт /500мл/, духанд зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн нүдний алиманд цус хуралт, нуруунд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх хохирогч П.Б-ын “...О миний нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохиход би ухаан балартсан, тэгээд хэдхэн секундийн хугацаатай хальт ухаан ороход газар хэвтсэн байдалтай, гэдэс маш их өвдөж байсан. ...ухаан алдаж...Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн өрөөнд сэрсэн. ...Би О-с өөр хүнтэй маргалдаагүй.” гэх,
гэрч Д.П-ын “...хүү П.Б...“Вегас” бааранд О гэдэг залуутай тааралдаж маргаан үүссэн чинь намайг дагуулж гараад зодчихлоо” гэж хэлсэн.” гэх,
гэрч Б.Г-ын “...О “миний маргалдсан залууг эмнэлгийн машин аваад явчих шиг боллоо” гэж хэлэхээр нь бид нар таксинд суугаад Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах дээр очиж С-ыг эмчид үзүүлээд байж байсан чинь нөгөө нүдний шилтэй залуу толгойдоо оёдол тавиулсан юм уу гэмээр боолт хийлгэчихсэн настай эрэгтэй хүний хамт явж байсан.” гэх,
гэрч П.Н-ийн “...С, Г бид гурав баарнаас гараад иртэл О баарны үүдэнд дээгүүрээ нүцгэн, ганцаараа зогсож байхаар нь “юу болсон юм” гэсэн чинь “би хүн цохичихлоо” гэж хэлээд хажууд нь газар байсан хувцсаа авч өмсөж “явъя, явъя” гээд Төрийн банкны урд талд очиход С, Г хоёр удалгүй араас ирээд С, Оэс “яасан юм” гэсэн чинь хүн цохисон талаараа хэлсэн.” гэх,
гэрч Т.Ц-ын “...би баарнаас гараад ирсэн чинь Б баарны яг үүдний гадна урд хэсэгт газар хэвтсэн байдалтай байхад нь нэг залуу хэд, хэдэн удаа биеийн хэсэг рүү нь өшиглөж байгаа харагдсан, ...Б босож ирэхгүй, дух хэсгээс нь цус гарсан байсан.” гэх,
Г.О-ийн яллагдагчаар өгсөн “...би П.Б-ын нүүр хэсэг рүү гараараа хоёр удаа цохиход зөрүүлээд миний хавирга руу нэг удаа цохисон, ... зууралдаад байж байхад П.Б шон мөргөж газар унахаар нь гэдэс хэсэг рүү нь хоёр, нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. ...Зодоон дууссаны дараа П.Б ухаан алдчихаар нь “эмнэлэгт хүргэж өгье” гэж бодож байсан чинь хажууд байсан хүмүүс түргэн тусламж дуудсан...түргэн тусламжийн машин П.Б луу очиж байгаа харагдсан.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч Э.Б-ын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 327 дугаартай, “...хэвлийн хөндийн битүү гэмтэл, сэмж, чацархайд шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Духанд зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаартай, “...Магадлуулагч Пунцагноров овогтой Бын сэтгэцэд 2024 оны 3 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд илэрсэн нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна.” гэсэн дүгнэлтүүдээр,
мөн Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Вегас” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Б-ын Орхон Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм.
Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.
Шүүгдэгч Г.О-ийн хохирогч П.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийн битүү гэмтэл, сэмж, чацархайд шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт” гэмтэл бүхий хүнд хохирол, “духанд зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн нүдний алиманд цус хуралт, нуруунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд, шүүгдэгч Г.О-ийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн эсрэг бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, түүнд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан,
мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч Г.Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Г.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Г.О-ийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед,
улсын яллагч “...шүүгдэгч Г.О-д нэг жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол, төлбөрийг төлснийг болон биеийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгч Г.О-д хорихоос өөр төрлийн ял оногдуулав.
Шүүх шүүгдэгч Г.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
түүнд үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс,
согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол төлбөрт 8.000.000 төгрөг төлсөн байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн “гомдол, саналгүй” гэснийг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
оногдуулсан торгох ялаас түүний 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 6 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /1 хоног = 15 нэгж/ нийт 90.000 төгрөгийг торгох ялаас хасаж, эдэлбэл зохих торгох ялын хэмжээг 9.910.000 төгрөгөөр тооцож, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүх шүүгдэгч Г.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.
Шүүх шүүгдэгч Г.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.О, З.А нарын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаартай “...гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэсэн дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 99.000.000 төгрөгөөс сэтгэцийн хор уршгийн хэмжээг 2 дугаар зэрэглэл 5% гэж тооцож 4.950.000 төгрөгийг шүүгдэгч Г.О-с гаргуулж хохирогч П.Б-т олгохоор шийдвэрлэхэд шүүгдэгч нь “хохирол төлбөрийг 5 хоногийн дотор төлнө” гэдгээ илэрхийлээд шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан тул шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 08.00 цаг хүртэл хугацаагаар завсарлуулсан.
Шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Г.О нь хохирогч П.Б-т сэтгэцэд учирсан хохирол болон эмчилгээний зардалд нийт 8.000.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1.508.740 төгрөг тус тус төлснөөс гадна хохирогч П.Б-ын тус шүүхэд ирүүлсэн “...Г.О анхны тохирсон 8.000.000 төгрөгийг төлж барагдуулсан тул миний бие гомдолгүй болно. Цаашид элдэв зардлын хохирол нэхэмжлэхгүй.” гэсэн хохиролгүйн баталгааг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан, “Вегас” баарны хяналтын бичлэг бүхий хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Г-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.О-д оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялаас түүний 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 6 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /1 хоног = 15 нэгж/ нийт 90.000 төгрөгийг торгох ялаас хасаж, эдэлбэл зохих торгох ялын хэмжээг 9.910.000 төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.О шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Г.О-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан “Вегас” баарны хяналтын бичлэг бүхий хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э