Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/193

 

         

 

 

 

 

 

 

 

2024         05             02                                  2024/ШЦТ/193

         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З,

улсын яллагч Ж.Б,

шүүгдэгч Х.Д, өмгөөлөгч Д.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Х.Д-эд холбогдох эрүүгийн 2425000000072 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Х.Д нь;

тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр **-**ОРА улсын дугаартай өөрийн эзэмшлийн “Toyota Prius-10” /Тоёота приус/ загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы 12-12 тоот хашааны гадаа уг тээврийн хэрэгслээс хохирогч С.Бг буулгаад хөдлөхдөө,

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл: Жолоочид дараах зүйлийг хориглоно заалтын а/.тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, мөн 10.1 дүгээр зүйлд заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч С.Бгийн хөл дээгүүр тээврийн хэрэгслээр гарч эрүүл мэндэд нь “баруун шаант, тахилзуур ясны хугарал, баруун, зүүн гуя, зүүн бугалганд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд;

шүүгдэгч Х.Д “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч С.Бгийн “...2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10-11 цагийн хооронд “Баянбулаг” хүнсний дэлгүүр орчихоод гэртээ харих гээд гудамжныхаа үзүүрт зогсож байтал манай гудамжинд байдаг Дэмбээ гэх залуу ****ОРА улсын дугаартай, хөх өнгийн “Toyota Prius-10” машинтай ирээд “Болороо эгчээ суучих, дөхүүлээд өгье” гэсэн. ...намайг гэрийн гадаа машинаас буулгаад, машинаас буугаад хаалгыг нь хаагаад орохын завдалгүй миний баруун талын хөл дээгүүр гараад хар эрчээрээ яваад өгсөн. ...надад гурван төрлийн эм авч өгсөн, бусад хохирлыг бүрэн барагдуулаагүй, би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй, 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ажилдаа яваагүй. Миний сэтгэцэд хохирол учраагүй, ...гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

гэрч М.Сын “...****ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр худалдан аваад хэсэг хугацаанд унаж байгаад Хуягбаатарын Дэд 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 4.200.000 төгрөгөөр зарсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

Х.Дийн яллагдагчаар өгсөн “...Б эгч таараад “дөхүүлээд өгье” гээд машиндаа суулгаад гэрийнх нь үүдэнд буулгаад хөдлөөд явсан, тухайн үед яаруу явсан учир шууд яваад өгсөн. Маргааш нь С.Б эгчийн хөл гэмтсэн гэдгийг дуулсан, “чи өчигдөр дайраад явсан” гэж хэлсэн, би санаатай дайраагүй, С.Б эгчийг гэрийнх нь гадаа буулгаж өгөөд хөдлөөд явахдаа дайрсан байсан, С.Б эгчийг эмнэлэг рүү дагуулан явж хөлний зургийг нь авахуулж, эм тариа авч өгсөн. Би жолоонд сууж эрхийн үнэмлэх аваагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, цаашид гарах төлбөрийг барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаартай; “...С.Бгийн биед баруун шаант, тахилзуур ясны хугарал, баруун, зүүн гуя, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.Бат-Эрдэнийн 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн;

“...****ОРА улсын дугаартай “Toyota Prius-10” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Х.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл. Жолоочид дараахь зүйлийг хориглоно гэх заалтын а/.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй. 10.1.“Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөн.” гэх магадлагаа /хавтаст хэргийн 27 дахь тал/,

хохирогч С.Бгийн “...2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы 12-12 тоотын гадаа зүс таних хүний **-**ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүргүүлсэн, намайг машинаас бууж амжаагүй байхад дайрч хөл гэмтээсэн.” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15.30 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы 12-12 тоот хашааны гадаа хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-11, 12 дахь тал/,

**-**ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч М.С, Х.Д нарын хийсэн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

шүүгдэгч Х.Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ,

2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ****ОРА улсын дугаартай “Toyota Prius-10” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчилд холбогдож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар арав цагийн албадан сургалтад хамрагдаж, долоо хоногийн баривчлах шийтгэл,

2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ****ОРА улсын дугаартай “Toyota Prius-10” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчилд холбогдож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар арав цагийн албадан сургалтад хамрагдаж, арав хоногийн баривчлах шийтгэл,

2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ****ОРА улсын дугаартай “Toyota Prius-10” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчилд холбогдож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хорь цагийн албадан сургалтад хамрагдаж, арван хоёр хоногийн баривчлах шийтгэл тус тус эдэлсэн тухай зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийн бүртгэл лавлагаа /хавтаст хэргийн 42, 46 дахь тал/,

мөн түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48  дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 52-57 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 58-61 дэх тал/ зэрэг болно.

          Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,

          мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Б болон яллагдагч Х.Д нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, 

          шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтүүдийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээчид гаргасан тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх   хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн

шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

          Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Х.Д нь хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тээврийн **-**ОРА улсын дугаартай өөрийн эзэмшлийн “Toyota Prius-10” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы 12-12 тоот хашааны гадаа уг тээврийн хэрэгслээс хохирогч С.Бг буулгаад хөдлөхдөө,

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч С.Бгийн хөл дээгүүр тээврийн хэрэгслээр гарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч С.Бгийн “...намайг гэрийн гадаа машинаас буулгаад, машинаас буугаад хаалгыг нь хаагаад орохын завдалгүй миний баруун талын хөл дээгүүр гараад хар эрчээрээ яваад өгсөн.” гэх,

Х.Дийн өгсөн “...С.Б эгчийг гэрийнх нь гадаа буулгаж өгөөд хөдлөөд явахдаа дайрсан байсан, С.Б эгчийг эмнэлэг рүү дагуулан явж хөлний зургийг нь авахуулж, эм тариа авч өгсөн.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 24 дугаартай, “...С.Бгийн биед баруун шаант, тахилзуур ясны хугарал, баруун, зүүн гуя, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт,

эрх бүхий албан тушаалтан П.Бат-Эрдэнийн 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн, “...Х.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл. Жолоочид дараахь зүйлийг хориглоно гэх заалтын а/.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй. 10.1.“Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөн.” гэх магадлагаа,

хохирогч С.Бгийн гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15.30 цагт хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл, Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы 12-12 тоот хашааны гадаа хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Х.Дийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэлд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон гэж үзнэ.  

Шүүгдэгч Х.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой боловч мэдэлгүй үйлдсэн, гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэй,

тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл: Жолоочид дараах зүйлийг хориглоно заалтын а/.тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, мөн 10.1 дүгээр зүйлд заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Бгийн эрүүл мэндэд “баруун шаант, тахилзуур ясны хугарал, баруун, зүүн гуя, зүүн бугалганд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учирсан шалтгаант холбоо байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжгүй байсны улмаас уг гэмт хэрэг гарсан гэж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Х.Дийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Х.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Х.Дийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...шүүгдэгч Х.Дийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хоёр жил хорих ял оногдуулах” гэсэн,  

шүүгдэгчийн өмгөөлөгч “…болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн ар гэрийн ахуй амьдралыг нь харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

          Шүүх шүүгдэгч Х.Дэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

   үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон 2023 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтуурсан үедээ, ****ОРА улсын дугаартай “Toyota Prius-10” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчилд гурван удаа холбогдож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар албадан сургалтад хамрагдаж, долоогоос-арванхоёр хоногийн баривчлах шийтгэл эдэлсэн боловч засрал хүмүүжлийг олоогүй хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 16 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, 1 жил 11 сар 14 хоногийн   хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасныг Улсын Их хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж гэм буруутай этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж өөрчлөн найруулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, мөн тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан үеийн хуулиар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х.Дийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Х.Дэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүгдэгч нь гэм буруутай үйлдлээрээ хохирогч С.Бгийн эрүүл мэндэд “баруун шаант, тахилзуур ясны хугарал, баруун, зүүн гуя, зүүн бугалганд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдсон тул хавтаст хэргийн 18 дахь талд авагдсан хохирогчийн “...хохирлыг бүрэн барагдуулаагүй, ...2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ажилдаа яваагүй.” гэсэн мэдүүлгийг үндэслэн хохирогч С.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөртэй холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж, шүүгдэгч Х.Дээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Энэ хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 16 хоног цагдан хоригдсон, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Дэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ч овогт Х.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х.Дийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Дэд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 16 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хассугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д 1 /нэг/ жил 11 /арваннэг/ сар 14 /арвандөрөв/ хоногийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

            5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Дэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Хохирогч С.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөртэй холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм, арванесдүгээр  бүлэгт зааснаар шүүгдэгч Х.Дэд зорчих эрхийг хязгаарлах ял болон эрх хасах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг,

мөн шүүгдэгч Х.Дэд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.  

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.Э