Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/148

 

 

 

 

 

 

 

 

 

2024      04         08                                          2024/ШЦТ/148

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж, шүүгч Ц.А, шүүгч Д.О нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П, 

улсын яллагч Т.Д,

иргэдийн төлөөлөгч П.Ч,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Б.А-д холбогдох эрүүгийн 2425******** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Б.А,

Шүүгдэгч Б.А нь;

2023 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ****** **-**тоот гэртээ, хохирогч С.Б-тай “...миний дүүг авч суугаад танайхан хуучин гэр авч өгсөн” гэсэн маргаан үүсгэн муудалцаж, гурил элддэг ганжин модоор цохих гэж далайх үед нь тухайн үйлдлийг таслан зогсоох үйлдэл хийсэн хохирогч Т.Н-гийн толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр, хохирогч С.Б-тай маргалдан зэвсэг болох хайч хэрэглэн түүний цээжин тус газар хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.А “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч С.Б-ы “...архи ууж байхад А надад “...миний дүүг авч суугаад танайхан хуучин гэр авч өгсөн” гэж хэлсэн, би “та одоо юу гээд байгаа юм бэ, энэ талаар ярих гээд байгаа бол аав, ээж рүү залгаад ярь” гэж хэлсэн, тэгсэн чинь “чи муу бацаан юу гээд байгаа юм” гээд босож ирээд намайг барьж аваад бид хоёр хамт гэрийн зүүн талын орон дээр давхралдаад унасан. Н, Отгоо эгч нар бид хоёрыг салгахад А гал тогооны шүүгээний хажуу талаас гурил элддэг ганжин мод аваад намайг цохих гээд далайх үед Н эгч дундуур орсон чинь түүний толгой руу цохисон. ...А ах гал тогооны шүүгээнээс ягаан өнгийн зүйл аваад гэрээс гарах гэхэд нь би түүнийг хутга авлаа гэж бодоод зугтаах гээд гүйх үедээ гэрийн баруун талд газарт унасан, А ирээд над руу далайсан, би зүүн талын гараараа хаасан чинь миний гарын алга руу цохих шиг болсон, ...ямар ч байсан зүүн гараараа тулаад баруун гараар миний зүүн суганы доод талд цохисон, цохиулахад маш их өвдөлт мэдрэгдсэн, цохиулсан газраас халуун шингэн зүйл урсаж эхэлсэн, ...гэрт ороход миний зүүн талын суга орчмоос цус гарч байсан. ...Миний зүүн гарын шууны дотор, зүүн суганы доод талд хутгалсан. ...Миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох шаардлагагүй, зүүн гар өвдөөд байгаа тул эмчлүүлэх зардал, мөнгийг гаргуулж авна, гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,

хохирогч Т.Н-гийн “...Миний нөхөр энэ үед Бтай муудалцаж барилцаад авахаар нь би дундуур нь орж тэр хоёрыг салгахад гал тогооны шүүгээнд байсан гурил элддэг ганжин мод аваад Б-ыг цохих гээд дайрахад нь би дундуур нь орох үед миний толгойн зулай, дух хэсэгт нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Ганжин модоор цохиулаад цус гарсан, эмнэлэг дээр очиж эмнэлгийн тусламж авч толгойдоо гурван оёдол тавиулсан. Миний нөхөр намайг цохих гэж цохиогүй, гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох шаардлагагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

иргэний нэхэмжлэгч Н.М-ын “...С.Б гэмт хэргийн хохирогч болж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд хэргийн газраас эмнэлэгт хүргэхэд 48.000 төгрөг, мэс засал хийхэд 150.000 төгрөг, “Эрдэнэт медикал” эмнэлгийн үзлэг хийсний 16.500 төгрөг нийт 214.500 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан тул дээрх зардлыг гэм буруутай этгээдээр төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

гэрч А.Э-ын “...хадам дүү Б, төрсөн ах А хоёр маргалдаж байсан. ...ах А манай нөхөрт “ахын дүү ажил, хөдөлмөр хийгээд архи дарсаа боль, гэр орноо засаад сайхан амьдар” гэж хэлсэн, гэтэл хадам дүү Б “манай ээж, аав хоёр 1.500.000 төгрөгөөр гэр авч өгсөн, ямар гэр авч өгсөн гэж хэлээд байгаа юм” гээд миний ах А рүү дайрсан. ...Б “би аав, ээж хоёрыгоо доромжлуулах дургүй шүү” гээд орилж босч ирээд миний ах руу дайраад барилцаад нэг, нэгийгээ цохисон, ах салаад гал тогооны шүүгээнд байсан гурилын ганжин мод аваад Быг цохих гэхээр нь бэр эгч Н дундуур нь орж толгой руугаа цохиулаад эгчийн толгой хагарч цус гарсан. ... гэрийн гадаа Б, А хоёр зодоон хийгээд байгаа бололтой чимээ гараад байхаар нь гэрээс гарсан чинь нөгөө хоёр хоорондоо барилцаад ноцолдож байсан, ...нөхөр маань “Быг хутгалчихсан байна шүү дээ” гээд орилоод байхаар нь гэрээс гарсан чинь...Б гэрийн баруун талд байсан машины баруун талд зүүн гарын бугуй, зүүн талын бөөр орчмоос нь цус гараад хэвтэж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-35 дахь тал/,

гэрч С.О-ын “...А, Б хоёр муудалцаад гэрийн зүүн талын орон дээр барилцаад авсан, Н эгч бид хоёр тэр хоёрыг салгасан. А ганжин аваад Б-ыг цохих гэж байхад нь Н эгч дундуур нь ороод толгой руугаа цохиулаад толгойноос нь цус гарч эхэлсэн. ...Гэрийн гадаа нөгөө хоёр муудалцаад байх шиг байхаар нь Н эгч бид хоёр цуваад гарсан чинь А түлээний амбаарын хажууд зогсож байсан, харин Б “намайг хутгалчихлаа” гээд гэрийн баруун талд байсан машины баруун талд газарт хэвтэж байсан. Түүнийг гэрт оруулж ирэхэд Б-ы зүүн талын бөөр орчим болон зүүн гарынх нь бугуй орчмоос цус гарч байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-44 дэх тал/,

гэрч Б.О-ы “...бид нар бүгдээрээ баарнаас гараад Аийн гэрт очоод байж байхад хэн нь санаачилга гаргасан юм мэдэхгүй, “шагийн архи авч ирж ууна” гэсэн яриа гараад энэ хэргийн хохирогч Б, Н бид гурав явж Цагаанчулуут баг “Оргилуун” буудалд очиж нэг шил 0.75гр архи аваад эргэж А-ийн гэрт очиж Б, Н бид гурав эхлээд тэр архинаасаа ууж байгаад би согтоод унтсан байхад Н намайг дуудаад “босоорой, босоорой” гээд байхаар нь сэрээд “яасан бэ” гэсэн чинь “А, Б-ыг хутгалчих шиг боллоо, араас нь явахгүй бол болохгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь сэрээд босоход Нгийн дух хэсэгт хагарч цус гарсан байсан. ...Н “А Баатнааг хутгалчихлаа” гэж хэлсэн, Баатнаа гэдэг нь Б-ыг хэлж байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

Б.А-ийн яллагдагчаар өгсөн “...би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрнө, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч С.Б-д учирсан хохирлыг төлж барагдуулна. ...ийм хэрэгт холбогдоод байгаадаа гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 110 дахь тал/, 

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 100 дугаартай; “...1.2.С.Б-ы биед цээжний зүүн хөндийд нэвтэрч уушги хатгагдсан шарх, зүүн уушгины авчилт, цээжний хөндийд цус, хий хуралдалт, зүүн шуу, нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ямар байрлалд үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. 5.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 92 дугаартай; “...1.Т.Н-гийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 89 дугаартай; “...1.Б.Аийн биед хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, хүзүү, зүүн гуянд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 68-70 дахь тал/,

Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч Б.Жаргалдэлгэрийн 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 567 дугаартай; “...1.2.Шинжилгээнд ирүүлсэн “Б” гэж хаягласан цус нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Б” гэж хаягласан цуснаас 2.1 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.1 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 90-91 дэх тал/,

Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч Б.Жаргалдэлгэрийн 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 566 дугаартай; “...1.2.Шинжилгээнд ирүүлсэн “А” гэж хаягласан цус нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “А” гэж хаягласан цуснаас 2.7 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.7 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 97-98 дахь тал/,

хохирогч С.Б-ы гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ****** **-**тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-11, 12-14 дэх тал/,

          С.Б-д Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн 214.500 төгрөгийн зардлын жагсаалт /хавтаст хэргийн 27 дахь тал/,

хохирогч С.Б-ы өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 123-124, 125-126 дахь тал/

          хэргийн газрын үзлэгээр хураан авсан ягаан өнгөтэй, 7.3см ажлын хэсэгтэй, 12см бариултай нийт 19.3см урттай хайчинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 127-128, 129, 130 дахь тал/,

          С.Б-ы гаргаж хэрэгт хавсаргуулсан 530.000 төгрөгийн хохирлын болон БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтууд /хавтаст хэргийн 132-133, 137-155 дахь тал/,

шүүгдэгч Б.А урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 119 дэх тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 115 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч нараас, гэрч нараас, мөн Б.А-өөс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А-ийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.А-ийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Б.А нь 2023 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ****** **-**тоот гэртээ, хохирогч С.Бтай “...танайхан миний дүүг авч суугаад хуучин гэр авч өгсөн” гэсэн маргаан үүсгэн муудалцаж, гурил элддэг ганжин модоор цохих гэж далайх үед нь тухайн үйлдлийг таслан зогсоох үйлдэл хийсэн хохирогч Т.Нгийн толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр, хохирогч С.Б-тай маргалдан зэвсэг болох хайч хэрэглэн түүний цээжин тус газар хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгч Б.А-ийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч С.Б-ы “...Н, О эгч нар бид хоёрыг салгахад А гал тогооны шүүгээний хажуу талаас гурил элддэг ганжин мод аваад намайг цохих гээд далайх үед Н эгч дундуур орсон чинь түүний толгой руу цохисон. ...А ах гал тогооны шүүгээнээс ягаан өнгийн зүйл аваад гэрээс гарах гэхэд нь би түүнийг хутга авлаа гэж бодоод зугтаах гээд гүйх үедээ гэрийн баруун талд газарт унасан, А ирээд над руу далайсан, би зүүн талын гараараа хаасан чинь миний гарын алга руу цохих шиг болсон, ...ямар ч байсан зүүн гараараа тулаад баруун гараар миний зүүн суганы доод талд цохисон, цохиулахад маш их өвдөлт мэдрэгдсэн, цохиулсан газраас халуун шингэн зүйл урсаж эхэлсэн, ...гэрт ороход миний зүүн талын суга орчмоос цус гарч байсан. ...Миний зүүн гарын шууны дотор, зүүн суганы доод талд хутгалсан.” гэх,

хохирогч Т.Н-гийн “...гал тогооны шүүгээнд байсан гурил элддэг ганжин мод аваад Быг цохих гээд дайрахад нь би дундуур нь орох үед миний толгойн зулай, дух хэсэгт нэг удаа цохиж гэмтэл учруулсан.” гэх,

гэрч А.Э-ын “...Б “би аав, ээж хоёрыгоо доромжлуулах дургүй шүү” гээд орилж босч ирээд миний ах руу дайраад барилцаад нэг, нэгийгээ цохисон, ах салаад гал тогооны шүүгээнд байсан гурилын ганжин мод аваад Быг цохих гэхээр нь бэр эгч Н дундуур нь орж толгой руугаа цохиулаад эгчийн толгой хагарч цус гарсан. ...нөхөр маань “Быг хутгалчихсан байна шүү дээ” гээд орилоод байхаар нь гэрээс гарсан чинь... Б гэрийн баруун талд байсан машины баруун талд зүүн гарын бугуй, зүүн талын бөөр орчмоос нь цус гараад хэвтэж байсан.” гэх

гэрч С.Оюунбаярын “...А ганжин аваад Быг цохих гэж байхад нь Н эгч дундуур нь ороод толгой руугаа цохиулаад толгойноос нь цус гарч эхэлсэн. ...Б “намайг хутгалчихлаа” гээд гэрийн баруун талд байсан машины баруун талд газарт хэвтэж байсан. Түүнийг гэрт оруулж ирэхэд Бы зүүн талын бөөр орчим болон зүүн гарынх нь бугуй орчмоос цус гарч байсан.” гэх,

гэрч Б.Отгоны “...би согтоод унтсан байхад Н намайг дуудаад “босоорой, босоорой” гээд байхаар нь сэрээд “яасан бэ” гэсэн чинь “А, Быг хутгалчих шиг боллоо, араас нь явахгүй бол болохгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь сэрээд босоход Нгийн дух хэсэгт хагарч цус гарсан байсан. ...Н “А Баатнааг хутгалчихлаа” гэж хэлсэн.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 100 дугаартай, “...С.Б-ы биед цээжний зүүн хөндийд нэвтэрч уушги хатгагдсан шарх, зүүн уушгины авчилт, цээжний хөндийд цус, хий хуралдалт, зүүн шуу, нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 92 дугаартай, “...Т.Н-гийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлтүүд,

хохирогч С.Б-ы гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл, Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ****** **-**тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,

хохирогч С.Б-ы өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэгээр хураан авсан ягаан өнгөтэй, 7.3см ажлын хэсэгтэй, 12см бариултай нийт 19.3см урттай хайчинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч С.Б БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтууд зэргээр тогтоогдсон бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Б.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Энэ хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд;

шүүгдэгч Б.А нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эхнэр Т.Н, төрсөн дүү А.Э, түүний нөхөр С.О, хүргэн С.О-ын төрсөн дүү, хохирогч С.Б, хамт ажилладаг Б.О нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Богд гол” караокед шинэ жилийн баяр тэмдэглэсэн байна.

Үүний дараа бүгдээрээ шүүгдэгч Б.А-ийн Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ****** **-**тоот гэрт очиж үргэлжлүүлэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа шүүгдэгч Б.А өөрийн төрсөн дүү А.Эрдэнэцацралын нөхөр С.О-ын төрсөн дүү С.Б-тай “...миний дүүг авч суугаад танайхан хуучин гэр авч өгсөн” гэж хэлснээс маргаан үүсэж, хоорондоо зодолдож орон дээр давхралдаж унасан, улмаар шүүгээнээс авсан гурилын ганжин модоор С.Б-ыг цохих гэж дайрах үед нь тухайн үйлдлийг таслан зогсоох үйлдэл хийж тэдний дундуур орсон эхнэр Т.Н-гийн толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь “духанд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

хохирогч, шүүгдэгч нар маргааныг цааш үргэлжлүүлэн гэрээс гарч хашаан дотор зодолдох үедээ шүүгдэгч Б.А гэрээсээ ягаан өнгийн иштэй хайч авч  ирээд хохирогч С.Б-ы цээж хэсэгт хатгаж, эрүүл мэндэд нь “...цээжний зүүн хөндийд нэвтэрч уушги хатгагдсан шарх, зүүн уушгины авчилт, цээжний хөндийд цус, хий хуралдалт, зүүн шуу, нуруунд шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримтууд тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.А-ийн согтуурсан үедээ, хохирогч Т.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч С.Б-ы эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан, шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн,

гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.” гэж,

“тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж тайлбарласан тул хайчийг бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай, хүйтэн зэвсэгт хамааруулан ойлгоно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаад дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.А-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн, мөн “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах.” гэмт хэргийн үндсэн шинжүүдийг агуулсан үйлдлүүдэд нь гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч П.Ч “...шүүгдэгч Б.А бусдын эрүүл мэнд, амь насанд санаатайгаар халдсан гэм буруутай гэж үзэж байна.” гэсэн нь шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэртэй тохирч байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зургаан жилийн хугацаагаар хорих ял, нийт 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч Б.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдарч, гэрээсээ ганцаараа ажил, хөдөлмөр эрхэлж ар, гэрээ авч явдаг, хохирогч С.Бд 530.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн боловч баримт авч чадаагүй, иргэний нэхэмжлэгч байгууллагад 214.500 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялаас чөлөөлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглээд мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, ... болно.” гэж,

хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах.” гэж,

мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутай этгээдэд таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилжээ.

Шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч Б.Жаргалдэлгэрийн 2024 оны 566 дугаартай, “А” гэж хаягласан цуснаас 2.7 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.7 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр тогтоогддог тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах, улмаар шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй.

          Харин шүүгдэгч Б.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрийн үйлдэлдээ гэмшиж буй байдал, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг бүрэн төлсөн, хохирогч С.Б, Т.Н нарын “гомдол саналгүй” гэсэн хүсэлт, түүний ар, гэрийн ахуй амьдрал, хувийн байдал, хорих ялын хугацааг багасгах талаар гаргасан өмгөөлөгчийн санал, хүсэлт зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хорих ял буюу 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан, шүүгдэгчийн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоов.

Шүүх шүүгдэгч Б.Аөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,

1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг,

1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч С.Бы “...Миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох шаардлагагүй, зүүн гар өвдөөд байгаа тул эмчлүүлэх зардал, мөнгийг гаргуулж авна.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 21 дэх талд,

хохирогч Т.Нгийн “...Миний нөхөр намайг цохих гэж цохиогүй, гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох шаардлагагүй.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 24 дэх талд,

иргэний нэхэмжлэгч Н.Мөнхбаярын “...214.500 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан тул дээрх зардлыг гэм буруутай этгээдээр төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 30 дахь талд тус тус авагдсан байна.

Хохирогч С.Б нь “Эрдэнэт медикал” эмнэлэгт 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр бугуйн хоёр байрлалын рентген зураг авахуулсны 30.000 төгрөгийн, “Шижирцацрагт” ХХК-д зүү эмчилгээ, бариа, шарлага хийлгэсний 500.000 төгрөгийн нийт 530.000 төгрөгийн баримтыг гаргаж хэрэгт хавсаргуулсан байх ба шүүх хуралдааны үед шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав “...530.000 төгрөгийг хохирогч С.Бд бэлнээр төлсөн боловч бичгийн баримт аваагүй.” гэж тайлбарласан, мөн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хохирогч С.Б хэргийн материалтай танилцаад “...гомдол санал байхгүй, шүүх хуралд суухгүй.” гэсэн /хавтаст хэргийн 30 дахь талд/ байна.

Харин шүүх шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

хохирогч С.Б, Т.Н нарт төлөх төлбөргүйд тооцож,

түүнээс 214.500 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэсний дараа шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав “...хохирол төлбөрийг төлөх тул шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү.” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 09.00 цагт эхлүүлэхээр завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Б.А 214.500 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр тушаасан банкны баримтыг шинээр гаргаж өгсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хэргийн газрын үзлэгээр хураан авсан ягаан өнгөтэй, 7.3 см ажлын хэсэгтэй, 12см бариултай нийт 19.3см урттай хайчийг шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эр үүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Аөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоног хорих ялаар тооцон 1 /нэг/ сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хэргийн газрын үзлэгээр хураан авсан ягаан өнгөтэй, 7.3см ажлын хэсэгтэй, 12см бариултай нийт 19.3см урттай хайчийг шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ЭНХТУНГАЛАГ

                ШҮҮГЧИД                                Ц.А

                                                                   Д.О