Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 024/ШЦТ/142

 

 

 

 

 

 

 

 

 

2024      04          03                                         2024/ШЦТ/142

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж, шүүгч Ц.А, шүүгч Д.О нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П, 

улсын яллагч Н.Д,

иргэдийн төлөөлөгч Л.С,

хохирогч Н.Б,

шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Г.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Р.Б-т холбогдох эрүүгийн 2425000000015 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Р.Б нь;

2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ***************************тоот гэртээ нөхөр Н.Бийг үл таних эмэгтэйн хамт байсанд хардан маргалдаж, хутга буюу зэвсэг хэрэглэн хохирогчийн цээжний зүүн хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Р.Б “...нөхөр Бийг хутгалсандаа үнэхээр их харамсаж байгаа, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр охин маань яриад, би Бийг тэр эмэгтэйн хамт нүцгэн байж байгаад охиндоо харагдчихаж гэж санаа зовсон. Яараад гэртээ ирэхэд согтуу хүүхний хамт тамхи татаад, архи уусан сууж байсан, би уурлаад “яагаад гэртээ эмэгтэй хүн авч ирж байгаа юм, хүүхэн авч ирэхдээ охиндоо битгий харагдаач гэж гуйсан шүү дээ” гэж хэлэхэд “чамд хамаагүй” гээд тэр хүүхнээ өмөөрсөн, надаас уучлалт гуйх болов уу гэж бодсон, гэтэл “ирэхэд зайлсан байгаарай” гээд намайг түлхэж унагаад нөгөө хүүхнийхээ хойноос гарсан. Би уйлж, араас нь залгаад “би чамайг гэртээ хүн авч ирж охиндоо битгий харагдаарай гэж гуйсан биз дээ” гэж хэлсэн, Б утсаар хэрүүл хийж байснаа нэг мэдэхэд гэрт ороод ирсэн байсан, би гартаа хутга байна гэдгийг мэдээгүй, Б хойшлоод куртикээ сөхөөд “Болороо цус” гэсэн, би гал тогооны алчуур авч дараад, орон дээр хэвтүүлээд түргэн дуудсан. Өмнө нь гэртээ хүүхэн авч ирээд ийм юм болж байсан, сая ингэхээр нь шоконд орсон.” гэв.

хохирогч Н.Б “...2023 оны 12 дугаар сарын 01-ний өглөө миний танил С гэдэг эмэгтэй над руу дахин, дахин залгаад байсан, урьд өдөр нь яриад “хүрээд ирээч” гээд байсан, би очоогүй юм, тэгсэн над руу мессеж бичээд “худалч” гээд байсан, “мөнгө шилжүүлье, чи дэлгүүр ороод архи авчих таксины мөнгийг шилжүүлье” гэсэн, тэгээд би очсон. Архийг гурвуулаа уусан, танихгүй нэг залуу байсан, архиа уучихаад бид хоёр манай гэрт ирээд хоол халааж идээд сууж байхад охин Анужин ороод ирсэн, хичээлдээ явсан гэж бодсон чинь “усныхаа савыг мартсан байна” гээд усныхаа саванд ус хийж аваад буцаад гарсан. Болороо арваад минут болоод гаднаас түлхүүрдэж орж ирээд уурласан, С руу дайраад байсан тул би салгах гээд Болороог тэвэрч, Сг “араар гар” гээд миний араар гараад явсан, би Сгийн араас гарсан, гадаа гараад уулзаад байж байхад Болороо залгасан, намайг буцаад ороод ирэхэд ёстой юу, юугүй ийм зүйл болсон, би гадуураа куртиктэй нэг цамцтай байсан гэтэл хатгачих шиг л болсон, хувцас цоорсон зүйл харагдаагүй, гадагшаа цус алдаагүй байсан. Тэгээд цагдаа, эмнэлэг болсон, 5-6 секундын дотор л ийм зүйл болсон, Бийг юу хийснээ мэдэхгүй байгаа байх гэж боддог, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хүүхдүүдийг минь ээжтэй нь байлгаж өгөөч.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Н.Бийн “...2023 оны 12 дугаар сарын 01-ний өглөө найз Сгийн хамт гэртээ орж ирэхэд манай гэрт хүн байхгүй байсан, бид хоёр хоол идээд гал тогооны өрөөнд сууж байхад хаалга онгойлгож эхнэр Б орж ирсэн. Манай эхнэр ирээд С руу дайраад байхаар нь эхнэр Бийг тэвэрч хойшлуулаад, С миний араар явж гэрээс гараад явахаар нь би эхнэр Бийг тавьж Сгийн араас гарахад С гэрийн гадаа зогсож байсан, Стай юм яриад байж байхад эхнэр Б над руу залгаад “гэртээ ороод ир” гэж хэлсэн, би гэр лүүгээ ганцаараа ороход Б гал тогооны өрөөний үүдэнд зогсчихсон намайг Стай хардаад уурлаад байсан, уурлаж, орилж байгаад гэнэт хутга гаргаж ирээд миний цээж хэсгийг зүссэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 19 дэх тал/,

“...эхнэр Б гэртээ орж ирээд Э.С руу дайрахаар нь би дундуур нь орж салгаад Э.С эхлээд манай гэрээс гарсан, би Э.Сгийн араас гарсан. Намайг гэрээсээ гараад орцны үүдэнд очиход Э.С манай байрны буланд зогсож байсан, би очоод ойр зуурын юм ярилцаад зогсож байхад эхнэр маань над руу хоёр, гурван удаа залгаад “эргээд гэртээ ороод ир” гэхээр нь яваад орсон, эхнэр маань хэзээ, хаанаас хутга авсныг мэдэхгүй, хутгатай гараараа цээж рүү цохих шиг болсон. Хувцасаа сөхөөд цээжээ харсан чинь цус гарч байсан, ер нь тэгээд ухаан алдсан юм шиг байгаа юм. ...Миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, энэ хэргийн улмаас сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 170 дахь тал/,

гэрч Э.Сгийн “...2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн орчим хороололд найз Чагнаагийн гэрт байж байгаад Б руу залгаад “машинтай бол намайг ирж аваад хүргээд өгөөч” гэж ярьсан. ...Б намайг авахаар ирэхдээ нэг шил 0.75л архитай ирсэн, тухайн архийг Чагнаагийн гэрт хувааж уучихаад Б бид хоёр 11 цагийн орчим гараад такси барьж Бийн гэрт ирсэн. Бид хоёрыг Бийн гэрт ороод сууж байхад Бийн хүүхэд нь “хичээлийнхээ юмыг мартчихсан байна” гэж хэлж орж ирээд аваад гарсан, Б надад хоол халааж өгөөд идэх гээд сууж байхад гаднаас Бийн эхнэр орж ирээд дайраад, Б эхнэртэйгээ маргалдаад муудалцаад үлдсэн, ...Бийн эхнэр нь орж ирээд Б руу “чи янхан хүүхэн дагуулж орж ирлээ” гэж хэлээд орилоод байсан, намайг байхад цохиж зодоогүй. Бийн эхнэр нь над руу уурлаад, дайраад байхад нь Б эхнэрийнхээ ар талаас тэврээд үлдсэн, цохиж зодоогүй. ...Б намайг хорооллоос авах гэж очихдоо надтай нэг шил архи хувааж уусан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 22 дахь тал/,

насанд хүрээгүй гэрч Б.Агийн “...2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн орчим хичээлдээ явж байхдаа усны саваа гэртээ мартчихсан байна гэдгээ мэдээд буцаж гэртээ очсон. ...гэртээ ороход манай гэрийн гал тогооны өрөөнд нэг танихгүй эгч гутлаа тайлчихсан, доогуураа хөл нүцгэн сууж байсан, харин аав Б гал тогооны өрөөнд өглөө ээж Бийн хийж үлдээсэн хоолыг халааж байсан. Намайг гэрт орох үед манай гэрт байсан үл таних эгч согтуу, над руу муухай хараад гэрт тамхи татаад сууж байсан, манай аав намайг гэрт орж ирснийг харчихаад “яах гэж ирсэн юм” гэж асуухаар нь би “усны саваа мартчихаж” гэсэн чинь аав гал тогооны өрөөнд сууж байгаа эмэгтэйг “байр үзэж байгаа хүн” гэж надад хэлчихээд миний усны савыг аваад ус хийж өгсөн, ...ээж Бийн утас руу залгаад “аав гэртээ согтуу эмэгтэй хүнтэй хамт тамхи татчихсан сууж байна, манай гэрт сууж байгаа үл таних эмэгтэй нь хөл нүцгэн байна” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 24 дэх тал/,

гэрч Н.Хгийн “...хохирогч Н.Б миний төрсөн дүү байгаа юм. ... Бийн хадам ээж надруу залгаад уйлаад “Болороо Баагийг хутгалчихсан байна.” гэж хэлсэн. ...Намайг эмнэлэг дээр очих үед дүү Б хүлээн авах тасагт эмнэлгийн тусламж авч байсан, ...“уушги нь унасан байна, яаралтай хагалгаанд оруулна” гээд хагалгаанд орсон. Б ажил хийж байгаад архинаас болж нэг жил чөлөө авсан, тэр хугацаанд Б ажил, төрөл хийгээд өөрсдийгөө болгоод явдаг байсан. ...Б архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, ер нь 2020 оноос хойш архийг ихээр уух болсон, архины хамааралтай гэж хэлж болно. ...үр хүүхдүүдийг нь бодоод Р.Бт аль болох хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 173-174 дэх тал/, 

гэрч Б.Мийн “...Р.Б бид хоёр 2023 оны 9 дүгээр сард танилцаж, үерхэж эхэлсэн. ...Уранчимэгийн утас дуугарч хүнтэй утсаар ярьж дуусаад “Б ярьж байна, уурандаа нөхрийгөө хутгалчихлаа, эмнэлэг, цагдаа дуусан, хүлээж байна, та хоёр боломжтой бол хүрээд ирээч гэж байна.” гэж хэлсэн. Уранчимэг бид хоёр...Бийн гэрт яваад очсон чинь эмнэлэг ирээд түүний нөхрийг аваад гарч байсан, гэрийнх нь үүдний хэсэгт цус болчихсон байсан, цагдаа нар ирсэн “үзлэг хийх гэж байна” гэж байсан. Бтэй уулзсан чинь өөрөө шокын байдалтай байх шиг байсан, юу болсон талаар асуухад, “мэдэхгүй байна, нэг л мэдэхэд ийм юм болчихлоо” гэж ярьсан. ...Бийн ярианаас сонсож байхад нөхөр нь байнга согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаг, заримдаа “нөхөртөө зодуулаад тархи, толгой хөдлөөд бариач дээр очиж толгойгоо бариулаад” гэж ярьдаг байсан, нэг удаа нөхөртөө зодуулсан гэж ярихад Бийн дух нь хавдсан байсан, ер нь “нөхөр агсан тавиад зодлоо” гэж ярьдаг. Р.Б нөхрийгөө “хоёр, гурван эмэгтэй хүнтэй эр, эмийн харилцаа үүсгэж байсан, зарим нэг хүнийх нь гар утасны дугаарыг мэднэ.” гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 177-178 дахь тал/, 

гэрч Э.Уийн “...Р.Б утсаар яриад “нөхрийгөө хутгалчихлаа, одоо нас барчихсан байх” гэж хэлсэн, тэгж ярихаар нь Мөнхцэцэг эгч бид хоёр... Бийн гэрт орсон чинь эмнэлэг, цагдаагийн ажилтнууд ирсэн, Б гэрийнхээ унтлагын өрөөнд байсан. Р.Б “гэртээ ирсэн чинь нөхөр маань нэг согтуу хүүхэнтэй архи ууж, тамхи татаад, нөгөө хүүхэн нь хөлөө ширээн дээр тавьчихсан байсан, хүүхдүүддээ бэлдсэн хоол, цайг идэж уугаад байж байсан, түүнийг хараад уурлаад нөхрөөсөө “юун хүн юм” гэсэн чинь “байр үзэх гээд ирсэн хүн” гэж хэлээд намайг зодсон, тэгэхээр нь би буцаагаад ийм болчихлоо.” гэж хэлсэн. ...Р.Бийн яриаг сонсож байхад нөхрийгөө дандаа л “архи уучихсан согтуу байна” гэж ярьдаг, заримдаа нөхрийгөө цохиж, зодсон, хэрүүл маргаан хийсэн гэж ярьж байсан, нөхөр нь толгой руу нь цохиод байдаг юм уу даа гэж боддог, “толгой өвдөөд, толгой хөдлөөд, толгойгоо бариулаад л гэж яриад байдаг, нөхрийгөө нэлээн хэдэн удаа эмэгтэй хүнтэй холбогдож байсан гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 181-182 дахь тал/, 

Р.Бийн яллагдагчаар өгсөн “...би нөхөр Н.Бийг санаатайгаар хутгалаагүй, тухайн үед манай нөхөр Б “үл таних эмэгтэй хүн гэртээ оруулчихсан нүцгэн байдалтай байна” гэдгийг охин Анужингаас сонсоод очсон, очиод тэр эмэгтэйг гэрээсээ хөөж гаргаад нөхөр Баас “хүүхдийнхээ хажууд эмэгтэй хүн битгий авч ир гэж хэлж гуйгаа биз дээ” гэхэд манай нөхөр намайг түлхэж унагаагаад гэрт авч ирсэн хүүхнээ өмөөрч араас нь гарсан. Энэ байдалд би маш их гомдон уурлаж, нөхрийнхөө утас руу залгаж ярьсан, тэгэхэд манай нөхөр над руу уурлаж орилсон, тэгээд утсаа салгахад манай нөхөр гэрт ороод ирчихсэн байсан, би айгаад “намайг алах гэж байна” гэж бодоод гал тогооныхоо тавиур дээрээс хутга авсан. Тэрнээс хойш болсон асуудлыг сайн санахгүй байна, нэг мэдэхэд манай нөхөр “Болороо цус” гэх үед би сэргээд нөхрийнхөө цээжин дээр алчуураар дарж, унтлагын өрөө рүү оруулж хэвтүүлээд түргэн тусламж дуудсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 61-63 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 54 дугаартай; “...1.Н.Бийн биед цээжний зүүн хөндийд нэвтэрч уушги хатгагдсан шарх, зүүн уушгины авчилт, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын химийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 148 дугаартай; “...Ирүүлсэн дээж шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Найдангийн Б” гэж хаягласан хуруу шилтэй цусанд 2.2 промили спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.2 промили спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

“...Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-6 дугаар байрны 17 тоотод нөхрийгөө хутгалчихлаа.” гэсэн Р.Бийн мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14.00 цагт хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 4 дэх тал/,

***************************тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 6-7, 8-11 дэх тал/,

Хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан, бариул хэсэг нь 14см, ажлын хэсэг нь 20см урттай саарал өнгийн хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 15 дахь тал/,

Орхон аймаг дахь БОЭТ-ийн шинжээч, эмч Ж.Должмаа, П.Бүдсүрэн, С.Энхмаа нарын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “...1.Р.Б нь дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ сэтгэцийн эмнэлзүйн ярилцлагаас үзэхэд стресс, айдас, түгшүүрийн байдалтай байсан байна. 2.Р.Бт сэтгэцийн эмнэлзүйн ярилцлагын үед сэтгэл хүчтэй цочрон давчидсан шинж илэрч байгаа тул үйл явдлыг бүрэн сэргээн дүрсэлж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй /энэ хэргийн хувьд/. 3.Р.Б сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. 4.СЭМҮТөвд эмчлүүлэхээс өмнө манайд үзүүлж байгаагүй тул хэрэг хийхээс өмнөх сэтгэцийн байдлыг одоо үнэлэх боломжгүй, шинжилгээ хийлгэх үеийн сэтгэцийн байдлаас харахад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн оношийг үгүйсгэх үндэслэлгүй.” гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээ /1 дэх хавтаст хэргийн 188-189 дэх тал/,

хохирогч Н.Бийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн баримтууд /1 дэх хавтаст хэргийн 199-250, 2 дахь хавтаст хэргийн 1-15 дахь тал/,

шүүгдэгч Р.Бтэй холбоотой;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 67 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн тухай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 70-72 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаартай; “...1.Р.Бийн биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай, сэмж, хөндлөн гэдэсний хана, ходоодны дээд хэсгийн чацархай хэсгийг гэмтээсэн хатгагдсан шарх, аарцгийн хөндийд цус хуралдалт /1800мл/ гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 85-87 дахь тал/,

“...ээжийн хоёр хүүхэд ээж нь маш их хайртай шүү, сайн сууж байгаарай, ээж нь үргэлж хамт шүү. Ээж, хоёр хүүхэд хамт жаргалтай байхыг маш их хүссэн шүү, тэвчсэн шүү, ээжийгээ уучлаарай” гэсэн,  

“...ээжээ, ааваа, эгч минь, миний хоёр хүүхдийг та минь сайн хүн болгож өсгөөрэй, Б, Хандсүрэн хоёрт хэзээ ч өгч болохгүй шүү, муухай хүмүүс”  гэсэн,

 “...энэ их дарамт, шахалт Хандсүрэн, Б хоёрын бузар булайг би үнэндээ үүнээс илүү тэвчиж чадахгүй нь ээ. Би 13 жил тэссэн, тэвчсэн, тэр хүүхнүүдийг тэвчсэн. Ёстой муухай, хүн ийм байдаг юм уу гэтэл намайг сэтгэл зүйгээр минь зовоосон. Би үхэж байж л намайг тайван орхино, тэрнээс биш хэзээ ч зовооно, би тэвчиж энэ хүрээд дуусаж байна. Миний үхлээр энэ бүх зовлон, зүдгүүр, архичин хүнтэй амьдрах амьдрал дуусаж, би үхэж байж л намайг тайван орхино, Хандсүрэн, Б хоёр, би та хоёрт маш их гомдож байнаа, хүн ийм байж болохгүй шүү дээ.” гэсэн гэрээслэлүүд /1 дэх хавтаст хэргийн 88-91 дэх тал/,

Р.Б нь 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өөрийнхөө хэвлийн тус газар хутгалсан гэх 1100-5194 дугаартай гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авч шалгаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн материалаас 49 хуудас баримтыг хуулбарлан авч, эрүүгийн 2425000000015 дугаартай хэрэгт хавсаргасан баримтууд /1 дэх хавтаст хэргийн 122-167 дахь тал/, 

өмгөөлөгч Г.Нарантуяагийн гаргаж, хэрэгт хавсаргуулсан;

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Ш.Сугармаагийн “...Р.Б сэтгэл гутралын хам шинжтэй” тухай үзлэгийн хуудас /1 дэх хавтаст хэргийн 94 дэх тал/,

Сэтгэл судлалын багш нарын холбоо “Мөрөөдлийн кактус” сэтгэл зүйн урлангийн сэтгэл зүйч Б.Пагмадуламын 11 настай Анужин, 6 настай Билэгт нарт хийсэн “...ааваас хамааралтай айдсууд болон үхлийн тухай бодлууд төрсөн байгаа нь хямралт зан үйлийн гол хүчин зүйл болох магадлал бүхий. Гэр бүлийн зөрчил, хэрүүл маргаан зэрэг эргэн тойрноос авч буй хүчтэй стрессор үүссэн байдлаас шалтгаалсан байдлаар төрх үйлийн хариу урвалын шинжүүд хүүхдүүдэд ажиглагдаж байна. Төрх үйлийн хариу урвал нь сэтгэл хөдлөл, зан авир, зан үйлийн өвөрмөц шинж тэмдгүүд илрэх бөгөөд хүүхдүүдэд түгшүүр үүсэх, айдас төрөх зэрэг гаднаас ирж буй таагүй өдөөгчид сэтгэц зан үйлийн хамгаалах хариу урвал идэвхжих байдал үүснэ. Хүүхдүүдэд хумсаа мэрэх, хурууны арьсыг хуулах зэргээр төрх үйлийн хариу урвалууд ажиглагдаж байна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 98-100 дахь тал/, 

сэтгэл зүйч Б.Пагмадуламын Р.Бт хийсэн “...үйлчлүүлэгчид DSM V-ийн шизиод-ганцаардмал, дотогшоо, обсессив-эмх цэгцтэй гэсэн зан төлөвийн шинж илэрч байна. Түүнд гэр бүлийн орчноос сэтгэлийн зовиур шаналгаа, сэтгэлийн ачаалал, ядаргаа, сэтгэл ханамжийн таагүй байдлын мэдрэмжүүд үүсдэг бөгөөд үүнээс шалтгаалсан байдлаар сэтгэл түгшилт, сэтгэл гутралын зэрэг өндөр түвшинд гарсан байдалтай байна. Эмгэг стрессийн асуулгаар неврозын эмгэг, түгших төрлийн эмгэг, биеийн хэлбэрийн эмгэг, сэтгэл гутрах гэмгэг зэрэг эмгэгүүдийн шинж илэрсэн.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 101-106 дахь тал/, 

Р.Б 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Сэтгэц-Наркологийн төв эмнэлэгт “F43.2 буюу дасан зохицолтын хариу урвал” /расстройство адантация/ оношоор хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн магадлагаа /1 дэх хавтаст хэргийн 117 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,  хохирогч, гэрчүүд, насанд хүрээгүй гэрч нараас мөн Р.Бээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

          Шүүгдэгч Р.Бийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Р.Б нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-6 дугаар байрны 17 тоот гэртээ нөхөр Н.Бийг үл таних эмэгтэйн хамт байсанд хардан маргалдаж, улмаар хутга буюу зэвсэг хэрэглэн хохирогчийн цээжний зүүн хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний зүүн хөндийд нэвтэрсэн уушги хатгагдсан шарх, зүүн уушгины авчилт, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн,

шүүгдэгч Р.Бийн “...нөхөр Бийг хутгалсандаа үнэхээр их харамсаж байгаа.” гэх,

 хохирогч Н.Бийн “...юу, юугүй ийм зүйл болсон, би гадуураа куртиктэй нэг цамцтай байсан гэтэл хатгачих шиг л болсон, ...5-6 секундын дотор ийм зүйл болсон.” гэх,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн,

хохирогч Н.Бийн “...Б гал тогооны өрөөний үүдэнд зогсчихсон намайг Стай хардаад уурлаад байсан, уурлаж, орилж байгаад гэнэт хутга гаргаж ирээд миний цээж хэсгийг зүссэн.” гэх,

гэрч Б.Мийн “...Уранчимэгийн утас дуугарч хүнтэй утсаар ярьж дуусаад “Б ярьж байна, уурандаа нөхрийгөө хутгалчихлаа, эмнэлэг, цагдаа дуусан, хүлээж байна, та хоёр боломжтой бол хүрээд ирээч гэж байна.” гэж хэлсэн. ...Бийн гэрт яваад очсон чинь эмнэлэг ирээд түүний нөхрийг аваад гарч байсан, гэрийнх нь үүдний хэсэгт цус болчихсон байсан, цагдаа нар ирсэн “үзлэг хийх гэж байна” гэж байсан. Бтэй уулзсан чинь өөрөө шокын байдалтай байх шиг байсан, юу болсон талаар асуухад, “мэдэхгүй байна, нэг л мэдэхэд ийм юм болчихлоо” гэж ярьсан.” гэх,

гэрч Э.Уийн “...Р.Б утсаар яриад “нөхрийгөө хутгалчихлаа, одоо нас барчихсан байх” гэж хэлсэн, ...Бийн гэрт орсон чинь эмнэлэг, цагдаагийн ажилтнууд ирсэн, Б гэрийнхээ унтлагын өрөөнд байсан. Р.Б “гэртээ ирсэн чинь нөхөр маань нэг согтуу хүүхэнтэй архи ууж, тамхи татаад, нөгөө хүүхэн нь хөлөө ширээн дээр тавьчихсан байсан, хүүхдүүддээ бэлдсэн хоол, цайг идэж уугаад байж байсан, түүнийг хараад уурлаад нөхрөөсөө “юун хүн юм” гэсэн чинь “байр үзэх гээд ирсэн хүн” гэж хэлээд намайг зодсон, тэгэхээр нь би буцаагаад ийм болчихлоо.” гэж хэлсэн.” гэх,

Р.Бийн өөрийнх нь өгсөн “...манай нөхөр над руу уурлаж орилсон, ... би айгаад “намайг алах гэж байна” гэж бодоод гал тогооныхоо тавиур дээрээс хутга авсан. Тэрнээс хойш болсон асуудлыг сайн санахгүй байна, нэг мэдэхэд манай нөхөр “Болороо цус” гэх үед би сэргээд нөхрийнхөө цээжин дээр алчуураар дарж, унтлагын өрөө рүү оруулж хэвтүүлээд түргэн тусламж дуудсан.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 54 дугаартай, “...Н.Бийн биед цээжний зүүн хөндийд нэвтэрч уушги хатгагдсан шарх, зүүн уушгины авчилт, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. ... дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт,

“...Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-6 дугаар байрны 17 тоотод нөхрийгөө хутгалчихлаа.” гэсэн Р.Бийн мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, ***************************тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчийн эмчилгээтэй холбоотой баримтууд зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдааны үед хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Р.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Шүүх хуралдааны үед;

          улсын яллагч “...хохирогч Н.Бийг гэртээ орж ирэх үед шүүгдэгч Р.Б нь “намайг зодно, ална” гэж айсан улмаас гарт таарсан хутгыг барьж хохирогчийн цээжинд хутгалсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч нөхрөө өөр эмэгтэйн хамт байгааг мэдээд санаа, сэтгэл гэнэтийн цочролд орсон байх боломжтой боловч тухайн үйл явдал болоод дууссан, хохирогч болон түүнтэй хамт байсан эмэгтэй Э.С нар гарч явсны дараа Н.Бийг утсаар дуудаж гэртээ буцаж орж ирэхэд нь хутгалсан үйлдэл цаг хугацааны хувьд цочрон давчидсан нөхцөл арилсны дараа хохирогчийг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай.” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч Р.Б хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрдөг, гэр бүлийн зөрчил, хэрүүл маргаан зэргээс шалтгаалан хүүхдүүдэд нь айдас, түгшүүр үүссэн, сэтгэц зан үйлийн хамгаалах хариу урвал идэвхжиж хумсаа мэрэх, хурууны арьсыг хуулах зэргээр төрх үйлийн хариу урвалуудтай болсон, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлүүд өөрөөр хэлбэл хохирогч өөрөө архины байнгын хэрэглээтэй, шүүгдэгчийг эрхшээл дарамтад байлгадаг зэргээс шүүгдэгчийн сэтгэл зүй нь цочирсон байна. Шүүгдэгч, хохирогч нар хэн аль нь хоромхон зуурт бүх зүйл болсон гэж хэлээд байна, хэдхэн секундэд тайвширдаг сэтгэл зүй гэж юу байх вэ, үйлчлүүлэгч маань гэм буруу дээрээ маргаагүй тул ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг үндэслэл болгоод зүйлчлэлийг хөнгөрүүлж, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү.” гэж мэтгэлцсэн болно.

          Энэ хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;

шүүгдэгч Р.Б, хохирогч Н.Б нар албан ёсны гэрлэлтийн баталгаагүй ч 13 жил хамт амьдарсан, дундаасаа төрүүлсэн 6-11 насны хүүхдүүдтэйгээ ам бүл дөрвүүлээ ***************************тоотод амьдарч байсан байна.   

Гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх цаг хугацаанд,

хохирогч Н.Б архи, согтууруулах ундааны зүйлийн байнгын хэрэглээтэй, эрүүл үедээ болон архидан, согтуурсан үедээ эхнэр Р.Бийг цохиж, зодох зэргээр бие махбодод нь халдах,

мөн айлган сүрдүүлж хэл үгээр доромжилдог, гэр бүлээс гадуур өөр бусад эмэгтэйчүүдтэй эр, эмийн харилцаа үүсгэх, нэр холбогдох зэргээр түүнд сэтгэл санааны дарамт шахалт үзүүлдэг хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлүүд нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй, шүүгдэгч Р.Б гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг болох нь;

насанд хүрээгүй гэрч Б.Агийн “..манай аав байнга архи уудаг. Аав архи уух болгондоо манай ээж рүү уурлаж, байнга загнаж, “хоол хий”, “гэр цэвэрлэ” гэж уурладаг. Тэгээд орой унтаж байхад манай аав босоод ээжийг “хоол хий” гэж уурлаад “хийхгүй” гэхээр цохиж, түлхэж дарамталдаг, ээж хоол хийгээд өгөхөөр хийж өгсөн хоолыг нь идэхгүй голоод байдаг. Манай ээж ааваас маш их айдаг, аав эрүүл байсан ч согтуу байсан ч ээжийг дандаа дээрэлхэж айлгаж байдаг.” гэх,

гэрч Б.Мийн “...Бийн ярианаас сонсож байхад нөхөр нь байнга согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаг, заримдаа “нөхөртөө зодуулаад тархи, толгой хөдлөөд бариач дээр очиж толгойгоо бариулаад” гэж ярьдаг байсан, нэг удаа нөхөртөө зодуулсан гэж ярихад Бийн дух нь хавдсан байсан, ер нь “нөхөр агсан тавиад зодлоо” гэж ярьдаг. Р.Б нөхрийгөө “хоёр, гурван эмэгтэй хүнтэй эр, эмийн харилцаа үүсгэж байсан, зарим нэг хүнийх нь гар утасны дугаарыг мэднэ.” гэж ярьж байсан.” гэх,

гэрч Э.Уийн “...Р.Бийн яриаг сонсож байхад нөхрийгөө дандаа л “архи уучихсан согтуу байна” гэж ярьдаг, заримдаа нөхрийгөө цохиж, зодсон, хэрүүл маргаан хийсэн гэж ярьж байсан, нөхөр нь толгой руу нь цохиод байдаг юм уу даа гэж боддог, “толгой өвдөөд, толгой хөдлөөд, толгойгоо бариулаад л гэж яриад байдаг, нөхрийгөө нэлээн хэдэн удаа эмэгтэй хүнтэй холбогдож байсан гэж ярьж байсан.” гэх,

гэрч Н.Хгийн “...хохирогч Н.Б миний төрсөн дүү байгаа юм. ... Б ажил хийж байгаад архинаас болж нэг жил чөлөө авсан, ...Б архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, ер нь 2020 оноос хойш архийг ихээр уух болсон, архины хамааралтай гэж хэлж болно.” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

          Тухайн өдрийн хувьд,

          шүүгдэгч Р.Б нь охин Б.Агийн “...аав гэртээ согтуу эмэгтэй хүнтэй хамт тамхи татчихсан сууж байна, ...тэр эмэгтэй над руу муухай харсан...аав намайг “гэрээс хурдан гар, энэ хүн байр үзэх гэж байгаа хүн гэж хэлээд гэрээс гаргасан” гэж утсаар хэлснээс үүдэн гэртээ ирэхэд нөхөр Н.Б нь үл таних эмэгтэйн хамт байсныг хараад уурлаж, “чи янхан хүүхэн дагуулж орж ирлээ, ... хүүхдийнхээ хажууд эмэгтэй хүн битгий авч ир гэж хэлж гуйгаа биз дээ” гэж хэлээд хохирогчтой маргалдсан,

          улмаар уг эмэгтэйг гэрээсээ хөөж гаргах үед хохирогч Н.Б гэртээ авч ирсэн хүүхнийг өмөөрч, эхнэрээ гэрийнхээ үүдний хэсэгт түлхэн унагааж, “энэ хүн байр үзэхээр ирсэн, чамайг ална шүү, намайг ирэхэд зайлсан байгаарай” гэж хэлээд Э.Сгийн араас гарсан хохирогчийн буруутай, хууль бус, зүй бус үйлдэл, 

          мөн хохирогч Н.Бийн араас утсаар залгаж хэрэлдэж, түүнийг буцаж гэртээ орж ирснийг гэнэт мэдээд “намайг зодно, ална” гэж айсны улмаас гартаа таарсан хутгаар хохирогчийн цээжин тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Р.Бийн эрүүл мэндийн байдлын талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Ш.Сугармаа үзлэгийн хуудастаа “...сэтгэл гутралын хам шинжтэй” гэж,

Орхон аймаг дахь БОЭТ-ийн шинжээч Ж.Должмаа, П.Бүдсүрэн, С.Энхмаа нар 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээндээ “гэмт хэргийг үйлдэх үедээ...стресс, айдас, түгшүүрийн байдалтай байсан байна. ...шинжилгээ хийлгэх үеийн сэтгэцийн байдлаас харахад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн оношийг үгүйсгэх үндэслэлгүй” гэж,

сэтгэл зүйч Б.Пагмадулам дүгнэлтдээ “...DSM V-ийн шизиод-ганцаардмал, дотогшоо, обсессив-эмх цэгцтэй гэсэн зан төлөвийн шинж илэрч байна. Түүнд гэр бүлийн орчноос сэтгэлийн зовиур шаналгаа, сэтгэлийн ачаалал, ядаргаа, сэтгэл ханамжийн таагүй байдлын мэдрэмжүүд үүсдэг бөгөөд үүнээс шалтгаалсан байдлаар сэтгэл түгшилт, сэтгэл гутралын зэрэг өндөр түвшинд гарсан байдалтай байна. Эмгэг стрессийн асуулгаар неврозын эмгэг, түгших төрлийн эмгэг, биеийн хэлбэрийн эмгэг, сэтгэл гутрах гэмгэг зэрэг эмгэгүүдийн шинж илэрсэн.” гэж тус тус тодорхойлсноос гадна шүүгдэгч нь 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Сэтгэц-Наркологийн төв эмнэлэгт “F43.2 буюу дасан зохицолтын хариу урвал” /расстройство адантация/ оношоор хэвтэн эмчлүүлсэн талаарх эмнэлгийн магадлагаа зэрэг хэрэгт цуглуулсан бүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн үед шүүгдэгч сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж мэтгэлцсэн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “...шүүгдэгч Р.Б нь нөхөр Н.Бийн олон удаагийн архи ууж, эмэгтэйчүүдтэй орооцолдсоноос шалтгаалж бухимдахдаа түүнийг хутгалсан нь буруу боловч өмгөөлөгчийн хэлсэн үгтэй санал нэг байна.” гэсэн санал нь шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэртэй тохирч байна.

          Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт этгээдийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, гэмт хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байхаас гадна хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байхыг ойлгоно.

Хохирогчийн дээр дурьдсан хууль бус, зүй бус үйлдлүүд тухайн цаг хугацаанд илэрсэн, мөн энэ цаг хугацаанаас өмнө байнгын давтамжтай, удаан хугацаанд үргэлжилсэн, шүүгдэгчийг болон 11 настай Анужин, 6 настай Билэгт нарыг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулсан нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлж, шүүгдэгч Р.Б сэтгэл санааны цочролд хоромхон зуур автаж өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орж гэмт хэрэг үйлдэх үр дагаварт хүргэсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Р.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.гэж заасныг баримтлан хөнгөрүүлэн өөрчилж,

түүнийг “өөрт нь хүч хэрэглэсэн, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны явцад мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд болон хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаад дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Р.Бийн нөхөр Н.Бийг гэртээ өөр эмэгтэйтэй хамт байгааг мэдээд хардсан, үл таних эмэгтэйг гэрээсээ хөөж гаргахад нөхөр нь тэр эмэгтэйн араас гарахад утсаар нь холбогдон нөхөртэйгээ маргалдсан, хохирогчийг гэртээ буцаж орж ирснийг гэнэт мэдээд “намайг алах гэж байна” гэж айгаад хутга авч хохирогчийн цээж хэсэгт хутгалсан үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг нь ноцтой зөрчсөн,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Шүүгдэгч Р.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Р.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршиногэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бт хоёр жил хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэсэн,

хохирогч Н.Б “...эхнэр Р.Бт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хүүхдүүдийг минь ээжтэй нь байлгаж өгөөч.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч Р.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, мөн ***************************тоотод оршин суух хаягтай боловч одоо хохирогчоос тусдаа Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо 1 дүгээр хэсгийн 34 тоотод төрсөн эцэг Б.Рэнцэндоржийнд өөрийн хүүхдүүдийн хамт амьдарч байгаа, төрсөн ганц эгч нь хорт хавдар өвчтэйн улмаас эгчийгээ эмчлүүлж байгаа, цаашид хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж өөрт нь хариуцлага хүлээлгэж, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч.” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч Р.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

          түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэгдэхэд хүч хэрэглэсэн, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн байдал, мөн түүний “гомдол, саналгүй” гэснийг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, одоо өөрийн хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо 1 дүгээр хэсгийн 34 тоотод төрсөн эцэг Б.Рэнцэндоржийнд амьдарч байгаа зэргийг болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,  

          мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бийг дээрх хугацаанд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

          зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Р.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн.”-ийг, 1.3-т заасан “...бие махбодын, сэтгэл санааны албадлагын эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн.”-ийг, 1.4-т заасан “...хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг, 1.5-д заасан “...өөрийгөө илчилсэн, үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан.”-ыг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч Н.Бийн “...миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, энэ хэргийн улмаас сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй.” гэсэн мэдүүлэг нэг дэх хавтаст хэргийн 170 дахь талд авагдсан, мөн шүүх хуралдааны үед “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаараа хэлж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.  

***************************тоотоос хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан, бариул хэсэг нь 14см, ажлын хэсэг нь 20см урттай саарал өнгийн хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, 

хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж,

шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын  шүүгдэгч Р.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Т овогт Р.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөрт нь хүч хэрэглэсэн, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бийг дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

          мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм, хорьдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Р.Бт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан бариул хэсэг нь 14см, ажлын хэсэг нь 20см урттай саарал өнгийн хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, 

хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

                

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.Э

                                              ШҮҮГЧИД                          Ц.А

                                                                                        Д.О