Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2021/01900

 

2021 оны 08 сарын 11 өдөр                            Дугаар 102/ШШ2021/01900                    Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: *** оршин байх,Г сууц өмчлөгчдийн холбоо/СӨХ/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, С овогт Б ийн Г /РД:*** /-д холбогдох

 

1,012,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г , хариуцагч Б.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г ” СӨХ-ны сууц өмчлөгч *** тоотод оршин суугч Б.Г нь СӨХ-ны нэг сарын төлбөр болох 36,150 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сараас 2021 оны 4 дүгээр сар хүртэлх нийт 28 сарын төлбөр буюу 1,012,200 төгрөгийг төлөөгүй. “Г ” СӨХ нь 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдөр, *** айл өрхийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг,сонирхлыг хамгаалах зорилгоор байгуулагдсан. Тус сууц өмчлөгчдийн холбооны сууц өмчлөгчдөөс дээрх нэр бүхий сууц өмчлөгч нь 2 жил хүртэлх хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөөгүйн улмаас, орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн хэвийн, аюулгүй байдлыг хангах, ашиглалт, засвар үйлчилгээ болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлж чадахгүй байдалд хүрээд байна. “Г ” СӨХ нь, сууц өмчлөгчдийн холбооны  төлбөрт сууц өмчлөгчдийн дангаар өмчлөх орон сууцны 1 м.кв-г нь 300 төгрөгөөр \засвар үйлчилгээ\, лифт 8,000 төгрөг, хог 2,000 төгрөг, цэвэрлэгээ 4,550 төгрөг, цэвэрлэгээний материалд 500 төгрөг бусад зардалд 3,000 төгрөг гэх мэтчилэн тооцож, сар бүр дээрх айлуудаас 36,150 төгрөгийн төлбөр авдаг. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө цаг тухай бүрд нь өгдөг айл өрхөөс авсан төлбөр нь, орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн хэвийн, аюулгүй байдлыг хангах, ашиглалт болон холбогдох бусад зайлшгүй зардлыг гаргах, засвар үйлчилгээг хийхэд зарцуулагддаг. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө өгдөггүй айлууд нь бусдын төлбөрөө төлсөн дундын өмчлөлийн зүйлийг үнэ төлбөргүй ашигласан байдалтай байдаг болно. “Г ” СӨХ-ноос дээрх нэр бүхий сууц өмчлөгчид удаа дараа бичгээр шаардлага хүргүүлсэн боловч сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө нь төлөхгүй хэвээр байсаар л байна. Цаашид сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг сууц өмчлөгчдөөс цаг тухай бүрд нь авч сууц өмчлөгчдийн холбооны хэвийн үйл ажиллагааг явуулаад зайлшгүй шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэхэд ач холбогдолтой байх тул 2019 оны 01 дүгээр сараас эхлэн төлөөгүй байгаа төлбөрийг бид нэхэмжилж байна. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө цаг тухайд нь санаатайгаар өгөхгүй, олон хүмүүсийн ажилд удаа дараа чирэгдэл учруулж байдаг байдлыг бид ойлгохгүй байгаа. Иймд дээрх нэр бүхий сууц өмчлөгчөөс сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 1,012,200 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** тоотод оршин суугч иргэн Б.Г миний нэр дээр “Г ” СӨХ-ны 2019 оны 01 дүгээр сараас 28 сарын төлбөр болох 1,012,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн байна. Уг төлбөрийг 2019 оны 01 дүгээр сараас төлөөгүй нь доорх хэд хэдэн үндэслэлтэй.

1. “Г ” СӨХ-ны нэхэмжлэлд дурдсанаар дундын өмчлөлийн зүйлийн хэвийн аюулгүй байдлыг хангах, цэвэрлэгээ үйлчилгээ ариутгал хийсний төлбөр болох нэг сарын 36,150 авна гэжээ. Гэтэл аюулгүй байдал хангах заалтад камер хяналт байхгүй. Орцноос гарах, ороход хянах нэг шаардлага хангахгүй камертай тэр нь хугацаа он, сар, өдөр, цаг нь зөрүүтэй хурд нь маш удаан, хадгалах хугацаа нь богино давхрын болон лифтэнд гадаа байшингийн ойр хавын хяналтын камергүй. Домофон систем эвдрээд 9, 10 жил болж байна. Гадаа шиф байхгүй, ковид-19 үед тодорхой 4 тоотод хүмүүс байнга дарна, ариутгалгүй.

2. Цэвэрлэгээ үйлчилгээ орцны цэвэрлэгээ маш муу, ариутгал хийдэггүй, тогтмол цэвэрлэгч бараг ажилладаггүй.

3. Сууц өмчлөгчдийн холбооны дарга нь оршин суугчдын дунд нэр хүнд муу, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр өндөр боловч хийгдэж буй ажилгүй.

4. 2019 онд манай сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг ар гэрийн хүндрэлтэй шалтгаанаар 6 сараар хөнгөлж өгнө гэсэн боловч чадаагүй. Ээж маань хорт хавдар өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэж эмнэлгийн бичиг хүүхэд оюутан сургалтын төлбөр төлдөг 6 дугаар сургуулийн тодорхойлолт, өрх толгойлсон эмэгтэй хорооны тодорхойлолт гэсэн бичгүүд авсан боловч ер ажиллаагүй.

5. 2019 оны 01 дүгээр сард гэрт маань хулгай ороход цагдааг үйл ажиллагааг явуулахад байнгын хяналт болон орцны харуул гэр хүн нь ажлаа мэддэггүй, хийдэггүй. Орцны оршин суугчдаа таньдаггүй. Эргээд би сууц өмчлөгчдийн холбооны энэ хэрэг гэрийнхээ алдсан эд зүйлд нэхэмжлэхэд бэлэн байна. Дээрх  шалтгааны улмаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөөгүй болно гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Г ” СӨХ нь хариуцагч Б.Г д холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,012,200 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,012,200 төгрөгийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...манай сууц өмчлөгчдийн холбоо нь хангалттай сайн үйл ажиллагаа явуулдаггүй тул би мөнгийг төлөхгүй” гэсэн агуулгаар тайлбарлав.  

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар “орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг” хэлнэ гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай сууц өмчлөгч нь заавал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.

 

Хариуцагч Б.Г нь *** тоотод оршин суудаг эсэх талаараа маргаагүй бөгөөд тухайн орон сууц нь “Г ” СӨХ-д харьяалагддаг болох нь тус холбоог 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдөр сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн *** тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд хариуцагч нь “Г ” СӨХ-ны гишүүн байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох ёстой.

 

Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт нийт 1,012,200 төгрөгийг огт төлөөгүй байгаа талаараа маргаагүй учраас уг төлбөрийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд хариуцагчаас 1,012,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г ” СӨХ-нд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хариуцагч Б.Г  нь сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа хангалтгүй гэж үзэж байгаа бол тэрээр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих эрх нь нээлттэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Г гаас 1,012,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г ” СӨХ-нд олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 28,845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г гаас 28,845 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г ” СӨХ-нд олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Н.ХАНГАЛ