Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2019/0636

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Ц-ийндүгнэлттэй, Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгаалалтын хяналтын улсын ахлах байцаагч Б.Бт холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Дүгнэлт гаргагч: Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Ц,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгаалалтын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б,

Гомдлын шаардлага: Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгаалалтын хяналтын улсын ахлах байцаагч Б.Бийн 2018 оны 06-р сарын 19-ний өдөр иргэн Л.Ц, Г.У нарыг Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, торгуулийн шийтгэл оногдуулсан 0175439, 0175440 дугаартай шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Дүгнэлт гаргагч Л.Ц шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Ц би, тус дүүрэг дэх  Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгаалалтын хяналтын улсын ахлах байцаагч Б.Бийн 2018 оны 06-р сарын 19-ний өдөр 0175439, 0175440 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Л.Ц, Г.У нарыг тус тус Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, торгуулийн шийтгэл оногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 02-03-055/16-180139 дугаартай материалыг хянахад:

            Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Н*******” супермаркетаас 2018 оны 06-р сарын 14, 15-ны өдрүүдэд иргэдээс ирүүлсэн “хугацаа дууссан эклер, тараг худалдсан” гэх гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

            Гэтэл Эрүүл ахуй, халдвар хамгаалалтын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б нь “Н*******” супермаркет нь хадгалалтын хугацаа дууссан Өлзий нэрийн тараг, эклер зэрэг хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дууссан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар буюу “бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалж, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол” гэх заалтын дагуу Л.Ц, Г.У нарыг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хууль буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан байна.

            Л.Ц, Г.У нарын гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх заалтыг зөрчжээ.

            Иймд Эрүүл ахуй, халдвар хамгаалалтын хяналтын улсын ахлах байцаагч Б.Бийн 2018 оны 06-р сарын 19-ний өдөр иргэн Л.Ц, Г.У нарыг Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, торгуулийн шийтгэл оногдуулсан 0175439, 0175440 дугаартай шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

            Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж нь худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүнийг хадгалах стандарт, норм, дүрэм журмыг хэрэгжүүлж ажиллаагүй эс үйлдэхүй байвал  Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлд заасан зөрчил гэж үзнэ. Гэтэл энэ зөрчил нь тухайн бараа бүтээгдэхүүнийг иргэнд худалдсан зөрчил байгаа. Тус зөрчил нь 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан” гэх заалтын дагуу шийтгэл оногдуулахаар байна.

            Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт дараах бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ гэж тодорхойлоод 7 зүйлийг тусгасан байдаг.  11.1.7 дахь хэсэгт “хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн” гэж заасан байгаа. Хадгалалтын хугацаа, хэрэглэх хугацаатай холбоотой тодорхойлолтын зөрүүтэй асуудал яригдаж байгаа бол хугацаа дууссан бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн гэх ойлголтод багтах боломжтой ойлголт гэж үзэж байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан шийтгэл хууль зүйн ямар ч үндэслэлгүй. Учир нь 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “бараа бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалаагүй, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй” гэж заасан байдаг. Эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалаагүй гэж үзээд байгаа. Гэтэл хөргөгчид хадгалсан байсан гэж хохирогчийн мэдүүлэг дээр байгаа. Мөн тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй зөрчил байхгүй учир 6.17 дугаар зүйлд заасан энэ шийтгэл нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй гэв”.

            Хариуцагч Б.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Л.Ц прокурор нь миний бичсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд шийдсэн Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалж, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтыг хуулийн заалт буруу хэрэглэсэн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн” гэсэн заалтаар торгохоор ирүүлсэн байна.

Прокурорын гаргасан Хадгалах хугацаа, хэрэглэж дуусах хугацаа гэдэг нь 2 өөр ойлголт байдаг гэдгийг Монгол Улсын Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйл “Хуулийн нэр томьёоны тодорхойлолт”

4.1.12. “Хадгалах хугацаа” гэж өгөгдсөн хугацаанд зохих нөхцөлийн дагуу хадгалж, хэрэглэхэд тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар хамгийн сайн төвшинд байх, тухайн хугацаа хэтрэхэд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдахгүй боловч чанарын үзүүлэлт нь муудах буюу өөрчлөгдөх хугацааг;

4.1.13 “Хэрэглэж дуусах хугацаа гэж” гэж өгөгдсөн хугацаанд тухайн хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байх, тухайн хугацаа өнгөрөхөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдах хугацааг  хэлнэ гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл хадгалах хугацаа бол тухайн савласан хүнсний бүтээгдэхүүний чанарын байдалд өөрчлөлт өгч эхлэх хугацааг, хэрэглэх хугацаа гэдэг нь савласан бүтээгдэхүүний сав, боодол, бөглөөг задалснаас хойш заасан хугацаанд нь хэрэглэж дуусгах хугацааг заадаг.

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн” заалтад хадгалалтын хугацааг биш хэрэглэж дуусах хугацааг гэж оруулсан байгаа.

Иймд дээрх зөрчил нь 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар буюу “бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалж,...заалтыг зөрчсөн үйлдэл учраас миний бичсэн 0175439, 0175440 тоот шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах үндэслэлгүй гэж  үзэж байна.” гэжээ.

Хариуцагч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт “хүнсний эрүүл ахуй” гэж хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний аюулгүй байдлыг хангахад шаардагдах бүхий л нөхцөл, шаардлагыг” хэлнэ гэж заасан байгаа. Нөхцөл гэдэг нь -5 градуст хадгалах юм уу, +10 градуст хадгалах юм уу гэдгийг хэлж байгаа. Шаардлага гэдэг нь хадгалалтын хугацаагаа 21 хоног хадгална гэж заасныг ойлгоно.

Засгийн газрын 2014 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан Дотоод хяналт шалгалт хэрэгжүүлэх журам, мөн 2014 оны 157 дугаар тогтоолоор батлагдсан Хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагаандаа мөрдөх дотоод журмаар хадгалах хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчид өгч болохгүй гэж заасан байдаг. Хадгалалтын хугацаа дуусах бүтээгдэхүүнийг ажлын байрны тодорхойлолтод тусгасны дагуу 7 хоног бүр лангууны эргэлт хийгээд, хугацаа дуусах бүтээгдэхүүнээ түрүүлж гаргаж байх ёстой. Энэ бол тухайн бараа хариуцсан мэргэжилтэн, салбарын эрхлэгч нарын хариуцлагагүй байдал.

Тухайн гомдол тарагтай холбоотой ирсэн. Тухайн таргийг задалснаас хойш 3 хоногийн дотор хэрэглэнэ гэдэг нь тухайн таргийг хэрэглэж дуусах хугацааг хэлж байгаа.  Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг зөвхөн лабораторийн шинжилгээгээр тогтоодог. Жишээ нь: энэ тарагны хадгалалтын хугацаа дууссан ч гэсэн шинжилгээнд өгөхөөр ямар нэгэн аюулгүй байдал гардаггүй. Зөвхөн чанарын үзүүлэлт өөрчлөгдсөн гэж гарч ирдэг. Аюулгүй байдлын үзүүлэлт буюу энэ дотор хоолны хордлого өгдөг нян илэрвэл хүний биед сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн гэж гардаг.

Прокурорын бичсэн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн гэж байгаа. Миний ирүүлсэн гомдолд хадгалах хугацаа дууссан гэсэн бүтээгдэхүүн байгаа. Хуулийг төсөөтэй байдлаар хэрэглэх зөрчил нь 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хадгалах хугацаа биш хэрэглэж дуусах хугацааг бичсэн байгаа.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын Хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх Л.Ц нь Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалж, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол...” гэж заасны дагуу шийтгэл оногдуулсан нь хууль буруу хэрэглэсэн байна, харин Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн бол гэж заасны дагуу шийтгэл оногдуулах ёстой байсан гэсэн агуулгаар шүүхэд хандан прокурорын дүгнэлт бичсэн байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №0175440 тоот болон мөн өдрийн №0175439 тоот шийтгэлийн хуудсуудаар Н******* супермаркетын туслах мэргэжилтэн Л.Ц , эрхлэгч Г.У нарыг хадгалалтын хугацаа дууссан бараа худалдсан гэх зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн...бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалж, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 9 дэх хэсэгт Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан байна.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно”, 4.1.12-т хадгалах хугацаа” гэж өгөгдсөн хугацаанд зохих нөхцөлийн дагуу хадгалж, хэрэглэхэд тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар хамгийн сайн төвшинд байх, тухайн хугацаа хэтрэхэд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдахгүй боловч чанарын үзүүлэлт нь муудах буюу өөрчлөгдөх хугацааг”, 4.1.13-д ““хэрэглэж дуусах хугацаа” гэж өгөгдсөн хугацаанд тухайн хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байх, тухайн хугацаа өнгөрөхөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдах хугацааг;” гэж тус тус заасан ба хуульд ийнхүү “хадгалах хугацаа” болон “хэрэглэж дуусах хугацаа” гэсэн ялгаатай ойлголтуудыг хуульчилсан байна.

Мөн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал” гэж хүнсийг зориулалтын дагуу бэлтгэж хэрэглэхэд хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй, сөргөөр нөлөөлөхгүй байхыг4.1.5-д “хүнсний эрүүл ахуй” гэж хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний аюулгүй байдлыг хангахад шаардагдах бүхий л нөхцөл, шаардлагыг” гэж тус тус хуульчилсан байна.

 Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хадгалалтын хугацаа нь дууссан гэх тараг, эклер зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд нь хүнсний эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангаагүй бүтээгдэхүүнүүд байна. 

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дараах үйлдлийг хориглоно:10.3.1-д хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх”, гэж заасан ба хадгалалтын хугацаа нь дууссан буюу хүнсний эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангаагүй бүтээгдэхүүн худалдсан нь хуулиар хориглосныг зөрчсөн байна.

Мөн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7-д хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзэхээр хуульчилсан ба харин уг зүйлийн 11.1.1-11.1.7-д зааснаас үзэхэд хадгалалтын хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзэх тохиолдолд хамаарахгүй байна.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд хадгалалтын хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн гэж үзэхээргүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин дээр дурдсан хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хадгалалтын хугацаа нь дууссан тараг, эклер зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд нь хүнсний эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангаагүй байх ба эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангаагүй бүтээгдэхүүнийг худалдсан нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар хориглосныг зөрчсөн байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгтЭрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн...” гэж заасны дагуу шийтгэл оногдуулах нь хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд маргаан бүхий №0175440 тоот болон №0175439 тоот шийтгэлийн хуудсуудаар Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх хэдий ч  прокурорын дүгнэлт Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасны дагуу шийтгэл оногдуулах ёстой байсан гэсэн үндэслэлээр бичигдсэн, прокурор энэ үндэслэлээр маргаж байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсуудыг шүүхээс хүчингүй болгох боломжгүй байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн буюу прокурорын дүгнэлтийн хүрээнээс хэтэрсэн, хальсан,  прокурорын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй тул прокурорын дүгнэлтийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.     

 Шүүх дээрх үндэслэлүүдээр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 10 дугаар зүйлийн 10.3.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5заасныг тус тус баримтлан  “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Бийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №0175440 тоот болон мөн өдрийн №0175439 тоот шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын Хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх Л.Ц-ийн дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ