Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2020/ДШМ/27

 

М.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, О.Баатарсүх, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд:

прокурор Л.Мөнхбаяр,

                        шүүгдэгч М.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан, Б.Оюу-Эрдэнэ, нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.           

         Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 208 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Н-д холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, 19...  онд Хөвсгөл аймгийн ........ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх буюу 600000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, М.Н /РД:............/,

 

Яллагдагч М.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны шөнө өөрийн эхнэр Ц.У-г зодож, эрүүл мэндэд нь дух, хамар, зүүн нүдний зовхи, хэвлий, зүүн гарын бугалга болон зүүн хөлний шилбэ, баруун хөлний өвдөг, баруун даланд олон тооны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

согтуурсан үедээ эхнэр Ц.У-г 2018 оны намар хөдөө гэртээ нэг удаа алгадаж, толгой руу нь нэг удаа цохисон, 2019 оны эхээр гуяны хэсэгт нэг удаа өшиглөж, мөн цохих гэхэд нь гэрээсээ зугтахад байшингийн цонхыг хагалан ална гэж айлган сүрдүүлж, хүүхэдтэйгээ айлд хоноход хүргэсэн, 2019 оны сүүлээр толгой болон мөрний хэсэгт гараараа нэг удаа цохисон, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны шөнө 01 цагийн үед гэрийнхээ байшингийн цонхыг хагалан орж ирэхэд нь М.Н-оос айж, гэрийн цонхоор гарч гүйхэд хүргэж, харгис хэрцгий харьцан, догшин авирлаж, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч М.Нийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 208 дугаар шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н-дхолбогдох ............ дугаартай эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр тус аймгийн Прокурорын газарт буцааж, шүүхийн шатанд яллагдагч М.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлжээ.

 

Хяналтын прокурор С.Сугар бичсэн эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх гэм буруугийн хуралдаанаас хэргийг буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-д “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол хүсэлтийг шийдвэрлэнэ” гэж заасныг баримталсан нь шүүгчийн захирамжид заасан үйл баримтын агуулгаас зөрсөн шийдвэр гаргажээ. Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, урьдчилсан хэлэлцүүлэг хийгдээгүй хэргийг “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол” гэх үндэслэлээр буцаасан нь шүүх хуралдаан мэтгэлзэх зарчмаар явагдах боломжийг хаасан. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу яллагдагчаар татах тогтоолд хэргийн зүйлчлэлд ял нэмж сонсгосон байх ба  уг тогтоолыг яллагдагчид өөрт нь өмгөөлөгчийн хамт танилцуулсан, нэмж ял сонсгосон зүйл хэсэг дээр оролцогч нар гэмт хэрэг мөн эсэх дээр мэтгэлцэх зарчмаар нотлох, үгүйсгэх байр суурь нь нээлттэй байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй. Хэрэгт байгаа зөрчлийг дурдан шүүх хэргийг буцаах үндэслэл болгож буй нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан зохицуулалтаар хэргийг шүүгдэгчийн гэм буруугийн шүүх хуралдаанаас прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 208 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор Л.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Прокурор хоёр үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Нэгдүгээрт; Прокуророос ял өөрчилж, сонсгосон тогтоолыг өмгөөлөгч Цээсүрэнгийн хамт яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ хугацаанд оролцогчдоос ямар нэгэн гомдол гаргаагүй. Шүүхээс урьдчилан хэлэлцүүлэг явуулаагүй, гэм буруугийн шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн гаргасан саналыг үндэслэн хэргийг буцаасан нь журмаа зөрчиж байна. Хоёрдугаарт; Яллагдагчаар татаж, мэдүүлэг авахад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө гэм буруугүй гэж мэдүүлгээ өөрчилсөн. Прокурор ял нэмж сонсгоод дахин мэдүүлэг аваагүй нь буруу боловч энэ нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчиж, захирамж гаргасан учраас хүчингүй болгох саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюу-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн прокурорын тогтоолоор яллагдагч М.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял дээр энэ хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан ялыг нэмж сонсгосон.  Ийнхүү ялыг хүндрүүлж өөрчлөлт оруулаад яллагдагчаас дахин мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах, яллах талын баримтыг няцаан үгүйсгэж мэтгэлцэх” эрхийг нь хязгаарласан. Мөн шүүх яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа. Шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхино уу гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүх хуралдааны үед дээр дурдсан зөрчлүүд байсан учраас хэргийн прокурорт буцаах саналтай байгаагаа хэлсэн. Өмгөөлөгч Б.Оюу-Эрдэнэтэй санал нэг байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

 

          Прокурор 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн .............. дугаартай тогтоолоор М.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/36 дугаартай тогтоолоор түүнд ял нэмж сонсгон яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, түүнээс байцаалт авахыг мөрдөгчид даалгасан атлаа энэ ажиллагааг хийгээгүй байна. /хх 46-50, 66-67/

         

          Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна.” гэж заасантай нийцэхгүй байна.

         

          Түүнээс гадна энэ ажиллагааг хийгээгүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах, яллах талын баримтыг няцаан үгүйсгэж мэтгэлцэх” зэрэг яллагдагчид хуулиар олгогдсон эрх нь хязгаарлагдаж, шүүх яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

          Иймд    прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          Нэг. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 208 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНТУНГАЛАГ   

 

                        ШҮҮГЧИД                                                     О.БААТАРСҮХ

 

                                                                                    Д.БАЙГАЛМАА