| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2021/03386/И |
| Дугаар | 183/ШШ2021/03023 |
| Огноо | 2021-12-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2021/03023
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн .............. тоотод байрлах РХХК /РД:.............-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............ тоотод оршин суух Б овогт Эийн С /РД:...........-д холбогдох,
төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон актын дагуу учирсан хохирол 1.540.909 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч РХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ухариуцагч Э.С гэрч Л.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч РХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж гүйцэтгэх захирал М.Унь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: РХХК-ийн толгой компани буюу хувьцаа эзэмшигч болох ЭХХК-ийн хүсэлтээр манай компанийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 19-нийг хүртэлх санхүүгийн баримтын тооцоог тогтоох ажлыг Эс Жи Эм Ди аудитХХК гүйцэтгэж, тайланг хүргүүлсэн болно. Уг тайланд зарлага баримтгүй, дутуу баримттай, зөрчилтэй баримттай, орлого и баримт шивээгүй, орлогын тайланд дутуу тайлагнасан гэх мэт нэгтгэн дүгнэвэл компанид нийт 261.000.000 төгрөгийн зөрчилтэй болохыг тогтоосон. Уг зөрчилд хамааралтай буруутай этгээд болох тус компанийн нягтлан бодогч, гүйцэтгэх захирлын албан тушаалд тус тус ажиллаж байсан Э.С-ой 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч М.Усны-Эхийн дэмжлэгтэйгээр эвлэрлийн гэрээ байгуулан компанид учруулсан хохирлыг барагдуулахаар тохирсон. Тус эвлэрлийн гэрээгээр компанид учруулсан хохирол 261.000.000 төгрөг боловч Э.Сгын хүлээн зөвшөөрч баталгаажуулсан хохирол болох 31.304.507 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулан ЭтХХК-ийн баримтаар илрүүлсэн тайланд хамаарах үлдэгдэл зөрчлийн асуудлаар төрийн эрх бүхий байгууллагаас акт, хохирол тогтоосон тохиолдолд тус хохирлыг тухай бүр Э.Солонгоос нэхэмжилнэ гэж тохиролцсон. Тус тохиролцоонд хамаарахаар 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс РХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний хугацаанд хамаарах НӨАТ-ын хэсэгчилсэн шалгалтыг хийж, 2 зөрчлийг илрүүлсэн бөгөөд түүнд холбогдох нөхөн татвар, торгууль, алданги тооцож нийт 1.540.909 төгрөгийн төлбөрийг биднээс нэхэмжилсэн болно. Уг төлбөрийг бид дээрх эвлэрлийн гэрээнд заасны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Э.Солонготой утсаар болон имэйлээр нэхэмжилсэн боловч түүний хариуд хариуцахгүй гэдгийг имэйлээр мэдэгдэн одоог болтол хохирлыг барагдуулахгүй гэж зүтгэсээр байна. Иймд Э.Соос төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон актын дагуу учирсан хохирол 1.540.909 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.С шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Снь хариуцагч РХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэр эвлэрүүлэн зуучлагч М.Усны-Эх болон РХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т нартай эвлэрлийн гэрээг хийсэн бөгөөд уг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж дууссан болно. Уг гэрээг Э.С миний зүгээс бүрэн биелүүлж дууссан бөгөөд одоо шаардаж байгаа нэмэлт төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь одоо шаардаж байгаа төлбөрийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээний үнийн дүнд оруулж, урьдчилан төлсөн юм. Мөн ирээдүйд үүссэн төрийн эрх бүхий байгууллагаас акт, хохирол тогтоосон тохиолдолд надаас нэхэмжлэх хүсэлтэй байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа эвлэрүүлэн зуучлагчид гаргасан хариу тайлбартаа бичиж байсан. Эвлэрлийн гэрээнд бодитоор үүссэн хохирлыг нөхөн төлүүлэхээр тохиролцох ёстой гэдгийг тухайн үед эвлэрүүлэн зуучлагч М.Усны-Эх хоёр талд тайлбарласан хэдий ч Р ХХК нь уг гэрээгээр тохиролцсон дүнд ирээдүйд үүсэх НӨАТ-ын алданги, торгууль хэмээн тооцоолсон 2.002.262 төгрөгийг оруулсан байгаад гомдолтой байсан хэдий ч Р ХХК-ийн тооцоолон гаргасан дүнг төлөхөөр гэрээг хийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Эвийн журмаар тухайн үед үүссэн асуудлыг шийдвэрлүүлэх 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр РХХК-д цаасаар болон цахим имэйлээр тайлбар, хүсэлт өгч 31.304.507 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрч өөрийн хүлээх хариуцлагыг үүгээр хязгаарлаж байгаагаа илэрхийлсэн. Ирээдүйд татвартай холбоотой асуудал үүсэх болон учирч болзошгүй эрсдэлийг даатгах зорилгоор бүх хариуцлагыг Э.С нададхариуцуулах утгатай эвлэрлийн гэрээгээр компанид учирсан хохирол 261.000.000 төгрөгөөс 31.304.507 төгрөгийг төлж барагдуулан ЭХХК-ийнбаримтаар ирүүлсэн тайланд хамаарах үлдэгдэл зөрчлийн бүх үүрэг хариуцлагыг хариуцахаар гарсан төрийн байгууллагын акт, хохирлыг тухай бүр нэхэмжлэхээр тохиролцов гэсэн агуулгатайгаар нэхэмжлэл өгсөн байгаа нь худал, шударга бус гэж үзэж дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ тайлбарлаж байна. Үүнд: 1. Эвлэрлийн гэрээгээр тохиролцсон байдлыг мушгин гуйвуулсан байна. Эвлэрлийн гэрээнд бодитоор үүссэн хохирлыг нөхөн төлүүлэхээр тохиролцох ёстой ч РХХК-ийн гаргасан хүсэлт болох эрх бүхий байгууллагаас акт, хохирол тогтоосон тохиолдолд тус хохирлыг тухай бүр нэхэмжлэх заалт гэрээнд оруулах боломжгүй гэдгийг тухайн үед эвлэрүүлэн зуучлагч М.Усны-Эх хоёр талд тайлбарлан гэрээгээр 31.304.507 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцсон байтал нэхэмжлэгч тал нь гэрээний заалтыг буруу дутуу ойлгон мушгин гуйвуулсан гэж үзэж байна. 2. Компанид учруулсан хохирол гэж урьдчилсан байдлаар нэхэмжилсэн НӨАТ-ын алданги, торгуудийг төлж барагдуулсан. Миний бие Рийч пойнт ХХК-аас 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр халагдсан бөгөөд тухайн үед НӨАТ-ын алданги,торгуулийн өр төлбөргүй байсан. Эвлэрлийн гэрээнд тохиролцон төлж барагдуулсан дүнд бодитоор үүсээгүй НӨАТ-ын алданги, торгууль хэмээн 2.002.262 төгрөг орсон байгаа тул уг нэхэмжилсэн дүн нь урьдчилан төлөгдсөн гэж үзэж байна. Уг нэхэмжилж буй мөнгөн дүнгээс илүү дүнгээр урьдчилан төлсөн бөгөөд харин ч илүү төлсөн мөнгөө буцаан авах эрх надад байгаа гэж бодож байна. 3. Компанийн үйл ажиллагаас үүсэх нөхөн татварыг ажилтан барагдуулах үндэслэл байхгүй. Нэхэмжилж буй дүн нь татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчилтэй холботой НӨАТ, алданги, торгууль гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй байхад компанийн үйл ажиллагаатай холбоотой нөхөн төлөх татварын дүн болох 1.027.272 төгрөг нь нягтлан бодогч ажилтнаас нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжилж байгаа 1.540.909 төгрөгөөс 308.181 төгрөгийн торгууль, 205.454 төгрөгийн алдангийг өмнө нь урьдчилсан эвлэрлийн гэрээгээр төлсөн 2.002.262 төгрөгөөс суутган илүү төлсөн мөнгөө буцаан авахаар нэхэмжлэх хүсэлтэй байна. 4. Компанийн тайлан, тооцоотой холбоотой үүрэг хариуцлага. Миний бие Э.Солонго нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т гүйцэтгэх удирдлага нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна, мөн хуулийн 83.8-т гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна, мөн хуулийн 95.4-т компанийн гүйцэтгэх удирдлага тухайн компанийн нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна гэж заасан байх бөгөөд Компанийн тухай хуульд заасны дагуу Э.С намайг нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд компанийг О.Зт захирал удирдаж байсан, тухайн үеийн худалдан авалт, мөнгө гаргах баримтуудад гүйцэтгэх захирал О.З нэгдүгээр гарын үсэг зурж, мөнгө гаргадаг байсан. Өөрөөр хэлбэл тухайн үед хийгдсэн гүйлгээ бүр гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр, түүний хяналтан доор хийгддэг байсан. Түүнчлэн нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.4-т аж ахунй нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна гэж заасан байдаг. Гэтэл бүх хариуцлагыгнягтлан бодогчоор ажиллаж байсан надад хариуцуулна гэдэг бол хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд уг компанийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дахин тус компанитай үүсэх маргаан, хүлээх хариуцлага байхгүй, компанид учруулсан хохирлоо бүрэн барагдуулж дуусгавар болгосон болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрч Л.Тгийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч РХХК нь хариуцагч Э.Сд холбогдуулан төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон актын дагуу учирсан хохирол 1.540.909 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч РХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны санхүүгийн баримтын тооцоог тогтоох ажлыг ЭХХК хийж гүйцэтгүүлэхэд компанид нийт 261.000.000 төгрөгийн санхүүгийн зөрчилтэй болохыг тогтоосон тайлан ирүүлжээ.
Улмаар компанийн санхүүгийн баримт болон нэхэмжлэгч Рийч пойнтХХК-д 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нягтлан бодогчоор, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан Э.Сын өөрийн данс руу шилжүүлсэн гүйлгээний дүнг тулгаж хийсэн тооцоогоор хариуцагч Э.С нь 31.304.507 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн болох нь тооцоо хийсэн баримт, гэрч Л.Тгийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Энэхүү 31.304.507 төгрөгийн өр төлбөрийг хариуцагч Э.С төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрлийн гэрээ байгуулсныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2020/0000 дугаар шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэжээ.
Хариуцагч Э.Снь энэхүү эвлэрлийн гэрээнд заасан 31.304.507 төгрөгийн өр төлбөрөө төлж барагдуулсан, талууд энэ талаар маргахгүй байна.
Харин Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэгч РХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг хийж гүйцэтгээд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2017 онд 10.181.818 төгрөгийн үнэтэй суудлын машины худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ гэсэн хэсэгт тусган, төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1.018.181.82 төгрөгийн нөхөн татвар, 305.454.55 төгрөгийн торгууль, 203.363.36 төгрөгийн алданги оногдуулах, мөн 2018 онд Б ХХК-д бэлэн мөнгөөр төлсөн 90.909.09 төгрөгийн бараанд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар нь нягтлан бодох бүртгэлд тусгагдаагүй байхад худалдан авалтын хасалт хийж төсөвт төлөх татвараа буруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг зөрчсөн гэж үзээд 9.090.91 төгрөгийн нөхөн татвар, 2727.27 төгрөгийн торгууль, 1818.18 төгрөгийн алданги оногдуулах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг үндэслэн 1.027.272.73 төгрөгийн нөхөн татвар, 308.181.82 төгрөгийн торгууль, 205.454.54 төгрөгийн алданги, нийт 1.540.909.09 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон болох нь зохигчдын тайлбар, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Бадамсүрэнгийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №Н.......... дугаартай нөхөн ногдуулалтын акт, актын хавсралт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч РХХК нь дээрх зөрчилд хамааралтай буруутай этгээдийг тус компанид нягтлан бодогч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Сгэж үзэж, төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон актын дагуу учирсан хохирол 1.540.909 төгрөг гаргуулахаар шаардсан бол хариуцагч Э.с нь Рийч пойнтХХК-аас 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр халагдах үед НӨАТ-ын тайлангийн алданги, торгуулийн өр төлбөргүй байсан. РХХК-тай байгуулсан эвлэрлийн гэрээнд төлж барагдуулахаар тохиролцсон 31.304.507 төгрөгийн үнийн дүнд бодитоор НӨАТ-ын алданги, торгуулийн 2.002.262 төгрөгийн байгаагүй боловч ирээдүйд НӨАТ-ын алданги, торгууль үүсэж болзошгүй гэж үзээд нэмж тусгасны дагуу миний бие 31.304.507 төгрөгийг төлж барагдуулсан тул уг нэхэмжилсэн 1.540.909.09 төгрөг ньурьдчилан төлөгдсөн гэж үзэж байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч Э.Снь санхүүгийн баримттай өөрийн данс руу хийсэн гүйлгээг тулгаж хийсэн тооцоны баримтад НӨАТ-ын алданги, торгууль 2.002.262 төгрөг төлөхөөр тусгагдсан боловч нь энэ нь тухайн үед үүсээгүй, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолсны үндсэн дээр төлүүлэхээр тохиролцсон төлбөр байсан болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Л.Тгийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Рийч пойнтХХК нь хариуцагч Э.Солонгоор 2.002.262 төгрөгийн НӨАТ-ыналданги, торгуулийн төлбөрийг урьдчилсан төлүүлсэн байна.
Нэхэмжлэгч РХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл болон эвлэрүүлэн зуучлах уулзалтын явцад төрийн эрх бүхий байгууллагаас акт, хохирол тогтоосон тохиолдолд тус хохирлыг тухай бүр Э.Сгоос жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх талаар дурдаж байснаас бус 31.304.507 төгрөгийн хохирлоос бусад хохирлыг төрийн эрх бүхий байгууллагаас акт, хохирол тогтоосон тухай бүр хариуцагч Э.С төлөхөөр хүлээн зөвшөөрөөгүй, үүнтэй холбоотой тохиролцсон зүйл талуудын эвлэрлийн гэрээнд тусгагдаагүй байна.
Хариуцагч Э.Снь 31.304.507 төгрөгийн өр төлбөрийг төлж барагдуулахдаа тухайн үед үүсээгүй байсан 2.002.262 төгрөгийн НӨАТ-ын алданги, торгуулийн төлбөрийг урьдчилан төлж барагдуулсан, уг төлж барагдуулсан төлбөрийн дүнд нэхэмжлэгч РиХХК-ийн нэхэмжилсэн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн нөхөн ногдуулалтын актаар үүссэн 1.540.909 төгрөгийн төлбөр орж тооцогдож байх тул хариуцагчийн тухайн төлбөрийг төлж барагдуулсан гэх татгалзал үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч РХХК нь хариуцагч Э.Сгоос төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон актын дагуу учирсан хохирол 1.540.909 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.604 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 115 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэссэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч РХХК-ийн хариуцагч Э.Сд холбогдох төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон актын дагуу учирсан хохирол 1.540.909 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.604 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР