Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2018/03650

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .... гэх/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .. нарт холбогдох,

Сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 1,289,616 /нэг сая хоёр зуун наян есөн мянга зургаан зуун арван зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.... оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ:

Баянгол дүүргийн ...ны нутаг дэвсгэрт байрлах ... СӨХ нь хорооллын 35А, Г байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг хариуцаж үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. С...., Л.... нар нь өөрийн амьдарч байгаа орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, цахилгаан, лифт, цэвэрлэгээ үйлчилгээ, бусад зардалд зарцуулах төлбөрөө 2013 оны 12 сар, 2014 оны 1-12 сар, 2015 оны 1-7 сар, 2017 оны 5-8 сар, 2018 оны 6-10 сарын нийт төлбөр 1,289,616 төгрөгийг төлөхөөс санаатай зайлсхийсэн. Иргэний хуулийн 147.1, 148.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй, СӨХ-ны төлбөрөө цаг хугацаандаа төлж байгаа оршин суугчдыг хохироож завшиж байгаа тул С...., Л.... нараас 1,289,616 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Уг 35Г байрны оршин суугч С.... урт хугацаагаар гадаадад амьдарч, тус байранд нь хүү Л.... нь амьдарч, байртай холбоотой бүх төлбөр тооцоог хариуцаж байгаа тул С....ыг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хариуцагч Л.... нь 2009 оноос хойш тус СӨХ-ны үйл ажиллагаа явуулдаг 35Г байрны 15 тоотод амьдарч байгаа бөгөөд, СӨХ-ны төлбөр төлөхгүй байсан учир нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу хариуцагч бидэнтэй уулзаж, 2017 оны 5-8 дугаар сар, 2018 оны 6-10 дугаар саруудын төлбөрт нийт 371,320 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас төлөгдсөн энэ дүнг хасч, нэхэмжлэлээ 918,296 төгрөг болгон багасгаж байна. СӨХ-ны төлбөрийн тухайд 2013 оны 12 дугаар сараас 2015 оны 7 дугаар сар хүртэл сар бүр 45,914.80 төгрөгийн төлбөр гарч байсан бол, 2017 оны 5 дугаар сараас СӨХ-ны төлбөр сар бүр 46,415 төгрөг болсон байгаа. Бидний шаардсан СӨХ-ны төлбөрийн 2013 оны 12 сар, 2014 оны 1-12 дугаар сар, 2015 оны 1-7 дугаар сарын төлбөр төлөгдөөгүй, уг төлбөрийг шүүхэд хандаж шаардах хугацаа дууссан гэдгийг ойлгож байгаа ч, хуульд заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсч байна гэв.

Хариуцагч Л.... шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

... СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 35Г-15 тоотод оршин суугч Л...., С.... нараас нэхэмжилсэн СӨХ-ны төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... СӨХ нь хариуцагч Л...., С.... нараас дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний хуримтлалын төлбөрт 2013 оны 12 дугаар сар, 2014 оны 1-12 дугаар сар, 2015 оны 1-7 дугаар сар, 2017 оны 5-8 дугаар сар, 2018 оны 6-10 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрт 1,289,616 /нэг сая хоёр зуун наян есөн мянга зургаан зуун арван зургаан/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ... СӨХ-ны захирал Г.... нь хариуцагч С....ыг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үеэр нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хариуцагч Л....ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд бичгээр хариу тайлбар гаргасны дараа ... СӨХ-нд 2017 оны 5-8 дугаар сар, 2018 оны 6-10 дугаар сарын төлбөр болох 371,320 төгрөгийг төлсөн учир уг төлбөрийг нэхэмжлэлээс хасч, нэхэмжлэлээ 918,296 төгрөг болгон багасгасан.

Хариуцагч Л....ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 371,320 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон.

Түүнчлэн, хариуцагч Л....д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлснийг хүлээн авч, түүний эзгүйд хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

... Сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар 2009 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 149 тоот гэрчилгээгээр Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж, Г....г сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоолоор томилсон байх тул шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй байна. /хх 3, 4/

Хариуцагч Л.... нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 35Г дугаар байрны 15 тоотод оршин суудаг болох нь зохигчийн иргэний үнэмлэхний лавлагаа болон зохигчдын тайлбараар тогтоогджээ. /хх 11/

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт ... орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна... гэж, мөн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт ... сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй... гэж тус тус заасан байна. Иймд нэхэмжлэгч ... СӨХ нь хариуцагч Л....өөс дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын мөнгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.... нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй бөгөөд, энэ үүргийнхээ дагуу 2017 оны 5-8 дугаар сар, 2018 оны 6-10 дугаар сарын нийт 371,320 төгрөгийг төлж барагдуулсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож, уг төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хассан байгааг дурдах нь зүйтэй.

Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан бөгөөд, 2013 оны 12 дугаар сар, 2014 оны 1-12 дугаар сар, 2015 оны 1-7 дугаар сар хүртэлх хугацааны буюу 20 сарын сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой харилцаанд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Л.... нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу дээрх хугацааны төлбөр болох 918,296 /2013 оны 12 дугаар сарын 45,914.80 төгрөг, 2014 оны нийт 550,977.60 төгрөг, 2015 оны 1-7 дугаар сарын 321,403.60/ төгрөгийг төлөхөөс татгалзах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний дээрх хугацааны төлбөрийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгч ... СӨХ-ны хариуцагч Л....өөс шаардаж буй 918,296 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,500:78 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Л....өөс дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 918,296 /есөн зуун арван найман мянга хоёр зуун ерэн зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ... СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С....д холбогдох шаардлагаас нэхэмжлэгч ... СӨХ татгалзсаныг батлаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,500.78 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА