Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2021/01934

 

021 оны 08 сарын 16 өдөр                 Дугаар 102/ШШ2021/01934                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч М.Мөнхтөр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт М гийн Х /РД:*** /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***  тоотод оршин суух, *** овогт *** ы Ц /РД:***/-д холбогдох,

 

510,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн үед *** хойд талын автобусны буудал дээр өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай тоёота приус-20 маркийн машинтайгаа зогсож байхад *** улсын дугаартай автобус ирж мөргөсөн. Уг автобусыг хариуцагч Ч.Ц жолоодож явсан. Тэрээр тухайн үедээ буруугаа хүлээгээд надад “...3,700,000 төгрөг төлнө” гэж гараараа бичиж өгөөд явсан. Гэтэл түүнээс хойш төлбөрөө төлөөгүй намайг хохироосоор явна. Ийм учраас би шүүхэд дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1/  Би өөрийн автомашинд учирсан хохирлын үнэлгээг хийлгэхэд 450,000 төгрөг гэж гарсан. Уг мөнгийг нэхэмжилнэ.

2/ Хохирлын үнэлгээг би 35,000 төгрөгөөр хийлгэсэн. 

3/ Би осол гарсны дараа машины крылог хажууд байсан машин засварын газраар татуулж янзлуулсан. Уг зардалд 25,000 төгрөг төлсөн. Ингээд нийт 510,000 төгрөгийн хохирол учруулсан тул уг 510,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Ч.Ц би 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нийтийн тээврийн автобус барьж яваад 32 тойргийн автобусны буудалд зогсоод хөдлөхдөө приус машины хойд гуперээрээ шүргэж гарсан. Энэ машины хориглосон газар зогсоогүй бол ийм зүйл болохгүй байсан. Би шинэ жолооч тул хараагүй. Би замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй зогсох ёстой газар зогссон. Миний жолооны үнэмлэхийг хурааж аваад цагдаад өгсөн одоо болтол би ажилгүй байгаа. Энэ мөнгийг би төлж чадахгүй. Өдий болтол хугацааны цалин 2,000,000 төгрөгийг авмаар байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч М.Х хариуцагч Ч.Ц д холбогдуулж гэм хорын хохиролд 510,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан.

  

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлийг “...хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалж зам тээврийн осол гарсан. Үүнээс болж надад 510,000 төгрөгийн хохирол учирсан” гэж тайлбарласан.

 

Хариуцагч Ч.Ц гийн шүүхэд бичгээр өгсөн тайлбараас үзэхэд тэрээр гэм буруугийн тал дээр буюу зам тээврийн осол хэний буруутай үйлдлээс шалтгаалж гарсан талаар маргаж байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгээр зохицуулжээ. 

 

Хэрэгт авагдсан 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтны магадлагаа”, “Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч”, 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Замд гарсан зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэл”, хариуцагч Ч.Ц гоос нэхэмжлэгчид бичиж өгсөн “...миний буруугаас болж приус машиныг мөргөсөн нь үнэн. Маргааш 10 цагт 3,700,000 төгрөг өгнө. Үнэмлэхээ үлдээлээ. ***” гэсэн бичгийн баримтуудыг харьцуулан судлахад 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр болсон зам тээврийн осол хариуцагч Ч.Ц гоос шалтгаалан гарсан үзэх үндэслэлтэй байна. 

 

Харин гэм хорыг арилгахад хариуцагчийн гэм буруугаас гадна түүний гэм буруутай үйлдлээс учирсан гэм хорын хэмжээ нотлогдсон байх ёстой ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дор дурдсан үндэслэлээр хангаж шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох, холбогдох баримтуудаа хуулиар шаардсан хэлбэрт нийцүүлэн, өөрөө цуглуулж шүүхэд өгөх үүрэгтэйгээр оролцдог. 

 

Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлын хэмжээг нотлох үүднээс хэрэгт “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1415 тоот “Автомашин техникийн үнэлгээний тайлан”-г гаргаж өгсөн. Уг үнэлгээний тайлангаар *** улсын дугаартай, “Тоёота приус 20” маркын автомашинд учирсан хохирлын үнэлгээг 450,000 төгрөгөөр тогтоожээ. Мөн уг үнэлгээг 35,000 төгрөгөөр хийлгэсэн тухай “Ашид билгүүн” ХХК-ийн төлбөрийн баримтыг нэхэмжлэгч шүүхэд гарган өгсөн байна.

 

Иймд үнэлгээний тайлангаар автомашинд учирсан хохирол гэж тогтоогдсон 450,000 төгрөг, уг үнэлгээний ажлын хөлс 35,000 төгрөг, нийт 485,000 төгрөгийг хариуцагч Ч.Ц гоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

Харин нэхэмжлэгчийн “...машины крылог хажууд байсан машин засварын газраар татуулж янзлуулахад 25,000 төгрөг төлсөн” гэх тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 25,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ч.Ц гоос 485,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Х ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ц гоос 15,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.ХАНГАЛ

 

            ШҮҮГЧ                                    М.МӨНХТӨР

 

                        Ч.МӨНХЦЭЦЭГ