Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2020/02822

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр,00000 тоотод байрлах, С ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Үйлдвэрийн төвийн бүс, Тээвэрчний гудамж, 00 тоотод байрлах, Б ХХК /РД:0000/-д холбогдох,

 

151,041,000 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .Р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь дор дурдсан хугацаанд дараах бүтээгдэхүүнийг С ХХК-иас худалдан авсан юм. Үүнд:

-     Sika ViscoCrete 5510 /Бетон зуурмаг бэхжүүлэгч/-ийг 2,000 кг хэмжээтэйгээр нэгжийн үнэ 2,960 төгрөг, нийт 5,920,000 төгрөгөөр 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр,

-     Sika ViscoCrete 5510 /Бетон зуурмаг бэхжүүлэгч/-ийг 4,000 кг хэмжээтэйгээр нэгжийн үнэ 2,960 төгрөг, нийт 11,840,000 төгрөгөөр 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр,

-     Sika ViscoCrete 5510 /Бетон зуурмаг бэхжүүлэгч/-ийг 4,000 кг хэмжээтэйгээр нэгжийн үнэ 2,960 төгрөг, нийт 11,840,000 төгрөгөөр 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдөр,

-     Sika ViscoCrete 5510 /Бетон зуурмаг бэхжүүлэгч/-ийг 3,000 кг хэмжээтэйгээр нэгжийн үнэ 2,960 төгрөг, нийт 8,880,000 төгрөгөөр 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдөр,

-     Sika Visco Tight /Бетон ус тусгаарлах бүтээгдэхүүн/-ийг 1000 кг хэмжээтэйгээр нэгжийн үнэ 4,830 төгрөг, нийт 4,830,000 төгрөгөөр 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдөр,

-       Sika ViscoCrete 5510 /Бетон зуурмаг бэхжүүлэгч/-ийг 6,000 кг хэмжээтэйгээр нэгжийн үнэ 2,960 төгрөг, нийт 17,760,000 төгрөгөөр 2019 оны 6 дугаар сарын 21-ны өдөр,

-       Sika ViscoCrete 5510 /Бетон зуурмаг бэхжүүлэгч/-ийг 10,000 кг хэмжээтэйгээр нэгжийн үнэ 2,960 төгрөг, нийт 29,600,000 төгрөгөөр 2019 оны 7 дугаар сарын 04-ны өдөр,

-       Sika ViscoCrete 5510 /Бетон зуурмаг бэхжүүлэгч/-ийг 10,000 кг хэмжээтэйгээр нэгжийн үнэ 2,960 төгрөг, нийт 29,600,000 төгрөгөөр 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр,

-       Sika ViscoCrete 5520W /Бетон зуурмаг бэхжүүлэгч өвлийн/-ийг 2,000 кг хэмжээтэйгээр нэгжийн үнэ 4,260 төгрөг, нийт 8,520,000 төгрөгөөр 2019 оны 8 дугаар сарын 09-ны өдөр,

-Sika ViscoCrete 5520W /Бетон зуурмаг бэхжүүлэгч өвлийн/-ийг 2,000 кг хэмжээтэйгээр нэгжийн үнэ 4,260 төгрөг, нийт 8,520,000 төгрөгөөр 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус тус худалдан авсан бөгөөд нийт үнийн дүн нь 137,310,000 төгрөг энэ дүн дээр НӨАТ-ын 10 хувийг нэмээд 151,041,000 төгрөг болсон.

Гэтэл хариуцагч Б ХХК нь нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ямар нэгэн төлбөр төлөөгүй. Иймд хариуцагч Б ХХК-иас барааны төлбөр 151,041,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б ХХК болон С ХХК-ийн хооронд 2019 онд 151,041,000 төгрөгний зуурмагийн нэмэлт бодис худалдан авсан бөгөөд зуурмагийн үйлдвэрээс барилгын компаниудад нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөр цаг хугацаандаа төлөгдөөгүйн улмаас төлбөрийг хугацаандаа төлж чадаагүй болно. Б ХХК нь барилгын компаниудаас зуурмагийн төлбөрийг барагдуулахын тулд орон сууцны байр, шатахууны талон гээд авч болох бартерийн эд зүйлсийг авсан боловч борлуулалт нь удаашралтай байсан тул С ХХК-д төлөх төлбөрийг төлж барагдуулж чадаагүй болно. Б ХХК-ны зүгээс С ХХК-д удаа дараа төлбөрөө ашиглалтад орсон орон сууцны байр санал болгосон боловч хүлээн аваагүй. Үйлдвэрийн ажил 4 сараас эхлээд 10 сар хүртэл тогтмол найдвартай ажилладаг байсан тул С ХХК-д 2020 оны 6 дугаар сард багтааж үүссэн төлбөрийг төлж барагдуулая гэсэн санал тавьсан байсан ч энэ жилийн хувьд дэлхий нийтээр тархсан Корона вирусийн улмаас манай компанитай харилцагч томоохон төсөл хэрэгжүүлэгч компаниудын гадаадаас ирж ажилладаг инженер, техникийн ажилтнууд ирэх боломжгүй болсноос барилгын ажил зогсонги байдалтай болсон. Мөн зуурмагийн түүхий эд материал болох цементийн хомсдол үүссэн, барилгын компаниуд зуурмагийн төлбөрт барьж байгаа байрнаасаа төлбөр хийнэ гэсэн шалтгаануудаас болж манай үйлдвэр өнөөдрийн байдлаар ажлаа эхлээгүй үйлдвэр зогсонги байдалтай цаашид ажиллах эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалтай байна. Иймд Б ХХК нь төлбөрийн чадвар муутай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан 151,041,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ...хариуцагч Б ХХК нь манай компаниас 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийт 151,041,000 төгрөгийн бетон зуурмаг бэхжүүлэгч-ийг худалдан авсан боловч үнийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 151,041,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг бэхжүүлэгчийг худалдан авсан, түүний үнийг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй, харин нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ... компанийн төлбөрийн чадвар муу байгаагаас төлбөр төлөх боломжгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас уг гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Хариуцагч талын ...компанийн төлбөрийн чадвар муу... гэх тайлбар нь уг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б ХХК-аас талуудын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 151,041,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчБ ХХК-аас 151,041,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч С ХХК-долгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 913,155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 913,155 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э