| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/02772/И |
| Дугаар | 102/ШШ2019/03126 |
| Огноо | 2019-11-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2019/03126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .......... тоот хаягт байрлах, И ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ............. байрлах, У ХНН-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 21.096.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болно шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай И ХХК 2001 онд байгуулагдсанаас хойш барилгын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Төмөр замын Барилга захиалагчийн албаны дарга н.Ч Улаанбаатар өртөөний барилга татан буулгах ерөнхий төлөвлөгөөний зураг барилгын план зураг гаргуулах санал тавьсан. Манай компани Улаанбаатар 2 өртөөнөөс санал авч, төлбөр авахгүйгээр схем зураг хийж 7 хоногийн дараа аваачиж өгсөн. Жилийн дараа УБТЗ ХНН-ийн Барилга захиалагчийн албаны дарга н.Э замын даргын тушаалаар барилгын өргөтгөлийн ажил хийгдэх шийдвэр гарсан. Танай компани өнгөрсөн жил барилгын зураг хийсэн юм байна гэж хандсан. 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 1/40 тоотоор схем зураг хийх ажлын санал хүргүүлсэн. 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр УБТЗ ХНН-ээс манай компанид албан тоот ирсэн. 14 хоногийн хугацаанд өргөтгөлийн барилгын зураг хийж гүйцэтгэж, Техникийн бодлогын хэлтсийн дарга н.Эб-д актаар хүлээлгэж өгсөн. Барилгын ажил төлөвлөгөөнд орсон, барилга баригдвал зураг төслийн мөнгө нэхэхгүй биз дээ гэхэд нэхэхгүй гээд манай компанийн зургийг хүлээж авсан. 2019 онд барилгын ажил төлөвлөгөөнөөс хасагдсан гэж хэлсэн. Бид төлөвлөгөөнөөс хасагдсан бол зураг төсөл, эскиз гаргасны төлбөр өгнө биз дээ, гадны байгууллагатай гэрээлж, барилгын зураг гаргасан гэдгээ хэлсэн. УБТЗ ХНН-ийн эрх бүхий албан тушаалтнууд хоорондоо шидэлцэж, хариуцах эзэнгүй болгосон. Манай компани 2015, 2016 онуудад шалгарч Төмөр замын зүтгүүрийн депо дээр ажиллаж байсан. УБТЗ ХНН-ээс нэмэгдэл ажил хийлгэхчихээд төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж хасаад төлбөр төлдөггүй байсан. Өмнө 3 удаа хохирсон. Энэ удаад зураг гаргасан газар бэлэн мөнгө өгч, хохирсон учраас төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн. УБТЗ ХНН-ээс 21.096.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь: Барилгын зураг төсөл боловсруулах харилцаа Барилгын тухай хууль, Засгийн газрын болон бусад байгууллагаас батлан гаргасан дүрэм журам зэрэг эрх зүйн баримт бичгээр зохицуулагддаг. Барилгын тухай хууль, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан Засгийн газрын 97 дугаартай тогтоол, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах магадлал хийх дүрэм, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газар олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам зэргээр зохицуулагддаг. Барилгын зураг төсөл боловсруулах ажил 2 үе шатнаас бүрдэнэ. Нэгд зураг төсөл боловсруулах бэлтгэл үе, Хоёрт зураг төсөл боловсруулах үе шат. Зураг төсөл боловсруулах бэлтгэл үе шатанд нэгд архитектур төлөвлөлтийн даалгавар гардаг. Уг даалгаврыг Улаанбаатар хотын ерөнхий архитектурч баталгаажуулдаг. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдүгээр хавсралтаар батлагдсан журмын 3.6-д барилга барих хүсэлт хүлээж авснаас хойш ажлын 14 хоногт багтаан зөвлөлийн хурлаар хэлэлцэж, дэмжигдсэн шийдвэрийг үндэслэж архитектур төлөвлөлтийн даалгаврыг ажлын 2 хоногт багтаан Улаанбаатар хотын ерөнхий архитектураар баталгаажуулж, хүсэлт гаргагчид хүргүүлнэ. Засгийн газрын барилгын зураг төсөл боловсруулах, магадал хийх 97 дугаартай тогтоолын 2.3-д Аймаг нийслэлийн барилга хот байгуулалтын газрын харилцааны асуудал хариуцсан нэгж нь ерөнхий төлөвлөгөөнд үндэслэж, архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулна. 2.4-д барилга төлөвлөлтийн даалгаврыг аймаг нийслэл хотын ерөнхий архитектур батална гэжээ. Үүнээс харахад эхлээд архитектур төлөвлөлтийн даалгавар гарна. Үүнийг Нийслэлийн ерөнхий архитектур баталгаажуулна. 97 дугаар тогтоолын 2.5-д захиалагч архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэж зураг төсөл боловсруулах эрх бүхий хуулийн этгээдтэй хамтран зургийн даалгавар боловсруулна. Архитектурын төлөвлөлт гарсны дараа даалгавар үндэслэж, захиалагч болон зураг төсөл боловсруулах эрх бүхий хуулийн этгээд хамтран зургийн даалгавар боловсруулна. Дүрмийн 2.7-д архитектур төлөвлөлтийн даалгавар болон зургийн даалгаварт үндэслэж барилга байгууламжийн загвар зургийг эрх бүхий хуулийн этгээд боловсруулна гэжээ. Архитектур төлөвлөлтийн даалгавар, хамтран гаргасан зургийн даалгаварт үндэслэж загвар зургийг эрх бүхий этгээд гарна. Загвар зураг гэдэг нь барилгын тухай хуулийн 4.1.27-д зааснаар барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр буюу пасад, шийдэл зэргийг тодорхойлсон зургийг загвар зураг гэж ойлгоно. Загвар зургийг барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д барилга байгууламжийн загвар зураг баталгаажуулах эсэх асуудлыг энэ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д зааснаар ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 35.1-д аймаг нийслэлийн засаг дарга барилгын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 35.1.3-д загвар зураг батлах. Загвар зургийг Нийслэлийн засаг дарга батлах ёстой болно. Барилга барихын тулд дулаан, цахилгаан, цэвэр бохир усны техникийн 4 нөхцөлийг заавал шаарддаг. Уг нөхцөлүүдийг барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д барилга байгууламжийн техникийн нөхцөл авах хүсэлтийг 22.2-д заасан инженерийн байгууламж байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ. Хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана. 22.1.5-д барилга архитектурын загвар зураг гээд Нийслэлийн засаг даргын баталсан барилга архитектурын загвар зураг өгөх ёстой болно. 22.2-д инженерийн хангамжийн байгууллага техникийн бүртгэл олгож, баталгаажуулах ажиллагааг 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ. Эхний буюу бэлтгэл үе шат дуусна. Үүнд: Архитектур төлөвлөлтийн даалгавар гарч, Нийслэлийн архитектур баталж, баталсан архитектур төлөвлөлтийн даалгаварт үндэслэж зургийн даалгаврыг зураг, төсөл боловсруулах эрх бүхий, тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд захиалагчтай хамтран гарна. Гарсан зургийн болон архитектурын даалгаварт үндэслэж загвар зураг гаргана. Загвар зургийг Нийслэлийн засаг дарга баталсан байна. Загвар зурагт үндэслэж инженер хангамжийн байгууллага техникийн нөхцөл өгдөг. Барилгын тухай хуулийн 4.1.43-д эх загвар буюу эскиз зураг гэдэг нь инженер байгууллагын судалгаанд үндэслэж боловсруулсан барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, гудамжны дэлгээс зураг, шинэ барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн, төлөвлөлт, бүтээц, инженер хангамжийн ерөнхий шийдэл, эрүү ахуй галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, огтлол, нүүр тал, пасад, архитектур, өнгөний шийдэл зэргийг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ. Зураг төсөл дотор эскиз зураг орно. Барилгын тухай хуулийн 4.1.30-д зураг төсөл гэж барилга байгууламжийн төлөвлөлт, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх буюу эскиз зураг, техник эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгүүдийн иж бүрдлийг зураг төсөл гэнэ. Зураг төсөл дотор нэхэмжлэгчийн ярьсан эскиз зураг, ажлын зураг орсон. 4.1.31-д зураг төсөл зохиогч гэж барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.14.6-д зааснаар зураг төсөл боловсруулах эрх бүхий этгээд тусгай зөвшөөрөл авах ёстой. Засгийн газрын 97 дугаар тогтоолын 3.1-д зураг төсөл боловсруулах бэлтгэл ажил гүйцэтгэсний дараа эх загвар зураг боловсруулна. Барилгын хуулийн 23.2-д энэ хуулийн 23.2-д зааснаар баталгаажуулсан барилга байгууламжийн загвар зураг, техникийн нөхцөлүүдэд үндэслэсэн эх загвар зураг, иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулахаар заасан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан журмын 3.7-д архитектур төлөвлөлтийн даалгавар хүлээн авсан иргэн, хуулийн этгээд барилгын эх загвар зургийг боловсруулахад хот байгуулалтын мэдээллийн самбар, дэвсгэрт зурагт үндэслэн эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ. 3.8-д архитектур төлөвлөлтийн барилгын даалгаврын дагуу барилгын эх загвар зургийг Нийслэлийн барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага ажлын 2 хоногт хянан батална. Барилгын тухай хуулийн 23.3-д иж бүрэн ажлын зураг дараах үе шатаар боловсруулна. 23.2-д ажлын зураг гэсэн нэг үе шаттай байж болно. 23.4-д зураг төсөл боловсруулах үе шатыг зураг төслийн байгууллагатай байгуулсан гэрээ болон зургийн даалгаварт тусгахаар заасан. Дүрмийн 4.2-д иж бүрэн ажлын зураг төслийг зургийн даалгавар, эх загвар зурагт үндэслэн барилгын тухай хуулийн 23.3-д заасан үе шатаар боловсруулна. Эх загвар зураг буюу эскиз зураг нь загвар зураг болон техник нөхцөлд үндэслэн гарч, Нийслэлийн хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага заавал батлах ёстой. УБТЗ ХНН-ийн өртөөний барилга шинээр баригдаагүй, өргөтгөөгүй, шинэчилсэн барилга. Дүрмийн 3.5-д ашиглагдаж байгаа барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх, завсарлах, тоноглох, буулгалтын ажил гүйцэтгэх тохиолдолд барилгын тухай хуулийн 46.1.14-д заасан барилга байгууламжийн төлөв байдлын дүгнэлтэд нийцүүлэн зураг төсөл боловсруулна. Ажлын болон эскиз зурагт магадлал хийх ёстой. 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Барилга хот байгуулалтын сайдын магадлал хийх журам, Барилгын тухай хуулийн 25.2-д барилгын зурагт заавал магадлал хийнэ. Магадлал хийгээгүй нь барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болохыг заасан. И ХХК-ийн хийсэн ажлын болон эскиз зураг буруу, өөрсдөө хийгээгүй 2015 оны дүгнэлт өгсөн. Дээр дурдсан дүрэм журам, хуулийн дагуу нэхэмжлэгч тал УБТЗ ХНН-тай хамтарч, санал авч гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр эрх бүхий этгээд боловсруулж холбогдох байгууллагуудаар шат дараалан баталгаажуулж, дараа дараагийн баримт гарч ирснээр ажлын зураг, эскиз зураг, төсөв гарах ёстой. Тийм зүйл байхгүй тул барилгын зураг гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зураг боловсруулж, баталгаажуулж холбогдох магадлал хийгдээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв
Нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигчийн гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч У ХНН-д холбогдуулан зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 21.096.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь гэрээ байгуулаагүй, ажил хийгээгүй, үр дүн хүлээж аваагүй гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дараах үйл баримт тогтоогдлоо.
Улаанбаатар Төмөр замын Техникийн бодлого, Зураг төсөл, инженерийн албаны 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 13/250 тоот албан бичгээр нэхэмжлэгч И ХХК нь Улаанбаатар 2 өртөөний барилгыг 2 давхар болгох саналыг хариуцагчид хүргүүлж, улмаар дээрх тоотоор одоо байгаа барилгын үндсэн даацын элементийг гэмтээн доргиохгүйгээр хүчитгэл хийсэн ажлын зураг, төсвийг Барилгын хөгжлийн төвийн магадлалаар баталгаажуулж ирүүлэхийг хүссэн байна.
Үүний дагуу нэхэмжлэгч нь А ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 07/18-AS тоот Барилгын зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ-г байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 1 давхар оффисын барилгын өргөтгөлийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажлыг хуанлийн 20 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.
Нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу А ХХК-иар Улаанбаатар 2 өртөөний өргөтгөлийн зураг төслийн ажлыг хийж гүйцэтгүүлж, 18.500.000 төгрөгийн төлбөрийг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөгөөр, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 13.500.000 төгрөгөөр хувааж төлсөн, мэргэшсэн төсөвчнөөр төсөв зохиолгож 2.400.000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж, төлбөр төлсөн баримтыг шүүхэд өгсөн байна.
Энэхүү барилгын зураг төсөл, төсвийг хариуцагч байгууллагад 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээлгэн өгч, 21.096.000 төгрөгийн хөлс авахаар тохиролцсон тул шаардаж байгаа гэж тайлбарлав.
Хэрэгт авагдсан баримт, дээрх үйл баримтад үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар Улаанбаатар 2 өртөөний барилгын нэмэлт давхарын зураг төсөл, төсвийг боловсруулах ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-д зураг төсөл гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдэл байхаар заасан байна.
Иймд дээрх ажил гүйцэтгэх гэрээний зүйл гүйцэтгэсэн ажлын үр дүн нь Улаанбаатар 2 өртөөний барилгын нэмэлт давхарын барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техникийн болон ажлын зураг, барилгын ажлын төсөв байна.
Талууд гэрээг бичгээр байгуулаагүй тул зураг төсөл, төсөв зохиох ажлыг гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч өөрөө биечлэн гүйцэтгэхээр тохиролцоогүй, туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх боломжтой гэж үзнэ.
Хэдийгээр гэрээг бичгээр байгуулаагүй боловч гүйцэтгэсэн ажлын үр дүн нь Барилгын тухай хууль, барилгын зураг төсөл боловсруулах норм дүрмийн шаардлага хангасан байхаас гадна Улаанбаатар Төмөр замын Техникийн бодлого, Зураг төсөл, инженерийн албаны 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 13/250 тоот албан бичгээр зураг төсөл, төсөвт Барилга Хөгжлийн төвийн магадлал хийлгэсэн байх шаардлагатай байжээ.
Барилгын зураг төсөл боловсруулах ажил нь Аж ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.6-д барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх гэж зааснаар тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаанд хамаардаг.
Нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Улаанбаатар 2 өртөөний барилга дээр нэмэлтээр баригдахаар төлөвлөгдсөн өргөтгөлийн барилгын зураг, төсөв, бичиг баримт хүлээлцсэн актаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан үүргээ биелүүлж, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн тул ажлын хөлсөө гаргуулахаар шаардаж байх боловч ажлын үр дүн гараагүй байна гэж шүүх дүгнэлээ.
Учир нь дээрх актаар хүлээлгэж өгсөн эскиз зураг нь 2017 онд хариуцагчид өгсөн зураг бөгөөд 2018 оны гэрээний дагуу шинээр гүйцэтгээгүй, барилгын ажлын зураг төсөл боловсруулсан А ХХК нь барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүйгээс гадна уг зураг нь Барилга Хөгжлийн төвөөр магадлал хийгдээгүй, техникийн болон загвар зураг байхгүй, эскпертизийн дүгнэлт өгсөн гэх боловч тийм дүгнэлт байхгүй байна.
Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн, ашиглах боломжтой ердийн дундаж ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй байх тул нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй тул захиалагч нь хөлс төлөх үүрэггүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтыг баримтлан хариуцагч У ХНН-аас 21.096.000 төгрөг гаргуулах тухай И ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ