| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2021/03253/И |
| Дугаар | 102/ШШ2021/02888 |
| Огноо | 2021-11-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2021/02888
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н холбогдох,
албадан нүүлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.А охин А.ийн хамт 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Голомт банк” ХХК-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 137 тоот байрыг урьдчилгаа 29,500,000 төгрөгийг өөрийн бизнесийн орлогоос төлж “Голомт банк” ХХК-иас 58,500,000 төгрөгийг зээлж, нийт 88,000,000 төгрөгөөр 8 хувийн ипотекийн зээлд хамрагдаж уг байрыг худалдан авч байсан. Миний бие 2014 оноос хойш тухайн байрны зээл болох 700,000 төгрөгийг сар бүр өнөөдрийг хүртэл төлж байгаа бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2023 онд дуусна. Гэтэл манай нөхөр Ж.Ч гэж хүн 2015 оноос эхлэн М.Н гэх хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаатай болж миний охинтойгоо худалдаж авсан байранд 6 жилийн хугацаанд хамтран амьдарч байсан. Одоо Ж.Ч гэх хүн нь хүнд өвчний улмаас М.Ноос салж буцаж Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ирж амьдрах болсон. Гэтэл М.Н гэх хүн миний өмчлөлийн байранд амьдарч байгаа бөгөөд байр суллаж өг гэхэд суллаж өгөхгүй байна. Миний бие ганц охинтой, одоо 54 нас хүрч байгаа ба настай болж байгаа учраас М.Н гэх хүнтэй хэрүүл ам хийгээд яваад байх чадалгүй, харж хандах хүнгүйг минь далимдуулж М.Н гэх хүн намайг хүн гэж үзэхгүй намайг хохироож байна. Иймд М.Ныг Улаанбаатар хот Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 137 тоот байрнаас албадан нүүлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр болох Ж.Ч бид хоёр анх 2011 онд танилцаж улмаар 2015 оноос өнөөг хүртэл зээ хүү А, охин Аын хамт дөрвүүлээ амьдарч байна. Би нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн өргөө”цогцолбор сургуульд Дизайн технологийн багшаар ажилладаг. Нөхөр надад хэлэхдээ: Надад төрсөн ах дүү байхгүй. Харах хандах хүнгүй ээжийн ах дүү нар их хүн муутай хүмүүс байдаг итгэх хэрэггүй шүү. Энэ А гэгч миний хань ижил бишээ, ээжийн маань төрсөн эгч хүүхэдгүй хүн байсан тэгээд нутгийн айлаас өргөж авсан. Эгчийг бурхан болоход дагавар охинтойгоо ээж бид хоёрыг бараадаж амьдраад өдий зэрэгт хүрсэн. А-тай дотносож эхэлсэн боловч нутгийнхан маань нагац ахын маань нууц хүүхэд гэж хэлснээр би орон гэрээ орхин хот бараадаж энэ байрандаа 2014 онд ирж амьдарсан. Одоо Гурвантэс дахь миний гэр, компани, дэлгүүрийг харж хандаж надад тусалдаг, тухайн үед онцгой шаардлага гараад охины нэр дээр энэ байрыг авч итгэмжлэгч нь Ж би өөрөө болж энэ байрны 29,500,000 төгрөгийг манай “Онгон говь” компани төлж одоогоор дэлгүүрийн орлогоор сарын 711,200 төгрөгийн ипотекийн зээлийг төлж явдаг надад тусалдаг тиймээс миний хань хэл ам битгий хийж байгаарай гэж хэлдэг байсан болохоор 6 жил гаруй хэл амгүй л амьдарсаар ирсэн. Тэгтэл цар тахал гарч тэр хүн нөхрийн маань хэрэглээний мөнгө төгрөгийг өгөхгүйгээс надаас нууж их хэрүүл хийдэг болсон сүүлдээ энэ муу ерөөсөө хайр даахгүй их дарвалздаг болж /яг өөрийн хэлснээр нь биччихлээ/ энэ намайг ид бизнес хийж явахад надаас сарын дотор 42,000,000 төгрөг нууцаар өөр дансанд хийж байгаад баригдаж байсан чамтай амьдраад би нэг их хяналт тавихаа больсон одоо хүүхэдтэйгээ тусдаа гарах хөрөнгө хураагаа байлгүй очиж бүх юмаа цэгцэлж дэлгүүр дээрээ өөр худалдагч суулгаад, байрныхаа ордерыг нэр дээрээ шилжүүлж ирнэ гээд энэ оны 6 дугаар сарын 05-нд нутаг яваад очсон өдрөө бие нь муудаж корона вирусын халдвар авсан байснаа мэдээд эмнэлэг онцгой байдалд хэлэлгүй хоёулаа нууж нөхөр наашаа 900 гаруй км газар ганцаараа 3 хоног яваад өөрийн ухаангүй ирсэн. 06.13-ны өдрөөс 06.28-ны хооронд 14 хоног сэхээний тасагт эмчлүүлж гараад шинжилгээ өгтөл элэгний хатуурал, хавдартай, уушиг муу гэж оношлогдон, эмч нь элэг шилжүүлэх хагалгаа хийх шаардлагатай гэж хэлсэн. Элэг өгөх ойр дотны хүн байхгүй гэсэн учир биеэ уламжлалт эм тангаар эмчилж миний асаргаанд зуны 3 сар хэвтэрт байсан, Харин өөрийн дагавар охин болох Урнаа нэг удаа нөхөр хүүхэдтэйгээ ирж биеийн байдал ямархуу байгааг мэдээд явсан. Өөр ах дүү садан төрөл гэх хүмүүс манайд ирж байгаагүй. Манай нөхөр 9 дүгээр сарын 23-нд энэ байрныхаа асуудлыг цэгцлээд ирье нэлээд удах байх гэж хэлээд нутаг руугаа явсан. Гурвантэс суманд очоод 7 хоносны дараа Баянхонгор, Өвөрхангай ороод шинжилгээ өгөөд буцаж байна бие өвдөөд чамд удаан хань болж чадахгүй нь дээ гээд утасны цаанаас уйлсан. Түүнээс хойш утас нь холбогдохгүй болохоор нь санаа зовоод А эгчтэй холбоо барих гэж хэд хэдэн удаа залгасан боловч утсаа аваагүй, харин тэр хүн чинь байхгүй хөдөө явсан, байр суллаад нүүгээрэй гэсэн мессеж үлдээсэн байсан. Бас миний ээж болох Цэрмаа руу 9 дүгээр сарын 22-ны үед энэ хүний бие муудсан хүүхдээ байрнаас гараарай гээд хэлээд өгөөч би хэрүүл уруул хиймээргүй байна гэж нэг удаа утсаар ярьснаас өөр холбоогүй байж байтал 10 дугаар сарын 05-ны өглөө нөхөр өөрөө мессеж бичсэн. Тэр бичихдээ бие их муудаад хэд хоног ухаангүй байсан, ярих гэхлээр дуу гарахгүй байгаа учраас мессеж бичиж байна. Биеэ дээрдвэл харина, миний хүү цэцэрлэгтээ явж байгаа юу? Хүүгээ л их санаж байна гэх зэргийг бичсэн одоогоор хааяа л мессеж бичиж байна. Намайг очъё гэхлээр хоёр хүүхдээ хаяад хол газар хэрэггүй гэж хэлсэн. Миний хань өөрийн гэсэн үр хүүхэдгүй өнчин хоцорсон ганцаараа олон жил амьдарч ирсэн болохоор бид хоёр зээгээ 2017 оны төрсөн өдрөөс нь эхлээд л өсгөж өвөртөлж ирсэн. Аав өвөө болж гэр дүүргэж хэдэн жил амьдарч яваа. Хамт амьдрах хэдэн жилийн хугацаанд нөхөр ажил хийж байгаагүй, байрны зээл, машин тэрэгний сэлбэг запас авах дээр тулахаараа компанийхаа орлогоор харин хоол хүнс, эм тариа, ахуйн төрөл бүрийн өрхийн өдөр тутмын хэрэглээ зэргийг миний цалингаар төлж ажил амьдралаа зохицуулж ирсэн. Миний хань бид хэдийг байнгын оршин суугчаар бүрмөсөн шилжүүлье гээд энэ оны 8 дугаар сарын 13 нд Өвөрхангай аймаг зорьж бичиг баримтаа бүрдүүлж ирээд өөрөө дүүрэг дээр очтол байрны ордер таны нэр дээр биш учраас болохгүй гэсэн хариу сонсож ирээд ерөөсөө урин дулаан байгаа дээр нутаг яваад ирье гээд биеийн байдал хүнд хэрнээ хэд хоног нойргүй хонож гэнэт шийдвэр гаргаад л явсан. Бидний хооронд одоогоор хэн нэгнээ хаясан гээсэн салсан сарнисан зүйл байхгүй. Миний бодлоор энэ нэхэмжлэлийг харахад нөхрийг минь өвдчихөөд ухаангүй байгаад байхлаар нь энэ хүн хүнд хань болохоосоо өнгөрлөө гэж бодож хүүхдийнхээ нэр дээр байгаа энэ байрыг авах гэж улайрсан хүний худал үг нэхэмжлэлд бичигдсэн байна. Нэг биш удаа асуудал гараад залгахад наадах чинь наанаа үхнэ л биз надад хамаагүй, чи л хүүхдүүдээ аваад наад байрнаасаа явчих гэж нэг бус удаа хэлж байсан үүнийг нь манай нөхөр мэддэг болохоор өөрийн юмаа өөрийн болгох гэж тийшээ зүтгэсэн байх гэж бодож байна. Миний хувьд энэ А-гийн нэр дээр байдаг байр гэдгийг мэддэг надад хүний байр булаах ямар ч шалтгаан үгүй, харин арав гаруй жил хань ижилдээ итгэж хамтын амьдралаа цогцлоож элэг бүтэн халуун дулаан байсны хувьд нэгдүгээрт хань ижлээ ирэхийг хүлээнэ. Хоёрт: Хэрэв нэхэмжлэгч Агийн бичсэн үнэн мөн нь тогтоогдвол миний ханьдаа итгэж явсан 10 жилийн амьдрал, итгэл, хайр, хүндлэлийг шуналаасаа болж уландаа гишгэж, нийлж хүний амьдралаар тоглосон хүмүүстэй уулзаж шударга үнэнийг тогтоосны дараа байрнаас гарна. Гуравт: Өвлийн хүйтэн болж, цар тахал их байхад орох орон ойчих аягагүй хоёр нялх хүүхэд хөтлөөд гарах боломж надад байхгүй. Мөнгө санхүүгийн хувьд асар хүндрэлтэй байгаа.
Дөрөвт: Хань минь, аав минь, өвөө минь гэж дуудуулсаар нутаг яваад өвдөөд ирж чадахгүй байгаа эр нөхрөө хаяад ашгүй гэсэн шиг нүүгээд явах хатуу сэтгэл надад байхгүй. Тухайн үед энэхүү байрыг авахдаа манай нөхөр өөрийн нэр дээр болгох боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан учраас Агийн нэр дээр авсан бөгөөд байр авахад гарсан урьдчилгаа төлбөр, байрны лизингийн банкны төлбөрийг манай нөхрийн компанийн орлогоос төлдгийг А өөрөө сайн мэдэж байгаа. Манай нөхрийн бие муу байгааг далимдуулан өөрсдийнх нь нэр дээр байрны ордер байгааг овжиноор ашиглаж хүний өмч хөрөнгийг булаан авах гэж байна гэж үзэж байна. Иймд байртай холбоотой бүхий л зүйлийг нөхрөөсөө сонсож байсны хувьд энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад зөвшөөрөхгүй байгаа гэхлээр нөхөр маань үнэхээр өвчтэй байгаа эсэхийг мэдмээр байна. Миний хувьд 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр маргаан бүхий байранд нүүж орсон гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Д.А нь эрхийн улсын Ү-----*----- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 137 тоот хаягт байршилтай, 44м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч М.Нын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд ханджээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Харин хуулийн уг зохицуулалтыг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болгохын тулд шаардлага гаргаж буй тал тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, шаардлагыг хариуцах этгээд эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа нь тус тус тогтоогдсон байх учиртай.
Нэхэмжлэгч Д.А нь маргааны зүйл болж буй 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болох нь хэрэгт авагдсан Д.А, А.А болон “Голомт банк” ХХК-тай байгуулсан 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ5220002960 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, “Ипотекийн гэрээ”, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Д.А-гийн зээлийн харилцах дансны хуулга, №000304054 тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна. Түүнчлэн уг орон сууц өөрийн бодит эзэмшилд байгаа талаар хариуцагч маргаагүй.
Иймд маргааны зүйл болох 2 өрөө орон сууцыг хариуцагч М.Н-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү-----*----- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 137 тоот хаягт байршилтай, 44м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч М.Н-ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Н-оос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ