| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 174/2020/0850/ |
| Дугаар | 2020/ДШМ/28 |
| Огноо | 2020-10-01 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Хорлоо |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2020/ДШМ/28
Д.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, О.Баатарсүх, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
прокурор Д.Хорлоо,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмаа,
нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.
Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 236 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Д-д холбогдох эрүүгийн .............дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1997 онд Өвөрхангай аймгийн “ГУ” суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, “Б-О” гэх газарт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Д.Д /РД:.........../,
Яллагдагч Д.Д нь 2019 оны 08 дугаар сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Т-Х” гэх газраас хохирогч Г.Г-н 1 адуу, 7 ямаа, 3 хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 1620000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоо нь шүүгдэгч Д.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 236 дугаар шүүгчийн захирамжаар: Д.Д-д холбогдох ........... дугаартай эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр тус аймгийн Прокурорын газарт буцааж, шүүхийн шатанд яллагдагч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлжээ.
Хяналтын прокурор Д.Хорлоо бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Г.Г нь цагдаагийн байгууллагад 1 адуу, 7 ямаа, 3 хонь хулгайд алдсан гэж гомдол гаргасан байдаг. Тэрээр 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлэгтээ: “Би 2019 оны 07 дугаар сард тухайн адуугаа алдсаны дараа цагдаад бүртгүүлж тэмдэглүүлсэн. Д-гаас орных нь адууг авсан болохоор өөрөө тухайн адууг олсон гээд цагдаад бүртгүүлсэн юм.” гэсэн. Хохирогч Г нь Д-г гуйсан болохоор тус болох үүднээс адуугаа олсон гэж мэдүүлснээс болж, анх эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа 1 адууг хасаж, 7 ямаа, 3 хонь дээр яллагдагчаар татсан. Мөн тухайн үед эрэлд явсан бензин шатахууны мөнгө гэж 2 төлөг нэмж, нийт 1 адуу, 7 ямаа, 5 хонь өгсөн учир гомдол, саналгүй гэсэн хохирогч Г.Г-н мэдүүлгээр тогтоогдож байна. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан байхыг хамааруулан ойлгох учиртай. Харин бог, бод малыг авсан үйлдлийг нь нэгтгэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд яллагдагч Д нь мал хулгайлахдаа ашигласан тээврийн хэрэгсэл болох портер маркийн ........ НАА улсын дугаартай Б.О-н эзэмшлийн тээврийн хэрэгслийг битүүмжилж, үнэлгээг гаргуулах боломжтой. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 236 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Яллагдагч Д-гийн “хохирогч О-н 2 тооны бог малыг хулгайлсан” үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тул түүнийг иргэний хариуцагчаар татаж, хохиролд төлсөн 192000 төгрөгийг барагдуулах, яллагдагч Д.Д-гийн хоттой малд үзлэг хийж, түүний хадам эх Цэцгээгийн мал нь хохирогч Г.Г-н алдагдсан бог малын имтэй адилхан эсэхийг тодруулах, гэрч Р-н мэдүүлэг, түүний хар дэвтэр, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэлд тусгасан Д-гаас худалдан авсан гэх 3 хонь, 7 ямааны хувийн дугаар, бүртгэлийн гэрчилгээний дугаар, үүлдэр омог, содон тэмдэг, зүс, хүйсийг тодруулах, Б-г гэрчээр асууж, холбогдох баримт байгаа эсэхэд үзлэг хийх, хохирогч Г.Г-н мэдүүлгүүд зөрдөг, мэдүүлгийн зөрүүг гаргах, тэрээр алдсан малаа холбогдох журмын дагуу бүртгэлжүүлж, тэмдэглүүлсэн эсэхийг шалгах, гэрч ЭА-с дахин мэдүүлэг авч, Д, Г нартай хэзээ уулзсан болохыг тодруулах, хохирогчийн мэдүүлгээс үзэхэд 1 тооны адуу нь хулгайд алдагдаагүй байх тул энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгох, түүний залилангийн үйлдлийг шалгах, М-г гэрчээр асууж, Г-ын 6 улаан ямаа хонинд нь нийлсэн эсэхийг тодруулах зэрэг ажиллагааг хийлгэхийг хүсэж байна. Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч, гэрч нарыг оролцуулан хохирогч Г.Г нь хонгор зүсмийн гүүгээ алдсан эсэх, хулгайд алдагдсан талаар зохих журмын дагуу холбогдох газар бүртгүүлсэн эсэх, хэзээ алдсан болох, тухайн гүү алдагдах үед яллагдагч Д.Д Улаанбаатар хотод байсан эсэхийг асууж, тодруулах, Портер маркийн .... НАА улсын дугаартай, Б.О-н эзэмшлийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэх зэрэг ажиллагааг шүүн хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байна.
Шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт” гэж прокурорын зүйлчлэлээс зөрүүтэйгээр бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг анхаарвал зохино. /хх 224/
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах боломжтой байх тул энэ хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Прокурорын эсэргүүцлийг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 236 дугаар захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Д.Д-д холбогдох ........... дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
Хоёр. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Гурав. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Д.БАЙГАЛМАА