Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 00144

 

Г.Г-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,    

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/02352 дугаар шийдвэртэй, Г.Г-ийн нэхэмжлэлтэй, Б.Э-д  холбогдох

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, нийт 8 178 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод ирээд Б.Э эс Тоёота премио маркийн 43-99 УНК улсын дугаартай, мөнгөлөг өнгийн автомашиныг 7 900 000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулж, мөнгийг хариуцагчид шилжүүлсэн байдаг. Уг машиныг Улаанбаатараас авч ирэх, ирээд ажил гэр хоёрын хооронд ойрхон зайд 1 өдөр унах явцад техникийн хувьд доголдолтой буюу руль булаадаг, тэнхлэг тохиргоо алдагдсан, рам гажилттай, кабин болон багаж руу борооны ус ихээр орох зэрэг доголдол илэрсэн учраас худалдагч тал болох Б.Э-тэй утсаар яриад ...та яагаад надад худлаа хэлж машинаа зарсан юм бэ, энэ машин чинь техникийн шаардлага хангахгүй байна, би мөнгөө авъя гэж хэлсэн байдаг. Гэтэл хариуцагч нь зөвшөөрөөгүй учраас нэхэмжлэгчийн хувьд шүүхэд хандсан.

    Иймд гэрээнээс татгалзаж, автомашиныг буцаан өгч, худалдах-худалдан авах гэрээний үнэд төлсөн 7 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаасаа урд шил солиулсан 148 000 төгрөг, шатахууны зардал 105 000 төгрөг, оношлогооны зардал 25 000 төгрөг, нийт 278 000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 43-99 УНК улсын дугаартай, саарал өнгийн Тоёота премио маркийн суудлын автомашиныг зарахаар интернетийн фэйсбүүк зарын группэд байршуулж автомашины мэдээллийг оруулсан. Зарын дагуу тухайн автомашиныг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Г.Г нь ахынхаа хамт ирж үзээд авахаар болж бид худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу автомашины үнэ 7 900 000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлсэн энэ талаар маргаан байхгүй. Энэ автомашиныг 2018 оны 06 дугаар сарын 25-нд н.Б гэдэг хүнээс худалдаж аваад 10-аад хоног гэр, ажил хоёрын хооронд унахад ямар нэгэн доголдол гараагүй. Гэхдээ бороо орохоор урд шилний хэсгээр кабин руу ус орж байсан. Г.Г урд шилийг солиулсныхаа дараа энэ талаар мэдсэн юм шиг байна лээ. Би уг автомашиныг худалдаж авахыг шахаж шаардаагүй, гуйгаагүй. Энэ хүн насанд хүрсэн, сайн мууг ялгах эрх зүйн чадамжтай, ахынхаа хамт ирж автомашиныг унаж, шалгаж үзэн хүлээж авчихаад сар хагас автомашиныг унаж хэрэглэж байгаад доголдолтой машин зарсан гэж нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. Тухайн үед уг автомашинд ямар нэгэн доголдол байгаагүй гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205,1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-ээс 7 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 278 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145 798 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14 350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ч давж заалдах гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт "хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй" гэж зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний зүйл болох автомашины кузов, рам нь гажилттай, багаж руу ус ордог зэргийг нотлоогүй, хэрэгт авагдсан баримтаар энэ талаар огт тогтоогоогүй байхад шүүгч хариуцагчийн “урд шил харгархай байсан хагархай хэсгээр ус шүүрч орж байсан” гэсэн тайлбарт хөтлөгдөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.

          Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Б.Э-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 7 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Тоёота премио маркийн 43-99 УНК улсын дугаартай, автомашиныг 7 900 000 төгрөгөөр  худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 3 дугаар тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д маргаж буй автомашин нь эвдрэл гэмтэлтэй, гэмтэлтэй бол ямар эд ангид ямар гэмтэл байгаа болох, тэнхлэг тохиргоо алдагдсан, доод ангиудын хаана ямар эд ангид гагнаас хийгдсэн болох, кабин гажилттай, кабины дээвэрт гагнаас байгаа эсэх хэрэв байгаа бол хэмжээг тогтоох, копут нь дутуу хаагддаг, багаж нь гажилттай, дутуу хаагддаг зэрэг байдал байгаа эсэх талаар асуудлаар техникийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэгч өөрөө өөрөө нотлох баримтаа бүрдүүлж, цуглуулж гаргаж өгөх үүрэгтэй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /хх-ийн 17, 22 дугаар тал/

Хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд түүний хүсэлтэд үндэслэн шүүх нотлох баримт бүрдүүлнэ. Тиймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

 Дээр дурьдснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан журмын дагуу бүрдүүлээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар талаар дүгнэлт хийх боломжгүй.

Иймд хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг хэргийг оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлээгүй буюу нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/02352 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

                                                         ШҮҮГЧИД                                       Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                 Д.БАЙГАЛМАА