Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0186

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Батчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэмэхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч А.Нарантуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хишигзаяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “СДБ трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь хэсгийн г/, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “СДБ трейд” ХХК-ийн “Нийслэлийн өмчийн 198 м.кв талбайн түрээслэгчийг шалгаруулах дахин зарласан сонгон шалгаруулалтаар “Харднисс констракшн” ХХК-ийг шалгаруулсан захиргааны акт хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, түрээсийн гэрээг сэргээлгэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “СДБ трейд” ХХК-ийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр дахин зарлагдсан сонгон шалгаруулалтаар “Харднисс констракшн” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан Нийслэлийн өмчийн харилцааны газрын ажлын хэсгийн шийдвэр сонгон шалгаруулалт явуулах журмын олон заалтыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон тул уг шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, түрээсийн гэрээг сэргээлгэх тухай байсан болно.

Манай компани 2008 оноос 2015 оны дунд хүртэл Нийслэлийн өмчлөл дахь хорооллын үйлчилгээний төвийн 1 дүгээр давхрын 198 м.кв заалыг түрээслэн ажиллуулж байсан. 2012 оноос шинэчлэлийн Засгийн газрын хүрээнд бий болсон Нийслэлийн өмчийн харилцааны газрын удирдлагууд уг байрыг булааж авахаар янз бүрээр оролдож шахалт дарамт үзүүлж байсны дээр 2015 оны 02 дугаар сарын 25-нд сонгон шалгаруулалт зарлах нэрийн дор хууль дүрэм журмыг илтээр зөрчин луйвраар булаан авсан.

Энэ сонгон шалгаруулалт нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 65 дугаар тогтоолоор батлагдсан журмын хэд хэдэн заалтыг зөрчсөн тул захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 254 тоот шийдвэрээр “2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зарлагдсан “Нийслэлийн өмчит байгууллагуудын илүүдэлтэй байр талбайн түрээслэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалтаар “Харднисс констракшн” ХХК-ийг нийслэлийн өмчийн 198 м.кв талбайд ялагчаар шалгаруулсан сонгон шалгаруулалтыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсүгэй” гэсэн тов тодорхой шийдвэр гаргасан билээ.

Нийслэлийн өмчийн харилцааны газар уг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд сонгон шалгаруулалт хууль бус гэсэн тул дахин сонгон шалгаруулалт зарлана гэсэн хариуг манайд өгсөн. Нэгэнт сонгон шалгаруулалт хууль бус болсон болохоор энэ сонгон шалгаруулалтаар ялагч болсон гэх “Харднисс констракшн” ХХК-тай Нийслэлийн өмчийн харилцааны газрын байгуулсан түрээсийн гэрээ цуцлагдах ёстой боловч хэвээр үргэлжлүүлэн ажиллуулсны дээр сонгон шалгаруулалтыг дахин зарлахгүй удааж байснаа 3 сарын дараа сонгуулийн үр дүн гарангуут 2016 оны 07 дугаар сарын 06-нд баяр наадмын өмнө амралтын олон хоногийг тааруулан дахин сонгон шалгаруулалт зарласан.

Ингэхдээ сонгон шалгаруулалт явуулах журмын хэд хэдэн заалтыг илтээр зөрчин “Харднисс констракшн” ХХК-ийг дахин ялагчаар тодруулсан. Үүнд:

1. Журмын 2.1-ийг /хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан өдөр тутмын сонины рэйтингээр эхний 5 байранд орсон 3-аас доошгүй сонины 3 дугаар нүүрэнд байршуулан зарлан мэдээлнэ/ зөрчин ганцхан өдрийн сонинд зарласан.

2. Сонгон шалгаруулалтын урилгандаа “Одоогийн түрээслэгч компанийн тухайн барилгад оруулсан хөрөнгө оруулалт болох 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх санхүүгийн чадавхитай болохоо дараах бичиг баримтаар нотлох” гэсэн заалт оруулж нэг компанид илт давуу байдал бий болгож журмыг зөрчсөн.

3.  Урилганд 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагаас өмнө материалаа Нийслэлийн өмчийн харилцааны газарт ирүүлэх тэр өдрийн 10 цаг 30 минутанд материалыг нээхээр дурдсан ч мөн л журмаа зөрчин энэ үйл ажиллагааг хийлгүй, бидэнд мэдэгдэхгүйгээр шалгаруулалтыг явуулсан болж 08 дугаар сарын 24-нд өөрийн цахим хуудсандаа сонгон шалгаруулалтыг 2016 оны 07 дугаар сарын 22-нд /сонгон шалгаруулалтын урилгад зааснаас 12 хоногийн өмнө/ явуулж “Харднисс констракшн” ХХК-ийг ялснаар мэдээлсэн байх юм.

Гэтэл Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/435 тоот тушаалаар сонгон шалгаруулалт явуулах комиссыг биш ажлын хэсгийг томилж /сонгон шалгаруулалтын ялагчийг тодруулж зарласнаас 12 хоногийн дараа/ шалгаруулалтыг явуулахаар болжээ.

Иймэрхүү цаг хугацааны илт зөрүүтэй бичиг баримтуудыг хуурамчаар нөхөн гаргаж хууль журмаа бүдүүлгээр зөрчин “Харднисс констракшн” ХХК-ийг ялсан болгохоор шүүхийн шийдвэрийг илт үл тоон дахин ялагчаар шалгаруулж байгаагийн цаана ашиг сонирхлын зөрчил эсвэл авилга хээл хахууль байна гэсэн хардах сэтгэхүйг бий болгож байна.

Манайх дахин зарлагдсан энэ сонгон шалгаруулалт, сонгон шалгаруулалт явуулах журмын дээрх заалтуудыг зөрчсөн хууль бус шийдвэр болохыг тогтоож өгнө үү хэмээн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан юм. Манай нэхэмжлэлийг шүүх хүлээн авсны үндсэн дээр 2017 оны 01 дүгээр сарын 10-нд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргахдаа шүүгч Н.Дамдинсүрэн:

  1. Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан гуравдагч этгээдээр хуралд оролцсон сонгон шалгаруулалтанд хууль бусаар ялсан “Харднисс констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хишигзаяа нь шүүгч Н.Дамдинсүрэнтэй хуулийн сургуулийн нэг ангийн оюутан тул ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй байдал үүссэн тул шүүгч өөрөө татгалзан гарах үүрэгтэй гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй.
  2. Нэхэмжлэгч миний гаргасан нэхэмжлэлийн 2 дугаар санаа болох миний түрээсийн гэрээг сэргээж өгнө үү гэсэн асуудалд их ач холбогдол өгч байгаа мэтээр тэр

асуудлыг тойруулан янз бүрээр ярьж гуравдагч этгээдээр оролцогчоор тайлбар тавиулах замаар нэхэмжлэлийн гол шаардлага болох сонгон шалгаруулалт нь сонгон шалгаруулалт явуулах журмын хэд хэдэн заалтыг илт зөрчсөн асуудлыг бүрхэгдүүлэн “Харднисс констракшн” ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан журмын заалтыг зөрчсөнийг үгүйсгэсэн тайлбарыг зөв мэтээр хүлээн авснаас шүүхийн эцсийн шийдвэрт нөлөөлсөн болно.

Шүүгчийн ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болох “Харднисс констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан:

а. Журмын 2.1-д заасныг зөрчин ганцхан хэвлэлд сонгон шалгаруулалтын зарыг тавьсан нь ялагчийг тодруулахад нөлөөлөх заалт биш

б. Хууль ёсоор хийгдээгүй хөрөнгө оруулалт гэгдэх 160 сая төгрөгийг ялагч болсон аж ахуйн нэгж “Харднисс констракшн” ХХК-д эргүүлж төлөхөөр сонгон шалгаруулалтын урилгад оруулж нэг компанид илт давуу эрх олгосон нь мөн л ялагчийг тодруулахад нөлөөлөх заалт биш, энэ нь журмын 2.3-ын дагуу Өмчийн харилцааны газрын хийж болох нэмэлт шаардлага гэж илт буруу, журмыг гуйвуулсан тайлбарыг өгснийг шүүгч хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 254 дүгээр шийдвэрийн дагуу хууль бусаар ялагч болсон “Харднисс констракшн” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг цуцлаагүй өдий хүрсний дээр 1 м.кв-ийг нь 18000 төгрөгөөр үнийн санал өгч журмын 7.1 заалтаар ялагч болсон гэх тус компанитай түрээсийн гэрээ хийхдээ 1 м.кв-ийг нь 16000 төгрөгөөр хийсэн зэрэг сонгон шалгаруулалт явуулах журмын олон заалтыг зөрчсөнийг шүүгч Н.Дамдинсүрэн харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй мэтээр өнгөрүүлж хэт нэг талыг барьж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь “сонгон шалгаруулалт хууль зөрчөөгүй байна” гэсэн шийдвэртэй яг адил утгатай шийдвэр болсон тул миний нэхэмжлэлийн гол шаардлагыг дахин хянаж сонгон шалгаруулалт хууль бус болсныг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулалгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 254 дүгээр шийдвэрээр Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зарлагдсан нийслэлийн өмчит байгууллагуудын илүүдэлтэй байр талбайн түрээслэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалтаар “Харднисс констракшн” ХХК-ийг нийслэлийн өмчийн 198 м.кв талбайд ялагчаар шалгаруулсан сонгон шалгаруулалтыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэжээ. Улмаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, хуучнаар шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан 198 м.кв талбай бүхий байрны түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтыг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дахин зарлаж, “Харднисс констракшн” ХХК-ийг шалгаруулсан байх ба нэхэмжлэгч “СДБ трейд” ХХК нь энэхүү сонгон шалгаруулалт хууль бус явагдсан гэж үзэж, “Харднисс констракшн” ХХК-ийг шалгаруулсан захиргааны акт хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, түрээсийн гэрээг сэргээлгэх” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдуулан шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, түүнд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...сонгон шалгаруулалт явуулахдаа “одоогийн түрээслэгч компанийн тухайн барилгад оруулсан хөрөнгө оруулалт болох 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно” гэсэн заалт оруулж нэг компанид илт давуу байдал бий болгосон...” гэж, хариуцагчаас “Харднисс констракшн” ХХК 2015 онд зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцож түрээслэгч болсныхоо дараа дээрх үл хөдлөх хөрөнгөд 160 гаруй сая төгрөгийн засвар, тохижилтын ажил хийсэн тул сонгон шалгаруулалтын урилгад тухайн барилгад оруулсан хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх шаардлага тавьсан нь Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журмын 2.3 /Түрээслэх байр талбайн ашиглалтын байдал, онцлогоос хамааруулан Өмчийн харилцааны газар нэмэлт шаардлага тавьж болох бөгөөд энэ талаар зар мэдээнд заавал тусгана/, 3.2 /Санхүүгийн чадавхийн шаардлагыг шалгаруулалтын тухай зар мэдээнд тусгаж болно/-т тус тус нийцсэн” гэж маргажээ. 

Гэтэл анхан шатны шүүх хэргийн оролцогчдын дээрх тайлбартай холбогдуулан тус 198 м.кв талбай бүхий барилгад гуравдагч этгээд “Харднисс констракшн” ХХК 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн эсэх, өөрөөр хэлбэл, ямар хэрэгцээ шаардлагын улмаас ямар байсан байранд, ямар засвар, тохижилтын ажил хийсэн болох, үүнд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан эсэх талаарх нотлох баримтыг цуглуулалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь дээрх нөхцөл байдлыг тодруулж, холбогдох баримтуудыг цуглуулснаар сонгон шалгаруулалтад оролцогчдод “160 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх санхүүгийн чадвараа нотлох” нэмэлт шаардлага тавьсан нь үндэслэлтэй эсэх, сонгон шалгаруулалт талуудын тэгш эрхийг хангаж, шударга ёсны зарчим болон хуульд нийцэж явагдсан эсэхэд дүгнэлт өгөх боломж бүрдэх юм.  

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Д.Батчулуун нар нь маргаан бүхий 198 м.кв талбай бүхий барилгыг түрээслэхээр 12 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулж байсан байх бөгөөд нэхэмжлэгч “СДБ трейд” ХХК уг түрээсийн гэрээг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ямар учраас захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байгаа талаар шүүх дүгнэлт хийлгүйгээр түрээсийн гэрээтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болсныг дурдах нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.                                                    

            ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН