Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 102/шш2020/01159

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Жуков оффис, “х” ХХК /РД:ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж, 4 дүгээр байр, 171 тоотод оршин суух, З овогт Ө м /РД:

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж, 4 дүгээр байр, 171 тоотод оршин суух, Г овогт Э ... /РД:нарт холбогдох

 

50,313,851 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн,

Гэрээний заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ою.Б хариуцагч Ө.м, хариуцагчийн өмгөөлөгч С.Я шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Зулаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “х” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ө.м, Э.... нар нь хны “Орон сууцны зээлийн төв”-өөс 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №ОСЗГ/308 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ, №БГҮ/308 тоот “Барьцааны гэрээ” байгуулж 122,000,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь: 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №ОСЗГ/308 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ” болон 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №ОСЗГ/308-1 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 78,391,042 төгрөг, хүүгийн төлбөрт 61,012,975 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 19,347 төгрөг, нийт 139,423,364 төгрөгийг тус тус төлсөн байна. Ө.м, Э.... нартай 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №БГҮ/308-1 тоот “Барьцааны гэрээ”-г байгуулж барьцааны зүйлийг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж, 4 дүгээр байр, 171 тоот 84,46 мкв талбайтай 3 өрөө орон сууц болгон өөрчилсөн. Зээлдэгчид зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралт дахь “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчидтэй уулзах, утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч мэдэгдсэн боловч зээлдэгчид өнөөдрийг хүртэл өр, төлбөрөө төлөөгүй байна. Иймд банк 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №ОСЗГ/308 тоот Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт болон №ОСЗГ/308-1 тоот Ажилтны орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.8 дахь заалт, Монгол улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 болон 242.3-т заасныг тус тус үндэслэн зээлдэгч Ө.м, Э.... нарт холбогдуулан шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хамгийн анх гаргасан. Үүнд:

1/ 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №ОСЗГ/308 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ”, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №ОСЗГ/308-1 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний үүргийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 43,608,958 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,419,458 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 233,895 төгрөг, нотариатын төлбөр 12,200 төгрөг, нийт 49,274,511 төгрөг гаргуулах.

2/ Зээлдэгчид зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд энэхүү 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №ОСЗГ/308 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ”, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №ОСЗГ/308-1 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ” болон 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №БГҮ/308-1 тоот  барьцааны гэрээнд заасан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж, 4 дүгээр байр, 171 тоот 84,46 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах.

 Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар өөрийн шаардлагаа ихэсгэсэн. Үүнд:

1/ 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №ОСЗГ/308 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ”, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №ОСЗГ/308-1 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г хугацаанаас өмнө цуцлах.

2/ 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 43,608,958 төгрөг, зээлийн хүү 6,380,050 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 324,843 төгрөг, нийт 50,313,851 төгрөг гаргуулах.

Шүүх хуралдаанд манай зүгээс нотариатын төлбөрт төлсөн 12,200 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна. Харин үлдэх шаардлагуудаа бүрэн дэмжиж байна.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №ОСЗГ/308-1 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1.5 дахь заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Ө.м, Э.... нарын зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэлдээ хариуцагч нар нь хтай 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан талаар дурьдаж, нотлох баримтаар уг гэрээг хавсаргаж өгсөн. Уг гэрээний 3 Үлдэгдэл 59,048,888 төгрөгийн зээлийн хүүг 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 6 жилийн хугацаанд 12 хувийн хүүтэйгээр хэвээр хадгална”. 6-д “Ажлаас халагдсан 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 27/1726 тоот тушаалыг “Ажилтны санаачлагаар Хөдөлмөрийн гэрээ цуцалсан” гэж өөрчлөн гаргах”, 7-д “энэхүү гэрээг талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлэн ямарваа нэг албадлагагүйгэйгээр өөрийн хүсэл сонирхлоороо хийсэн бөгөөд энэхүү хэлцэлийн талаар талууд маргаан байхгүй болохыг баталж байна” гэж заасан ба уг нөхцлүүдийг Ө.м хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. х болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №ОСЗГ/308-1 тоот Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний заалтуудыг хариуцагч нар уншиж танилцаад гарын үсгээ зураад, гэрээний хувийг өөрсдөө аваад явсан. Бид  гэрээний зөвхөн 1 заалтыг өөрчлөөд орхисон биш бүхэл бүтэн зээл эргэн төлөхийг шинэчлэн, үүндээ зээл эргэн төлж дуусах хугацаа болон сар бүр төлөх дүнг тусгасан. Үүгээр гэрээний заалтыг сэм өөрчилсөн, төөрөгдөх нөхцөл байдлыг бүрдүүлж үсэг зуруулсан зүйл байхгүй болох нь нотлогдож байгаа болно. Хариуцагч нар нь сар бүрийн 10-ны өдөр зээлийн төлбөрийг төлөх ёстой байсан ч 2018 оны 11 дүгээр сараас эхлэн хугацаа хэтрүүлж төлөлт хийгээгүй ба 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “Эвлэрлийн гэрээ”-ний 5-д “Хэрэв энэхүү гэрээний аль нэг заалтыг зөрчсөн, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээл хүүний төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд тухайн хугацаа хэтрүүлж эхэлсэн сараас эхлэн үл маргах журмаар энгийн харилцагчийн хүүд шилжүүлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, харин ч хариуцагч нарт уян хатан хандсан гэдгийг дурдмаар байна.

Хариуцагч нарын “...зээлийн гэрээний үүргээ зөрчсөөр байхад шүүхэд хандаагүй удсан” гэх тайлбарыг зөвшөөрөхгүй. хны зүгээс хариуцагч нарт ашигтай байгуулагдсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, орон сууцаа алдахгүй байх бүхий л нөхцөл бололцоог олгож байсан. Харин ч асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх гэж хичээсэн боловч амжилт олоогүй. Ийм учраас хариуцагч нарын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөр гэрээг цуцлагдсанд тооцно гэх тайлбар үндэслэлгүй. 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар хариуцагч нарын зээлийн гэрээгээр төлөх ёстой төлбөрт нь үндсэн зээл 43,608,958 төгрөг, хүү 2,566,358 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,709 төгрөг, нийт 46,226,025 төгрөг байсан. Гэхдээ бидний зүгээс “гэрээ цуцлах” шаардлага гаргах хүртэл хугацаагаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ хуулийн дагуу шаардаж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Зээлийн төлбөрийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа. Учир нь зээлийн гэрээнд хариуцагч нар гарын үсэг зурсан, гэрээний нэг тал болж оролцсон бөгөөд бид Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 242.11 дэх хэсгүүдэд зааснаар хоёр хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй гэжээ. 

 

Хариуцагч нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн хувиар хоёр өөр иргэнийг татсан боловч хэнээс нь хэдий хэмжээний зээлийн төлбөр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хариуцагчийн зүгээс ямар хүрээнд хариу тайлбар гаргаж, нотлох баримт цуглуулж мэтгэлцэж, ажиллагаанд оролцох нь тухайн этгээдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний хэмжээнээс хамаардаг билээ. Нэхэмжлэлээс нэхэмжлэлийн нийт хэмжээ тодорхой харагдаж байх боловч хоёр хариуцагч тус бүрээс ямар хэмжээгээр төлбөр гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхой бус байна. Үүнийг тодруулаагүй нөхцөл байдалд хүргэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зохих журмын дагуу нэхэмжлэгчээс тодруулуулах шаардлагатай байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэмэлт тодруулга ирмэгц бидний зүгээс өөрт ногдох хэсэгтээ тайлбар гарган хүргүүлэх болно. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Зээл төлөх мэдэгдэл” гэх 61/01/4040  гэсэн дугаартай албан бичгийг ирүүлж, зээлийн төлбөрийг шаардсан. Мөн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дахин мэдэгдэл ирүүлж гэрээг цуцалсан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээ цуцалсны үр дагаварыг энэхүү нэхэмжлэлээр нэхэмжилж байна. Тодруулбал гэрээний хугацааг цуцалж, шүүхэд зээлийн нийт төлбөрийг нэхэмжилсэн байна. Гэтэл цуцлалт хийсэн өдрөөс буюу 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний хүртэл “хүү, нэмэгдүүлсэн хүү” нэмж хуримтлуулан тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2013 оны 8 дугаар сарын 7-ний өдөр ОСЭГ/308 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ”-г хтай байгуулж, 122,000,000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэйгээр, орон сууц худалдан авах зорилгоор авсан. Сар бүр 1,464,200 төгрөг төлөх “сар бүрийн тэнцүү” эргэн төлөлтийн хуваарийг харилцан тохиролцож баталгаажуулсан. Бидний зүгээс зээлийн төлбөрийг зориулалтын дагуу зарцуулж, зээлийн эргэн төлөлтийг ямар нэгэн зөрчилгүй хийж ирсэн. Тухайн үед энэхүү хэрэгт хариуцагчийн хувиар оролцож буй Ө.м миний бие “Хаан” банкинд ажилтай байсан бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 27/1726 тоот ажлаас халах тухай хууль бус бөгөөд тодорхой үндэслэл баримтгүй тушаал гарган намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тухайн тушаал хууль бус бөгөөд баримтаар нотолж, тогтоогоогүй, илт үндэслэл муутай тушаал байсан тул миний зүгээс зохих журмын дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 27/1726 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж эрхээ хамгаалуулахаар болсон юм.

Энэ хугацаанд хны зүгээс ажлаас халагдаж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үндэслэлээр ажилтны хөнгөлөлттэй зээлийн хүүг энгийн нөхцөлд шилжүүлэн ихээхэн дарамт шахалтыг бидэнд үзүүлж байсан. Шүүхээр тухайн маргааныг эцэслэн шийдвэрлээгүй буюу ажлаас халсан тушаал, шийдвэрийг хууль зүйн хувьд үндэслэлтэй эсэхийг шийдвэрлээгүй байхад банкны зүгээс тухайн харилцаанд өөрт олгогдсон давуу нөхцөл байдлыг ашиглан 9 жилийн хугацаанд теллерээс эхлээд тооцооны төв хариуцсан мэргэжилтэн хүртэл ажилласан ажилтнаа үл хүндэтгэн зээлийн хүүний дарамтанд оруулж байсан.  

Тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэмжээ хязгаар нь зөвхөн ажлаас халах тушаалыг хамаараагүй бөгөөд үүнээс гадна 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ОСЗГ/308 тоот зээлийн гэрээний нөхцөл, үүрэгтэй холбоотой асуудлыг мөн хамарсан юм. “Хаан” банкны зүгээс Ө.м намайг ажлаас чөлөөлөхдөө тодорхой үндэслэл, заримттай халаагүй, хууль бус тушаал гаргасан гэдгээ агуулгын хувьд хүлээн зөвшөөрч талууд эвлэрлийн гэрээ байгуулан тушаалын агуулгыг өөрчилж, ажилтны санаачлагаар чөлөөлсөн болгож өөрчлөхөөр тохиролцохын хамт ажилтны орон сууцны зээлийн гэрээний  нөхцөлийг өөрчлөн тохиролцсон юм. “Эвлэрлийн гэрээ”-г 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулж, тухайн үеийн орон сууцны зээлийн үлдэгдэл болох 109,048,888 төгрөгөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 50,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Мөн хүүний нөхцөлийн хувьд 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл жилийн 12 хувийн хөнгөлөлттэй нөхцөлийг хэвээр хадгалахаар харилцан тохиролцсон болно. Эвлэрлийн гэрээгээр тохирсон нөхцөлийн дагуу 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 150,000,000 төгрөгийн үндсэн зээлийн төлөлтийг хийж, эргэн төлөлтийн дагуу төлөх үндсэн     зээлийн 82 гаруй сарын буюу 7 жилийн хугацааны төлөлтийг урьдчилж төлж барагдуулсан болно. Тодруулбал, бидний зүгээс гэрээний үүргээ хугацаанаас өмнө буюу 7 жилийн хугацааны үүргийг урьдчилан төлж барагдуулсан юм. Энэ нь хны зүгээс нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн 5126020814 тоот зээлийн данс хуулганаас харагдана. 

Ажилтны орон сууцны зээлийн асуудлыг эвлэрлийн журмаар шийдвэрлэсэн гэж бодсон бөгөөд бидний зүгээс 7 жилийн хугацааны үндсэн зээлийн төлөлтийг урьдчилан төлж барагдуулсан гэж ойлгож ирсэн. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын сүүлээр, 5 дугаар сарын эхээр “Хаан” банкнаас эвлэрлийн гэрээн дээр зөвхөн Ө.м гарын үсэг зурсан байна. Хамтран зээлдэгч мөн зурах шаардлагатай учраас дахин нэмэлт гэрээ байгуулах шаардлагатай гэж хэлээд нэмэлт гэрээний төсөл бэлдчихсэн байгаа ирээд гарын үсэг зур гэж хэлсэн. Бидний зүгээс очиж гэрээг үзтэл “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ" гэсэн гарчиг бүхий нэртэй доор нь “Хугацаа сунгах, зээлийн эргэн төлөлт өөрчлөх" гэж тодотгосон ОСЗГ/308-01 дугаартай гэрээ байсан. Ямар нэг өөр асуудал байхгүй, бүх зүйлд шүүх дээр эвлэрсэн нөхцөлөөр байгаа талаар хэлсэн тул гэрээг баталгаажуулсан. Тухайн үед бидний хэн нь ч гэрээний хугацааг наашлуулах заалт байсныг анзаараагүй, энэ талаар огт төсөөлөөгүй байсан. Учир нь хугацааг наашлуулах асуудлыг огт ярилцаагүй юм. Нэмэлт гэрээний 2.1.5 дах заалтад “3.1.7 дах заалтыг Зээлийн гэрээний хугацаа:51 сар буюу 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хуртэл" гэж заасныг эвлэрлийн гэрээний дагуу тохирсон хөнгөлөлттэй хүүг энэ хүртэл хүчинтэй байлгана гэж ойлгосон бөгөөд гэрээний хугацааг анх байгуулсан 180 сар хэвээрээ гэж ойлгож ирсэн. Эвлэрлийн гэрээн дээр мөн гэрээний хугацааг нааш нь татах талаар огт зохицуулаагүй байсан. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.. хэлэхдээ: “Гэрээ 2021 онд дуусахаар байсан, Бид өмнө нь цуцалж байгаа” гэж хэлсэн. хны зүгээс дээрх гэрээний заалтыг хүүний хөнгөлөлттэй нөхцөл хэрэгжих хугацаа биш, зээлийн гэрээний хугацаа гэж тайлбарласан. Үүнийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй, эвлэрлийн гэрээний нөхцөлийг харилцан тохиролцож байхдаа гэрээний хугацааг наашлуулах, богиносгох талаар огт харилцан тохиролцоогүй болно. Нэмэлт гэрээний дагуу хийсэн эргэн төлөлт нь бидний хүсэл зоригт нийцээгүй тул мөн бидний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Эвлэрлийн гэрээний дагуу бидний зүгээс үүргээ биелүүлж, 50,000,000 төгрөгийн үндсэн зээлийг урьдчилж төлж барагдуулсан. 7 жил орчмын үндсэн зээлийн төлбөрийг урьдчилан төлж барагдуулсан. Бидний зүгээс зээлийн гэрээний хугацааг наашлуулж байгуулах зайлшгүй шаардлага байхгүй байсан. Өмнөх гэрээний нөхцөлөөр явах нь бидэнд зээлийн төлөлтийн дарамт бага байх тул харьцангүй амар, хялбар байх байсан. Гэтэл ямар зорилгоор өөртөө хохиролтой тохиролцоо хийхийг хүсэх вэ? Бидэнд ямар ч тийм шаардлага, шалтгаан байгаагүй. Банкны зүгээс гэрээ цуцалсан гэж мөн тайлбарлаж байна. Гэхдээ хэзээ хэрхэн цуцалсан талаар тодорхой зүйл хэлээгүй байна. Нэхэмжлэлдээ мөн тусгаагүй байна. Үүнийг шүүхийн зүгээс зайлшгүй тодруулах болов уу гэж итгэж байна. Гэрээ цуцлах асуудлыг “Хаан” банкны зүгээс шийдвэрлэхдээ бидний төлсөн 50,000,000 төгрөгийг “урьдчилж төлсөн” гэж тооцоогүй байгаад гол буруутай зүйл байгаа юм. Хэрэв энэхүү төлбөрийг урьдчилж төлсөн гэж тооцсон нөхцөлд одоо гэрээ цуцлах үндэслэл бүрдэхээргүй байсан болно.

хны хувьд: “хууль бус ажлаас чөлөөлсөн тушаалынхаа улмаас эвлэрлийн рээг байгуулан бидний зүгээс үндсэн зээлээ урьдчилж төлж, хүүний хөнгөлөлттэй нөхцөлийг авч үлдсэн зэрэг нөхцөл байдлыг банкинд хэт алдагдалтай гэж үзсэн учир санаатайгаар дээрх заалтыг сэм оруулж, гэрээний заалтын хувьд төөрөгдөх нөхцөл байдлыг бүрдүүлж гарын үсэг зуруулан авсан байгаа юм. Бид эвлэрлийн гэрээний нөхцөлийг хамтран зээлдэгч гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр дахин баталгаажуулж байна гэж ойлгосноос бус өөр нөхцөлийг тусгасан гэж бодоогүй болно. Энэ нь биднийг хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн байгуулахад хүргэсэн байна. Иймээс 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ОСЗГ/308-1 тоот “Ажилтны энгийн орон ууцны зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний 2.1.5 дахь заалт буюу “3.1.7 дахь заалтыг Зээлийн гэрээний хугацаа:51 сар буюу 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл” гэснийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх заалт, 58.2.1 дэх заалтын дагуу хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ө.м, хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалт, Д.Давааням нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй. Мөн гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна. Хариуцагч нарын зүгээс хамгийн анх 2013 онд зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан, гэрээний дагуу төлбөр төлж байсан хэмжээ, нэхэмжлэгчийн зээлийн тооцоолол зэрэг дээр маргаан байхгүй. Харин хариуцагч нар  зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хугацаанд огт биелүүлээгүй, гэрээнд заасан зээлийг эргэн төлөх хуваарийг зөрчсөөр байхад “х” ХХК нь хууль болон гэрээнд зааснаар хугацаанаас өмнө гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй. Үүнээс шалтгаалж хариуцагч нарын зээлийн төлбөр төлөх хэмжээ илт ихэссэн. “х” ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 61/61/4111 тоот албан бичгээр хариуцагч нарыг гэрээний үүргээ ноцтой зөрчиж байгаа талаар мэдэгдсэн бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөр гэрээний үүргээ биелүүлэхгүй бол  шүүхэд хандах талаараа дурдсан. Гэтэл үүнээс хойш ч хариуцагч нар төлбөрөө төлөөгүй. Ийм учраас хариуцагч нарын зүгээс гэрээ нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөр цуцлагдаж дуусгавар болох ёстой гэж үзэж байна. 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөр гэрээ цуцлагдсан гэж үзвэл хариуцагч нар ч зээлийн үлдэх төлбөрөө төлөх боломжтой гэж үзэж байгаа. Мөн хариуцагч нарын хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжлээд байгаа нь одоо хүртэл ойлгомжгүй байгаа.

Хариуцагч нарын зүгээс гэрээний заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаа дэмжинэ. Хэрэв уг заалт нь өөрөө хүчин төгөлдөр бус гэж тооцогдвол хариуцагч нарын зүгээс гэрээг цааш нь үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм. 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №ОСЗГ/308-1 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1.5 дахь заалтыг хариуцагч нар анзаараагүйгээс төөрөгдөж уг гэрээг байгуулсан. Энэ талаар яг бичгийн баримт байхгүй нь үнэн. Гэхдээ хэрэгт авагдсан эвлэрлийн гэрээ болон бусад хүчин зүйлүүдээр манай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлогдоно гэж үзэж байна гэжээ. 

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2013 оны 8 дугаар сарын 07ы өдөр “Х” ХХК, хариуцагч Ө.м болон Э.... нар №ОСЗГ/308 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу “Хаан банк” ХХК нь хариуцагч нарт 122,000,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохирчээ

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №БГҮ/308/1 тоот “Барьцааны гэрээ”-гээр эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн төвийн бүс гудамж, 4 дүгээр байрны 171 тоот хаягт байршилтай, 84.46 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

 

Улмаар талууд 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр №ОСЗГ/308-1 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г байгуулж 2013 оны 8 дугаар сарын 07ы өдрийн ОСЗГ/308 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ”-нд зарим өөрчлөлтүүдийг оруулсан байна. 

 

2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч “х” ХХК нь хариуцагч Ө.м болон Э.... нарт холбогдуулж 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №ОСЗГ/308 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ”, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №ОСЗГ/308-1 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 43,608,958 төгрөг, зээлийн хүү 5,419,458 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 233,895 төгрөг, нотариатын төлбөрт 12,200 төгрөг, нийт 49,274,511 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн төвийн бүс гудамж, 4 дүгээр байрны 171 тоот хаягт байршилтай, 84.46 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулах тухай шаардлагуудыг гарган шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэсэн. Үүнд:

1/ 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №ОСЗГ/308 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ”, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №ОСЗГ/308-1 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г хугацаанаас өмнө цуцлах;

2/ 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №ОСЗГ/308 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ”, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №ОСЗГ/308-1 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 43,608,958 төгрөг, зээлийн хүү 6,380,050 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 324,843 төгрөг, нийт 50,313,851 төгрөг гаргуулах;

 

Хариуцагч нарын зүгээс “...нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, ...нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг төөрөгдөж байгуулсан” гэсэн агуулгаар нэхэмжлэлийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй ба улмаар энэхүү үндэслэлээрээ дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд:

 

а/ 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №ОСЗГ/308-1 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1.5 дахь заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулах;

 

Шүүхээс дараах үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэл:

 

А/ Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотариатын төлбөр 12,200 төгрөг гаргуулах тухай шаардлагаа татгалзсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно. 

 

Б/ Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ. 

 

Нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргах үеийн  байдлаар нийт 49,274,511 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлэхдээ зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргаагүй хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ”-ний 7.1.1, ‘Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2.1.8 дахь заалтуудыг үндэслэн шүүхэд хандаж буй талаараа дурдсан.

 

2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №ОСЗГ/308 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ”-ний 7.1-д “Дараах нөхцөл байдал бий болсон тохиолдолд гэрээний үүргийг зөрчсөнд тооцно”, 7.1.1-д “Зээлдэгч ...зээл төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн”, 8 дугаар зүйлийн 8.2.1-д “...7.1.1-7.1.10-т заасан зөрчлийн аль нэг нь гарсан”, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №ОСЗГ/308-1 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний 2.1.8-д “Гэрээний 7.1.1 дэх заалтыг Зээл төлөх хуваарь-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй” бол банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг эргэн төлүүлэхээр шаардах эрхтэй талаар тусгагдсан байна.   

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “х” ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 61/61/4111 тоот албан бичгээр хариуцагч нарыг талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг зээлдэгч тал ноцтой зөрчиж байгааг дурдаж, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөр гэрээний үүргээ биелүүлэхийг сануулж, эл байдал засагдахгүй, хэвээр үргэлжлэх тохиолдолд хуулийн байгууллагад хандах талаар дурдсан байна. Үүний дараа 2019 оны 5 дугаар сарын 17, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрүүдэд дээрх утга бүхий албан бичгүүдийг хариуцагч нарт хүргүүлж байсан нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №ОСЗГ/308 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ”, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №ОСЗГ/308-1 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-гээр хүлээсэн үүргийг хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хугацаанд огт биелүүлээгүй байгаа үйл баримттай харьцуулан судлахад нэхэмжлэгч талд гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрх үүссэн гэж үзэхээр байна.   

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч нарын зүгээс зээлийг хүлээн авсан болоод зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хугацаанд огт биелүүлээгүй байгаа байдал, мөн зээлийн тооцоолол дээр маргаагүй. Ийм учраас  нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгүүдэд заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй болно. 

 

Харин Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж үүргийн зарчмыг тодорхойлсон бөгөөд энэ нь үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хэн алинд нь хамааралтай. Гэтэл хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хугацаанд огт биелүүлээгүй, гэрээнд заасан зээлийг эргэн төлөх хуваарийг зөрчсөөр байхад “х” ХХК нь хууль болон гэрээнд зааснаар хугацаанаас өмнө гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй, зээлдэгч нарыг илүү хүндрүүлсэн нөхцөлд оруулсан гэж үзнэ.   

 

Өөрөөр хэлбэл хариуцагч үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал илэрхий бий болсон байхад зээлдүүлэгч гэрээг цуцлаагүй, тодорхой арга хэмжээ аваагүй явдал нь үүргийн хэмжээг нэмэгдэхэд нөлөөлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 61/61/4111 тоот албан бичгээр тогтоосон хугацаа болох 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөр гэрээг цуцлагдсанд тооцохоор шийдвэрлэв.  

 

Ийнхүү тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 43,608,958 төгрөг, зээлийн хүү 2,566,358 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,709 төгрөг, нийт 46,226,025 төгрөг болох бөгөөд үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдтэй харшлахгүй гэж үзлээ.

 

Дээрх зээлийн төлбөрийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 242.11 дэх хэсгүүдэд нийцнэ.  

 

Нэхэмжлэгчийн “...2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №ОСЗГ/308 тоот Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №ОСЗГ/308-1 тоот Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-г хугацаанаас өмнө цуцлах” тухай шаардлагыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзэн, тусгайлан шийдвэрлэх шаардлага байхгүй гэж шүүхээс дүгнэлээ.

 

В/ Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухайд:

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.

 

Дээр дурдсанчлан талууд барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.  

 

Сөрөг нэхэмжлэл:

 

2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №ОСЗГ/308-1 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1.5 дахь заалтад “Гэрээний 3.1.7 дахь заалтыг Зээлийн гэрээний хугацаа 51 сар буюу 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гэж өөрчлөх;” гэжээ.

 

Харин 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №ОСЗГ/308 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ”-ний 3.1.7 дахь заалтад “Зээлийн гэрээний хугацаа: 180 сар. Зээлийг олгосон өдрөөс эхлэн хугацааг тоолно.” гэж заасан байна.

 

2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №ОСЗГ/308-1 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн зүгээс “...хариуцагч нар гэрээний нөхцөл солигдсон болохыг анзаарч мэдэлгүйгээр, ноцтой төөрөгдөж гэрээнд гарын үсэг зурсан” гэж тайлбарласан.  

 

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж, 58.2.1 дэх хэсэгт “хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн” гэж тус тус заажээ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, холбогдох нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. 

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд хариуцагч нар 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №ОСЗГ/308-1 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний агуулга, нөхцөлийн талаар андуурч, төөрөгдсөний улмаас уг гэрээг байгуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотариатын төлбөр 12,200 төгрөг гаргуулах тухай шаардлагаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ө.м, Э.... нараас 46,226,025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,075,626 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн төвийн бүс гудамж, 4 дүгээр байрны 171 тоот хаягт байршилтай, 84.46 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №ОСЗГ/308-1 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 574,226 төгрөг, хариуцагч нараас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 574,226 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Н.ХАНГАЛ