Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

0201 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2019/00121

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ............. тоот хаягт оршин суух, М овогт З.О /РД:00000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ........... тоот хаягт оршин байх, С ХХК /РД:0000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 33.800.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагчийн төлөөлөгч Б, хариуцагчийн өмгөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3 удаагийн тус тусдаа авсан зээлийн төлбөр нэхэмжилсэн. 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр З.О миний бие С ХХК-ийн захирал Б.Б-д 8.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлсэн. 8.000.000 төгрөгийн зээлийн 640.000 төгрөг болсон. Б.Б надад зээлийн хүүг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл төлсөн. Зээлийн үндсэн төлбөр төлөөгүй. 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр С ХХК-ийн захирал Б.Б талийгаач Ч.П-аар зуучлуулж тендерт орох гэтэл мөнгө дутаад гэж зээлийн гэрээ байгуулахгүйгээр 3.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй бэлнээр зээлсэн. Зээлийн хүүнд 240.000 төгрөг төлсөн. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс хойш Б.Б над руу Боловсролын яамнаас тендер авах гэсэн мөнгө дутаад мөнгө зээлээч гэж утасдсан. Би Б.Б-д чи өмнө зээлсэн мөнгөө өгөөгүй, хэрэв мөнгө зээлэхээр бол талийгаач Ч.П-ийг байлцуулж зээлж болно гэснээр Б.Б-д бэлэн 15.000.000 төгрөг өгч, нийт 26.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай байгуулсан. Талийгаач Ч.П С ХХК-ний ажилчин, миний найз байсан. Би С ХХК-ийн захирал Б.Баас 26.000.000 төгрөгийг 3 сарын хүү 7.800.000 төгрөг, нийт 33.800.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  З.О-гээс С ХХК нь 8.000.000 төгрөгийн зээл авч, тамга тэмдгээ дарсан. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Б.Б өмнөх гэрээн дээр 15.000.000 төгрөг нэмж нийт 26.000.000 төгрөгийн зээлийн гэрээ З.О-тэй байгуулсан. Б.Бы зээлийн гэрээ нэгтгэсэн үйлдэл нь өмнө З.О-гээс авсан 8.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, нийт 11.000.000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрснийг нотолж байна. Хэдийгээр хариуцагч Б.Б хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт З.О-гээс 8.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг аваагүй гэж мэдүүлж байгаа ч зээл авснаас сарын дараа Б.Бы эхнэр өөрийн 5029420183 дугаартай данснаас 640.000 төгрөгийн зээлийн хүү З.О-д төлсөн. Талийгаач нэг удаа Б.Б-аар зээлээ төлүүлж болно. Гэтэл яагаад сар бүр тогтмол зээлийн хүү төлбөр төлж байгаа юм бэ. Хариуцагчийн удаа дараа зээлийн төлбөр төлж байсан нь З.О-гээс мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлж байна. Талийгаач Ч.П Б.Б-ы С ХХК-д гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан. Хариуцагч Б.Б нь үхсэн хүн үг хэлэхгүй гэсэн шиг бүгдийг талийгаач руу чихэж байна. Б.Б-ыг зээлийн мөнгө авсан гэдгийг гарын үсэг зурж, авсан 26.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, өмнөх 11.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 15.000.000 төгрөг нэмж авсан зэргээр нотолно. Б.Б нь зээлийн мөнгө авснаас хойш зээлийн хүү, үндсэн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. З.О нь Б.Б-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр, хүү нэхэмжилсэн. Алданги нэхэмжлээгүй. Б.Б нь өндөр хүү амлаж З.Огээс мөнгө зээлсэн. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр болон 3 сарын хүү нэхэмжлэх нь хууль ёсны юм гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Талийгаач надад би З.О-гээс 8.000.000 төгрөг дээр нэмж 3.000.000 төгрөг нийт 11,000,000 төгрөг зээлсэн гэж ярьж байсан. Дахиад 15.000.000 төгрөг зээлж Боловсролын яамны тендерт ормоор байна. Би хүнтэй ярьсан. Тэр хүндээ өгнө гээд З.О-гээс 15.000.000 төгрөг бэлнээр зээлж, нотариат дээр очиж, би гарын үсэг зурсан. З.О өмнөх 11.000.000 төгрөг дээр 15.000.000 төгрөг нэмж, нийт 26.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулна гэж хэлсэн. Тухайн үед би надад наад мөнгө чинь хамаагүй гэсэн. З.О ч би чамд мөнгө зээлээгүй, найздаа мөнгө зээлж байна гэж хэлсэн. Зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулж 15.000.000 төгрөг бэлнээр авсан. Өмнө авсан 11.000.000 төгрөгийг би мэдэхгүй байна. Талийгаач компанийн тамга тэмдэгтэй бичиг надаар хийлгэж З.О-гээс 11.000.000 төгрөг зээлсэн юм байна. Би 11.000.000 төгрөг аваагүй, тэр мөнгөний талаар мэдэхгүй. Харин нотариат дээр З.Огээс 15.000.000 төгрөг бэлнээр авч гэрээ байгуулсан. Талийгаач зээлсэн 15.000.000 төгрөгийг Боловсролын тендерт оролцохоор таньдаг хүндээ өгнө гэж хэлээд авсан. Би тэр мөнгөний талаар мөн л сайн мэдэхгүй байна. Би нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 26.000.000 төгрөг хүүтэйгээ 33.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг хэрэглээгүй. Би талийгаачийг 8.000.000 төгрөгөөр нэг удаа, 3.000.000 төгрөгөөр нэг удаа, нийт 11.000.000 төгрөгийг З.Огээс авсан гэдгийг мэдээгүй. Талийгаач 8.000.000 төгрөг зээлнэ гээд надаар компанийн тамгатай бичиг хийлгэж авсан ч хэрэг болсонгүй гээд буцааж авчирч өгч байсан гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд оролцож байна. 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 8.000.000 төгрөгийн зээлийг гэрээг нэхэмжлэгч тал нотлох баримт болгож байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д зааснаар талууд гарын үсэг зурснаар хэлцэл байгуулсан гэж үзнэ. Зээлийн гэрээгээр С ХХК мөнгө аваагүй. Нэхэмжлэгч тал мөнгө зээлсэн гэдгээ нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгч тал шаардлагаа С ХХК-д холбогдуулж гаргасан. 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ иргэдийн хоорондын зээлийн гэрээ. Иргэн Б.Б, талийгаач Ч.П нарын З.О-тэй байгуулсан зээлийн гэрээ. Зээлийг компани төлөөлж байгуулсан нотлох баримт байхгүй. Зээлийн мөнгийг С ХХК-ийн дансанд шилжүүлж, зарцуулсан зүйл байхгүй. 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ иргэд хоорондын байгуулсан гэрээ, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д зааснаар нэхэмжлэгч З.О гарын үсэг зураагүй учраас хүчин төгөлдөр бус юм. Хариуцагч нь С ХХК биш гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.О нь хариуцагч С ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 26.000.000 төгрөг, зээлийн хүү 7.800.000 төгрөг, нийт 33.800.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь мөнгийг авч хэрэглээгүй, бодит байдал дээр зээлийн мөнгийг талийгаач Ч.П авсан тул хариуцахгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Дараах үйл баримт тогтоогдлоо.

Нэхэмжлэгч З.О, хариуцагч С ХХК нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 8.000.000 төгрөгийг нэг сарын 8 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулжээ. Энэхүү зээлийн гэрээний дагуу 8.000.000 төгрөгийг хариуцагчийн төлөөлөгч талийгаач Ч.П зээлсэн гэсэн би мэдэхгүй, сүүлд мэдсэн гэж тайлбарлаж, хариуцагчийн өмгөөлөгч зээлдүүлэгч нь гарын үсэг зураагүй учир бичгээр хийх хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргаж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дахь хэсэгт Бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ гэж заасан.

Талуудын хооронд 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 8.000.000 төгрөгийг нэг сарын 8 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлдүүлэх тухай зээлийн гэрээнд зээлдэгч С ХХК, түүнийг төлөөлж захирал Б.Б гарын үсэг зурсан байх бөгөөд харин зээлдүүлэгч З.О нь гарын үсэг зураагүй байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.7-д зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан, хүчинтэй гэрээ гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан ба хариуцагч С ХХК-ийн Хаан банк дахь 5065027385 тоот харилцах данснаас энэхүү гэрээний хүү болох 640.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр, захирал Б.Б-ы Хаан банк дахь 0000000000 тоот харилцах данснаас хүү болох 640.000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус тус нэхэмжлэгч З.О-гийн Хаан банк дахь 0000000000 тоот харилцах данс руу шилжүүлсэн үйлдлээр нь зээлийн төлбөр 8.000.000 төгрөгийг С ХХК зээлсэн байна гэж үзэж, талуудын хооронд 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

Зохигчдын хооронд бичгээр байгуулсан зээлийн гэрээ байхгүй боловч нэхэмжлэгч нь амаараа тохиролцож, өмнөх 8.000.000 төгрөгийн зээлийн гэрээ шиг сарын 8 хувийн хүүтэйгээр 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөгийн зээлсэн гэж тайлбарлаж, хариуцагч нь мөн уг мөнгийг талийгаач Ч.П зээлснийг сүүлд мэдсэн би хариуцахгүй гэж маргаж байна.

Шүүхээс хариуцагч С ХХК-ийг нэхэмжлэгч З.О-гээс 3.000.000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зээлсэн гэж дүгнэлээ. Учир нь энэхүү 3.000.000 төгрөгийн хүү болох 240.000 төгрөгийг С ХХК-ийн Хаан банк дахь 5065027385 тоот харилцах данснаас 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр, захирал Б.Б-ы Хаан банк дахь 0000000000 тоот харилцах данснаас хүү болох 240.000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр, 140.000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тус тус нэхэмжлэгч З.Огийн Хаан банк дахь 0000000000 тоот харилцах данс руу шилжүүлсэн байна. Хариуцагчийн төлөөлөгчийн талийгаач нэхэмжлэгчээс 8.000.000 төгрөг, 3.000.000 төгрөгийн зээл авсан байсныг би мэдээгүй, надаас компанид ажилладаг гэсэн бичиг хийлгэж аваад ашиглаагүй гэсэн, талийгаачийн гуйлтаар нэг хоёр удаа шилжүүлсэн гэх зөрүүтэй тайлбар нь дээрх зээлийн хүүг төлж байсан баримтаар үгүйсгэгдлээ.

Түүнчлэн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нийт 26.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд үүнд өмнө нь хүлээн авсан 11.000.000 төгрөгийг оруулж тооцсон гэх зохигчдын тайлбараар нэхэмжлэгч З.О, хариуцагч С ХХК-ийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг нотолж байна.

Харин 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний оролцогч буюу зээлдэгч нь С ХХК биш иргэн Б.Б, Ч.П нар байх тул нэхэмжлэгч нь энэхүү гэрээг баримтлан хариуцагчаас зээлийн төлбөр шаардах эрхгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч С ХХК нь 2 удаагийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч З.О-гээс нийтдээ 11.000.000 төгрөг зээлсэн байх бөгөөд энэ 2 гэрээний төлбөрт хүү гэх нэрээр 6 удаагийн гүйлгээгээр 2.540.000 төгрөгийг төлсөн байна. Нэгэнт бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан зээлийн гэрээ байгуулаагүй учир нэхэмжлэгч нь хүү авах эрхгүй тул хариуцагчаас төлсөн 2.540.000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцон, хариуцагч С ХХК-иас 8.460.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25.340.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалтыг баримтлан хариуцагч С ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 8.460.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25.340.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 326.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 150.310 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 


                                 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ