Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/977

 

2024          11           05                                     2024/ШЦТ/977   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2024/0996/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Н.Энхтулга,

шүүгдэгч Т.З, түүний өмгөөлөгч Ц.Оргил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.З-д холбогдох эрүүгийн 2309012700797 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн удирдлага мэргэжилтэй, Н*** ХХК-д тээврийн менежерээр ажилладаг, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ***  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т.З (РД:) 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.З нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** банканд Харилцагчийн үйлчилгээний газрын маргаантай гүйлгээний мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд албан тушаалын байдлаа ашиглаж өөрийн танил, хамаарал бүхий 34 иргэний нэр дээр маргаантай гүйлгээний хүсэлт ирүүлсэн мэтээр хуурамч бүртгэл үүсгэн *** банкийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах аргаар 143 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 311,725,000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.З нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** банканд Харилцагчийн үйлчилгээний газрын маргаантай гүйлгээний мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2022.03.22-ны өдрөөс 2023.01.31-ний өдрийг хүртэлх хугацаанд 143 удаагийн үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж өөрийн танил, хамаарал бүхий 34 иргэний нэр дээр маргаантай гүйлгээний хүсэлт ирүүлсэн мэтээр хуурамч бүртгэл үүсгэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах аргаар нийт 311,725,000 төгрөгийг *** банкнаас бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна *** банкны 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 5/3050 дугаартай албан бичгээр ирүүлсэн гомдол, хавсралтаар ирүүлсэн хуурамч маргаантай гүйлгээний жагсаалт (хавтаст хэргийн 22-34 дэх хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.С, П.Н нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 38, 45 дахь хуудас), *** банкны 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 6-21/957 дугаартай “Т.З-г ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал (хавтаст хэргийн 50 дахь хуудас), гэрч Ө.А-н мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь хуудас),  гэрч А.Г-н мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь хуудас), гэрч Б.Д-н мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь хуудас), *** банкны 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 6/7847 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 77-82 дахь хуудас), Ө.А-н эзэмшлийн Хаан банкны 50*** дугаартай дансны лавлагаа (хавтаст хэргийн 83-134 дэх хуудас), *** банкны дотоод аудитын товч тайлан (хавтаст хэргийн 135-157 дахь хуудас), *** банкны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 5/6616 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 182-188 дахь хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд албан тушаалын байдлаа ашиглаж амар хялбар аргаар ажил олгогч байгууллагаа хуурч мэхлэн хувьдаа мөнгө, эд хөрөнгө олж амьдрах гэсэн явуургүй, итгэлгүй, шууд санаатай шунахай зан байдал нь нөлөөлжээ

Шүүгдэгч Т.З нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгийн харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Т.З-н хүлээн зөвшөөрсөн 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай прокурорын ялын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Т.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.З нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.З нь бусдад төлөх хохирол төлбөргүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т.З-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч Залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 12000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З-д оногдуулсан 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялыг 30 /гуч/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь  бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Т.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР