Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1241

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарийнйя бичгийн дарга Э.Хонгорзул, улсын яллагч Д.Түмэнжаргал, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох, эрүүгийн 2408000000470 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч *** нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, *** *** дугаар байрны авто зогсоолд байрлуулсан байсан хохирогч ***гийн эзэмшлийн *** улсын дугаартай, “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгслийн багажийн арын цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч дугуй хийлэгчийг хулгайлж хохирогчид 100,000 төгрөгийн хохирол,

Мөн тэрээр дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа тээврийн хэрэгслийн урд капотны никель хөмсгийг хагалж, хууль бусаар устгасны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ.  

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Үүнд:

1. Шүүгдэгч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед би найз охинтойгоо муудалцсаны улмаас архи согтууруулах ундааны төрлийн зүйлийг хэрэглэсэн байсан. Үүнийг ихээр хэрэглэсэн байсны улмаас тасарсан тул ийм үйлдэл хийсэн. Уг үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2408000000470 дугаартай хэргээс:

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/,

3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-13  дугаар хуудас/,

4. Хохирогч ***гийн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн үед өөрийн *** улсын дугаартай, “Toyota Harrier” маркийн автомашинаа Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, *** *** дугаар байрны 27 дугаартай зогсоолд тавиад гэртээ орсон. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн үед би граш руугаа ороход миний *** улсын дугаартай, “Toyota Harrier” маркийн автомашины багажийн шилийг хагалсан байдалтай байсан бөгөөд дотор талаас нь дугуй хийлэгч алга болсон, жолооч талын толийг гадагшаа эргүүлсэн байдалтай байсан. Копудны никель хүрээ бас алга болсон байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

5. Хохирогч ***гийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн: “...Тухайн үед миний тээврийн хэрэгслийн арын багажийн шил хагарсан, дотор талд нь байсан дугуй хийлэгч алга болсон. Хойд талын улсын дугаарын хүрээ нь хагараад газарт уначихсан байсан. Би өмнөх мэдүүлэгтээ буруу хэлчихсэн байсан. Тухайн үед толь нь жоохон гацчихсан байсан. Тээврийн хэрэгслийн жолооч талын толинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй бөгөөд эвхэгдэж, нээгдэж хэвийн ажиллаж байгаа. Тухайн хүн миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

6. Гэрч ***ийн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Очир-2 хороололд манаач ажил хийдэг. 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр уг байрныхаа ойр орчимд хяналт тавиад оройны 00 цагийн үед унтаж амраад өглөө 06 цагийн үед сэрдэг юм. Тэгээд ажлаа хийгээд байрныхаа орчимд явж байхад 11 цагийн үед дотор гражид машинд хулгай орсон байна гэж хэлсэн. Надад уг гражний түлхүүр, мэдрэгч байдаггүй, уг зогсоолын эзэнд нь байдаг тул өөрсдөө машинаа оруулж гаргахдаа хаалгаа онгойлгоод хаадаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

7. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 14463 дугаартай: “...Капотны никель хөмсөг 600,000 төгрөг, багажны хаалганы шил 850,000 төгрөг, хойд улсын дугаарын хүрээ 10,000 төгрөг, дугуй хийлэгч 100,000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,

8. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 24/003 дугаартай: “...Хохирлын нийт дүн 700,000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, холбогдох гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 41-43 дугаар хуудас/,

9. ***аас “дугуй хийлэгч 1 ширхэг, машины никель гоёл 1 ширхэг” зэргийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,

10. Хохирогч ***д “дугуй хийлэгч 1 ширхэг, машины никель гоёл 1 ширхэг” зэргийг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

11. Шүүгдэгч ***ы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 55-64, 75-76 дугаар хуудас/,

12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,

13. Хохирогч ***гийн хохирлыг барагдуулж 2,646,000 төгрөг нөхөн төлсөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 71, 73 дугаар хуудас/,

14. Хохирогч ***гээс гаргасан: “...Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх тайлбар /хавтаст хэргийн 77 дугаар хуудас/,

15. Шүүгдэгч ***ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд, тасарчихсан байсан болохоор сайн санахгүй байна. Нэг сэрэхэд Их нарангийн автобусны буудлын ойролцоо явж байсан бөгөөд тухайн үед тээврийн хэрэгслийн дугуй хийлэгч, мөн машины никель гоёл барьчихсан явж байсан. Би тухайн ...тээврийн хэрэгслийн ар талын багажны цонхийг нь хагалаад дотор талд нь байсан тээврийн хэрэгслийн дугуй хийлэгчийг аваад, уг тээврийн хэрэгслийн урд талын копудан дээр байрлах гоёлын никелийг нь авчихсан, хойд талын улсын дугаарын хүрээг нь эвдэлчихсэн байсан. Энэ талаараа маргааш өглөө нь мэдсэн юм. ...Би өөрийн хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114 дүгээр хуудас/,

16. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгсөн шүүгдэгч ***ы хувийн байдлыг тодорхойлсон 21 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхээс хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлэв.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс дүгнэв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.

 

Тэр ч агуулгаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан.

 

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор заасан байдаг.

 

Хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг үлэмж ихэсгэсэн онцлогтойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ба уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгож мөн хэсгийн 2.1 дэх заалтад хуульчилжээ.

 

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх зэргээр нэвтрэн орсныг ойлгоно.

 

Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, агуулах, автомашин, хүн ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын авто машины кабин, багаж буюу тээшний хэсэг зэргийг хамааруулдаг.

 

Улсын яллагчаас шүүгдэгч ***ыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, мөн түүнийг уг гэмт хэргийг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг хөнгөрүүлэн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгөх тухай” санал, дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцэж оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.

 

“Эд хөрөнгө устгасан” гэдэг нь тухай эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй буюу анхны ашигтай нөхцөл байдалдаа дахин сэргээгдэхгүй болсныг ойлгоно.

Харин “эд хөрөнгө гэмтээсэн” гэдэгт тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараа анхны байдлаар ашиглаж, эзэмших боломжтой байхыг ойлгодог.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч *** нь хохирогч ***гийн эзэмшлийн *** улсын дугаартай, “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгслийн урд капотны никель хөмсгийг устгаж, гэмтээх санаа зорилгоор аваагүй, харин хууль бусаар халдаж тоногоос нь салгаж бүрэн бүтэн байдлаар нь авч явсан болох нь тогтоогджээ.

 

Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ***гийн мэдүүлэг, шүүгдэгч ***ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан, түүнд хавсаргаж ирүүлсэн тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар тогтоогддог бөгөөд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч дугуй хийлэгч, мөн тээврийн хэрэгслийн капотны никель хөмсөг зэргийг хулгайлж авсан үйл баримт бий болжээ.

 

Өөрөөр хэлбэл тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдлээр 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, *** *** дугаар байрны авто зогсоолд байршуулсан хохирогч ***гийн эзэмшлийн *** улсын дугаартай, “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгслийн багажийн арын цонхыг хагалж, хууль бусаар нэвтрэн дугуй хийлэгч хулгайлан авч 100,000 төгрөгийн, мөн тухайн тээврийн хэрэгслийн урд капотны никель хөмсгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 600,000 төгрөгийн, нийт 700,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг тус тус хулгайлан авсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Харин шүүгдэгч ***ыг шунахайн сэдлээр “бусдын үнэ цэнэ бүхий эд зүйлсээ түр хадгалах зориулалттайгаар үлдээсэн авто машины багаж буюу тээшний хэсэгт хууль бусаар нэвтэрч 100,000 төгрөгийн үнэ бүхий дугуй хийлэгч, мөн авто машины урд капотны 600,000 төгрөгийн үнэ бүхий никель хөмсөг зэргийг тус тус хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч ***д 700,000 төгрөгийн хохирол учирснаас гадна түүний эзэмшлийн *** улсын дугаартай, “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгслийн арын багажны хаалганы шил хагарсныг 850,000 төгрөг, хойд улсын дугаарын хүрээ хугарсныг 10,000 төгрөг, эд анги солиулахад 100,000 төгрөг, нийт 960,000 төгрөгийн хор уршиг учирсан болох нь тус тус “Мастер үнэлгээ” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогджээ.

Шүүгдэгч *** нь мөрдөн байцаалтын явцад хохирогч ***д нийт 2,646,000 төгрөгийн хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь банкны шилжүүлгийн баримтаар /хавтаст хэргийн 71, 73 дугаар хуудас/ тогтоогддог тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч ***ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгөх” дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ***ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон болно.

 

Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдсон болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх” эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалттай ба шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзаж “хорих ялыг хөнгөрүүлэх” нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иймд эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Дөрөв. Бусад:

 

Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ***д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч *** нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч ***гийн зүгээс “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлдэг тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ДАВААДОРЖ