Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2021/01950

 

2021 оны 08 сарын 17 өдөр                       Дугаар 102/ШШ2021/01950                        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт Г ын М /РД:***/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт Н ийн У /РД:***/-т холбогдох,

 

22,133,350 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О , хариуцагчийн өмгөөлөгч Д.Мядагбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.У болон Г.М бид нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу би 10,000,000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 18 сарын хугацаатай, 30 хоногийн 3.5 хувийн хүүтэй Н.У т зээлсэн. Үүний дараа 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр *** -1 тоот зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч нь 5,000,000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 30 хоногийн 3.5 хувийн хүүтэй надаас зээлж авсан. Уг гэрээг 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот зээлийн, *** тоот барьцааны гэрээний салшгүй хэсэг гэж тохирсон байгаа. Эдгээр зээлийн гэрээгээр бид мөн зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохирсон билээ. Энэ хоёр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч нь *** тоот хаягт байршилтай 29 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан, уг гэрээг бид зохих газарт нь бүртгүүлсэн. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Н.У нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байсан тул би шүүхэд дараах шаардлагуудыг гаргаж хандсан. Үүнд:

1/ Н.У ээс зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 12,873,000 төгрөг, зээлийн хүүд 2,823,850 төгрөг, алдангийн төлбөрт 6,436,500 төгрөг, нийт 22,133,350 төгрөгийг гаргуулах;

2/ Зээлийн төлбөрийг төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах. 

Миний зүгээс хариуцагчтай эвлэрэх гэж зөндөө үзсэн боловч ямар нэг үр дүн гараагүй. Ийм учраас би зээлийн алдангийг багасгах боломжгүй байгаа. Түүнчлэн хариуцагч нь “...5,419,075 төгрөгийг эргүүлж төлсөн” гэж хэлээд байна. Гэтэл үнэндээ тэрээр надад 7,109,000 төгрөгийг буцааж төлсөн. Би шүүх хуралдаан дээр хариуцагчийн “...5,419,075 төгрөгийг төлсөн” гэсэн тайлбарыг зөвшөөрөөд хуураад явж болох байсан. Харин ч би гэрээний дагуу тохирсон зүйлээ нэхэмжилж байгаа, түүний надад эргүүлж төлсөн 7,109,000 төгрөгийг шударгаар хүлээн зөвшөөрч байгааг шүүхээс анхаарч үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Н.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний охин, хүргэн хоёр “Азура” паб түрээслэн үйл ажиллагаа эрхэлж байсан. Пабд шаардлагатай зарим тоног төхөөрөмж худалдаж авахаар төлөвлөж миний орон сууцыг барьцаалан зээл авахаар болсон юм. 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Г.М тай зээлийн гэрээ байгуулж түүнээс 10,000,000 төгрөгийг 30 хоногт 3,5 хувийн хүүтэй зээлсэн. Үүний дараа энэ нөхцлөөр дахин 5,000,000 төгрөгийг зээлж авсан. Барьцаанд нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Миний зүгээс зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан, мөнгийг хүлээж авсан тал дээр маргахгүй. Миний тооцооллоор 5,419,075 төгрөгийг би нэхэмжлэгчид буцаан төлсөн гэж бодож байсан. Гэтэл нэхэмжлэгч “...7,109,000 төгрөгийг надаас хүлээж авсан” гэж хэлж байна. Гэхдээ би нэхэмжлэгч зээлийн хүүг өндөр бодсон гэж бичгээр өгсөн тайлбараа дэмжиж байна. Мөн хүргэн хөдөө ажиллаж байхад тархины хүнд гэмтэл авч гэмтлийн эмнэлэгт хэвтсэн зэрэг бодит шалтгааныг харгалзаж үзээд алдангиас багасгаж өгнө үү гэж хүсч байна гэжээ. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Г.М болон Н.У нар *** тоот зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр Г.М 10,000,000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 18 сарын хугацаатай, 30 хоногийн 3.5 хувийн хүүтэй Н.У т зээлэхээр, зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. 

 

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд *** тоот хаягт байршилтай 29 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж, *** тоот барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгүүдэд нийцжээ. 

 

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Г.М болон Н.У нар *** -1 тоот зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр Г.М нь 5,000,000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаатай, 30 хоногийн 3.5 хувийн хүүтэй Н.У т нэмж зээлэхээр, зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохирсон ба уг гэрээг 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот зээлийн, *** тоот барьцааны гэрээний салшгүй хэсэг гэж тохирсон байна.   

 

2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Н.У т холбогдуулж дээрх хоёр зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлийн үлдэгдэлд 12,873,000 төгрөг, зээлийн хүү 2,823,850 төгрөг,  алданги 6,436,500 төгрөг, нийт 22,133,350 төгрөгийг шаардаж шүүхэд хандсан.

 

Хариуцагчийн зүгээс зээлийн болон барьцааны гэрээг байгуулан мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй. Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...зээлийн хүүгийн тооцооллыг буруу бодсон, ...алдангийг багасгуулах хүсэлтэй” гэж тайлбарлажээ. 

 

Үндсэн зээл: 

 

Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр өөрөөр хэлбэл нэг тал нь мөнгө зээлэх эсхүл мөнгө зээлдүүлэх санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагддаг хоёр талт гэрээ бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан. 

 

Харин гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн эсэх буюу гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн эсэх тал дээр маргаан гарсан тохиолдолд мөнгө, эд хөрөнгийг шилжүүлсэн байх нь гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэл болохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгээр зохицуулжээ. 

 

Дээр дурдсанчлан хариуцагчийн зүгээс зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан, гэрээний дагуу мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй.

 

Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог. Хариуцагч гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэлд 12,873,000 төгрөгийг шаардах эрхтэй. 

 

Зээлийн хүү:

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан бөгөөд мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэн байна. 

 

2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот зээлийн гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *** -1 тоот зээлийн гэрээнүүдээр талууд 1 сарын зээлийн хүүг 3.5 хувиар, хугацааг 30 хоног байхаар тус тус тохирсон нь хууль зөрчөөгүй. 

 

Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэлд 12,873,000 төгрөг, хүү 2,823,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

Алданги:

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар өөрсдийн байгуулсан зээлийн гэрээгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ.  

 

Харин гэрээний үүргээ зөрчсөн хариуцагчийн гэм буруу болон гэрээний үүргийг зөрчсөн ноцтой байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг 3,000,000 төгрөгөөр тогтоох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасантай харшлахгүй гэж шүүх үзэв.

 

Барьцаа хөрөнгө:

 

Түүнчлэн талууд барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Н.У ээс 18,696,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.М д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,437,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 29 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,817 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.У ээс 268,875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.М д олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                               Н.ХАНГАЛ