Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/02887

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: О-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “У” ТӨХК-д холбогдох,

 

ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тус компанид шугам хоолойн засварчнаар ажиллаж байгаад 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гүйцэтгэх захирлын Б139 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан учир иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн юм. Үүнд: Баянгол дүүргийн иргэний хэргийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02510 дугаартай шийдвэрээр намайг ажилд нь эгүүлэн тогтоолгох, мөн ажилгүй байсан 2020 оны 5 дугаар сарын 20-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын  08-ны өдөр хүртэлх хугацааны (76 хоног) цалинтай тэнцэх олговорт 4,667,084 төгрөгийг гаргуулах, мөн хугацаанд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн юм.

Гэтэл хариуцагч байгууллагын гомдлоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дээрх иргэний хэргийг хянан хэлэлцээд 113 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, тухайн байгууллагын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Ажил олгогч байгууллагаас дээрх магадлалыг эс зөвшөөрч Хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Улсын дээд шатны шүүхээс 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тухайн хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээрх хөдөлмөрийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн юм. Харин хариуцагч байгууллагаас намайг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн слесарийн орон тоон дээр ажиллуулахаар тушаал гарч, ажилдаа эргэн ороод ажиллаж байгаа болно.

Иймд би, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш Хяналтын шатны шүүхийн шийдвэрийг гарч, ажилдаа орсон өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны (2020.09.08 - 2021.07.26) ажлын 229 хоногийн цалинд (9-р сар 17, 10-р сар 22, 11-р сар 21, 12-р сар 23, 01-р сар 21, 02-р сар 20, 03-р сар, 23, 04-р сар 22, 05-р сар 21, 06-р сар 22, 7-р сар 17) Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох нэг өдрийн 61409 төгрөгөөр тооцож, (НХХСайдын 2005.05.05-ний өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тогтоох журмын 7 дугаар зүйлийн А-д зааснаар нэг сарын дундаж 1,320,304 төгрөг”) 14,062,661 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас надад учирсан үр дагаврын хувьд улс даяар цар тахал гарсан, хүнд хэцүү үед эрхэлсэн ажилгүй болж, сэтгэл, санаа болон эдийн засаг, хувийн амьдралаараа хохирсон учир миний зөрчигдсөн эрхийг сэргээж, зохих хууль, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.О нь тус компанид засварчнаар ажиллаж байгаад халагдаж шүүхийн шийдвэрийн дагуу ажилд буцаан томилогдсон. “У” ТӨХК нь 100 хувь төрийн өмчит компани юм. Компанийн тухай хууль болон дүрмээр ажиллагсдын цалингийн жишиг, тарифт цалинг Төлөөлөн Удирдах зөвлөл тогтоодог ба 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ТУЗ-ийн шийдвэрээр шинэчлэн тогтоосон болно. Энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар Дулааны шугам сүлжээний 3 дугаар зэргийн засварын ажилтны тарифт цалин нэг цагийн 5,509.04 төгрөг байна. Мөн Ж.О нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2021/00719 дүгээр тогтоолоор 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалинд 4,667,084 төгрөгийг авсан болно. Иймд иргэн Ж.О-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/шш2020/02510 дугаар шийдвэрээр Ж.Оыг “У” ТӨХК-ийн Дамжуулах сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний албаны Дулааны шугам хоолойн слесарийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,667,084 төгрөгийг гаргуулан олгож, Ж.Оын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “У” ТӨХК-д даалгаж шийдвэрлэсэн, улмаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нь хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал болон Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 001/хт2021/00719 дүгээр тогтоолоор нотлогдож байна /хх 6-9, 26-33 хуудас/.

  

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч “У” ТӨХК биелүүлж, Ж.О-ыг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөр ажилд нь эгүүлэн томилж, тогтоосон олговрыг нэхэмжлэгчид олгосон үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна.  

 

2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Ж.О хариуцагч “У” ТӨХК-д холбогдуулж 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 229 хоногийн цалин хөлсөнд 14,062,661 төгрөгийг гаргуулж, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ. 

 

Хариуцагч талаас дээрх шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...нэхэмжлэгч авах ёстой цалингаа авсан” гэсэн агуулгаар маргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн өдрөөс хойш ажилд эгүүлэн томилох өдөр хүртэлх хугацааг хамааруулан ойлгоно. Нэхэмжлэгчийн шаардсан олговор нь цаг хугацааны хувьд шүүхийн шийдвэрлэсэн хэсэгтэй давхцахгүй буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь буцаан томилсон 2021 оны 7 дугаар сарын 26-ны  өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.

 

Нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалинг шүүхээс 61,409 төгрөгөөр тогтоосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр ба нэхэмжлэгч Ж.О Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 26-ны  өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй байна. 

 

Түүнчлэн дээрх хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 26-ны  өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,062,661 төгрөгийг хариуцагч “У” ТӨХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ж.О-д олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “У” ТӨХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,263 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч “У” ТӨХК-иас 228,263 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                               Н.ХАНГАЛ