Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1002

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул,

Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М , түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,

Шүүгдэгч Б.О , түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О т холбогдох эрүүгийн 2403004900742 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О  нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Таван буудлын авто захын харалдаа замд 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 21 цаг 35 минутын үед “Toyota Prius” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4. Жолооч дараах үүргийн хүлээнэ. а/. Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон...” гэсэн заалтуудыг зөрчиж, явган зорчигч буюу хохирогч Д.Т ыг мөргөж  амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Б.О  нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Таван буудлын авто захын харалдаа замд 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 21 цаг 35 минутын үед “Toyota Prius” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4. Жолооч дараах үүргийн хүлээнэ. а/. Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон...” гэсэн заалтуудыг зөрчиж, явган зорчигч буюу хохирогч Д.Т ыг мөргөж  амь насыг нь хохироосон...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Жижүүрийн шуурхай удирдлагын 102 дугаарын утсанд ирсэн “...... Toyota Prius явган зорчигч мөргөчихлөө..” гэх дуудлага, мэдээллийн бүртгэл /хх-ийн 7 дугаар тал/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13 дугаар тал/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “...Б.О ыг драйгер багаж үлээлгэн шалгахад 0,00 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14 дүгээр тал/,

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-18 дугаар тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 19-22 дугаар тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн осол болдог өдөр нөхөр маань гэртээ ирчихлээ гэж надтай утсаар ярьж байсан. Би гадуур ажилтай явж байгаад гэртээ ирэхэд нөхөр маань байгаагүй бөгөөд ирэхгүй удаад байхаар нь би гадаа зам дээр гараад харахад цагдаа нар байсан. Би юу болсон талаар асуугаад манай нөхөр ирэхгүй байгаа юм гэж хэлэхэд цагдаа нар манай усны савыг гаргаж ирсэн. Нөхрийг маань түргэний эмч ирээд аваад явсан байсан. Тэгээд би мөргөсөн жолоочийг юу болсон бэ, яаж байгаад мөргөсөн талаар асуухад тэр жолооч гайгүй мөргөсөн шүү дээ гэж хэлж байсан. Тэгэхээр нь би нөхрийгөө гайгүй байгаа байх гэж бодоод Гэмтлийн эмнэлэг дээр очтол ухаангүй байсан. Нөхөр маань тархиндаа гэмтэл аваад гавлын яс нь цуурсан байсан. Гэмтлийн эмнэлэгт байхдаа 3 хоног л нүдээ муухан нээсэн. Ярьж чадахгүй, үйл хөдлөл огт хийж чадахгүй, аппараттай хэвтэрт байсан ба буцаад ухаангүй болоод ухаан орохгүй байсаар эмнэлэгт эмчлүүлж байгаад наадмын дараа нас барсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/,

 -Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...6 дугаар сарын 26-ны өдөр буюу тэр өдөр сонгуулийн сурталчилгааны хаалтын өдөр байсан юм. Би тэр ажиллагаанд явж байгаад орой гэртээ харихад 21 цаг 50 минут болж байсан. Намайг ороход охин ажилтай, хүү цэрэгт явчихсан тул бид хоёр хоёулаа байсан. Тэгээд гэртээ байхгүй, утас нь цэнэглээстэй, бүр ороо зассан байхаар нь би ойрхон гарсан байна гэж бодсон юм. Тэгээд хүлээгээд орж ирэхгүй болохоор нь хувцсаа сольчхоод нойл ороод үзтэл байхгүй байсан тул би гараад усны тэргээ харсан байхгүй байхаар нь усанд явсан юм байх гэж бодсон. Дахиад 30-40 минут болоод хүлээгээд ирэхгүй болохоор нь зам дээр гарсан. Намайг зам дээр гарахад энэ шүүгдэгч өөр нэг залуутай цагдаа нар байцаагаад байж байсан. Би хажуугаар нь гараад худаг хүртэл яваад худаг дээр байхгүй болохоор нь эргээд иртэл энэ хүүхэд болон цагдаа нараас асуучихмаар санагдаад  юу болсон юм бэ гэсэн чинь хүн осолдсон, эрэгтэй хүн гэсэн. Тэгэхээр нь хүнд чинь бас зөн совин байдаг юм уу нэг л сонин санагдаад хүүе яадаг билээ, манай нөхөр усанд явчихсан байхгүй байдаг гэсэн чинь энэ танай тэрэг мөн үү гээд усны тэрэг гаргаад ирсэн. Тэгээд намайг очсон чинь энэ хүүхдийн жолоодож явсан тэрэг ч байгаагүй. Манай нөхөр өөрөө ч гэсэн түргэний тэргээр яваад өгсөн байсан. Би өөрөө ч гэсэн хожуу очсон юм. Намайг Гэмтлийн эмнэлэг дээр яваад очтол энэ дүү маань хамт очсон. Намайг очиход л ухаангүй байсан. Тэгээд тэрнээс хойш ухаан орохгүй байсаар байгаад 21 хоног миний хань үхэлтэй тэмцэж байгаад амьд гарч чадаагүй. Гэхдээ 2 хүүгийн маань аав бол би өөрөө сонсголын бэрхшээлтэй учраас ажил хийдэггүй байсан болохоор манай аж амьдралыг ганц зохицуулдаг байсан хүн бол тэр хүн байсан. Хэдийгээр энэ хүүхэд санаатай үйлдээгүй ч гэсэн би ямар ч гомдолгүй гэж хэлж чадахгүй. Ядаж хүүгээ цэргээс ирэхийг хүлээж чадалгүй, ач зээгээ үзэж чадалгүй нас барчихлаа шүү дээ. Тийм болохоор би энэ хүүхдэд гомдолгүй гэж үнэхээр хэлж чадахгүй. Тэгээд 2 хүүхдийн маань нэг нь сургуулиа төгсөөгүй, одоо төгсөнө. Хүү маань цэрэгт явсан, сурч чадаагүй. Ирээд сургуульд орно. Одооны хүүхдүүд 4 жил сургуульд сурдаг болсон. Бүтэн 4 жил сурахад чинь 10 сая төгрөг зарцуулагдана. Дотоод хэргийн их сургуулийн 1 жилийн төлбөр 8 сая төгрөг байдаг юм байна лээ. Одоо тэгээд бүтэн 4 жилийн төлбөрийг яах эсэхээ би мэдэхгүй л байна. Тийм болохоор би энэ хүүхдэд гомдолгүй гэж хэлж чадахгүй байна. Гэхдээ санаатай хийгээгүй гэдгийг нь мэдэж байна. Уг нь бичлэгийг нь харахад тойроод явах боломж байсан юм байна лээ. Би тэр ослыг гарснаас хойш одоо хүртэл энэ хүүхдээс нэг юм асууя гэж боддог. Яг тэр осол болоод манай хүнийг мөргөхөд юу гэж хэлсэн бол гэж бодогддог. Нэхэмжлэлийн хувьд би хүүхдийн сургалтын төлбөр, оршуулгын зардал, сэтгэл санааны хохирол авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

У.Ө ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Уг тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн миний нэр дээр байдаг юм. Тухайн осол болдог өдрийн урьд өдөр нь Одбаяр дүү маань 2-3 хоног Яармаг руу бэлтгэлтэй гээд надаас машиныг маань гуйж авч явсан. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Дүү маань машиныг засварлаж өгнө гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/,

-Иргэний хариуцагчаар өгсөн: “...Би ослын улмаас учирсан хохирлыг төлж барагдуулахгүй. Одбаяр өөрөө төлж барагдуулна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 8755 дугаартай: “...Д.Т ын биед дагзны ясанд зүүн талын лямбда заадаснаас дагз гуу хоёрлож зулайн ар хэсэгт хэд хэдэн тооны ясны сэлтэрхий үүсгэн, суман титэм заадсаар дамжин хоёр зулай руу салаалж зулайн урд хэсэгт хоёрлож сэлтэрхий үүсгэн духны хоёр тал хоёр нүдний ухархайн дээд ханыг хамарсан нийлмэл цөмөрсөн зөрүүтэй далд хугарал, тархины хоёр талын дух, зулай, чамархай, дагз хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цус хураа, хоёр талын дух зулайн дэлбэнгийн эдийн гүн дэх цус хуралт, хоёр талын духны суурь зүүн зулайн шулуун синус дагасан цус хуралт няцрал, зүүн хажуу ховдлын арын эвэр аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр уушгины доод тархмал цус харвалт, хоёр уушгины доод дэлбэнгийн арын сегмент коллапс, нүүр, толгойн хуйх, хоёр нүдний зовхи, хүзүү, эрүү, баруун сарвуу, хуруу хоёр өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гавал тархины гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 49-53 дугаар тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2491 дугаартай: “...Амь хохирогч Д.Т ын цогцост гавал тархины гэмтэл, дух болон зулай ясны цөмөрсөн хэлтэрхийт хугарал, зулай, дагз ясны хоёрлосон шугаман хугарал, баруун зүүн нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн зөрүүтэй хугарал, их тархины дух, зулайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт их тархины дух болон зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хуйханд цус хуралт, нүүр, баруун өвдгөнд зулгаралт, нүүр, баруун өвдөг, гуя шилбэ, зүүн өвдгөнд  цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто замын ослын үед мохоо зүйлийн цохих цохигдох хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл байна. Амь хохирогч нь зүрхний булчингийн архаг голомтлог үрэвсэл, зүрхний булчингийн томрол, голомтлог сорвижил, голомтлог өөхлөлт, элэгний өөхлөлт, тулай, чихрийн шижин хэв шинж ll, шижингийн шалтгаант бөөний цочмог дутагдал зэрэг архаг хууч өвчтэй байжээ. Амь хохирогч нь дээрх гавал тархины гэмтлүүдийн улмаас уушгины цочмог хатгаагаар хүндэрч нас баржээ. Амь хохирогч нь ГССҮТ-н өвчний түүхэнд бичигдсэнээр 2024 оны 07 дугаар сарын 15-ны 14 цаг 16 минутад нас баржээ. Амь хохирогч нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Амь хохирогч нь 2-р бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 59-70 дугаар тал/,

 

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 3848 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.О  19н/эр 2024.06.27” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээжийн хэмжээ мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж тодорхойлох шинжилгээ хийхэд хүрэхгүй тул шинжилгээ хийх боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 54-56 дугаар тал/,

 

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 3847 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 001575883 хуруу шилний дугаартай цуснаас спиртийн агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээжийн хэмжээ мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж тодорхойлох шинжилгээ хийхэд хүрэхгүй тул шинжилгээ хийх боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 78-80 дугаар тал/,

 

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн Цахим технологийн шинжилгээний лабораторийн ахлах шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2412 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хурдыг хяналтын камерын дүрс бичлэгээр тогтоох боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдэх тээврийн хэрэгсэл нь “А-Б” цэгийн хоорондох 19.9140 метр зайг ойролцоогоор 42.58296 км/цаг техникийн дундаж хурдтайгаар туулсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 86-90 дүгээр тал/,

 

Автотээврийн үндэсний төвийн ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 40671055 дугаартай: “...Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 3700cd, хол дээрээ 10000cd. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 5000cd, хол дээрээ 6200cd (стандарт 10000-225000cd) байгаа зүүн талын ойрын гэрэл баруун талын холын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 95-99 дүгээр тал/,

 

Мөрдөгчийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1535 дугаартай магадлагаа /хх-ийн 102 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч  Б.О  нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Таван буудлын авто захын харалдаа замд 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 21 цаг 35 минутын үед “Toyota Prius” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4. Жолооч дараах үүргийн хүлээнэ. а/. Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон...” гэсэн заалтуудыг зөрчиж, явган зорчигч буюу хохирогч Д.Т ыг мөргөж  амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эмчилгээ болон оршуулгын зардал болох 11,646,450 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан байна. Хүүхдийн сургалтын төлбөрт нийт 6 сая төгрөг нэхэмжилснийг 4 сая төгрөгөөр гаргуулах саналтай байна. Сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 99,000,000 төгрөгийг шүүгдэгч Б.О аас гаргуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Цэрэнхандаас: “...Шүүгдэгч Б.О  нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ... улсын дугаартай Тоёота Приус маркийн бусдын эзэмшлийн автомашиныг жолоодож явж байх хугацаандаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйл, 1.3 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөрчиж, амь хохирогчийг мөргөсөн байна. Энэ үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдхүй бүрд хор уршиг, хохирлыг барагдуулах ёстой. Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр амьд явах, эрүүл мэндийн халдашгүй байх эрхтэй. Иймд хууль ёсны төлөөлөгчийн хохирлыг барагдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ундраххэрлэнгээс: “...Зам тээврийн осол нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар амь хохирогч болон шүүгдэгч нарын буруутай үйлдлийн улмаас  үүдэн бий болсон. Миний үйлчлүүлэгч өөрийн хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Сэтгэл санааны хохирлын хувьд хохирогчийн тодорхой хэмжээний буруутай үйлдэл болох явган хүний гарцаар гараагүй нөхцөл байдлыг шүүх харгалзаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоож өгөхийг хүсэж байна. Миний үйлчлүүлэгч Б.О  амь хохирогчийн ар гэрээс удаа дараа уучлалт гуйж, өөрийн гэм бурууг ухамсарлаж байх тул шүүх энэ байдлыг харгалзаж үзэхийг хүсэж байна. Эхний ээлжинд шүүгдэгч 4 сая төгрөгийг бэлэн төлөх боломжтой байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. 

 

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, хүний амь нас хохирсон үйлдэл хоорондоо шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Д.Т  нь 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 16 минутад: “...гавал тархины гэмтлийн улмаас уушгины цочмог хатгаагаар хүндэрч нас барсан...” болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байх тул уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэж үзэв.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 13.2.1. Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” гэж тус тус заасан тул замын хөдөлгөөнд оролцогч аливаа этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

 Шүүгдэгч Б.О  нь“Toyota Prius” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4. Жолооч дараах үүргийн хүлээнэ. а/. Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас иргэн Д.Т ын амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд  шүүгдэгч Б.О ыг Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх тайлбар дүгнэлтэд няцаалт хийгээгүй болно.

 

Хохирол, хор уршиг:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М  нь шүүх хуралдаанд хүүхдийн 01 жил, 5 сарын хугацааны сургалтын төлбөр 6,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу 99,000,000 төгрөг, эмчилгээ болон оршуулгын зардал 15,491.360 төгрөг тус тус нэхэмжилсэн.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын гаргаж өгсөн баримт болон мэдүүлгээр шүүгдэгч нь 11,646,450 төгрөгийг эмчилгээ болон оршуулгын зардалд тооцон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн байна.

Хэрэгт авагдсан баримтуудтай танилцахад оршуулгын болон эмчилгээний зардалд 15,491,360 төгрөг гарсан, зарцуулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн өгсөн гэх 11,646,450 төгрөгийг хасаж 3,844,910 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь дээрх 3,844,910 төгрөгийг өгсөн, авсан талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг эмчилгээ болон оршуулгын зардлыг төлсөн гэж үзлээ.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “...Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй...” гэж,

Иргэний хуулийн 511.3 дахь хэсэгт “...сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...” гэж,

Мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “...Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно...” гэж тус тус заасан.

Мөн Хууль зүй дотод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хамтарсан тушаалаар “гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам” батлагдсан.

Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “...хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай...” тогтоол гарсан.

Иймд шүүх дээрх хууль болон журам, тогтоолыг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршигт гэмт хэрэг гарах үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцон 99,000,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шүүхээс тогтоосон 99,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч хамтран хариуцах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.О , иргэний хариуцагч У.Ө нараас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор заасан 99,000,000 төгрөгийн хохирол, хор уршгийг шүүгдэгч барагдуулах үүрэгтэй ба барагдуулахгүй бол иргэний хариуцагч хамтран барагдуулах үүрэг хүлээнэ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:  

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаанд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүйгээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Цэрэнхандаас: “...Улсын яллагчтай ижил саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О аас: “...Шүүгдэгчийн гэм буруугийн шалтгаан нөхцөлийг харгалзаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаанд хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү.  Шүүгдэгч нь Дотоод хэргийн их сургуульд суралцдаг тул зорчих эрх хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.О ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 109 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107 дугаар тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 108 дугаар тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 110 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 111 дүгээр тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 112 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 113 дугаар тал/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 114 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Б.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, оршуулгын зардалтай холбоотой хохирол төлбөрийг төлж барагдуулсан нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 жилийн хугацаагаар хасаж, 01 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б.О ыг дээрх хугацаанд байнга оршин суух Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.  

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.О  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.О ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосонгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О т шүүхээс оногдуулсан байнга оршин суух Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Б.О т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 /зургаа/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

            6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.О  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг тус тус баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршигт 99,000,000 /ерэн есөн сая/ төгрөгийг шүүгдэгч Б.О , иргэний хариуцагч У.Ө нараас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М д олгосугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.О т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.        

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.