Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2020/00034

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 5 гудамжны  тоотод оршин суух, Б овогт Сн ... /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, Хасбаатарын гудамж, 6б байрны 8 тоотод оршин суух, Овогт Н... /РД холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 16,070,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.... болон хариуцагч Н.... нар 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 30,000,000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй, үүргийг хугацаанд нь гүйцэтгэхгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алдангитай байхаар талууд харилцан тохирсон.

Зээлдэгч Н.... нь гэрээ үргэлжлэх хугацааны буюу 3 сарын хугацааны хүүгээ бүрэн төлж барагдуулсан. Гэвч үндсэн зээл болох 30,000,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төлөх үүргээ биелүүлэлгүй 105 хоногийн хугацаа хэтрүүлж явсны эцэст 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 25,000,000 төгрөгийг төлсөн ч түүнээс хойш үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 5,000,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй гэрээний хугацааг 477 хоног хэтрүүлээд байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

1/ 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны буюу 105 хоног хугацаа хэтрүүлсний алданги 6,300,000 төгрөг. Алдангийг гэрээнд заасны дагуу 0.2 хувиар тооцсон ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг үндсэн зээл болох 30,000,000 төгрөгөөс тооцсон.

2/ 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны буюу 477 хоногийн алданги 4,770,000 төгрөг. Алдангийг гэрээнд заасны дагуу 0.2 хувиар тооцсон ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг үндсэн зээлийн үлдэгдэл болох 5,000,000 төгрөгөөс тооцсон.

3/ 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг.

Хариуцагч одоо болтол зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээ төлөөгүй байгаа. Мөн бид гэрээгээр тохирсон учир алданги шаардах эрхтэй. Нийт 16,070,000 төгрөгийг хариуцагч Н....гээс гаргуулж өгнө үү.

Хариуцагчаас 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөгийг хүлээн авсан. Гэхдээ хариуцагч Н.... нь зээлээ төлөхгүй удаад байсан учир нэхэмжлэгчид 10,000,000 төгрөгийн хүү төлөхөөр болсон байдаг. Уг 10,000,000 төгрөгийн хүүний урьдчилгаа гэж 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн учир зээлийн үлдэгдэл нь 4,000,000 биш 5,000,000 төгрөг байгаа гэж нэхэмжлэгч үзсэн. Нэхэмжлэгч болон хариуцагч нар уг нь хамаатан садангийн хүмүүс. Өмнө нь эвлэрэх талаар нэхэмжлэгч санал тавьсан боловч бүтээгүй тул шүүхэд хандсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Дараах тайлбарыг өгч байна. Нэхэмжлэлийг С.... /манай хүргэн/ биш итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өлзийбаяр гэж хүн гаргасан байна. Жинхэнэ нэхэмжлэгч С....тэй үлдэгдэл 4,000,000 төгрөгийг алдангийн хамт оны сүүлчээр өгье гэж тохирсон байсан. Гэтэл уг хэлцлийг зөрчиж нэхэмжлэл гаргасан байна. Мөн хариуцагч 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 25,000,000 төгрөг төлөхөөс өмнө 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг үндсэн зээлд төлснийг оруулаагүй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 4,000,000 төгрөгийг алдангийн хамт төлөхөөр эвлэрэх саналтай байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 3 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй байгуулсан нь үнэн. Хариуцагчийн зүгээс 3 сарын хүү болох нийт 2,430,000 төгрөгийг төлсөн. Үүний дараа 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн. Харин 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн. Одоо гэрээний бодит үлдэгдэл нь 4,000,000 төгрөг байгаа. Уг 4,000,000 төгрөгийг алдангийн хамт хариуцагч төлөх хүсэлтэй байгаа ч нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар уг нь садангийн улсууд, асуудлыг эвээр шийдвэрлэх гэсэн боловч нэгэнт шүүх дээр маргаан нь ирсэн учир хариуцагч дээр дурдсан үнийн дүнгээс илүү мөнгө төлөхгүй гэсэн байр суурьтай байгаа. Хариуцагч нь нэхэмжлэгчид “...би 10,000,000 төгрөгийг хүүнд нь төлнө” гэж хэзээ хэлээгүй, энэ талаар ямар нэг тохиролцоо хийгээгүй. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 4,000,000 төгрөг, түүний алдангийг л төлөх хүсэлтэй байгаа. Үлдэх хэсгийг төлөх боломжгүй гэжээ. 

  

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр С.... болон Н.... нар зээлийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр С.... нь Н....д 30,000,000 төгрөгийг 2018 оны  3 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй зээлэх, зээлдэгч зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцохоор харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ. 

 

Дээрх гэрээнд зохигчид өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэн гарын үсэг зурсан, гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ. 

 

Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог ба хариуцагчийн зүгээс дээрх гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг хүлээн авсан болон гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэж чадаагүй талаараа маргаагүй учир нэхэмжлэгч 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч С.... нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, гэрээний хугацаа дууссан 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны алдангид 6,300,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны алдангид 4,770,000 төгрөг, нийт 16,070,000 төгрөгийг хариуцагчаас шаардан шүүхэд хандсан.

 

Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...Хариуцагч үндсэн зээлийн үлдэгдлээ одоо болтол төлөөгүй. Мөн бид гэрээгээр тохирсон тул алданги шаардах эрхтэй” гэж тайлбарлаж байна.   

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

А/ Үндсэн зээл:

 

2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 3 сар байсан. Зохигчид 3 сарын хүү болох 2,430,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлсөн болон гэрээний хугацаа дууссанаас хойш дор дурдсан хэмжээний төлбөрүүд хийгдсэн талаар маргаангүй байна. Үүнд:

1/ 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг.

2/ 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 25,000,000 төгрөг.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хариуцагч зээлийн эргэн төлөх хугацааг удаашруулсан тул 10,000,000 төгрөгийг гэрээний хүүнд тооцож өгөхөөр тохирсон. 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн 1,000,000 төгрөг нь хүүний урьдчилгаа байсан тул үндсэн зээлээс хасагдахгүй” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасны дагуу өөрийн тайлбарыг нотлоогүй, холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй тул 1,000,000 төгрөг үндсэн зээлээс хасч тооцогдоно. Ийнхүү тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөг байна.

 

Б/ Алданги

 

2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн  гэрээний 2.7-д “...Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж заагдсан байна. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ.  

 

2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн  гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг эргэн төлөх хугацаа 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байсан. Зээлдэгч Н.... 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг төлсөн ба 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны алданги 900,000 төгрөг болно /1 өдрийн алдангийг 30,000,000 төгрөгийн 0.2 хувиар тооцоход 60,000 төгрөг болно. 15 хоног х 60,000 төгрөг= 900,000 төгрөг/.

 

Зээлдэгч Н.... 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 25,000,000 төгрөг төлсөн. 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацааны алданги 4,988,000 төгрөг болно /1 өдрийн алдангийг 29,000,000 төгрөгийн 0.2 хувиар тооцоход 58,000 төгрөг болно. 86 хоног х 58,000 төгрөг= 4,988,000 төгрөг/.

 

Харин 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд хандсан 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны алдангийг үндсэн зээлийн үлдэгдэл болох 4,000,000 төгрөгөөс тооцоход 2,968,000 төгрөг болно. Тодруулбал, хариуцагчийн гэрээний дагуу төлөх ёстой алдангийн хэмжээ 8,856,000 төгрөг, нийт төлөх төлбөр 12,856,000 төгрөг болж байна.

 

Гэвч хариуцагчийн гэрээний дагуу төлбөрөө төлж байсан хэмжээ, үүргээ зөрчсөн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж алдангийн хэмжээг 2,856,000 төгрөгөөр бууруулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасантай харшлахгүй гэж шүүх үзэв.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Н....гээс 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Н....гээс 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С....д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,070,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н....гээс 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С....д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

   

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                            Н.ХАНГАЛ