| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0368/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1278 |
| Огноо | 2024-11-22 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1278
2024 11 22 2024/ШЦТ/1278
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Энхболд /ҮД:3061/,
Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий /ҮД:0299/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гд холбогдох 2403 00000 0802 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .................... оны 01 дүгээр сарын ................-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 2............. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт ............... дүүргийн........... дүгээр хороо, ......... тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт Б Г /РД:..../.
Хэргийн товч агуулга:
Б.Г нь согтуурсан үедээ буюу 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 04 цаг 25 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Офицеруудын ордны тойргийн замд, Mercedes Benz маркийн ..... УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас төмөр шон мөргөж осол гаргаснаар, зорчигч болох 34 настай, эмэгтэй, Бамь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г өгсөн мэдүүлэгтээ: “Хохирогчийн ээжээс, ах дүүсээс чин сэтгэлийн гүнээс уучлалт хүсэж байна. Ямар нэгэн байдлаар өөрийгөө өмөөрөхгүй. Би өөрийн хийсэн гэм буруутай зүйлдээ 100 хувь хариуцлагаа хүлээн зөвшөөрнө. Миний ярьж байгаа зүйл үнэн болохыг баталж байна. Талийгаач бид хоёр хэрэг болохоос 2 сарын өмнө танилцсан. Бид хоёр санамсаргүй байдлаар бүжгийн клубт танилцсан. Хамт тамхилж, яриа нийлж байсан тул утасны дугаарыг авсан. Нэг өдөр “гэрийнхээ ойролцоо байна хүрээд ир, би найзтайгаа хамт сууж байна” гэж хэлсэн. Би очиж авахад юм уусан, хөөрөлдөөд сууж байсан. Тэгээд би байж байгаад ах дуудаад байсан тул явах гэж байсан. Уусан байсан тул би өөрийн машинаа үлдээгээд, машиныг чинь бариад хүргэж өгөөд өөрөө такси бариад ирээд өөрийн машинаа авъя гэж хэлсэн. Гэтэл талийгаач Н “чи урд куперлээд урд гараад цагдаа хараад явчих, би ард чинь явъя” гэж хэлж байсан. Тэгээд би урд нь цагдаа хараад явж байгаад, гэрт очоод нэлээн дотно яриа өрнүүлээд, бие биедээ таалагдсан. Тэгээд би англи хэл сурах хүсэлтэй, англи хэлний сургалтад явж байгаа гэхэд надаар заалгуулж болно гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт хоносон. Тэгээд би гэрт нь хоноод өглөө нь явсан. Тэгээд орой нь над руу мессеж бичсэн. Бид хоёр англи хэл сурах маягаар уулзаж, яриа нийлж байсан тул цаг хугацаа хөгжилтэй өнгөрч байсан. Бид хоёр хамт Хөвсгөл рүү амарч явж, харилцаа гүнзгийрч, хүүхэдтэй болох талаар хүртэл ярьсан. Хэрэг болдог өдөр зүүднээс болж эхэлсэн. Н хэзээ ч над руу уурлаж үзээгүй. “Өмнө нь хамт амьдарч байсан Дени гэх залууг үхэж байна гэж зүүдэллээ” гэж уйлж сэрсэн. Тэгээд гэр нь ундуй сундуй байгаагаас болж намайг жаахан зэмлээд байх шиг байхаар нь “би гэр лүүгээ харилаа” гэхэд “гуйж байна, түр байж бай, намайг уучлаарай” гэж хэлсэн. Би ерөнхийдөө хэлсэн үгэнд нь гомдсон. Би ээжийн бие муу байгаа тул би ээж дээрээ очих хэрэгтэй. Хамт очъё гэж хэлсэн. Тэгээд би ээж дээрээ ойр зуурын юм аваад орсон. Тэгээд би эндээ хоночих уу гэхэд үгүй. Хоёулаа хамт явъя гэж машинаас буухад хэлсэн. Тэгээд би гадаа хүлээж байна гэж бодоод хурдан ороод гараад ирэхэд найзынх руугаа орсон байсан. Тэр найзынх нь манай гэрээс 2 км зайтай газар. Тэгээд би автобусны буудал дээр хүлээгээд, залгасан чинь “одоо очлоо” гээд машинаа согтуу бариад ирсэн. Тэгээд би “чи яагаад согтуугаар машин барьж байгаа юм” гээд ундууцсан. Яагаад гэвэл манай ээжийн бие муу байсан. Би ээжтэйгээ хамт баймаар байсан тул “чи ингэж байгаа юм бол найзындаа хоночих, тэгээд би гэр лүүгээ орлоо” гэж хэлсэн. Тэгээд намайг “найзынх руугаа орчхоод гаръя” гэж хэлээд нэг шил архи авсан байсан. Н би архи уулгадаггүй байсан. Яагаад гэвэл би өөрөө архи амсдаггүй. Архи уугаад хэзээ ч машин барьж үзээгүй, энэ амьдралдаа. Тэгээд би цүнх, гутлаа аваад машинаас нь буугаад доошоо алхсан чинь Н араас “гуйж байна, намайг уучлаач дээ, чи гомдоод байгаа юм уу” гээд миний хоёр талд гараад байхаар нь би эмэгтэй хүнийг бас тэгээд байх нь сонин санагдаад “чи орчоод гараад ир” гэж хэлсэн. Би гэрт нь хамт амьдардаг болохоор “хувцсаа угаая, ажилтай” гэж хэлсэн. Гэтэл “орчхоод гараад ирье” гэж хэлээд орсноо, гэрийн эзэн, нөгөө хоёроо дагуулаад хамт гарч ирээд, намайг бантуулах маягаар “эм хүн шиг маяглаад оръё” гээд байсан. Гэрт нь ороод цай уугаад гарах бодолтой байсан. Тэр 3 архи уусан байсан. Тэгээд Н авч орсон нэг шил архиа тойруулаад уусан. Тэгээд би уухыг хүсээгүй. Надад уух сонирхол байгаагүй. Ээжийн бие өвдсөн байхад тэр хүмүүстэй инээж суух сонирхол байгаагүй. Гэтэл гэрийн эзэн болон тэр 3 намайг ширтээд тойроод 10, 20 минут суусан байсан тул надад эвгүй санагдаад, намайг шинжээд байгаа бололтой байсан. Би ч гэсэн цаашдаа хамт амьдарна гэж бодож байсан. Би архи ууж чаддаггүй байсан ч тэр архинаас уусан. Гэрт нь хонох тохиролцоотой уусан. Сэтгэл амарсан. Би ямар ч гэсэн унавал унтчих юм байна гэж бодсон. Тэгээд тэр айлын хүн бид хоёрт юм бэлэглэсэн. Тэрэнд нь бид хоёр баярласан. Бид хоёрын сонсдог хамтлагийн футболк бэлэглэсэн тул их баярлаж байснаа санаж байна. Гэтэл талийгаач хүүхдийн өрөөнд ор зассан байсан чинь хүүхдийн өрөөнд нь унтахыг хүсээгүй юм уу, “хоёулаа харья тэгэх үү” гэхээр нь “яах гээд байгаа юм бэ” гэхэд шууд гараад явсан. Би араас нь хувцсаа аваад гарсан. Тэгээд бид хоёр гараад машиндаа суусан. Н барьдгаараа машинаа барихыг завдсан. Тэгээд би зөвшөөрөөгүй. Тэгээд 2 дуудлагын жолооч руу залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд эрийн хугархай юм болохоор тэгээд би барья гэж хэлсэн нь буруу...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б өгсөн мэдүүлэгтээ: “Энэ хэрэг 09 дүгээр сарын 04-ний үүрээр болсон. АНУ-ын агаар шөнө 3 цагийн үед охины найз Н гэдэг охин над руу мессенжерээр залгасан байсан. Би эргээд залгасан чинь “осолд орсон юм шиг байна, хаана байгааг нь асуугаад өгөөч” гэж хэлсэн. “Ганзориг гэдэг хүн байна” гээд надад утасны дугаарыг нь өгсөн. Би зүгээр жижиг осол гэж бодсон. Гэхдээ бага зэрэг сандралтай Ганзориг гэдэг байцаагч руу залгахад “харамсалтай байна, ийм хэрэг болсон” гэж хэлсэн. Би шууд Монгол руу явъя гээд тийз захиалаад, 09 дүгээр сарын 11-ний өдөр Монгол улсад буугаад, буяны ажил явдал эхэлсэн. Ажил явдлын дараа 09 дүгээр сарын 15-ны өдөр очиж анхны мэдүүлэг өгсөн. Хэргийн материалаас зураг үзэж чадаагүй, машин хурдтай явж байсан бичлэгийг хараагүй. Манай дүү хараад маш хурдтай явж байсан. Ямар ч тоормос гишгэх чадваргүй явж байсан. Ядаж тоормос гишгэсэн бол амь нас нь хохирохгүй байх байсан. Талийгаачийг уудаг байсан мэтээр ярьж байна. Мэдээж үхсэн хүн босож ирээд үг хэлэхгүй. Миний охин энд байхдаа зүгээр суудаггүй байсан. АНУ-д гоо сайханд ажиллаж байсан тул энд гоо сайхны салон ажиллуулж байсан. Г орлого багатай гэж хэлж байсан. Гэхдээ энэ хоёр зун цагт танилцсан. Энэ үед улирлын шинжтэй орлого бага байдаг. Намар, өвөл завгүй орлоготой байсан. Би АНУ мөн ажилтай хүн байсан. Энэ хэргийн улмаас хамаг амьдрал орвонгоороо эргэлээ. Хар дарсан зүүд хэзээ дуусах бол гэж хүлээгээд байж байна. Харамсалтай байна. Миний охин нийтэч, олон найзтай, хүрээлэл ихтэй, тусархуу, өөрийн ажлаа хаяад хүний ажлыг бүтээдэг, сэргэлэн, урлаг, спортын авьяастай. Бүх зүйлээр хичээллэж байсан. Манай гэрт хөгжмийн 2, 3 төрөл байдаг. Бүгдийг нот харж тоглодог. Миний охин 10 дугаар анги төгсөөд ХААИС-д ороод 3 дугаар курст оюутан солилцоогоор АНУ-руу явсан. Архи дарс уудаггүй. Хагалгаанд орсноос хойш бүр уухгүй байсан. Тэр өдөр энэ хоёр муудалцсан юм уу? Яагаад архи уусныг ойлгохгүй байна. Бид хоёр өдөр бүр ярьдаг. Нас барсан өдрийнхөө орой 10 цагт над руу залгаж ярьсан. Надад гарна гэж хэлээгүй. Надад гарах байсан бол хэлдэг. Бид хоёр найзууд шиг байсан. Эрүүл мэндийн хувьд хагалгаанд ороод 4 жил болсон. Өрөөсөн бөөрөө өгсөн дүү энд сууж байна. 4 жилийн хугацаанд эмээ уугаад, хяналтад яваад хэвийн байсан. Хохирол төлбөрт оршуулгын зардал 35.141.787 төгрөг нэхэмжилсэн. Энд Монголд ирэх онгоцны тийз, машины үнэлгээ, өмгөөллийн хөлс зэргийг хассан байсан. 45 сая төгрөгөөс хассан байсан. Тэгээд оршуулгын зардал гээд баримттай 136 ширхэг, баримтгүй 18 ширхэг зарлага гарсан. Оршуулгын зардал 5.842.000 төгрөг, хоол хүнс 7.726.990 төгрөг гээд яллах дүгнэлтэд бичсэн байгаа бүгдээрээ байгаа...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.02/,
Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.04-11/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.12-15/,
Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх.1.16/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.1.18/,
Хурааж авсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.25-27/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын өгсөн: “...Би өөрөө АНУ-д ажиллаж амьдардаг, харин миний талийгаач охин Б.Н нь ганцаараа Монгол улсад амьдардаг юм. Ингээд 2024.09.04-ний өдөр АНУ-ын цагаар шөнийн 03 цагийн орчимд миний охины найз Д.Н гэх эмэгтэй фейсбүүк чаатаар залгасан, тэгээд надад “таны охин Б.Н автын осолд орсон, ингээд цагдаад шалгагдаж байгаа” гэж хэлсэн... Би өөрөө 1 хүүхэдтэй хүн л байсан, тэр нь талийгаач Б.Н байсан юм, миний охин 1989 онд Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, нас барах хүртлээ хувиараа гоо сайхны салон ажиллуулж байсан, миний охин бага насаа Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгээр хүмүүжиж өссөн, миний охин хүнтэй гэрлэж байгаагүй, хүүхэд байхгүй байсан. 2010 онд миний охин АНУ-руу сурахаар явсан ба тэнд байж байхдаа бөөрний дутагдалд орж улмаар 2017 онд би сүүлд суусан нөхрийн хамт АНУ-руу явж, тэндээ охиныхоо биеийг нь тэнхэртэл хажууд нь байж байгаад арай гайгүй болохоор нь 2019 онд охин маань Монгол улсад ирж 2020 онд бөөрний хагалгаанд ороод 4 жил л болж байсан. Харин би нөхрийн хамт үлдээд ажиллаж амьдарч байгаад сая охин маань нас барсан гэхлээр нь Монгол улсад ирсэн. Миний охины Монголд салон ажиллуулж, өөрийн гэсэн ажил төрлөө хийж явсан хүн юм. Харин энэ осол гаргасан залуу нь миний охинтой нас барахаас нь өмнө 2 сарын өмнөөс нийлж нөхөрлөж байсан гэж миний охины найзууд хэлж байсан. Би тэр Г гэх хүнийг огт танихгүй, надад охин маань энэ хүний талаар огт хэлж байгаагүй юм. Осолд орсон тээврийн хэрэгсэл нь миний охины нэр дээр байсан... өөрийнх нь эзэмшлийнх... Би маш их гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... нийтдээ 85.539.487 төгрөгийн хохирол надад учраад байна... 72-48 УАА улсын дугаартай Mercedes Benz С200 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч учир иргэний нэхэмжлэгч болж байгаагаа хүлээн зөвшөөрч байна... гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх.1.29-31, 35-36, 39/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх.1.40/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.С өгсөн: “...Манай гэр ХУД-ын нутаг Яармагийн Хүннү молл дэлгүүрийн замын эсрэг талд байдаг юм. Ингээд орой гэртэй унтаж байсан чинь манай найз Б.Н утсаар анх залгасан, мөн чат бичсэн ба 22.20 орчимд гэрийн чинь ойролцоо ирсэн байна гэсэн. Ингээд надтай уулзмаар байна, жаахан сууцгаах уу гэхлээр нь би өмнө нь 2-3 удаа уулзаж жаахан сууцгаая гэхлээр нь би ажилтай завгүй, эсвэл хөдөө явсан байдаг учраас уулзаагүй, тэгээд би за за өмнө нь уулзаж чадаагүй юм чинь гээд “гэрт ороод ир” гэж хэлээд манай том өрөөнд сууж хэсэг юм ярьсан, харин манай нөхөр Ууганбаяр хүүхдээ унтуулаад том өрөөнд орж ирээд надад хандаад “чи хүн ирж байхад аяганы амсар зуулгахгүй явуулах гэж байгаа юм уу” гэхлээр нь би Нээс “чи ус уух уу, цай уух уу” гэж асуухад “надад мөстэй 100 гр архи хийгээд өг” гэхлээр нь би хийж өгсөн. Ер нь бол Н өмнө шууд архи хийгээд өг гэж хэлж байгаагүй юм. Ингээд улмаар бид 2-ыг ч гэсэн хань болоод уугаач гэхлээр нь нөхөр бид 3 хамт 0,75 гр хэмжээтэй архи хувааж уусан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад Н утас байн байн дугараад байхаар нь би “нөгөө шинэ найз чинь үү” гэсэн “тийм” гэсэн ба “гадаа хүлээж байгаа” гэхлээр нь “чи оруулаад ирээч ямаршуу залуу вэ гэдгийг нь тандаж үзье” гэж хэлсэн. Н оруулж ирнэ гээд гарсан ба орж ирэхдээ архи аваад ирнэ гээд гарсан. Тэгээд орж ирэхгүй хэсэг хугацаа өнгөрсөн ба би шөнийн 00 цаг өнгөрөөгөөд орж ирэхгүй байхаар нь “чи яасан бэ” гээд Нээс асуухад “найз нь одоо орлоо” гээд удалгүй орж ирсэн ба ганцаараа нэг шил архи бариад орж ирсэн. Тэгээд ганцаараа байхаар нь би “хөөе нөгөө найз чинь яасан бэ” гэсэн чинь харин санаа нь зовоод орж ирэхгүй гээд байна гэхлээр нь Н, Манай нөхөр бид 3 хамт гараад “хүн урьж байхад санаа зоволтгүй” гэж хэлсэн чинь “за за” гээд орж ирсэн. Ингээд улмаар бид нар жаахан ярьж сууцгааж, авсан архиа уугаад дахин 2 шил архи манай агуулахад байхаар нь авч ууцгаасан. Харин би сүүлийн 2 архины эхний архинаас тал хүртэл нь ууж байснаа санаж байна, түүнээс цааш юу болсныг санахгүй байна. Ингээд өглөө гэртээ 09 цаг өнгөрч байхад сэрээд нөгөө 2-ыг манай амралтын өрөөнд унтаж амарч болно гэж хэлсний дагуу унтаж байгаа юм болов уу гэж бодсон, хүн байхгүй, тэр 2 явсан байсан. Ингээд би талийгаач Н гар утас руу залгахад холбогдохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.1.51-52/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Пөгсөн: “...Н, Манай эхнэр бид 3 хамт гараад нөгөө залууд “хүн урьж байхад санаа зоволтгүй” гэж хэлсэн чинь “за за” гээд орж ирсэн. Ингээд улмаар бид нар гэрт жаахан ярьж сууцгааж авсан архи уугаад дууссан. Дахин 2 шил архи манай агуулахад байхаар нь авч ууцгаасан. Харин би сүүлийн 2 архины эхний архийг ууж байгаа хүртэл нь санаж байна, түүнээс цааш юу болсныг санахгүй орон гаран байна. Ингээд өглөө хүүхдээ хүргэж өгөх гээд босож ирсэн чинь нөгөө 2 аль хэдийн яваад өгсөн байсан. Харин ширээн дээр сүүлийн 2 архины 1 шил нь бүтнээрээ байсан. Би шөнө зарим нэг зүйлийг хальт санаад байснаар би 2 зочиндоо гарын бэлэг өгч байснаа санаж байна...” гэх мэдүүлэг /хх.1.54-55/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Золжаргалын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 3043 дугаартай:
“1. Талийгаач Бцогцост цээжний баруун 2,3-р хавирга, зүүн талд 1,2,3,6,7,8-р хавирганы хугарал, хоёр уушгины авчилт, зүүн уушгины гялтангийн цус хуралт, баруун бөөрний тасрал, няцрал, өөхлөгт цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа /2500мл/, элэгний VII сегментийн капсул доорх цус хуралт, умдаг ясны баруун дээд салааны зөрөөтэй хугарал, баруун шагайн үений мултрал, цээж, хэвлий, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт, хэвлий зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь авто ослын үед мөргөгдөх, цохигдох, шахагдах хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.5. Талийгаач нь цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.
4. Талийгаачид үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй.
6.2024.09.04-ний өдрийн 07 цаг 15 минутын шүүх эмнэлгийн цогцсын гадна үзлэгээр нас бараад 2-4 цаг болжээ.
7. Талийгаач нь цус нь гуравдугаар бүлгийн харьяалалтай байна.
8. Талийгаач нь дунд зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт / хх.1.58-68/,
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх.1.73/,
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024.09.11-ний өдрийн 80 дугаартай “...M.Benz С200 маркийн 7248 УАА улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг ШШТХ-ийн 19.1.6 заалтыг үндэслэн техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна...” гэх 80 дугаартай албан бичиг /хх.1.78/,
“Ино марк мастер” ХХК-ийн Авто оношилгооны тайлан дүгнэлт /хх.1.94/,
“Виннэрвэй Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн авто машин техникийн үнэлгээний тайлан /хх.1.103-108/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх.1.125/,
Мөрдөгчийн магадалгаа /хх.1.127-129/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.1.135-138/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.1.141/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...Би энэ хэрэг гарахаас 2 сарын өмнө нь танилцсан, надад Англи хэл зааж өгдөг байсан, ингээд хайр сэтгэлтэй болж гэрт нь хамт 1 cap хамт амьдарч байсан. Мөн талийгаач бие муутай учраас хөдөө явж үзээгүй гэж хэлээд улмаар тойрон аялал хийж Хөвсгөл аймагт 2024.08.05-13-ны өдрийн хооронд яваад ирсэн. Энэ хугацаанд талийгаач биеийн бөөр муутай, олон жилийн насгүй, би чамд хань болж чадахгүй гэсэн боловч Улаанбаатар хотод ирээд тусдаа байх гэсэн чинь Б.Н нь өөрөө надтай ирж уулзаад улмаар хамт амьдрахаар болоод гэрт нь буцаж очоод амьдарч байсан... миний хувьд би өөрөө архи уудаггүй, талийгаачийг би архи уучихсан байхаар нь “би гэр лүүгээ ороод хоночих уу, би архи уумааргүй, мөн айлд ормооргүй байна” гэсэн чинь талийгаач “за за, тэгвэл чи намайг машиндаа суугаад хүлээж бай” гэхлээр нь би машинд суугаад хүлээж байтал Б.Н нөгөө айлаас өөрийн найз болох эхнэр, нөхрийг нь дагуулаад гарч ирж улмаар намайг бөөндөө хамт орж жаахан сууцгааж байгаад явцгаа гээд гуйгаад байхаар нь би хамт орсон. Улмаар ороод бас жаахан уучих энэ тэр, мөн хоноод яв гэхлээр нь би архинаас нь уусан. Тэгээд сууж байснаа Б.Н гэнэт 2-лаа гэртээ харьцгаая гээд байхаар нь би хамт гарсан дуудлагын жолооч дуудаад утсаа авахгүй байхаар нь Б.Н би өөрөө машинаа барина гэхлээр нь би арай гайгүй согтолттой байна гээд өмнүүр нь орж машиныг барьж яваад осол гарсан Миний хувьд гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй, би өөрийн болгоомжгүй, санамсаргүй байдлаас болж ийм осол гаргасандаа маш их харамсаж, гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.1.48-49, 142-143/,
Хохирогч эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчилгээ авсан тухай баримт /хх.1.146/,
Амь хохирогчийн хохирлын баримтууд /хх.1.201-250, хх.2.01-25, шинээр гаргасан 24 хуудас/,
Шүүгдэгч Б.Ггаас хохиролд нийт 40.000.000 төгрөг нөхөн төлсөн тухай баримт /хх.2.33, шинээр гаргасан 1 хуудас/,
Шүүгдэгч Б.Ггаас Эрүүл мэндийн даатгалын санд 50.000 төгрөг нөхөн төлсөн тухай баримт /хх.2.34/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Гн хувийн байдлыг тодорхойлох баримтууд, иргэний үнэмлэхийн хуулбар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.1.152-200/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын дүгнэлт:
Шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ буюу 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 04 цаг 25 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Офицеруудын ордны тойргийн замд, Mercedes Benz маркийн 72-48 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул,хохирол учруулахгүй.хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3- т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас төмөр шон мөргөж осол гаргаснаар, зорчигч болох 34 настай, эмэгтэй Бамь нас хохирсон болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Гг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тусган хуульчилж,
Мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг,
3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон” гэж,
4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг,
Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж зааснаар иргэний өмчлөх эрхийг тус тус баталгаажуулжээ.
Хохирогч Ббиед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “цээжний баруун 2,3-р хавирга, зүүн талд 1,2,3,6,7,8-р хавирганы хугарал, хоёр уушгины авчилт, зүүн уушгины гялтангийн цус хуралт, баруун бөөрний тасрал, няцрал, өөхлөгт цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа /2500мл/, элэгний VII сегментийн капсул доорх цус хуралт, умдаг ясны баруун дээд салааны зөрөөтэй хугарал, баруун шагайн үений мултрал, цээж, хэвлий, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт, хэвлий зулгаралт” гэмтлийн улмаас нас баржээ.
Шүүгдэгч Б.Гн холбогдсон дээрх үйлдэл нь:
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангажээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.
Харин тухайн зам тээврийн осол болох үед шүүгдэгч Б.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөх тухай дүгнэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан боловч жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, яллагдагч болон шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг холбогдох нотлох баримтаар шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь хангалттай тогтоогдсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хангах үндэслэлгүй.
Б.Г нь хохирогчийн амь насыг хохироосон нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Шүүгдэгч Б.Гн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
Иймд шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 230 дугаар зүйлд:
“230.1.Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй.
230.2.Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.
230.3 дахь хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана” гэж,
Мөн Иргэний хуулийн:
497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,
Мөн зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,
511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж,
513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус заасан байна.
Талийгаач 34 настай, эмэгтэй Б.Н нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын ганц хүүхэд бөгөөд урьд нь хамт амьдарч байсан, ээж нь талийгаачийг 2018-2020 онд Америкийн Нэгдсэн Улсад эмчлүүлж байгаад нутагтаа ирэхэд нь эмчилгээний төлбөрийг нь барагдуулахаар гадаад улсад үлдэн ажиллаж, сүүлийн 4 жилийн хугацаанд тусдаа амьдарч байсан учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь талийгаачийн гэр бүлийн гишүүн мөн эсэх нь эргэлзээтэй гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын оршуулгын болон бусад зардлын баримтаар нэхэмжилсэн 35,141,787 төгрөг, автомашины эвдрэлийн 45,184,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 99,000,000 төгрөг зэргийг шүүгдэгч Б.Г нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөн, хохирлоос 40,000,000 төгрөг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс нийт 144,539,487 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Ггаас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.Гн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Гн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 10 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж, 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоос төлсөн” гэж тус тус заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хэргийн шалтгаан нөхцөл, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, Б.Гн хувийн болон ар гэрийн байдал зэргийг нь харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялаас хөнгөрүүлэхийг шүүгдэгчийн өмгөөлөгч хүссэн боловч уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, бодит хохирлыг бүрэн төлөөгүй зэргээс үзэхэд дээрх хүсэлтийг хангах шаардлагагүй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Гн урьд нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Б Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Гд 10 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Гд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Гд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлоос 40,000,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 50.000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Ггаас 144,539,487 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд олгосугай.
10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Ггаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР