Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1303

 

 

 

 

 

 

2024         11          28                                        2024/ШЦТ/1303

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Д.Энхбаяр,

Иргэний нэхэмжлэгч Т.Т,

Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Энхбаатар /ҮД:1514/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дт холбогдох 2406 06432 1881 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19........... оны 03 дугаар сарын ...............-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, ........... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах............. дугаар гудамжны ...........тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн ............дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .................. дэлгүүрийн хажууд байрлах нийтийн байрны .............. тоотод оршин сууж байгаа, улсаас авсан шагналгүй,

Баянзүрх дүүргийн шүүхийн ............ оны 12 дугаар сарын 09-ны өдрийн ..........дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, Б овогт ДД /РД:............../.

Хэргийн товч агуулга:

Д.Д нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний шөнө, Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 дугаар байрны 08 давхарт байрлуулсан хохирогч Л.Д эзэмшлийн Трек загварын 29 инчийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч, мөн унадаг дугуйны цоожийг эвдэлж 1,950,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 08 дугаар хороо, Шинэ яармаг хорооллын ........... дугаар байрны 6 давхарт байсан иргэн Оөмчлөлийн “Жаянт икс ти си 800” загварын “эс эл икс” тоногтой, 27.5 инчийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,576,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Т.Т өгсөн мэдүүлэгтээ: “Энэ ах надад 200.000 төгрөгөөр дугуй зарсан. Би ТҮЦ дээр сууж байсан. Энэ ах өмнө нь байнга орж ирж ирдэг байсан. Тэр өдөр орж ирээд “дугуй худалдаж авах уу” гэж асуусан. Тэгээд би найзтайгаа сууж байсан чинь манай найз “сайн дугуй байна” гэж хэлэхээр нь би худалдаж авсан. Би хохирол болох 200.000 төгрөгөө авах хүсэлтэй байна...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх.06-11/,

Дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.12-15/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Д өгсөн: “...60 дугаар байрны А орц луугаа орохоор хаалгыг нь татсан чинь өөдөөс миний том хүүдээ авч байсан унадаг дугуйг үл таних эрэгтэй хүн түрээд гараад ирсэн. Тэгэхээр нь би “чи яахаараа хүүхдийн унадаг дугуйг аваад явж байгаа хулгайч вэ” гэхэд “юу яриад байгаа юм” гээд зугтах оролдлого хийсэн. Тэгэхээр нь би сайн гэгч нь барьж аваад эхнэр, хүүхдээ дуудаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн БЗ1-24-1351 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх.32-35/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.48-49/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.112/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Дын яллагдагчаар өгсөн: “...би тухайн үед ажил байхгүй, мөнгөгүй байсан. Ийм л шалтгаанаар тухайн үйлдлийг гаргасан. Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.54/,

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг /хх.87/,

Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.93/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.99/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Оөгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Шинэ Яармаг хорооллын 735-30 тоотод эхнэрийн хамт амьдардаг. ... 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн эзэмшлийн Giant ХТС 800 загварын SLX тоногтой 27.5 инчийн унадаг дугуйгаа унаад 08 цаг 58 минутын үед унаж гараад нохойгоо салхилуулаад 09 цаг 10 минутад буцаж ороод гэрийн хаалганы гадаа хойд дугуйг нь түгжээд гэр лүүгээ орсон юм. Тэгээд би өдөр 14 цаг 40 минутын үед гэрээсээ гарч ирээд дугуйгаа унаад явах гэтэл миний унадаг дугуй алга болсон байхаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Т.Ты өгсөн: “...Би Сансарын Е-март дэлгүүрийн хажууд байрлах ТҮЦ-нд суудаг байсан. Би 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр манай ТҮЦ-нд орж ирдэг байсан 40 орчим насны ах орж ирээд намайг сайн дугуй авах уу? Ах нь өөрөө Солонгос улсаас оруулж ирдэг дугуй байгаа гэж хэлсэн. Би тухайн саналыг зөвшөөрөөд нөгөө ах явсан. ...Тэгээд намайг 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед ТҮЦ-нд сууж байсан нөгөө ах нэг унадаг дугуй унаад яваад ирсэн. Тэр үед манай найз хамт байсан. Манай найз тухайн унадаг дугуй үзээд гоё унадаг дугуй байна авчих гэж хэлсэн. Тэгээд би “хэдээр зарах бэ” гэж асуухад “250,000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Тухайн хүн өмнө манай ТҮЦ-ээс зээл авч байсан тэрийг хасаад 200,000 төгрөг бэлэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх.105/,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ХУ2-24-307 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх.108-109/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.110/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.111-112/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.125-127/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.129/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Дын яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байгаа...дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /хх.130/,

Хохирогч Оунадаг дугуйгаа авсан хохирол нөхөн барагдуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.132/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх.137-138/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.140/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Дын яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байгаа...” гэх мэдүүлэг /хх.141/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.55/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.57-72/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Д нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний шөнө, Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 дугаар байрны 08 давхарт байрлуулсан хохирогч Л.Д эзэмшлийн Трек загварын 29 инчийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч, мөн унадаг дугуйны цоожийг эвдэлж 1,950,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 08 дугаар хороо, Шинэ яармаг хорооллын 735 дугаар байрны 6 давхарт байсан иргэн Оөмчлөлийн “"Жаянт икс ти си 800”загварын “эс эл икс” тоногтой, 27.5 инчийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,576,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж Бжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Дт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

Нөгөөтээгүүр хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлогтой.

Шүүгдэгч Д.Д нь удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Л.Дамдинсүрэн, З.Одбаатар нарын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300,000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан байдаг ба шүүгдэгч Д.Д нь хохирогч Л.Дамдинсүрэнгийн эзэмшлийн 1,950,000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуй, хохирогч Оэзэмшлийн 1,576,000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуйг тус тус хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулжээ.

Шүүгдэгч Д.Дын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг учруулах аюултай байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.  

          Иймд шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Д нь хохирогч нарын унадаг дугуйг биет байдлаар буцааж өгсөн, шүүгдэгчээс дугуй түгжигчийн үнэ болох 15,000 төгрөгийг гаруулж хохирогч Л.Дамдинсүрэнд, 200,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Тд тус тус олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.

Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Дын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, урьд бусдын өмчлөх эрхийн эсрэг удаа дараа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Д.Дт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Дт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Шүүгдэгч Д.Дт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овогт ДДыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Дт сануулсугай.

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Д.Даас 15,000 төгрөг гаргуулж хохирогч Л.Дамдинсүрэнд, 200,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Тд тус тус олгосугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Дт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР