Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 00050

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                      Б.Ариунсанаа

 Улсын яллагч                                    Э.Энхбат

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                    А.Хандмаа

             Шүүгдэгч                                                Х.Баатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн Х.Баатарт холбогдох 201718020064 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1941 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд төрсөн, 76 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг. ам бүл-2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн Булагийн 22 тоотод оршин суух, Хар дархад овгийн Хүүхнээгийн Баатар. РД:МЭ41102173

 

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Х.Баатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг Булгийн 18 тоотод 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн орчимд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Р.Доржсэмбээгийн баруун мөрөн тус газар нэг удаа хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Баатар мэдүүлэхдээ: ... Доржсэмбээ бид хоёр 20-иод жилийн өмнө танилцсан. Энэ хугацаанд нэг хэсэгтээ сүрхий найз нөхөд болон амьдарч ирсэн. Доржсэмбээ миний алаг байдсыг хөтөлж яваад алдчихлаа гээд надад хэлж байсан. Тэгэхээр нь би айл амьтнаас асуухад харагдаагүй ээ Доржсэмбээ гуай хөтлөөд явсан гэж хэлсэн. Доржсэмбээ тэр үед 50 гаран настай адуунд сайн эрэмгий хүн байсан яагаад ч морь алдахаар хүн биш байсан. Тэр байдсыг Доржсэмбэ хүнд өгчихсөн юм билээ. Тухайн үед нь би тэгээд хаясан. Хэрэг болдог тухайн өдөр Доржсэмбээ манайд орж ирэхэд олон жилийн өмнө болсон асуудал болохоор тоглоом маягаар Доржсэмбээгээс миний байдсыг төлж өгөх болоогүй юу гэсэн. Тэгэхэд Доржсэмбэ ….та байдсаа авсан шүү дээ гэсэн. Тэгэхээр нь би яагаад авсан гэхэд та Хөвсгөлийн хөх нуурын Дархад хүн тэр бөөгийнхөө арга барилаар миний хүүгийн амийг авсан биздээ гэсэн. Хүүг нь манай тэр хавийнхан бүгдээрээ мэднэ, түлээнд эмнэг сарлаг унаж яваад түлээтэйгээ онхолдоод  тэгээд хүүгийн дээгүүр тэр чигээрээ гарчихсан гэсэн. Тийм л хоёр зөрчлөөс болоод би амьхандаа гоморхоод монгол төрийн үндэсний шашиныг ард түмэн шүтэн бишрэх журмаар зөвшөөрсөн болохоос хүний алуур журмаар зөвшөөрөөгүй л байхдаа, ер нь юу хэлэх гээд хүнийг элэг бариад байна гэсэн бодол надад төрсөн.Тэрнээс болоод архи уусан байсандаа очоод хутгалсан байсан гэв.

     

        Мөрдөн байцаалтанд хохирогч Р.Доржсэмбээ мэдүүлэхдээ: ... Хэрэг гарахаас 2 хоногийн өмнө буюу Шинийн 2-нд би Х.Баатарынд орж золгоод архи уусан. Баатартай архи уух үед бид 2 ойр зуурын юмнаас болж маргалдсан. Одоо би санахад урьд нь 10-аад жилийн өмнө би Х.Баатарын алаг байдсыг нь хүний адуунаас барьж аваад Х.Баатарт аваачиж өгөх гэж яваад замдаа алдсан юмаа. Тэр байдсыг олон хоног хайгаад олоогүй. Тэрний өлтөгийг Баатар надаас нэхэхээр нь би түүнд “Чи миний хүүгийн амийг аваа биз дээ. Одоо би чамд өргүй болсон” гэж хэлэхэд Х.Баатар өөдөөс уурлаад байсан. Тэр үед Баатарын хүү намайг гэрт хүргэж өгсөн. /хх-ийн 25-26-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Б.Насанбат мэдүүлэхдээ. ... Шинийн 2 буюу 2017 оны 02 дугаар 28-ны өдөр 12 цагийн орчимд Сэмбээ ах манай гэрт орж ирсэн. Аавтай золголт хийгээд тэр хоёр маань архи уусан. Нэлээн юм ярьж суугаад маргалдаад эхэлсэн. Би гэрт юм хийх зуур яриаг нь сонссон чинь аавын байдсыг Сэмбээ ах хэдэн жилийн өмнө үгүй хийсэн, тэрнийхээ төлбөрт миний хүүгийн амийг бөөгийн зан үйлээр авсан гээд маргалдаад байсан. Аав болохоор юу гэж би тийм юм хийх вэ, гээд байсан. Дуу нь өндөрсөөд байхаар манай дүү Насанжаргал бид 2 Сэмбээ ахыг гэрээс гаргаж манай дүү гэрт нь хүргэж өгсөн. Би гэр лүүгээ буцаж орсон. Аав нэлээн халамцуу Сэмбээ ахад гомдсон бололтой амандаа үглээд уурлаад байсан /хх-ийн 28-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд яллагдагч Х.Баатар мэдүүлэхдээ: Би 2017.03.02-ны өдөр буюу Цагаан сарын шинийн 04-ний өдөр гэр орноор нутгийн хүмүүс орж гарч би тэд нартай нэлээн архи уусан. Нэг мэдэхэд ихээхэн согтсон байсан. Ер нь би Доржсэмбээд их гомдож явдаг байсан болохоор согтуудаа гэрт нь ороод хутгалж гэмтээсэн байсан. Би сайн санахгүй байгаа юмаа. Гэхдээ би Доржсэмбийг хутгалж гэмтээсэнээ хүлээн зөвшөөрч байна. Р.Доржсэмбэ бид хоёр 20 гаран жил нэг дор амьдарч байна. Надад Р.Доржсэмбэд нэг гомдох болсон шалтгаан бий. 14 жилийн өмнө Р.Доржсэмбэ миний алаг байдсыг хөтөлж яваад алдчихлаа гэж надад хэлж байсан. Тэр байдсыг Доржсэмбэ хүнд өгчихсөн юм билээ. Шинийн 2-нд Доржсэмбэ манайд ирж золгосон. Бид хоёр хамт архи уусан. Уух зуураа би түүнээс “хөөе миний нөгөө байдсыг төлж өгөхгүй юм уу гээд тоглоод асуусан чинь өөдөөс “Та надаас авсан шүү дээ. Та миний хүүгийн амь насыг бөөгийн зан үйл хийж авсан болохоор та бид 2 өргүй” гэсэн. Хүү нь модонд үхэр тэрэгтэй явж байгаад чирэгдээд нас барчихсан юм. Тэрийг намайг бөөгийн зан үйлээр хийсэн гэхэд нь би их гомдсон. Тэгээд л надтай хэрэлдээд байхад нь манай хүү гаргаж хүргэж өгсөн байсан. "эгээд л би согтуудаа балайрч очсон байна лээ /хх-ийн 34-р хуудас/

            Шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №3423 тоот дүгнэлтэнд: 1. Р.Доржсэмбийн   биед баруун мөрөнд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь ГЗТЖ-ийн 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. 4. Цаашид          ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна /хх-ийн 18-р хуудас/

 

            Шүүгдэгч Х.Баатарын хувийн байдлыг тогтоосон баримт иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 37-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 38-р хуудас/, ял шалгах  хуудас /ХХ-ийн 39-42 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:                

            Шүүгдэгч Х.Баатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг Булгийн 18 тоотод 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн орчимд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Р.Доржсэмбээгийн баруун мөрөн тус газар нэг удаа хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.Хохирогч Р.Доржсэмбийн биед баруун мөрөнд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Х.Баатарыг анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул Х.Баатарт холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг  хохирогч, шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 10.5 см, ногоон өнгийн 9 см урт бариултай  хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүйг,Х.Баатарт өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  Тогтоох нь:

        

1.Шүүгдэгч Хар дархад овгийн Хүүхнээгийн Баатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Х.Баатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Х.Баатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

        3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 10.5 см, 9 см урт ногоон өнгийн бариултай хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            4. Х.Баатар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

        4. Х.Баатарт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

        5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

        6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий  этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй.

    

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ