Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2020/ДШМ/29

 

Б.С-д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

прокурор Д.Хорлоо,

шүүгдэгч Б.С,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа,

нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаагийн давж заалдах гомдлоор тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.С-д холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, .....настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл ..., нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, Цайрт хотхоны ...... тоотод оршин суух, “СНҮ” ОНӨААТҮГ-ын дарга ажилтай, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ............, Б.С

 

Шүүгдэгч Б.С нь Сүхбаатар аймгийн “СНҮ” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгууллагын данснаас төсвийн хөрөнгө болох 2 сая төгрөгийг иргэн Ш.М зээлүүлж, бусдад давуу байдал бий болгосон, мөн буудлын орлогын арван хувийг төвлөрүүлэн зарцуулахдаа 354400 төгрөгийг хувьдаа зарцуулсан, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр буудлын орлогоос 400000 төгрөгийг, мөн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 300000 төгрөгийг цалингийн урьдчилгаа нэрийдлээр авсан боловч 2018 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд өөрийн цалингаас суутгалгүй завшиж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар, шүүгдэгч Б.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор: Б.С-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүний өмчлөлийн орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, гэмт хэргийн улмаас учирсан 3045400 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, иргэний нэхэмжлэгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж, яллах дүгнэлтэд дурдсанаас хальж, тухайн хэрэгт хамааралгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй нотлох баримтыг үндэслэл болгон шийдвэрлэсэн. Яллах дүгнэлтээр яллаж буй хэргийн тухайд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн санхүү хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн акт тавигдаж, тус аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 543 дугаартай шүүгчийн захирамжаар баталгаажуулж, шүүхийн шийдвэр биелэгдсэн. Эдгээр нотлох баримтууд нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж мэтгэлцсэн. Гэтэл анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг үнэлэхгүйгээр зөвхөн акт тавьсан гэрч болон байгууллагын ажилчдын гэрчийн мэдүүлгээр энэхүү гэмт хэрэг нь бүрэн нотлогдож байна гэсэн дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, компанийн дүрэм, төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм журам, стандартыг удирдлага болгон эрх үүргээ хэрэгжүүлэх ёстой атал энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй.” гэж дүгнэсэн нь шийтгэх тогтоол нь ойлгомжтой, хуулийн ямар зүйл, заалт зөрчиж байгаа нь нэг мөр ойлгогдохоор байна гэсэн зарчим алдагдаж байна. Харин энэхүү хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж эрх бүхий байгууллагаас захиргааны акт гаргаж, тухайн зөрчлийг нь шийдвэрлэж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хүчинтэй байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт болон гэрчээр өгсөн мэдүүлэгт 2000000 төгрөгийг зээлүүлсэн талаар удаа дараа тайлбарласаар атал шүүхээс шийтгэх тогтоол уншиж сонсгохдоо “зээлийн гэрээ байхгүй байна” гэж илт хууль бус дүгнэлт хийсэн. Амаар хэлцэл хийсэн, зээлсэн гэдгийг гэрч нар мөн хэлж, мэдүүлсэн. Мөн цалингийн урьдчилгаа авсан нь иргэний эрх зүйн нэгэн харилцаа юм. Иргэний эрх зүйн харилцаанд оролцож, 2000000 зээлсэн, цалингийн урьдчилгаа авснаараа хэнд ямар давуу байдал үүсгэсэн, бусдын эдлэх ёстой ямар боломжийг хаасан талаар шүүхээр дүгнэлт өгөөгүй бөгөөд энэхүү гэмт хэргийн тухайн шинж нь хангагдаагүй нь үүгээр нотлогдож байна. Хуулийн үндсэн суурь зарчимд хариуцлагыг давхардуулан оногдуулахыг хориглосон бөгөөд шүүгдэгч нь тухайн зөрчилдөө захиргааны актаар хариуцлага тооцуулан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр актад тавигдсан зөрчлийг арилгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

       Шүүгдэгч Б.С: 2017 оны 5 дугаар сард Нийтлэг үйлчилгээ орон нутгийн өмчит үйлчилгээний газрын даргаар томилогдсон. Гэмт хэрэг хийгээгүй гэдгээ хэлмээр байна. Би Тамгын газрын аж ахуйн албаны үйл ажиллагаа гүйцэтгэдэг. Цагаан сар, Наадам, баяр ёслолын үеэр төрийн хүндэтгэлийн үйл ажиллагаанууд хийгддэг. Тэр үед төрийн байгууллага “ууц” гэх мэт зүйлийг авахдаа дандаа зээлээр авч дараа нь төлбөрөө төлдөг. Манайх аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар учир ажил хэргийн холбоотой мөнгө зээлүүлэхэд нээх харшлахгүй байх гээд нярваар дамжуулж зээлүүлсэн. Цалингийн урьдчилгааны хувьд манайх дотоод журамдаа урьдчилгаа олгож болно гэж заасан байдаг. Энэ журмыг яагаад хавсраагүй юм бол,  надад оногдуулсан актын дагуу барагдуулсан байгаа. Манай нөхрийн тайлан тоглолт болоход нягтлан болон ажилчид өөрсдөө санаачилж, надад хэлэлгүйгээр 345,000 төгрөгөөр хүндэтгэл үзүүлсэн байсан. Ийм л зүйлээр намайг яллаад байгаад гомдолтой байна. Намайг ажлаас халах гэж зохион байгуулалттайгаар шалгалт оруулж энэ хэргийг үүсгэсэн гэв. 

 

       Прокурор Д.Хорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “нийтийн албан тушаалтан” гэдгийг заасан.  Б.С нь нийтийн албан тушаалтанд хамаарагдах субъект юм.  Нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээг албаныхаа эсрэг ашиглаж болохгүй, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор үйлдэл хийхгүй байх, хийх ёсгүй гэдгийг зааж өгсөн. Гэтэл Б.С нь байгууллагын орлогоос бусдад 2000000 төгрөг зээлүүлсэн. Зээлүүлж болохгүй гэдгийг хуульд зааж өгсөн. Байгууллагын орлогоос цалингийн урьдчилгаа авчхаад суутгуулаагүй нь өөрт олгогдох эрхээ хэтрүүлсэн үйлдэл хийсэн гэж харагдаж байна. Нийтийн албан тушаалтан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэхээр байна. Дээрх үйлдлүүд нь гэмт хэргийн шинжийг хангасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн 163 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Б.С нь “СНҮ” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгууллагын данснаас төсвийн хөрөнгө болох 2 сая төгрөгийг иргэн Ш.М зээлүүлж, бусдад давуу байдал бий болгосон, мөн буудлын орлогын арван хувийг төвлөрүүлэн зарцуулахдаа 354400 төгрөгийг хувьдаа зарцуулсан, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр буудлын орлогоос 400000 төгрөгийг, мөн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 300000 төгрөгийг цалингийн урьдчилгаа нэрийдлээр авсан боловч 2018 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд өөрийн цалингаас суутгалгүй завшиж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, хэргийн бодит байдалд нийцжээ.

          Тухайлбал, яллагдагч Б.С-гийн “Миний авсан гээд байгаа мөнгийг би ажилдаа ороод цалингийн зээл аваад өгөх бодолтой байсан.  Цалингийн урьдчилгаа гэж 2018 оны 04 дүгээр сард авсан 400000 төгрөг дээр 2 удаа акт тавьсан. Буудлын орлогоос өөртөө зарцуулсан гэх 354000 төгрөгт манай ажилчид манай нөхөр И-н тайлан тоглолтод зориулж, надад мэдэгдэлгүй мөнгөн аяга авч өгсөн байсан...” гэх /1-р хх 114-117/,

          Иргэний нэхэмжлэгч О.Б-н “Аудитын албанаас тогтоосон актын дагуу төлбөрөө төлж, барагдуулсан надад ямар нэг санал, хүсэлт байхгүй.” гэх /2-р хх 48/,

          Гэрч Б.Э-н “СНҮ” ОНӨҮГ нь аймгийн Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйлчилгээний ажилд дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага. Энэ байгууллагын ажилчид үндсэн хоёр хэлбэрээр цалинждаг. Эхнийх нь үйлчлэгч, жолооч, сантехникч, мужаан, харуул, газрын дарга, нягтлан бодогч, бичиг хэрэг, зохион байгуулагч нарын 28 ажилтан аймгийн ЗДТГ-ын төсвөөс цалинждаг, төрийн үйлчилгээний албан хаагч нар юм. Нөгөө хэсэг нь тухайн байгууллага зочид буудал, цайны газрын үйл ажиллагаа эрхэлдэг. Энд ажилладаг 5-6 хүн нь өөрсдийн үйл ажиллагааны орлогоос цалинждаг.” гэх /2-р хх 53-54/,

          Гэрч Д.А-н “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-д зааснаар ОНӨААТҮГ нь өөрийнхөө орлогоор санхүүждэг. Олсон орлогоо төсөвт төвлөрүүлэхгүй. Тухайн үйлдвэрийн газрын ашиглаж байгаа өмч, хөрөнгө буюу эд хөрөнгийг төсвийн хөрөнгө гэж үзнэ.” гэх /2-р хх 56/

          Гэрч Г.М-н “Би нягтлан бодогчоор 2013 оноос 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан. Дарга Б.С нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр намайг өрөөндөө дуудаад надад 2000000 төгрөг хэрэгтэй байна. Чи зарлагын баримт бичээд ир гэсэн. Би зарлагын баримт бичиж, өөрийн гарын үсгээ зураад даргад өгсөн. Нярав Б.Д-р гүйлгээг хийлгүүлсэн. Манай даргаар ажиллаж байсан Б.С нь 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр манайд нярав ажилтай Б.Д руу утсаар холбогдож, буудлын орлогоос 400000 төгрөг авсан. Долоо хоногийн дараа над руу яриад 300000 төгрөг авсан.” гэх /1-р хх 33-34/,

          Гэрч Б.Д-н “Би 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс нярваар томилогдсон. 2018 оны 05 дугаар сарын эхээр С дарга намайг өрөөндөө дуудаад  “Өөрийн албан хэрэгцээнд зөөврийн компьютер авъя. Чи байгууллагын данснаас 2000000 төгрөг аваад ир.” гээд зарлагын баримт өгсөн. Би баримтыг аваад ХААН банканд очиж, байгууллагын данснаас 2 сая төгрөгийг аваад М гэх хүний данс руу шилжүүлсэн.” гэх /1-р хх 85-87/, 

          Гэрч Ш.М-ын “Мал мах авч байгаад надад хэдэн төгрөг дутсан. Ингээд Б.С руу ярьж, 2000000 төгрөг зээлж авсан. Б.С нь надаас зээлсэн мөнгөө шилжүүлэхгүй болохоор нь би өгөлгүй жоохон удаасан. Надад албаны мөнгө гаргаж өгсөн гэж хэлээгүй болохоор би хувийн мөнгө л гэж бодсон.” гэх /1-р хх 103/

          Гэрч Д.О-н “Тус газрын дарга 2018.04.26-ны өдөр байгууллагын бэлэн мөнгөний кассаас 300000 төгрөг, 2018.04.16-ны өдөр 400000 төгрөг, 2018.05.02-ны өдөр 2000000 төгрөг, 2018.07.03-ны өдөр 500000 төгрөгийг бэлнээр авсан боловч санхүүгийн анхан шатны баримтгүй, юунд зарцуулсан нь тодорхойгүй байсан тул Б.С-гаар төлүүлэхээр акт тавьсан. Шүүхээс актыг баталгаажуулж,  шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Б.С нь төлбөрийг төлж, барагдуулсан.” гэх /1-р хх 71-73, 2-р хх 49/,

          Гэрч Б.Ч-н “Б.С-д буудлын орлогоос хувьдаа ашигласан 345400 төгрөгийн болон цалингийн урьдчилгааг суутган тооцоогүй 44200 төгрөгийг төлүүлэхээр акт тавьсан. Б.С нь актаар тогтоосон төлбөрийг төлсөн.” гэх /1-р хх 74-76, 2-р хх 50/,

          Гэрч Б.Д-н “2018 оны 10 дугаар сард Нийтлэгийн эд зүйлд тооллого хийхэд кассын орлогоос 2000000 төгрөгийг үндсэн хөрөнгө худалдаж авахаар 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасан байсан. Нягтлан бодогчоос уг мөнгөөр авсан эд зүйл хаана байгааг асуухад зөөврийн компьютер, бичгийн цаас авсан гэх зарлагын падаан үзүүлсэн.” гэх /1-р хх 77-78/,

          Сүхбаатар аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 31-03/53 дугаартай улсын ахлах байцаагчийн акт /1-р хх 44/, 

          Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 543, 559 дугаартай захирамжууд /2-р хх 106-109/,  

          Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 3/1277 дугаартай, 2020 оны 1/829 дугаартай албан бичгүүд / /1-р хх 150, 2-р хх 75/,

          “Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай” Сүхбаатар аймгийн Засаг даргын 2004 оны 25 дугаар захирамж, энэ захирамжийн хавсралтаар батлагдсан “СНҮ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрэм /2-р хх 68-72/,

          Б.С-гийн Хас банкны .......... дугаартай дансны хуулга /1-р хх 135/,

          Ш.Мын Хаан банкны ............. дугаартай дансны хуулга /1-р хх 139/,

 

          2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх 65/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Б.С-н үйлдлийг прокурор, анхан шатны шүүхээс “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн энэ хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

          Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар “СНҮ” ОНӨҮААҮГ-ын дарга Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл дэх “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан мөн болно.  Өөрөөр хэлбэл Б.С нь албан үүрэг, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлсэн гэм буруутай байна.  Мөн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, хувь хүнд буюу Ш.М болон өөртөө эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгосон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. Түүнээс гадна Б.С нь байгууллагын данснаас 2000000 төгрөг авч, Ш.М зээлдүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30, 80 дугаар зүйлд “Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэхийг хориглоно.” гэж заасантай нийцэхгүй байна.

          Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4-д заасан “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэдэгт энэ хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх болон хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шийтгэх, цагаатгах тогтоол, магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол, прокурорын тогтоол хамаарна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлд заасан журмын дагуу улсын байцаагчийн төлбөр тогтоосон актын гүйцэтгэлийг шүүгчийн захирамжаар баталгаажуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөрийг төлүүлсэн нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.  

          Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.С-н анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг нь харгалзан, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох”-ыг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          Нэг.  Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

          Хоёр. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                     Д.БАЙГАЛМАА

 

                                                                        Ж.ДОЛГОРМАА