Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1309

 

 

 

 

 

 

 

   2024        11         29                                  2024/ШЦТ/1309

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Б.Энхбаатар /ҮД:1514/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Гт холбогдох 2406 06133 0848 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19......... оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ............... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт Баянзүрх дүүргийн............. дугаар хороо, ................ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..........оны 06 дугаар сарын 25-ны өдрийн................. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдэж байсан, Б овогт С Г /РД:................/.

Хэргийн товч агуулга:

С.Г нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 728 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 18 цаг 10 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гачуурт Шар хоолойн замд, Тоёота Приүс маркийн 78-37 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч О.Дулаанжаргалын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх.01/,

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх.02-09/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Д өгсөн: “...Тэр өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 17-18 цагийн хооронд Гацууртын шар хоолойн амны замд нөхөр машинаа жолоодоод хүүхдийн хамт явж байхад араас нэг машин маш хүчтэй мөргөсөн. Тэгээд машинаасаа буугаад хартал ард талд саарал өнгийн Приус 20 маркийн машинаас 30-35 орчим насны ягаан хувцастай эмэгтэй 1 эмэгтэй, саарал хар өнгийн хувцастай 45-50 орчим насны эрэгтэй 2 хүн шал согтуу бууж ирээд манай машиныг хараад машиндаа суугаад хөдлөөд ослын газраа орхиод зугтаагаад явсан, тэгэхээр нь би 103,102 луу залгаж дуудлага өгсөн, эхэлж 103 түргэн ирээд араас нь цагдаа 2 цагийн дараагаар ирсэн. Түргэн тусламжийн эмч надад өвчин намдаах тариа хийгээд Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй гэж хэлээд явсан. Цагдаагаас хэмжилт хийгээд хэргийн газарт үлдсэн би нөхөр хүүхдийн хамт аавыгаа дуудаад аавынхаа машинаар эмнэлэг рүү явах гэтэл тухайн хэргийн газраас 500 метр хүрэхгүй газар биднийг мөргөсөн машин эвдэрсэн зогсож байсан ба яг тэр мөчид тухайн машиныг жолоодож явсан согтуу эмэгтэй машиныхаа хаалгыг онгойлгож байгаа нь харагдсан бөгөөд бид хэд яаралтай машинаа зогсоогоод тэр жолоочийг барьж аваад хэргийн газар үлдсэн замын цагдаад дуудаж өгсөн, тэгээд бид хэд эмнэлэг рүү шууд явсан. Цагдаагаас нөгөө мөргөсөн машиныг ачигч машинаар ачуулж явуулсан бид хэд болохоор өөрсдийнхөө машиныг тусдаа төлбөртэй ачигч машинаар ачуулж явсан. Би энэ машиныг 2 жилийн өмнө төрсөн өдрөөрөө Япон улсаас орж ирсэн байхад нь 22-ын авто худалдаанаас 58.000.000 төгрөгөөр бэлнээр худалдаж авч байсан... машины арын багаж, хойд купер хормой, хойд гэрэл жолоочийн эсрэг талын хойд хаалга эвдэрч гэмтсэн. Үнэлгээ хийлгэсэн 9.550.000 төгрөгийн үнэлгээ гарсан гэсэн... автоматаар түгжигдэхгүй болсон, хойд багажид байнга юм дугараад байгаа, явахаар нэг юм зуурч дугараад байгаа... Машинд учирсан хохирол миний эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.38/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.Ц өгсөн: “...Би энэ машиныг 2023 онд хувь хүнээс 10 саяар худалдаж авч байсан. Миний машины урд копут, буруу талын урд крыло, буруу талын их гэрэл, радиатор, урд салхины шил эвдэрсэн үнэлгээ хийлгэхгүй... Надад нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй ээ... Ч.Алтансүх бид хоёр архи пиво уусан байсан, тэгсэн гаднаас С.Г орж ирсэн, С.Г нэг их удалгүй сууж байгаад “Монелийн хойшоогоо 2,3 гудамжны цаана байдаг ээжийнх рүүгээ оччихоод ирье, юм хум ачна” гээд намайг машинаараа яваад өгөөч гэж гуйхад нь би “хаана юм бэ” гэхэд “ойрхон 2,3 гудамжны ард байгаа” гэсэн, тэгэхээр нь би “За тэгвэл хамт яваад ирье, гэхдээ би уусан болохоор машин барихгүй шүү” гэхэд С.Г “би өөрөө машинтай, би барьчихъя” гэхээр нь “за” гээд би машинаа бариулахаар болоод С.Г бариад хашааны хаалгыг нь би онгойлгож гараад 2,3 гудамжны хойгуур явж байгаад ээжийнх нь гээд хашаанд очсон, тэгсэн хүн байхгүй байна гэсээр гараад ирсэн. Тэгсэн С.Г энэ доошоо манай эгчийнх гэл үү дүү гэл үү нэг хүнийх рүү очсон, яг хаана очсоныг нь би бол санахгүй байгаа, би ямар ч байсан гадаа нь хүлээж байтал би унтчихсан байсан, нэг сэрсэн, уул модтой газар явж байх шиг байсан, би С.Гээс “хаана явна” гэхэд “Гацууртад явж байна” гэж байсан, тэгээд явж байгаад урд явж байсан хар өнгийн машин явж байгаад хурд сааруулагч дээгүүр тоормослоод зогсох шахуу л болсон, тэгсэн С.Г хүүе гэхийн завдалгүй урдаа явсан машиныг мөргөөд зогссон...” бусдад учруулсан хохирлыг С.Г өөрийг нь төлж барагдуулна гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх.45-47/,

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан тухай Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дүгээр сарын 16-ны өдрийн 671  дүгээр шийтгэврийн хуулбар /хх.53-54/,

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан тухай Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дүгээр сарын 25-ны өдрийн 728 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх.55-61/,

Мөрдөгчийн магадалгаа /хх.74/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.79-81/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.83/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Гийн өгсөн: “...би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж байна. Бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх.84-85/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч С.Гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-62-64/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.51/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч С.Г нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 728 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 18 цаг 10 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гачуурт Шар хоолойн замд, Тоёота Приүс маркийн 78-37 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Гийг холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.

Шүүгдэгч С.Гийн холбогдсон тус үйлдэл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Гэм буруугийн талаар:

С.Гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Шүүгдэгч С.Г нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч С.Гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн:

497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

Тус гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Д.Д тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын 9,550,000 төгрөгийг шүүгдэгч С.Гээс гаргуулж тухайн иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.

Шүүгдэгч С.Г гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

          С.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 7 сар 4 хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг болон 7 сар 4 хоногийн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  4 жил 7 сар 4 хоногийн хугацаагаар хасаж, 1 жил 7 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

          Шүүгдэгч С.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч С.Гт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, уг таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овогт С Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан, шүүгдэгч С.Гт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 728 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  1 жил 7 сар 4 хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг болон 7 сар 4 хоногийн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 7 сар 4 хоногийн хугацаагаар хасаж, 1 жил 7 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч С.Гт оногдуулсан нийт 1 жил 7 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Шүүгдэгч С.Гт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нийт 4 жил 7 сар 4 хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

          7. Шүүгдэгч С.Г урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Гээс 9,550,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Дэлгэрцэцэгт олгосугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ӨСӨХБАЯР