Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1332

 

 

 

 

 

 

 2024         12          02                                       2024/ШЦТ/1332

  

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Л.Наранхүү,

Шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Б.Очбадар /ҮД:3214/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “З” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Гт холбогдох 2406 06457 2822 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19..........оны 01 дүгээр сарын ...........-ны өдөр ........... аймгийн ................ суманд төрсөн, .................. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, агуулахын нярав мэргэжилтэй, “................” ХХК-д жолооч ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн ........... дугаар хороо, ............... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б бэлхэн овогт Н Г /РД:................../.

Хэргийн товч агуулга:     

Н.Г нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” нэртэй караоке, пабын гадна хохирогч Ц.А “тамхины иш, шүлсээ хаясан” гэж шалтаглан маргалдаж, улмаар хохирогчийг гараараа нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд доод эрүүний баруун их бие, зүүн булан хэсгийн хугарал, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун доод 6 дугаар шүдний ёзоор хэсгийн хугарал, буйланд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

          Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Г нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” нэртэй караоке, пабын гадна хохирогч Ц.А “тамхины иш, шүлсээ хаясан” гэж шалтаглан маргалдаж, улмаар хохирогчийг гараараа нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд доод эрүүний баруун их бие, зүүн булан хэсгийн хугарал, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун доод 6 дугаар шүдний ёзоор хэсгийн хугарал, буйланд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  Ц.А өгсөн: “Би 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн үед ажлаа тараад өөрийн найзуудтай Баянмонгол хорооллын ард уулзсан юм тэгээд тэндээсээ Хүлэг паб гэх газар руу очиж бид тав нэг шил архи авч уусан ба тухайн үед халуун байсан тул задгай асарт гарч суусан юм, тэр хүмүүс их тамхи татсан, олон тамхины иш болон маш их шүлс хаясан байсан. Тэгээд бид нар тэнд тамхи татаад зогсож байтал нэг ах ирээд “шүлсээ яагаад хаяж байгаа юм” гэхэд “би хаяагүй” гэтэл “чи нааш ир дээ” гэсэн, тэгэхээр нь би “за” гээд ойртсон чинь шууд миний нүүр лүү цохисон, тэгээд тэр хүн гүйгээд буцаад орчих шиг болсон, би яг сайн санахгүй байна, толгой манарсан байсан, гэтэл манай найзууд “саяны хүнээ гаргаад ирээ” гээд хэдэн ах нартай ярилцаад зогсож байсан. Удалгүй намайг цохисон ах гараад ирэхээр нь “та намайг яаж байгаа юм бэ” гээд хэлтэл хажууд бас нэг бор футболктой ах учир зүггүй цохиод ороод ирсэн, би доош нүүрээ хамгаалж суугаад тэндээсээ холдоод цагдаа дуудсан, тэгсэн тэр хамт явсан ах нар намайг зодсон хоёр хүнийг зугтаалгасан. Биед халдсан гэх хүн 180 см өндөртэй махлагдуу цэнхэр футболктой эрэгтэй хүн байсан, нөгөө хүн нь бор футболктой хүн байсан, өндөр нам нь 170 см орчим эрэгтэй хүн байсан. Цэнхэр футболктой хүн нь баруун гараараа 2 удаа миний нүүрэн тус газар цохисон, бор футболктой нь бас нүүрэн тус газар өөрийн баруун гараараа цохисон, хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Баруун талын доод гурван араа шүд хугарсан байх, хөдлөөд байна, баруун чамархай хэсэгт хавдсан, өвчтэй зовуурьтай байна. Би гомдолтой байна, өөрийн биед учирсан хохирлоо барагдуулмаар байна. Миний айфоне 12 про маркийн утасны дэлгэц хагарсан байна...”,

“надад одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй... Г надад учирсан хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх.10-12, 37/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ч.Эрдэмболорын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 11605 дугаартай:

1. Ц.А доод эрүүний баруун их бие, зүүн булан хэсгийн хугарал, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун доод 6-р шүдний ёзоор хэсгийн хугарал, буйланд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ.

3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.16-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Цөгсөн: “... 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай үеэл Дүүрэнжаргал Англи улс руу явах болоод манай ах дүү нар гаргаж өгөх болоод Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүлэг нэртэй караокед орсон. Хүлэг караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 1-2 цагийн дараа манай авга ах Г тамхи татлаа гэж гараад хэсэг хугацааны дараа орж ирэхдээ “нэг бацаан томроод байхаар нь цохичихлоо” гэхээр нь бид нар бөөндөө гарцгаасан. Гарах замдаа би авга ахдаа “та гараад уучлалт гуй” гэж хэлсэн чинь манай авга “за” гээд бид нар бөөндөө гарсан. Гадаа гарч ирээд тухайн цохиулсан гэх залуу арагшаа хараад зогсож байхаар нь манай авга ах “за уучлаарай” гээд мөрөн дээрээс нь элэгсгээр хүрэх шиг болоход манай авга ахыг эргэж хараад шууд цээж хэсэг газар луу нь мөргөх шиг болоод тэр хоёр барьцалдаж аваад хэрүүл маргаан үүсээд байж байтал манай үеэл дүү Мөнхтуул салгах гэж тэр хоёрын дундуур ороод салгасан. Хэн цохисон талаар би хараагүй. Манай авга ах гаднаас орж ирэхдээ “би нэг залууг цохичихлоо” гэж ярьж байсан. Манай цусан төрлийн хамаатнууд болох миний авга ах Ганхуяг, эхнэр Хишигжаргал, авга ах Г, эхнэр Хишигжаргал, манай үеэл Дүүрэнжаргал, үеэл дүү нар болох Мөнхтуул, Нарангарав, Саруул, Мөнх-Оргил нар байсан. Бид нар бүгд нэг бүрээрээ 2-3 шилтэй нийслэл гэх нэртэй пиво уусан байж байсан. Манай авга ах Г архи согтууруулах ундааны зүйл огт хэргэлддэггүй, тухайн үед хэрэглээгүй байсан ба тулаа өвчтэй. Тухайн хэрүүл маргаан үүсгэж маргалдсан залуучууд бид нараас “200,000 төгрөг төлчих тэгээд салъя” гэж хэлсэн. Би тухайн үед байсан хүний хувьд манай ахад цохиулаад эрүү нь хугарсан гэдэгт эргэлзэж байна, тухайн үед цохиулчхаад юм яриад зүгээр яваад байсан...” /хх.24-25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.М өгсөн: “... Манай үеэл ах Дүүрэнжаргал гэр бүлийн хамт Англи Улс руу 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр буцна гэхээр нь манай ах дүү нар нийлээд 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр буюу хэрэг учрал болсон өдөр гаргаж өгөхөөр болоод Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүлэг караокед орсон. Тэгээд тэндээ бид нар дуулж хуурдаад 3-4 цаг болоод дуусах дөхөөд байж байтал гадаа Г ах хүмүүстэй муудалцсан байна гэсэн, тухайн үед бид нар ч тухайн өрөөнөөс гарч байсан үе таараад гадаа гараад Г ах бид хоёр энэ таван дүүгээс уучлалт гуйя гээд хүлээгээд зогсож байсан чинь манай ахад цохиулдаг залуу нь шууд ирээд мөргөх гэж дайрахаар нь би дундуур нь ороод салгаад ахыг аваад цаашаа явсан...” /хх.33-34/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтол /хх.41-43/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.45-46/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Гийн яллагдагчаар өгсөн: “... Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, өөрийн биеэр уншиж танилцлаа, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, надад асуух зүйл байхгүй, би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би нэг удаа цохисон, гэхдээ миний цохисноос болж уг гэмтэл учирсан гэж бодохгүй байна. 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүлэг караокед ах дүү нарын хамт суусан. Би гадаа гарч тамхины цэг дээр ганцаараа тамхи татаад зогсож байсан чинь үл таних 5 залуу гарч ирээд миний хажууд зогсоод тамхи татаад зогсож байгаад нэг эргэж хараад над руу нулимсан, тэгэхээр нь би “яаж байна” гэсэн чинь над руу нулимсан залуу надаас уучлалт гуйсан. Цаана нь зогсож байсан залуу над руу хэл амаар доромжлоод “хөгшин төгцөг, зайл” гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь би тэвчээр алдраад очоод зүүн шанаа хэсэг газар нь нэг удаа цохисон. Миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” /хх.47-48/,

Хохирол бүрэн авсан цаашид гомдолгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй тухай хохирогч Ц.А бичгээр гаргасан тайлбар /хх.89-90/,

Хохирол төлбөр төлсөн тухай баримт /хх.95-96/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч Н.Гийн гаргасан хүсэлт /хх.97/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.98/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Н.Г өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Ц.Алтайсайхан нь хохирол бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Н.Гийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Гт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч  Н.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Н.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Н.Гийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б бэлхэн овогт Н Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Н.Гт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 5.500.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Алтайсайхан нь гомдол саналгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гт урьд нь авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                  С.ӨСӨХБАЯР