Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 102/шш2018/00563

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.... даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгалийг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,188,500 /хоёр сая нэг зуун наян найман мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш...., хариуцагч Б.... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ш....шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ш.... миний бие Б....д 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,900,000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй, 100 хоногийн хугацаатай зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. Гэтэл хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө өгөөгүй бөгөөд, утсаар яриад мөнгөө өгнө гэсээр өгөлгүй өөрийн ажиллуулж байсан лангуугаа орхиж явсан байдаг. Иймд Б....гаас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 1,459,000 төгрөг, зээлийн гэрээнд тусгагдсан 0,5 хувийн алданги /1 өдөр 7,290 төгрөг/, нийт 2,188,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлахдаа:

Б.... Хаан банкаар 2,021,000 төгрөгийг Т....ийн дансаар, Төрийн банкаар 240,000 төгрөгийг Ш....гийн дансаар, Ш....д 100,000 төгрөг бэлнээр, 45,000 төгрөгийг лангуун дээр нь очиход надад бэлнээр өгсөн. Бараа бол огт авч байгаагүй. Лангуун дээр нь очиход хааяа ганц нэг чихэр өгдөг байсныгаа л бараа гэж хэлээд байх шиг байна. Харин 35,000 төгрөгийг АТМашинаар хийсэн гэв.

Хариуцагч Б.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлахдаа:

Ш....мөнгө хүүлэгч нь 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн талаар нийт 2,188,500 төгрөгийг нэхэмжилснийг би хүлээн зөвшөөрөхгүй. Уг зээл нь ..., ... нарын Төрийн банк, Хаан банкны дансаар бүрэн төлөгдсөн. Уг зээл нь 100 хоног, өдрийн 39,000 төгрөгөөр төлсөн нь банкны дансны хуулгаар бодитоор харагдана. Би тухайн зээлийг зээлж аваад, энэ 2 хүний дансанд 3,900,000 төгрөг болгон хүүтэй нь бүрэн төлж барагдуулсан учраас дараагийн зээлээ авдаг байсан. Хэрэв тухайн зээл нь дутуу бол дараагийн зээлээс хасч, урдны өр төлбөрийг дуусган дахин гэрээ хийж зээлээ авдаг байсан. Иймд би энэхүү зээлээс хойш хэд хэдэн удаа зээл авч, бүгдийг нь бүрэн төлж барагдуулсан. Би энэхүү зээлийг ихэд гайхаж, Ш....г мөнгө нэхэх аргаа олж ядаж, шунахай сувдаг сэтгэл гаргаж байгаа нь илт харагдаж байна. Би энэ зээлийн дараа 2014 онд хүртэл хэд хэдэн удаа зээл авч, бүгдийг нь өндөр 10 хувийн хүүтэй төлсөн. Би бөөрний хүнд өвчтэй, аппаратанд орж амьдардаг тул төлбөрийг төлөх чадваргүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш....нь хариуцагч Б....д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 1,459,000 төгрөг, зээлийг хугацаандаа төлөөгүйн алданги 729,000 төгрөг, нийт 2,188,500 /хоёр сая нэг зуун наян найман мянга таван зуун/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.... нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн гэрээний дагуу төлвөл зохих төлбөрийг бүрэн төлж дуусгасан хэмээн тайлбарлаж, төлбөрийн баримтуудыг нотлох баримтаар гарган, тэдгээрийг үндэслэж маргасан бол, нэхэмжлэгч талын зүгээс Б....гаас төлсөн төлбөрийг хүлээн авч байсан Т...., Ш.... нарын банк дахь харилцах дансны хуулгуудыг мөн баримтаар гаргаж, шүүх хуралдааны явцад талууд тэдгээр баримтуудыг тулгаж тооцоо нийлсэн.

Талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу зээлдүүлэгч Ш....нь 3,900,000 төгрөгийг 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 100 хоногийн хугацаагаар, зээлийн хугацаанд сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлж, эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх 4/

Зохигчдын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан үндэслэлд нийцсэн, хуульд заагдсан хэлбэрээр хийгдэж, талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд зээлдүүлэгч Ш....нь зээлийн гэрээний дагуу 3,900,000 төгрөгийг зээлдэгч Б....д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хариуцагчийн үйлдсэн гар бичмэл зэрэг баримтуудаар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нь гэрээний дагуу 3,900,000 төгрөг төлөхөөс 903,000 төгрөг төлж, 2,997,000 төгрөгийн үлдэгдэлтэй байжээ.

Хариуцагч Б.... нь гэрээний дагуу дансаар 42 удаагийн төлөлтөөр, нийт 2,345,000 төгрөг төлж, бэлнээр Ш....д 100,000 төгрөг, Ш....д 45,000 төгрөг, АТМашинаар 35,000 төгрөг, нийлээд 180,000 төгрөгийг бэлнээр төлж, нийт 3,900,000 төгрөг төлөхөөс 2,525,000 төгрөг төлж, 1,375,000 төгрөгийн зээлийн төлбөр төлөгдөөгүй үлдсэн болох нь хэрэгт цугларсан банкны дансны хуулга, төлбөрийн баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэдийгээр зээлдүүлэгчид АТМашинаас 156,000 төгрөг шилжүүлсэн гэж хариуцагч Б.... тайлбарлах бөгөөд, тийнхүү шилжүүлсэн болохоо баримтаар нотлоогүй боловч, нэхэмжлэгч тал 35,000 төгрөгийг хүлээн авсан талаар тайлбарлан зөвшөөрөх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрсөн хэмжээгээр зээлийн төлбөрөөс хасч тооцлоо.

Түүнчлэн, Б....гаас бэлнээр 145,000 төгрөгийг Ш...., Ш.... нарт төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн тайлбар нотлогдсон гэж үзэн, зээлийн төлбөрөөс мөн хасах нь зүйтэй.

Харин зээлийн төлбөрт 15,000 төгрөгийн үнэ бүхий барааг зээлдүүлэгчид хүлээлгэн өгсөн гэх хариуцагч Б....гийн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.... хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан энэхүү тайлбараа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 1,459,000 төгрөг гаргуулахаар шаардсанаас илүү нэхэмжилсэн 84,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар төлөгдөөгүй үлдсэн зээлийн төлбөр 1,375,000 төгрөгийг хариуцагч Б....гаас гаргуулан нэхэмжлэгч Ш....д олгох нь зүйтэй.

Түүнчлэн, маргаан бүхий зээлийн гэрээний 3 дахь заалт болон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш зээлдүүлэгч Ш....гийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алдангийг тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн, алдангийг нийт гүйцэтгээгүй үүрэг болох 1,375,000 төгрөгийн 50 хувиар тооцон 687,500 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй ба алдангид илүү шаардсан 41,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дээрхийг үндэслэн хариуцагч Б....гаас зээлийн үлдэгдэл 1,375,000 төгрөг, алданги 687,500 төгрөг, нийт 2,062,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш....д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 126,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б....гаас зээлийн гэрээний үүрэгт 2,062,500 /хоёр сая жаран хоёр мянга таван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш....д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 126,000 /нэг зуун хорин зургаан мянган/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               А.САРАНТУЯА