| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 174/2020/0165/э/ |
| Дугаар | 2020/ДШМ/30 |
| Огноо | 2020-10-21 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2020/ДШМ/30
Б.О нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
прокурор Л.Мөнхбаяр,
шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Д.Намсрайжав /онлайнаар/,
шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,
шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Ж.Батзоригт,
нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 164 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.О, Д.Э, З.Б нарт холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 19... онд төрсөн, ... настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ...... дэх Гаалийн газрын хяналт бүрдүүлэлтийн албаны дарга ажилтай, ам бүл ..., хоёр хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн ..-р хорооны ......... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б.О,
2.Монгол улсын иргэн, 19.. онд төрсөн, ... настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, Хайгуул, өрөмдлөгийн инженер мэргэжилтэй, .....дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ажилтай, ам бүл ..., эхнэрийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 5-р хорооны .... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, З.Б,
З.Монгол улсын иргэн, 19.. онд төрсөн, .. настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, дулаан хангамжийн инженер мэргэжилтэй, .... дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 6-р хорооны ...... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Д.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Сүхбаатар аймгийн Б дэх Гаалийн газрын гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, нийтийн албан тушаалтан Б.О нь гаалийн улсын байцаагч З.Б, Д.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, ...........арлын дугаартай ачигчийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, ............арлын дугаартай ачигчийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаалийн хяналтын бүсэд ирүүлээгүй байхад хилийн чанадад буцаан гаргах 300 горимд бүрдүүлэлт хийх үүрэг өгч, уг 2 ачигчийг гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл олгосон атлаа Гаалийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.18, 97 дугаар зүйлийн 97.1, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсгийг хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй буюу Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.1-д заасан бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлээгүйгээс түр дансанд байршуулсан 9901710 төгрөгийг ЖШЭ ХХК-д буцаан олгох нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосны улмаас 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр уг мөнгийг тус компанийн данс руу шилжүүлж, улсын төсөвт 9901710 төгрөгийн хохирол учруулж, эрх мэдлээ урвуулан ашигласан,
Шүүгдэгч Сүхбаатар аймгийн Б дэх Гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын улсын байцаагч, нийтийн албан тушаалтан З.Б, Д.Э нар нь тус газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.О-тэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, тус бүр урдаа шанагатай нэг ачигчийг гаалийн хяналтын бүсэд ирээгүй байхад буюу 2017 оны 11 дүгээр сарын 22, 24-ний өдрүүдэд хилийн чанадад буцаан гаргах 300 горимд байршуулж, Гаалийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 97 дугаар зүйлийн 97.1, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсгийг хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй буюу Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.1-д заасан бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлээгүйгээс түр дансанд байршуулсан 4950855 төгрөгийг ЖШЭ ХХК-д буцаан олгох нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосны улмаас 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр уг мөнгийг тус компанийн данс руу шилжүүлж, улсын төсөвт 4950855 төгрөгийн хохирол учруулж, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бүжинлхам нь шүүгдэгч Б.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Э, З.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 164 дугаартай цагаатгах тогтоолоор: Нийслэлийн прокурорын газраас Б.О, З.Б, Д.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.О, З.Б, Д.Э нарыг цагаатгаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тэд энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Монгол Улсын Сангийн яам нь өөрт учирсан гэм хор, хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: Шүүгдэгч нарыг албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны а/236 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэх журам”-ын 5.21-д заасныг зөрчиж, Монгол улсын хилээр түр горимоор 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дотогш нэвтрүүлсэн ...., ....... арлын дугаартай, урдаа шанагатай ачигчуудыг гаалийн хяналтын бүсэд ирүүлээгүй байхад ЖШЭ компанийн талбайд буюу уурхайд журам зөрчин очиж шалгасан, шалгах үед тухайн техникийг Монгол Улсын хилээр гадагш нэвтрүүлэх боломжгүй эвдрэлтэй нөхцөл байдал тогтоогдсон байхад зөрчилгүй мэтээр гаалийн хяналт шалгалтын бүрдүүлэлт хийж, 2017 оны 11 дүгээр сарын 22, 24-ний өдрүүдэд Монгол улсын хилээр буцаж гарсан мэтээр буюу “300 горим”-оор хуурамч бүрдүүлэлт хийж, гаальд бараа мэдүүлэгч ЖШЭ ХХК-д давуу байдал бий болгосон, улмаар албаны дарга Б.О нь дээрх хуурамч бүрдүүлэлтийг гаалийн мэдээллийн санд цахимаар баталгаажуулалт хийж, давуу байдал олгосны улмаас улсын төсөвт 9901710 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, үйл баримтыг прокуророос гэмт хэрэг гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “шүүхээс улсын яллагчийн дүгнэлт, яллах нотлох баримтыг ямар нотлох баримттай харьцуулж, хууль зүйн ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа”-г илэрхийлж, хууль зүйн тодорхой дүгнэлтийг анхан шатны шүүх хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг нь гаалийн ахлах байцаагч, гаалийн хяналт шалгалтын байцаагч нарын үйл ажиллагаанд ямар хууль журам, стандарт үйлчилдэг, тухайн үйлдэл, фактын хувьд хууль журам зөрчигдсөн талаар мэргэжлийн талаас дүгнэснийг “хууль журмыг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар хууль тайлбарласан” гэж үзэхгүй. Иймд цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэх, анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг өөрчлүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.
Сүхбаатар аймгийн прокурорын газрын орлогч прокурор Л.Мөнхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Шүүгдэгч нар нь 300 горимоор гаргах боломжгүй тээврийн хэрэгслүүдийг гаалийн хяналтын бүсэд бус, тухайн аж ахуйн нэгж, байгууллагын талбайд очиж, тухайн тээврийн хэрэгсэлд гаалиар буцаан гарах шаардлагыг хангасан гэж үзэн хуурамч бүрдүүлэлт хийж, ахлах байцаагч нь зөвшөөрөл олгосон, шүүхийн цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, шаардлагыг хангаагүй гэж үзсэн, шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байгаа учраас цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан, хоорондоо үгсэн тохирсон зүйл байхгүй...гэв.
Шүүгдэгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагаатгах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй. Цахим сүлжээгээр хуваарилагдахаар нь улсын байцаагч нар шалгаж, бүрдүүлэлтээ хийдэг. Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаар тушаалаар батлагдсан журмын 5.21 дэх хэсэгт “Гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх, түүний дотроос барааны нэр төрөл, марк, ангилал, зориулалт, жин тоо хэмжээ, стандарт, боловсруулалтын түвшинг нарийвчлан шалгана” гэж заасны дагуу шалгасан. Эвдрэлтэй байхад гаргаж болохгүй гэсэн зүйл байхгүй. Хуулийн дагуу ажилласан...гэв.
Шүүгдэгч З.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд цагаатгах тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлтэй санал зөрж байна. ЖШЭ ХХК нь Гаалийн байгууллагад цахим сүлжээгээр бүрдүүлэлт хийлгэх хүсэлтээ явуулсан. Бид нар үгсэн тохиролцсон зүйл байхгүй. Гаалийн тухай хуульд зааснаар үйл ажиллагаа явуулсан. ЖШЭ ХХК-ийн хүсэлтээр тус компанийн талбай дээр очиж шалгасан. Гаалийн тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ажлаа хийсэн. Гаалийн мэдүүлэгт заасан үзүүлэлтүүдийг шалгах ёстой. Тэрнээс биш эвдрэлийг шалгадаггүй. Ямар нэгэн элэгдэл хорогдол байхгүй байсан. Шалгаад таарч байсан учраас хяналт шалгалтын ажил дууссан...гэв.
Шүүгдэгч Б.О-н өмгөөлөгч Д.Намсрайжав шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд бодитой, зөв дүгнэлт хийсэн. Тухайн хоёр ачигч нь 2016 онд орж ирээд 2017 онд гарах ёстой байсан. Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаар тушаалаар батлагдсан журмын 5.21-т заасны дагуу Э, Б нар гаалийн бүрдүүлэлт хийсэн. О-н хувьд тухайн хоёр байцаагч гаалийн бүрдүүлэлт хийсэн учраас зөвшөөрсөн товч дарсан. О-н мэдүүлгээс дүгнэлт хийхэд тухайн хоёр тээврийн хэрэгслийг хилээр гарч явна гэдэгт итгэлтэй байсан. Гэтэл тухайн хоёр техник эвдрэлтэй болж таараад хилээр гараагүй. 2018 оны 04 дүгээр сард Хятад улсаас засварчид ирж, техникийг засаад гаргах гэсэн боловч шалгагдаж байгаа учраас гаргаагүй. Гэмт хэрэг үйлдэх санаа зорилго нотлогдож тогтоогдоогүй. Хууль зөрчсөн гэх ямар нэгэн үндэслэл тогтоогдоогүй. Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэрэгт ямар оролцоотой болох, ямар байдлаар санаа зорилгоороо нэгдээд байгааг нотолж, тогтоосон зүйл хавтаст хэргийн материалд авагдаагүй. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийн талаар зөв дүгнэсэн. Санаатайгаар хамтран давуу байдал олгосон гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй учраас шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...гэв.
Шүүгдэгч Д.Э-н өмгөөлөгч Д.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан тусгавал зохих зүйлүүдийг тусгасан, хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангасан. Энэ хуулийн 39.5-т зааснаар хүчингүй болгох үндэслэл байхгүй. Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Миний үйлчлүүлэгч Эийг гаалийн талбай дээр бус тухайн компанийн талбай дээр тээврийн хэрэгсэлд үзлэг хийж мэдүүлэг гаргасан гэж ярьж байна. Тэр Гаалийн тухай хуулийн 246 дугаар зүйлийн 246.8 дахь хэсэгт заасны дагуу шалгалт хийсэн. Э нь тухайн тээврийн хэрэгсэл цаг хугацаандаа гарсан байна уу, үгүй байна уу гэдэгт хяналт тавих субъект биш. Хуульд заасны дагуу тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг хийгээд бүрдүүлэлт хийсэн. Прокурорын эсэргүүцэлд дурдсан шиг хууль зөрчсөн асуудал байхгүй. Харин ч Гаалийн тухай хуульд зааснаар өөрт оногдох ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлыг хийж гүйцэтгэсэн нөхцөл байдал нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа... гэв.
Шүүгдэгч З.Б-н өмгөөлөгч Ж.Батзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний үйлчлүүлэгч З.Б нь Гаалийн тухай хуулийн хүрээнд ажил үүргээ шударгаар гүйцэтгэсэн. ЖШЭ ХХК нь Гаалийн тухай хуулийн 55.1-т зааснаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааг мэдүүлсэн. Монгол улсын Гааль, Татварын ерөнхий газрын 2016 оны А/236 дугаар тушаалаар баталсан журмын 6.15-д зааснаар Б.О нь сүлжээгээр З.Б, Э нарыг хуваарилан ажиллуулсан. Үгсэн тохиролцсон гэсэн асуудал нь энэ журамд зааснаар үгүйсгэгдэж байна. Гаалийн тухай хуулийн 246 дугаар зүйлийн 246.8-д заасны дагуу хяналт шалгалтын ажлыг хийсэн нь хууль зөрчөөгүй. ЖШЭ ХХК-аас ковш эвдэрсэн талаар мэдэгдсэн. Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.1-т заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бүрдүүлэлт хийсэн нь хууль зөрчөөгүй. Энэ хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасны дагуу бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхэд бараа, тээврийн хэрэгслийн тоо, ширхэг арлын дугаар, үйлдвэрлэгдсэн он зэрэг бүх үзүүлэлтүүд гаалийн мэдүүлэгтэй таарч байсан. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 6.21-т заасны дагуу гаалийн мэдүүлэгт “Монгол улсын гааль зөвшөөрөв” гэсэн тэмдэг дарж, гаалийн улсын байцаагчийн хувийн тэмдэг дарсан. Мөн журмын 6.20-т заасны дагуу гаалийн бүрдүүлэлт хийж дууссан. Миний үйлчлүүлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаалийн хяналт шалгалтыг дуусган, ПЧ ХХК-д ажилласан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.О, З.Б, Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос нийтийн албан тушаалтан Б.О-г З.Б, Д.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, арлын ........,............ дугаартай хоёр ачигчийг 2017 оны 11 дүгээр сарын 22, 24-ний өдрүүдэд гаалийн хяналтын бүсэд ирүүлээгүй байхад хилийн чанадад буцаан гаргах 300 горимд бүрдүүлэлт хийх үүрэг өгч, гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл олгохдоо Гаалийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.18, 97 дугаар зүйлийн 97.1, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсгийг хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй буюу Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.1-д заасан бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлээгүйгээс түр дансанд байршуулсан 9901710 төгрөгийг ЖШЭ ХХК-д буцаан олгох нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосны улмаас 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр уг мөнгийг тус компанийн данс руу шилжүүлж, улсын төсөвт 9901710 төгрөгийн хохирол учруулж, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
нийтийн албан тушаалтан Д.Э, З.Б нарыг Б.О-тэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, тус бүр урдаа шанагатай нэг ачигчийг гаалийн хяналтын бүсэд ирээгүй байхад 2017 оны 11 дүгээр сарын 22, 24-ний өдрүүдэд хилийн чанадад буцаан гаргах 300 горимд байршуулж, Гаалийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 97 дугаар зүйлийн 97.1, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсгийг хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй буюу Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.1-д заасан бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлээгүйгээс түр дансанд байршуулсан 4950855 төгрөгийг ЖШЭ ХХК-д буцаан олгох нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосны улмаас 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр уг мөнгийг тус компанийн данс руу шилжүүлж, улсын төсөвт 4950855 төгрөгийн хохирол учруулж, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүхээс хянан хэлэлцэж, шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодитоор нь хянаагүйн улмаас хэргийн үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, цагаатгах тогтоолдоо “Шүүгдэгч нар хууль зөрчөөгүй, тэдний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй” гэх дүгнэлтийг хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Тодруулбал:
- яллагдагч Б.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Гаалийн хяналтын бүсэд ЖШЭ ХХК-ийн ..........,................ арлын дугаартай ачигчууд 2018 оны 04 дүгээр сарын эхээр хугацаа алдаж, ирсэн боловч хуулийн байгууллагад шалгагдаж байгаа учраас хилээр гаргахгүй түр байлгаж байгаа... Хяналт шалгалт дуусаж, “Зөвшөөрөх” тэмдэг дарсны дараа 2 ковш гаалийн хяналтын бүсээс гарах ёстой байдаг. Би 2 ковш гаалийн хяналтын бүсэд ирсэн, ирээгүйг нь мэдэлгүй зөвшөөрөх тэмдэг дарсан. Гэтэл маргааш нь 2 ковш эвдрээд, хяналтын бүсэд ирээгүй болохыг мэдсэн. Гаальд бараа мэдүүлэгч Төд би: “Яаралтай гарга. Монгол улсын хилээр гарсан гэсэн бүрдүүлэлт хийгдсэн атлаа гараагүй байж болохгүй.” гэж хэлсэн... З.Б, Д.Э нарыг ЖШЭ ХХК-ийн гаальд мэдүүлсэн 2 ачигчийг 2017 оны 11 дүгээр сард тухайн компанийн хяналтын талбайд биечилж шалгалт хийсний дараа би хугацаандаа гарчихна гэж бодоод зөвшөөрөх тэмдгийг дарсан...” гэх /1-р хх 7, 128-190, 3-р хх 85-87/,
- яллагдагч З.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний хувьд 1500KDL120257 арлын дугаартай, урдаа шанагатай нэг ачигчийн бүрдүүлэлтийг 300 горимоор хийсэн. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ......... арлын дугаартай ачигч гаалийн хяналтын бүсэд ирээгүй. Харин бичиг баримтын бүрдүүлэлтийг урьдчилж хийж, 7000 төгрөг тушаалгасан. Хоёр хоногийн дараа ЖШЭ ХХК-ийн экспортын ачилтад гарахдаа ачигчийг биечилж үзсэн. Ингээд бүрдүүлэлтийг нь 11 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн. Бүрдүүлэлт хийсний дараа 12 дугаар сарын 01-ний дотор амжиж гарах байсан боловч ачигч нь эвдрээд саатсан. Энэ талаар тус компаниас албан бичиг ирүүлсэн. О дарга: “Б даргад танилцуулсан. Урьдчилсан мэдүүлгийг ЖШЭ хийсэн. Хугацаандаа гарчихна...” гэж хэлээд надаар бүрдүүлэлт хийлгэсэн. Миний бие ачигчид биечилсэн хяналт шалгалтыг хийж, арал дугаар, техник үзүүлэлтүүд тохирч байсан учраас цахимаар “биет үзлэг дууссан” төлөвт шилжүүлсэн. Үүний дараа албаны дарга О цахимаар “гааль зөвшөөрөв” төлөвт оруулсан. Дараа нь би 300 горимын мэдүүлгийг хэвлэж, мэдүүлэгч Т “ковш эвдэрчихсэн, хугацаандаа засаад гарчихна.” гэж гуйгаад байхаар нь итгээд мэдүүлгийг өгсөн. Гэтэл хугацаандаа ковшийг гаргаагүй. Т миний итгээд өгсөн 300 горимын мэдүүлгийг ашиглаж, байршуулсан мөнгө авах хүсэлт гаргаж, нягтлан Г, газрын дарга С.Б нараар шийдүүлж, мөнгийг авсан талаар сүүлд мэдсэн. Бүрдүүлэлт хийснээс хойш 2 ачигчийг ажилласан талаар мэдэхгүй. Бүрдүүлэлт хийсэн талаар албаны даргад хэлэхэд: “Бүрдүүлэлтийг нь хийчих, хилээр гарахад нь боомтын уурын зууханд нүүрс буулгуулъя” гэж хэлсэн. Ингээд ачигч нь нүүрсээ ч буулгаагүй, эвдрээд хилээр гараагүй.“ гэх /1-р хх 10-11, 132-133, 2-р хх 149-150, 3-р хх 55-56, 77/
- яллагдагч Д.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би арлын ........... дугаартай, урдаа шанагатай нэг ачигчид 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 300 горимоор бүрдүүлэлт хийсэн. Биет шалгалтыг Боомтын гаалийн хяналтын бүсэд хийгээгүй. ЖШЭ ХХК-ийн хашаанд эвдэрсэн зогсож байхаар нь биечилсэн шалгалт хийсэн. Энэ компанийн талбай дээр гаалийн хяналтын бүс байдаг учраас биечилсэн шалгалтыг хийсэн. Би ээлжийн амралтаа аваад явах гэж байгаа учраас бүрдүүлэлтийг өөр байцаагчаар хийлгэх боломжтой эсэхийг албаны даргаас асуухад: Та өнөөдөр бүрдүүлэлт хийчих, ачигч хугацаандаа гарна.” гэхээр нь итгээд биечилсэн шалгалтыг хийж, цахимаар “биет үзлэг дууссан” төлөвт шилжүүлсэн. Албаны дарга О цахимаар “гааль зөвшөөрөв” төлөвт оруулсан. Би 300 горимын мэдүүлгийг хэвлэж, мэдүүлэгч Т-г: “Эвдэрсэн ковшоо янзлаад хугацаандаа гаргачихна.” гэж хэлэхээр нь түүнд өгсөн. Намайг хяналт шалгалт хийхэд юу нь эвдэрсэн болохыг мэдэхгүй, нүүрсний талбай дээр зогсож байсан, талбайд ачигч ажилласан эсэх талаар мэдэхгүй.” гэх /1-р хх 134, 2-р хх 151, 3-р хх 57-58, 93-94/,
-хохирогч, Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын мэргэжилтэн Д.Г-н “Тухайн хоёр ачигчийг Монгол улсын хилээр гараагүй байхад хилээр гарсан мэтээр бүрдүүлэлт хийж, барьцаа мөнгийг олгосон байна. Хоёр ачигчийг хугацаандаа буцаан гаргаагүй бол төрийн сангийн түр дансанд байршуулсан мөнгийг улсын төсөвт шилжүүлэх ёстой. Улсын төсөвт шилжиж орох ёстой мөнгийг оруулаагүй байгаа учраас улсад хохирол учирсан гэж үзэж байна.” гэх /3-р хх 47/,
-гэрч Ц.Т-н “ ЖШЭ ХХК-ийн арлын ..........., ............... дугаартай ачигчуудыг 2017 оны 11 дүгээр сарын 22, 24-ний өдрүүдэд буцааж гаргахаар тус компаниас мэдүүлсэн. Миний бие 300 горимоор бичиг баримтын хяналт тавьж, хяналт шалгалтын байцаагч руу шилжүүлсэн. Хяналт шалгалтын улсын байцаагч нар бичиг баримтад үндэслэж, биет шалгалт хийх ёстой.” гэх /1-р хх 135/,
-гэрч А.Г-н “Би 2017 оны 03 дугаар сард Б дэх гаалийн газрын ахлах нягтлан бодогч-гаалийн улсын ахлах байцаагчаар томилогдсон. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр уг 2 ковш 300 горимоор Монгол улсын хилээр буцаж гарсан бүрдүүлэлтийг үндэслэж, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЖШЭ ХХК-ийн дансанд 9901710 төгрөгийг шилжүүлсэн. Э, Б нар хяналт шалгалт хийгээд хувийн тэмдэг дарж баталгаажуулж, тус гаалийн газрын албаны дарга хянаж, баталгаажуулж, зөвшөөрсөн бүрдүүлэлт, компанийн 2018.03.26-ны өдрийн 16/2018 тоот хүсэлт, газрын дарга Б-н гарын үсэг зурсан, төлбөрийн хүсэлтийг тус тус үндэслэж, би барьцааны мөнгийг шилжүүлсэн. Тухайн үедээ би хилээр гараагүй болохыг мэдээгүй.” гэх /1-р хх 131/
-гэрч С.Б-н “Б-н боомтоос баруун хойд зүгт 30 гаруй км зайд “Ө” нүүрсний уурхай байдаг. Энэ уурхайд ЖШЭ ХХК үйл ажиллагаа явуулж, экспорт хийдэг. Энэ компани 2016 оны сүүлээр 2 ширхэг авто ачигчийг 500 горимоор оруулж ирж, 2017.11.24-ний өдөр буцааж гаргахаар 300 горимоор бүрдүүлэлт хийсэн. Уг бүрдүүлэлтийн материалыг үзэхэд 500 горимоор орж ирсэн 2 авто ачигч машин хугацаандаа хилээр гарсан гэж ойлгогдож байна. Бичиг баримт нь бүрдсэн, улсын хилээр гарсан тухай баталгаажсан мэдүүлэг болон бусад бичиг баримтын бүрдэл хангагдсан тохиолдолд нягтлан бид хоёр барьцааны мөнгийг буцааж олгох ёстой.” гэх /1-р хх 148-153/,
-гэрч Д.Т-н “Би тус хоёр ковшийн материалыг бүрдүүлж, тээвэр зуучлалын компанид өгч, барьцаа 9 сая гаруй төгрөгийг Хаан банканд тушаасан. Жилийн дараа хугацаа өнгөрөхөөс өмнө Б.О залгаад: “Чамд 2 ковшийн бичиг баримт байгаа юм уу. Аваад ир.” гэж хэлсэн. Тэгээд аваачиж өгсөн. Шинэ жилийн дараа ирээд асуухад нөгөө 2 ковш гараагүй байсан. Би 2016 оны 08 дугаар сард Б боомтын гаалийн газрын даргын жолоочоор томилогдож, 2017 оны 07 дугаар сард ажлаасаа халагдсан. 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр өвөр монгол Г гэдэг найз над руу залгаж: “ЖШЭ ХХК-ийн нэр дээр манай Л ахын 2 ачигч Монгол руу түр горимоор орно. Гаалийн бүрдүүлэлтийг нь хийгээд өгөөч” гэж гуйхад нь би зөвшөөрсөн. Энэ явдлаас хойш, бүр мартагдсаны дараа Г утсаар яриад: “2 ковш буцах болчихсон. Буцах бүрдүүлэлтийг хийгээд гаргаад өг” гэж хэлсэн учраас би өөрт байсан горимын мэдүүлгийг гаальд буцахаар мэдүүлсэн. Гаалийн бичиг баримтын байцаагч нь 2 ковш бичиг баримтын зөрчилгүй учраас хяналт шалгалтын байцаагч руу шилжүүлсэн. Би Э, Б хоёр ахтай хамт ажиллаж байсан учраас “300 горимын мэдүүлгээ өгчих, 2 ковшийг засаад гаргачихна.” гэж гуйгаад авсан.” гэх /1-р хх 12-14, 140-141/,
-гэрч П.Г-н “Б боомт дээр Т надтай уулзаад: “Хоёр ачигчийн барьцаа мөнгийг танай компанид шилжүүлмээр байна. Та компанийнхаа хүмүүстэй ярилцаад өгөөч” гэж хэлэхээр нь гаалийн нягтлангаас ямар баримт бичиг шаардлагатай болохыг тодруулаад Улаанбаатар хотод байрлах нягтлан нартайгаа утсаар холбогдож, шаардлагатай баримт материалыг бүрдүүлэн барьцаа мөнгийг ЖШЭ компанийн данс руу шилжүүлсэн.” гэх /1-р хх 139, 2-р хх 152/
-гэрч, ЖШЭ ХХК-ийн нярав О.С-н “2018 оны 03 дугаар сард гүйцэтгэх захирлын хэлснээр дансаа шалгахад 9 гаруй төгрөг орсон байсан.” гэх /1-р хх 136, 2-р хх 148/,
-гэрч, ЖШЭ ХХК-ийн нягтлан бодогч С.О-н “2018 оны 04 дүгээр сараас хойш уурхайн үйл ажиллагаа зогссон. 2018 оны 01 дүгээр сард гаалийн улсын байцаагч Гэрлээ над руу залгаад: “Танайх түр горимоор оруулж ирсэн ачигчуудаа яагаад гаргахгүй байгаа юм бэ?” гэхээр нь гүйцэтгэх захирал Ш уулзаад хэлэхэд: “Манай компанийн ачигч биш. Манай уурхайд ажил гүйцэтгэгч компани оруулж ирсэн. Өөрсдөө асуудлаа шийднэ биз.” гэж хэлсэн. Гэтэл 2018 оны 3 сард манай уурхайд менежерээр ажиллаж байсан Т гэдэг залуу: хоёр ачигч хилээр буцаж гарсан. Байршуулсан барьцаа мөнгийг гаргаж, өгөх хэрэгтэй байна. Нэхэмжлэх бичээд явуулаач” гэж хэлсэн. Би 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл бичсэн. Манай компанийн дансанд барьцаа мөнгө орсныг кассын нярав С бэлнээр гаргаж өгсөн.” гэх /1-р хх 137-138/
-гэрч Ш: “ЖШЭ ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Х” нуур, “Ө”-ийн уурхайд хөрөнгө оруулалт хийж, нүүрс экспортлох үйл ажиллагааг явуулж байна. 2016 оны сүүлээр манай компанийн нүүрс ачих үйл ажиллагааг хариуцсан БНХАУ-ын иргэн Лү надтай уулзаад: “Танай компанийн нэр дээр урдаа шанагатай ачигч хоёрыг Монгол улсад оруулж ирье. Барьцаа мөнгийг нь бид нар өөрсдөө төлнө.” гэхэд би зөвшөөрсөн. Ингээд удаагүй 2 ачигч машин оруулж ирээд манай компанийн талбай дээр нэг жилийн хугацаатай ажилласан. Үүнээс хойш нэг жилийн дараа Лү надтай уулзаад: “Манайх 2 ковшоо хилээр гаргахаар боллоо. Барьцаа мөнгөө авмаар байна” гэхээр нь би гаалийн газарт барьцаа мөнгөө шаардсан албан бичиг явуулсан. Удаагүй манай компанийн дансанд барьцаа мөнгө орсон.” гэх /1-р хх 143-144/,
-гэрч Лү: “ЖШЭ ХХК-ийн нүүрсний уурхайд бултлуур ковшоор зөөх ажлыг хариуцан ажиллахаар тохиролцоод 2016 оны сүүлээр ирж ажилласан. Уурхайд буталсан нүүрсийг ачих машин, техник, тоног төхөөрөмж байхгүй учраас урдаас 2 ачигч түрээслэн оруулж ирсэн. Би Г-гээр гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн. Хоёр ачигч эвдэрсэн тул Монгол улсын хилээр хугацаандаа гараагүй. Би Г-гээс “Барьцааны мөнгөө яаж авах вэ, 2 ковшоо засварлах мөнгө хэрэгтэй байна” гэхэд “ЖШЭ” ХХК-иас барьцаа мөнгө шаардсан бичиг аваад өг гэхээр нь би Улаанбаатар хотод байсан Ш-тэй утсаар яриад бичиг авсан.” гэх /1-р хх 146-147/,
-гэрч ЖШЭ ХХК-ийн менежер, орчуулагч М.Ж-н “2019.04.13-ны өдөр Л-с тодруулахад: Би өөрөө бэлнээр барьцааны 9 сая гаруй төгрөгөө 2018 оны 04 дүгээр сарын эхээр авсан гэдгээ хэлсэн” гэх /2-р хх 153/ мэдүүлгүүд болон
-Тээврийн хэрэгсэлд 2018.10.26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1-р 154-156/ -ажлын байрны тодорхойлолтууд /1-р хх 164-181/,
-ЖШЭ ХХК-ийн 2018.03.28-ны өдрийн төлбөрийн хүсэлт /1-р хх 200/,
-ЖШЭ ХХК-ийн “барьцааны 9901710 төгрөгийг гаргуулах тухай” 2018.01.08-ны өдрийн болон 2018.03.26-ны өдрийн хүсэлт /1-р хх 201, 214/,
-ЖШЭ ХХК-ийн 2018.03.27-ны өдрийн нэхэмжлэх /1-р хх 202/,
-ЖШЭ ХХК-ийн Тооцооны үлдэгдлийн баталгаа /1-р хх 203/,
- ЖШЭ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх 211/
-Гаалийн ерөнхий газрын статистикийн хэлтсийн лавлагаа /1-р хх 204/,
-Гаалийн ерөнхий газрын 2018 оны 01-2/3185 тоот албан бичиг /1-р хх 37-38/,
-Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд /1-р хх 205-206, 208-209/,
-татвар төлсөн баримт /1-р хх 220/,
-мөнгөн шилжүүлгийн баримтууд /1-р хх 207, 210/,
-ирсэн бичгийн бүртгэл /1-р хх 216/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэх улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй байна.
Мөн анхан шатны шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дараах нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулан дүгнэлт хийсэн учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тухайлбал:
“ЖШЭ” компани нь Гаалийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.3, дөрөвдүгээр дэд бүлэгт заасны дагуу арлын ..........., .................. дугаартай хоёр ачигчийг Монгол улсын нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500 кодтой “барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах” горимоор нэвтрүүлж, энэ хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаа дуусахаас өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаалийн нутаг дэвсгэрээс хилийн чанадад буцаан гаргахаар мэдүүлжээ.
Мэдүүлэгчээс Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар хоёр ачигчийг урьд нь гаалийн хилээр оруулахад бүрдүүлсэн гаалийн мэдүүлэг, шаардагдах бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгсөн боловч “Б” дэх гаалийн хяналтын бүсэд хоёр ачигчийг ирүүлж, Монгол Улсын хилээр хугацаанд нь гаргаагүйг энэ хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.7-д заасан “түр хугацаагаар нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг энэ хуульд заасан хугацаанд буцаан нэвтрүүлэх, ийнхүү нэвтрүүлэх боломжгүй бол гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд байршуулах” үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Гэтэл гаалийн хяналт шалгалтын улсын байцаагч З.Б, Д.Э нар нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Монгол улсын хилээр гаргах ёстой хоёр ачигчийг Б дэх гаалийн хяналтын бүсэд ирүүлээгүй байхад тус хилийн боомтоос 40 орчим км зайтай “Ө” нүүрсний уурхайд очиж, биет шалгалтыг хийсэн гэж байгаа нь Гаалийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Гаалийн бүрдүүлэлтийг гаалийн байгууллага бүхий газарт хийнэ.”, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 1.4-д “бараа, тээврийн хэрэгслийн шалгалтыг гаалийн хяналтын бүсэд хийнэ.” гэж заасантай нийцэхгүй байна.
Учир нь: Гаалийн тухай хуулийн хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь хэсэгт “Гаалийн шалгалтыг гаалийн хяналтын бүсэд хийх боломжгүй бол өөр газарт мэдүүлэгчийн зардлаар хийж болно”, энэ хуулийн 246 дугаар зүйлийн 246.8 дахь хэсэгт “Гаалийн шалгалтыг гаалийн хяналтын бүсэд хийх боломжгүй бол гаалийн байгууллагын зөвшөөрлөөр шалгалт хийх нөхцөлөөр хангагдсан албаны болон ахуйн байранд мэдүүлэгчийн зардлаар хийж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн албаны болон ахуйн байр нь гаалийн хяналтын бүсийн үүргийг түр гүйцэтгэнэ.” гэж тус тус зааснаар гаалийн шалгалтыг гаалийн хяналтын бүсэд хийх боломжгүй бол Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны А/44 дугаартай тушаалаар батлагдсан “Гаалийн хяналтын бүсийн журам”-ын 5-д заасан захиалга дуудлагаар гаалийн бүрдүүлэлт хийх журмын дагуу түргэн муудах, хагарч гэмтэх, ачилт, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах, улсын нууцын зэрэглэлд орох, түүх соёлын дурсгалт зүйлс, валют ба валютын үнэт зүйлс, химийн бодис зэрэг барааг мэдүүлэгчийн захиалга, зардлаар, гаалийн хяналтын түр бүсэд гаалийн бүрдүүлэлтийг хийх шаардлагатай эсэхийг нягтлан шалгасны эцэст гаалийн шалгалт, бүрдүүлэлтийг хийхээр хуульчилжээ.
Гэхдээ энэ зохицуулалт нь Монгол улсын хилээр буцаан гаргах хоёр ачигчид Гаалийн тухай хуулийн 240, 246 дугаар зүйлд заасан шалгалтыг хийх болон Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/41 дүгээр тушаалаар батлагдсан “Барааг хилийн чанадад буцаан гаргах горим хэрэгжүүлэх журам”-ын дагуу 300 кодтой горимоор бүрдүүлэлт хийхэд хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл нүүрсний уурхайн гаалийн хяналтын бүсэд экспортод гаргах нүүрсийг ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэхэд гаалийн хяналт тавих боломжтой юм. Тухайн талбайд улсын хилээр буцаан гаргах хоёр ачигчид 300 горимоор бүрдүүлэлт хийсэн нь дээрх хууль тогтоомжид нийцэхгүй байна.
Түүнээс гадна Гаалийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.3-д “барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах”, 79.2.4-д “барааг хилийн чанадад буцаан гаргах”, 136 дугаар зүйлийн 136.1-д “Барааг хилийн чанадад буцаан гаргах горим нь уг барааг гаалийн хилээр гаргаснаар, эсхүл өөр горимд байршуулснаар дуусгавар болно.” 234 дүгээр зүйлийн 234.1.2-д “гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах бараа, тээврийн хэрэгслийн хувьд улсын хилээр орсон үеэс гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах, эсхүл гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд байршуулах хүртэл хугацаанд гаалийн хяналтад байна.” гэж тус тус заасныг зөрчиж, ЖШЭ компанийн түр хугацаагаар оруулсан хоёр ачигчийг 2017 оны 11 дүгээр сарын 22, 24-ний өдрөөс эхлэн Б дэх гаалийн хяналтын бүсэд 2018 оны 4 дүгээр сард авчрах хүртэлх хугацаанд гаалийн хяналтаас гадуур байлгасан нь шүүгдэгч нарыг энэ хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.1, 274.2.2-т заасан өргөсөн тангарагтаа үнэнч, гаалийн хяналт, шалгалтыг хийхдээ сонор сэрэмжтэй байж, гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл болно.
Хяналт шалгалтын улсын байцаагч нь ачигчийг шалгах үед эвдрэлтэй, улсын хилээр хугацаандаа гарах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон байхад 300 горимоор бүрдүүлэлт хийж, цахимаар “биет үзлэг дууссан”, ахлах улсын байцаагч нь “Гааль зөвшөөрөв” төлөвт шилжүүлж, тэмдэг дарж, баталгаажуулсан мэдүүлгийг мэдүүлэгчид өгсний улмаас төрийн сангийн түр дансанд байршуулсан 9901710 төгрөгийг буцаан олгох нөхцөлийг бүрдүүлснээс гадна, мэдүүлэгч бараагаа улсын хилээр гаргах хугацааг хэтрүүлсэн зөрчил гаргасныг мэдсэн атлаа холбогдох хууль, журмын дагуу гаалийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, шийтгэл оногдуулах зэрэг арга хэмжээг аваагүй байна.
Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 12.6-д зааснаар гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт, татварын тооцоо, гаалийн шалгалт хийснээс үүдэн гарах хариуцлагыг тухайн ажлыг гүйцэтгэж, системд баталгаажуулалт хийсэн, зөвшөөрөл олгосон, гаалийн мэдүүлгийн холбогдох хүснэгтэд хувийн дугаар бүхий тэмдэг дарж, баталгаажуулсан гаалийн улсын байцаагч хүлээхээр байна.
ЖШЭ ХХК гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан 2 ачигчийг хугацаандаа буцаан гаргаагүй тул Гаалийн тариф, татварын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д “Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг хугацаанд нь буцаан гаргасан тохиолдолд гаалийн байгууллага нь төрийн сангийн тусгай дансанд байршуулсан гаалийн болон бусад татварыг буцаан олгоно.” гэж зааснаар болон Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/40 дугаар тушаалаар батлагдсан “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горим хэрэгжүүлэх журам”-ын 5.2, 5.3-д заасны дагуу 500 горимын дагуу оруулсан барааны хугацаа дууссан бол дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимоор гаалийн бүрдүүлэлт хийж, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар түр дансанд байршуулсан гаалийн болон бусад татварыг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой юм.
Түүнчлэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5-д “шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэж болон энэ хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т “...улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж заасан хуулийн шаардлагуудыг хангаагүй байх тул шийдвэр гаргахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзлээ.
Дээр дурдсанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-д тус тус заасан үндэслэл тогтоогдож байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонх байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллыг прокурорын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн өөрчлөн тогтоож болно.” гэж зааснаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг өөрчлүүлэхийг хүссэн прокурорын санал, хүсэлтийг шийдвэрлэх эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд олгогдоогүй тул энэ талаарх саналыг хүлээн авах боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг.Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 164 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.О, З.Б, Д.Э нарт холбогдох, ............. дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
Хоёр.Шүүгдэгч Б.О, З.Б, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл үргэлжлүүлсүгэй.
Гурав. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Д.БАЙГАЛМАА