Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 00059

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                                          Б.Ариунсанаа

 Улсын яллагч                                                          Н.Дүүрэнжаргал

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                       А.Хандмаа

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч               Д.Бямбасүрэн

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ганболд          

             Шүүгдэгч                                                                 Ж.Дашням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж.Дашнямд холбогдох 201718020018 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Угтаал цайдам суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эцгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Баянбулагийн 2-20 тоотод амьдардаг,  урьд ял шийтгэлгүй, Хотон овгийн Жумдааны Дашням, /РД: НТ:94040411/

 

Шүүгдэгч Ж.Дашням нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Шарлангийн уулзвараас Ерөөгийн халуун рашаан явах замд 13-76 СББ улсын дугаартай 3ил-131 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 “..Жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна..”, 9.2 “..Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, 21 дүгээр зүйл 21.3 “..хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд жолооч нь тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын дагуу тоноглосон байна. а/ “...Тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 0,3-0,5 метр, хашлагын дээд ирмэгээс багагүй байх, в/ “...Тэвшний хойд болон хажуу хашлагын дагуу зассан суудал нь түшлэгтэй байх..”, г/ “..Зорчигчдийг буулгах, суулгах шаттай байх..” гэх заалтуудыг тус тус зөрчин хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс тээврийн хэрэгсэл хойшоо ухарч баруун талаар унасаны улмаас тус тээврийн хэрэгслийн тэвшин дээр зорчиж явсан иргэн Л.Ганзаяагийн амь насыг хохирсоон гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Дашням мэдүүлэхдээ: ... 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шөнийн 01 цагийн орчимд Ерөөгийн халуун рашааны чиглэлдээ голынхоо хойд талын замаар явж байхад машин хойшоо дугчиж гулгасан, тэгээд гулгахад нь аль болох унагаахгүйн тулд тормозоо гишгэсэн боловч дугуй гулгасаар хуучин машин явж байсан мөрний ховил таараад машины баруун талын дугуй орчихсон. Тэгээд дугуйгаа гаргаж чадахгүй явсаар байтал машины зөв талын дугуй хажуу талын эрэг рүү гарч ирээд машин зогсоод л аажуухан унасан. Тэгээд би кабинаас гарч ирээд кабинд байсан 3 хүнийхээ нэгийг татаж гаргасан. Тэгээд байж байтал ачаан дээр байсан бусад хүмүүс бүгд буусан байсан. Би бүгд зүгээр үү гэж асуухад зүгээр гэсэн. Тэгээд машинаас буутал хажууд талийгаач Ганзаяа байсан. тэгээд цаанаас Даваа гэдэг залуу ирээд энд хүн дарагдсан байна гэхэд цаанаас Ариунсүх гэдэг залуу ирээд тэр хоёр дамжлаад гудсан дээр тавьсан. Тэгээд би өөр хүн амьтан байна уу гээд машиныг тойрч үзэж байхад талийгаачийн ах нь хажууд нь ирчихсэн толгойгийн барьж байсан. Тэгээд 2, 3 хүн болон манай эгч хажууд нь байж хиймэл амьсгаа хийж байсан. Тэгээд би очоод наад хүн чинь зүгээр үү гэсэн чинь эгч найдваргүй болчихсон байна гэсэн. Тэгээд би балмагдсан. Ийм асуудал болсон гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбасүрэнгээс мэдүүлэхдээ...... 2017 оны 01 дүгээр сарын 08-нд манай нөхөр Ганзаяа нь надруу ярьсан. Ярихдаа би Сэлэнгэ аймгийн Мандал суманд явж байна самарт явлаа олсон мөнгөө хайрлуугаа явуулна, миний хайр зээлэндээ санаа зовоод хэрэггүй гэж хэлсэн.Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр манай хадам эгч надруу залгаж ингээд осолд орчихсон байна гэсэн тэр үед нь би итгэж чадахгүй юу яриад байгаа юм бэ гээд гэнэтийн цочролд орсон. Тухайн үед манай нөхөр төрсөн ах Гансүхийн хамт явсан байдаг. Өмнө нь 1 удаа Улаанбаатар хотдоо ойрхон самранд яваад ирж байсан гэв.

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Даваахүү мэдүүлэхдээ: ...2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр уул руу самарт явахаар 3ил-131 загварын Дашням жолоочтой 18-19 цагийн орчим Зүүнхараагаас гарсан. Цагдаагийн пост өнгөрөөд 01 цагийн орчимд осол болсон....Дээр байсан хүмүүс бүгд л унтаж байсан. Нэг нөхөр л машин уначихлаа гэж орилж байсан....Тэгээд хойшоо эргэж хараад овоолсон хөнжил пүүгээнүүдийг холдуулаад байж байтал сарны гэрэлд хүний царай харагдах шиг болсон. Лавлаад сайн хартал хүн хэвтэж байсан. Тэгээд “Энд хүн байна ш дээ” гээд нэг цаасан хайрцаг болон хөнжил пүүгээнүүдэд дарагдсан байсныг нь холдуултал толгой нь машины явж байсан зүүн чиглэлд түрүүлгээ харсан байдалтай баруун гар нь тохой арын хэсгээрээ нугалараад ардаа гарсан байдалтай нүүр зүүн хацраараа газар харж             урагш харсан байдалтай байсан. Тэгээд хүмүүс ирээд бүгдээрээ өргөөд тэр газраас нь холдуулаад хөнжил дээр тавьсан. Машин баруун талаараа унасан байсан бөгөөд машинаас 2-3 метрийн зайд унасан байсныг урагш нь өргөж холдуулсан. Тэр үед ухаан орохгүй юм хэлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Амарбаясгалангийн мэдүүлэхдээ: ... 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 19 цагийн үед уул руу 3ил-131 машинтай жолооч нь Дашка гээд залуутай 30 гаруй хүн тэвшин дээрээ бүх ачаагаа ачаад явсан. Осол 01 цагийн орчимд гарсан бөгөөд тэр үед унтаж явсан юм. Сэрсэн чинь машин онхолдсон байсан. ...Талийгаачийн дээр нэг цаасан хайрцагтай эд зүйлүүд хөнжил гудас л байсан. Тэрийг нь Даваа гээд залуу унагаагаад татаж авсан. Тэгсэн чинь ухаан алдчихсан байсан. Сэрэхгүй ухаан орохгүй байсан. Би 3 удаа цээжин дээр дарж массаж хийсэн...тэгээд талийгаач нүүр хөхрөөд байсан. Тэгэхээр нь би “энэ хүн чинь болохоо байлаа ш дээ” гэж хэлсэн. Тэгээд л талийгаач удаагүй нас барсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/

       Мөрдөн байцаалтанд гэрч Г.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: ..тэр үед би унтаж байсан юм. Тэгээд яг юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн чинь нойрон дунд “уналаа ш дээ гээд орилоод байсан би зүүдлээд байгаа юм болов уу гэж бодсон тэгсэн чинь миний дээрээс баахан юм нураад ороод ирсэн. Би тэвшний баруун хойд хэсэгт зорчиж явсан бөгөөд машин баруун талаараа унахад миний дээгүүр баахан хүн амьтан дээгүүр даваад унасан талийгаач надаас 2-3 метр зайд доошоо түрүүлгээ хараад толгой нь явж байсан чиглэл рүү зүүн тийш харсан байдалтай хэвтэж байсан талийгаачид хиймэл амьсгаа хийгээд цээжинд массаж хийж байсан. Талийгаач тэр үед огт ухаан ороогүй юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 58-р хуудас/

         Мөрдөн байцаалтанд гэрч Б.Ганбат мэдүүлэхдээ: ... “...Талийгаач амьсгал авч чадахгүй ойр ойрхон амьсгал аваад ч байлуу нэг тиймэрхүү байдалтай байсан. Байсан газраас нь холдуулаад ах нь хиймэл амьсгал хийж байсан. Бас цээжинд нь массаж хийж байсан. Ухаанорохгүй байсаар л байсан. Тэгээд л өнгөрчихлөө гээд ах нь уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/

         Мөрдөн байцаалтанд гэрч Б.Лхагвасүрэн мэдүүлэхдээ: ... Би осол болох үед сэрүүн явсан. Бусад хүмүүс ер нь бүгд л унтаж байсан. Осол болох үед би толгой дээгүүрээ хөнжил нөмөрсөн байсан учир юу ч хараагүй. Ямар ч байсан машин ухарсан бөгөөд эвгүй хазайгаад зогссоныхоо дараа хажуугаараа зөөлөн удаан хазайж ирж байгаад унасан. Тэр үед би балмагдаад юу болсоноо санадаггүй юм. Нэг мэдсэн чинь машинаас буучихсан газар зогсож байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/

             Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Батнасан мэдүүлэхдээ: “...Талийгаач тэвшнээс урагш 2 алхам л зайтай уу  газарт намайг очиход дээшээ харсан ухаангүй байсан. Би судсыг нь барьж үзэхэд судасны цохилт мэдрэгдээгүй юм. Дээр нь бас ямар нэгэн хариу үйлдэлгүй байсан. тэгээд би зүрхэн тушаа газар нь 5 удаа гараараа дарж массажпасан....ямар ч ухаан ороогүй хариу үйлдэл үзүүлээгүй тэгээд өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/  

         Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-15-р хуудас, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7-р хуудас/

            Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Сүхбаатарын №07 дугаартай шинжээчийн дүгнэлт: “..Хотон овгийн Жумдааны Дашням нь өөрийн 3ил-131 загварын 13-76 СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.Тээврийн хэрэгслийн хурд...9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 21.Хүн тээвэрлэх...21.3.”Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд жолооч нь тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын дагуу тоноглосон байна. Тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 0,3-0,5 метр, хашлаганы дээд ирмэгээс багагүй байх, в/Тэвшний хойд болон хажуу хашлагын дагуу зассан суудал нь түшлэгтэй байх...г/зорчигчдыг буулгах суулгах шаттай байх....гэснийг зөрчсөн....гэх /хх-ийн 19-р хуудас/

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн №10 дугаартай “...Нас барагч Л.Ганзаяагийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед толгойгоороо гадны биетийг мөргөх үед үүсэх боломжтой гэмтэл юм. Нас барагчийн биед үүссэн гэмтэл нь хүний гар хөлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Нас барагч нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Нас барагчийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй    болно. Нас барагч Л.Ганзаяа нь дотор эрхтнүүдийн цус эргэлтийн хурц хямралын улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23, 28-30-

р хуудас/  

            Ж.Дашнямын сэжигтэн, яллагдагчаар тооцон байцаасан тэмдэглэлүүд, хувийн байдлыг тогтоосон баримт ял шалгах хуудас /хх-ийн 69-79-р хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 77-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 70-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтаар:

Шүүгдэгч Ж.Дашням нь Самарт явах хүн тээвэрлэн явахдаа 2017 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Ерөөгийн халуун рашаан гэх газарт 13-76 СББ улсын дугаартай 3ил-131 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 “..Жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна..”, 9.2 “..Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, 21 дүгээр зүйл 21.3 “..хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд жолооч нь тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын дагуу тоноглосон байна. а/ “...Тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 0,3-0,5 метр, хашлагын дээд ирмэгээс багагүй байх, в/ “...Тэвшний хойд болон хажуу хашлагын дагуу зассан суудал нь түшлэгтэй байх..”, г/ “..Зорчигчдийг буулгах, суулгах шаттай байх..” гэх заалтуудыг тус тус зөрчин хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс тээврийн хэрэгсэл өөд газар машин арагшаа ухарч баруун талаар унасаны улмаас  тээврийн хэрэгслийн тэвшин дээр зорчиж явсан 27 зорчигчийн нэг болох  иргэн 36 настай Л.Ганзаяагийн  амь насыг хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Хэргийн зүйлчлэл тохирсон. Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн дагуу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв. Шүүгдэгч Ж.Дашням  нь анх удаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нотлох баримтаар тооцогдох 2911700 төгрөгний төлбөрөөс нас барагчийн эхнэр Д.Бямбасүрэнд 3350000 төгргөгийг  төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж,хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгаа, хохирогч тал ял шийтгэлийн талаар гомдол саналгүй зэрэг байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулж,уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч Ж.Дашням нь цагдан хоригдсон хоноггүй,жолооны үнэмлэх шүүхэд ирээгүйг,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг ,Зил -131 маркын 13-76 СББ улсын дугаартай  тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн  тогтоолыг хүчингүй болгох зэргийг  тогтоолд тусгах нь зүйтэй байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,284,286,290 дугаар зүйлийн 290.3,294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хотон овгийн Жумдааны Дашнямыг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар Ж.Дашнямын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасч, 03 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Ж.Дашнямд оногдуулсан 03 жил, 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ж.Дашнямд оногдуулсан 03 жил, 10 хоногийн  хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, төлөх төлбөргүйг, шүүгдэгч Ж.Дашнямын жолооны үнэмлэх шүүхэд ирээгүйг дурьдсугай.

6.Эрүүгийн байцаан шитйгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Зил-131 маркын 13-76 СББ улсын дугаартай  тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.  

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Дашнямд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

9.Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий  этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол,эсэргүүцлийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ