Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/02378

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ............. байрлах, “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ............ тоот хаягт оршин суух, Ш овогт Ж.Э /РД:00000000/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болон хугацаа хэтрүүлсэн алдангид 210.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах  нар оролцов. 

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж” ХХК нь Ж.Э-тэй 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1132063 тоот төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээнд 240.000 төгрөгийн үнэ бүхий NП10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөг төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Ж.Э нь одоогоор төхөөрөмжийн үлдэгдэл 220.000 төгрөгөөс 140.000 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээний 5.3 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувиар алданги бодохоор үндсэн үнийн дүнгээс давсан. Тийм учраас үндсэн үнийн дүн 140.000 төгрөгийн 50 хувийн алданги болох 70.000 төгрөгийг нэмж, нийт 210.000 төгрөгийг хариуцагч Ж.Э-ээс гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь  хариуцагч Ж.Э-т   холбогдуулан төхөөрөмж зээлээр   худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болон хугацаа хэтрүүлсэн алдангид 210.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

“Ж” ХХК нь Ж.Э-тэй 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж  240.000 төгрөгийн үнэ бүхий NP10 интернет төхөөрөмж худалдах, худалдан авагч нь урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэх 220.000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сар бүр 20.000 төгрөг төлөхөөр /хх 6-7/ тохирчээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байна.

Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хэрэглэгч нь тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги төлөхөөр тохирсон байна. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагад нийцжээ.

Хариуцагч Ж.Э нь нэхэмжлэлийн хувийг 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээж авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлд тайлбар, татгалзсан үндэслэл, нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны мэдэгдлийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсан атлаа  хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар Ж.Э  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Э-ээс 210.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 6.950  төгрөг гаргуулж, “Ж” ХХК-д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.МӨНХЦЭЦЭГ