| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0387/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/443 |
| Огноо | 2024-11-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Тогтох,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Их-Элээт” гэх газарт байрлах хохирогч Ц.Нгийн гэрт 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох үхрийн борц 90 кг, ком түлхүүрийн багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 6.050.000 төгрөгийн хохирол учруулсан ба уг гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хүндрүүлэх шинжтэйгээр гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн ********дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Т.Б нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Их-Элээт” гэх газарт байх Ц.Нгийн өвөлжөөний байшингийн цонхоор 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хууль бусаар нэвтэрч, үхрийн борц 90 кг, ногоон хайрцагтай ком түлхүүрийн багаж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, тухайн үед унаж явсан хүрэн өнгийн Мустанг-5 загварын улсын дугааргүй тээврийн хэрэгсэлээр Мөрөн сум руу зөөж, Ц.Нд 6.050.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бгийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруу дээр маргаан байхгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Нгийн өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 08-ны орой Цагаан-Уул сумын Шарга-5 дугаар багийн нутаг Бургааст гэх газар байдаг. Өвөлжөөний байшиндаа шуудаатай хатаасан борц дөрвөн шуудай буюу 100 кг борц үлдээгээд гэрээ цоожлоод явсан. 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр очиход манай байшингийн вакум цонх онгойсон байсан. Ороод харахад 4 шуудай буюу 100 кг тай борц мөн машин янзалдаг том ногоон хайрцагтай ком түлхүүр багаж байхгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Би үхрийн хатаасан борцыг 1 кг 65.000 төгрөгөөр үнэлнэ 100 кг нь 6.500.000 мянган төгрөг. Түлхүүр багажаа 250.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Би фэйсбүүк хаягаар борц авна гэж зар тавьсан миний борцтой адилхан зүсэж хатаасан борц зарна гэхээр нь би харъя гэсэн миний борц мөн байсан. Тухайн хаяг Nyamka NK8 Manlaibayar Dawaadorj гэсэн хоёр хаягаар миний борцны зураг оруулж зар тавьсан байсан. Тухайн хүмүүсийг шалгуулмаар байна. 2023 оны намар 12 дугаар сард манайх үхрийн махаар борц хийж хатаагаад 2024 оны 05 дугаар сард уутлаад “Бургааст" гэх газар өөрийн өвлийн байшиндаа хадгалсан байсан. Би гомдолтой байна... Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ 100 кг гэж мэдүүлсэн боловч тухайн борцны шуудайнуудаа авахад дээр нь кг аа бичсэн байсан нь. Миний бичсэн манай борцны шуудай мөн байсан. Дээр нь бичсэн 23 кг 400 гр, 24 кг, 21 кг 100 гр, 21 кг борц нэхэмжилж төлүүлж авмаар байна. Түлхүүр багаж бүрэн хүлээн авсан. Дээрээс нь эд зүйлийн үнэлгээний 100.000 мянган төгрөг, мөн эд зүйлээ хайж, мөн мэдүүлэг өгөхөөр нааш цааш явсан мөнгө 200.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна..” гэх мэдүүлэг ( хх-ийн 23-24 тал),
Гэрч И.Дгийн өгсөн: “...Шарга-5 дугаар багийн нутаг Бургааст гэх газар байдаг. Өвөлжөөний байшиндаа шуудайтай хатаасан борц дөрвөн шуудай буюу 100 кг борц үлдээгээд гэрээ цоожлоод явсан. 2024 оны 09 дүгээр сарын 12 -ны өдөр эхнэр Н.Угийн хамт очиход байшингийн вакум цонх онгойсон байсан. Ороод харахад 4 шуудай буюу 100 кг борц мөн машин янзалдаг том ногоон хайрцагтай ком түлхүүр багаж байхгүй болсон байсан. Ямар хүмүүс мэдэж байгаа талаар санахгүй байна. Сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай байшин харуул хамгаалалт байхгүй цонх түлхээд онгойлгосон байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 27 тал),
Гэрч Л.Аын өгсөн: “...Т.Б нь 2024 оны 09 дүгээр сард Цагаан-Уул сумын Шарга 5 дугаар багийн нутагт байх Ц.Нгийн эзэмшлийн өвөлжөөний байшингаас борц болон эд зүйл хулгайлсан гэж хэлээгүй. Тухайн үед би гэртээ байж байхад Б.Н манай гэрт хүрч ирээд Цагаан-Уул сум руу тарваганд явах гэсэн юм мотоциклоо өгөөч гэхээр нь би өөрийнхөө хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоциклоо өгөөд явуулсан. Миний мотоциклийг Б.Н авч яваад 3 хоноод 4 дэх өдрөө Мөрөнд орж ирээд надад мотоциклийг минь хүлээлгэж өгсөн. Надад мотоцикль өгөхдөө айлаас борц хулгайлсан гэж хэлээгүй зүгээр мотоцикль авчирч ирж өгчихөөд яваад өгсөн. Би энэ мотоциклоо 10-аад хоногийн өмнө Тариалан сумын нэг хүнд 100.000 төгрөгөөр зарсан. Тэр хүн мотоцикль худалдаж аваад самарт явна гэж ярьж байсан. Одоо би мотоциклоо зарсан үнээр буюу 100.000 төгрөгөөр үнэлж байна. Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож мэдүүлэг өгөхгүй. Угаасаа энэ мотоциклийг миний зарсан хүн унаад самарт явна гэж ярьж байсан. Одоо хаана явна гэдгийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан муухан мотоцикль байсан их үнэд хүрэхгүй хэдэн онд үйлдвэрлэгдсэн гэдгийг мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг ( хх-ийн 169 тал),
Ашид Билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ТХҮ-924/10826 дугаартай “...Үнэлэгдэж буй 4 шуудай үхрийн борц болон ком түлхүүр багажны зах зээлийн үнэ цэнийг 6.050.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт ( хх-ийн 33-36 тал),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,
Мөрдөгчийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-13 тал/
Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 162 тал/,
Хохирогч Ц.Нгаас эд зүйл хулгайд алдагдсан гэх хэргийн талаар гаргаж өгсөн баримт /хх-ийн 163-167 тал/,
Ашид Билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ТХҮ-924/11274 дугаартай “...Үнэлэгдэж буй хүрэн өнгийн Мустанг-5 мотоциклны зах зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 250.000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт ( хх-ийн 121-124 тал),
Шүүгдэгч Т.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 09 дүгээр сарын 10-нд шиг санагдаж байна би Цагаан-Уул сумын 5 дугаар багт байдаг "Их-Элээт” гэдэг газарт тарваганд явж байсан юм. Тэгээд тухайн үед бороо ороод байсан болохоор нь тэнд байсан нэг өвөлжөөний байшинд очсон чинь тэр байшингийн цонх нь онгорхой байсан. Цонхоор нь харсан чинь гэрийн хойморт байх авдар дээр 4 шуудай борц байсан. Тэгэхээр нь би цонхоор нь ороод тэр дөрвөн борцнуудыг аваад авдрын хажууд байсан ногоон өнгийн савтай багажтай сав байхаар нь бас үүнийг нь бас авсан. Тэгээд би тухайн үедээ унаж явсан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль дээрээ ачаад би шууд Мөрөн сум руу орж ирсэн. Мөрөнд ирээд 2 хонохдоо 15 кг борцыг зарсан одоо би борц зарсан хүмүүсийг санахгүй байна. Мөрөнд хоёр хоног байгаад үлдсэн борцнуудаа аваад тендерийн машинд суугаад Улаанбаатар хот руу орж фейсбүүкээр борц зарна гэж зар тавиад удаагүй байж байхад цагдаа нар ирээд надтай уулзаад миний хулгайлж авсан борцыг жинлэж үзээд аваад явсан. Зүгээр ил байж байхаар нь авсан юм. Би хохирогч Н.Уд багажийг нь бүрэн хүлээлгэж өгсөн. Хулгайлж авсан борцноосоо 70 кг буцааж өгсөн байгаа. Одоо би Н.Уд үлдсэн хохирлыг нь төлж барагдуулна. Үгүй ээ архи уугаагүй эрүүл байсан. Би ганцаараа л байсан. Мотоцикль манай ээжийн төрсөн ахын хүүхэд А.ын эзэмшилд байгаа юм. Би тухайн өдөр тарваганд явахдаа А.Р гуйж авсан байсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 46-47 тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Тогтох гаргасан санал дүгнэлтдээ: “...шүүгдэгч Т.Б нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Их-Элээт” гэх газарт байрлах хохирогч Ц.Нгийн гэрт 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох үхрийн борц 90 кг, ком түлхүүрийн багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 6,050,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлээгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоогдож байна. Хохирогч Ц.Нгийн өгсөн мэдүүлэг, гэрч н.Д-ын өгсөн мэдүүлэг, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Ашид Билгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин, механизм ашиглаж, хүний амьдрах амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна...” гэсэн санал дүгнэлт,
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр гаргасан: “...Миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдож яллагдагчаар татсан. 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр бусдын оронд байранд нэвтэрч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Гэм буруу дээр маргаагүй. Иргэний нэхэмжлэгч н.Анхбаяр мэдүүлэг өгөхдөө би 100,000 төгрөгөөр мотоциклоо үнэлж байна. Ийм учир надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй гэсэн. Иймд 250,000 төгрөг төрийн санд тушаах шаардлага байхгүй....” санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Т.Б болон түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Н, гэрч И.Д, Л.А нарын мэдүүлэг, мөрдөгчийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Ц.Н-гийн эд зүйл хулгайд алдагдсан гэх хэргийн талаар гаргаж өгсөн баримт, хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг тогтоосон Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ТХҮ-924/10826 дугаартай дүгнэлт, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоосон Ашид Билгүүн ХХК-ний шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ТХҮ-924/11274 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Т.Б нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Их-Элээт” гэх газарт байх Ц.Н-гийн өвөлжөөний байшингийн цонхоор 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хууль бусаар нэвтэрч, үхрийн борц 90 кг, ногоон хайрцагтай ком түлхүүрийн багаж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, тухайн үед унаж явсан хүрэн өнгийн Мустанг-5 загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслээр Мөрөн сум руу зөөж, Ц.Н-д 6.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Т.Б-гийн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Т.Б-гийн үйлдэл идэвхтэй, хохирогч Ц.Н-гийн 90 кг борц, ком түлхүүрийн багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Т.Б нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Т.Б нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Т.Б-гийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн” гэж заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч Т.Б нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлж, захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Т.Б нь борц болон түлхүүрийн багажийг хулгайлахдаа тухайн газартаа хурдан хүрэх, хулгайлсан эд зүйлээ зөөвөрлөх зэргээр хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, үйлдлээ түргэтгэх зорилгоор Л.А-ын эзэмшилийн “Мустанг-5 загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ашигласан байх тул түүнийг машин механизм ашигласан гэж үзнэ.
Бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт этгээдийн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх болон онц хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулаагүй бол түүний хэргийг ердийн бүрэлдэхүүнээр зүйлчлэх нь зөв юм. Харин аль нэгэн үйлдэл нь хүндрүүлэх эсхүл онц хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулж буй бол түүгээр нь хүндрүүлэн зүйлчилж, бусад үйлдлийг уг зүйлчлэлд багтаан зүйлчилнэ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Б-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Ц.Н-д 6.050,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохиролын үнэлгээг тогтоосон Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ТХҮ-924/10826 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Т.Б-гаас 69 кл борцыг хүлээн авсан талаарх мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 162 тал/-д хэрэгт авагдсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Н нь шүүгдэгч Т.Б-гаас үлдэгдэл борцны үнэ 1.365.000 төгрөгийн хохирол төлбөр, эд зүйлээ үнэлүүлсэн төлбөр 100.000 төгрөг, тээврийн зардал 355.569 төгрөг нийт 1.820.569 төгрөгийг нэхэмжилж байна гэх тайлбар гаргаж хэрэгт баримтыг хавсарган ирүүлсэн.
Шүүгдэгч Т.Б нь хохирол төлбөрийг төлөх хүсэлт гаргаж хохирогчтой эвлэрч Ц.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “..Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын иргэн Ц.Н би 2024 оны 9 дүгээр сарын 9-нөөс 09 дүгээр сарын 14-ний хооронд сууцны байшингаас 90 кл борц, алдаж, иргэн Б.Нг сэжиглэж Улаанбаатар хотод зарж байхдаа үйлдэл дээрээ баригдаж 69 кл борцыг эргүүлэн авсан. Үлдэгдэл 21 кг борцоо 65.000 төгрөгөөр үнэлж 1.365.000 төгрөгний хохирол авсан. Мөн эд зүйлийн үнэлгээний 100.000 төгрөг тушаасан хэргийн газарт шинжилгээ хийлгэж явсан. Аймагт 2 удаа дуудагдаж өөрийн биеэр явсан, нийт зардалд 635.000 төгрөг зарцуулж үүнийг иргэн Т.Б өөрөө зөвшөөрч Н.У надад цэнхэр өнгийн мустанг-5 мотоцикль 2.000.000 төгрөгөөр тохиролцож авсан. Ингээд миний хохирлыг бүрэн барагдуулсан учраас иргэн Б.Нд гомдолгүй байна...” гэх баримт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 128 тал/-ын хамт шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Т.Бг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Ц.Нд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.Бг нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг. Эрүүгийн хуулиар тогтоосон хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл тус бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах ...орон байр, ... нэвтэрч” ..машин механизм ашиглан.. гэж хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул шүүгдэгч Т.Б-гийн хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах ...орон байр, үйл ажиллагаа явуулах зориулалттай ...нэвтэрч” ..машин механизм ашиглан... гэсэн шинжээр нь хүндрүүлэн зүйлчилж тухайн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчид нэг удаа ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Бгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Уг ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу 250,000 төгрөг шүүгдэгчээс гаргуулж төрийн сангийн дансанд шилжүүлэх саналтай байна...” гэх санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ: “...Улсын яллагч 2 жил 6 сарын хорих ялын санал гаргаж байна. Өмнө шүүхэд хялбаршуулсан журмаар ирүүлсэн санал дээр 1 жил 5 сар гэсэн байсан. Өмгөөлөгчийн 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр маргаан үүсэхгүй байх. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж ялыг хөнгөл 1 жил 1 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад оногдуулж өгнө үү...” гэх санал дүгнэлт,
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, урьд энэ төрлийн гэмт хэрэг ял шийтгэл эдэлж байсан, өөртөө дүгнэлт хийгээгүй зэргийг)-ийг тус тус харгалзан шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мустанг-5” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр Л.Аын өмчлөлийнх болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Л.Аын өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Мустанг-5” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг Л.Аын эзэмшил, өмчлөлд нь үлдээж, шүүгдэгч Т.Бгаас тээврийн хэрэгслийн үнэ 250.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Бгаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Нг 1 (нэг) жил, 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б.Нд оногдуулсан 1 (нэг) жил, 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “мустанг-5” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг Л.Аын эзэмшил өмчлөлд үлдээж, шүүгдэгч Т.Бгаас тээврийн хэрэгслийн үнэ 250.000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь хохирогч Ц.Нд төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН