| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0169/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/174 |
| Огноо | 2024-11-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/174
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Мөнхдөл,
Шүүгдэгч Р.М,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Р-ийн М-т холбогдох 2428000000243 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Р.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2,10 хувийн согтолттой ... улсын дугаартай “Киа бонго” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Р.М-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Р.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Даланзадгад сумын зүүн хаалганы урд пиво уусан. Тэгээд эргээд аймаг руу орж ирэхдээ Даланзадгад сумын 8 дугаар багийн цагдаагийн пост дээр баригдсан гэв.
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр намайг гэртээ байж байтал 12 цагийн орчимд миний танил болох Р.М манай гэрт ирээд хамт явж манай үхрийг харалцаад өгөөч гэж надад хэлэхээр нь би зөвшөөрөөд хамт гэрээсээ гарсан. Тэгээд Р.М өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “Киа бонго” загварын тээврийн хэрэгслийг жолоодож би хажууд нь сууж явсан. Бид хоёр аймгийн төвийн зүүн талын угтах хаалганы ойролцоо очиж тал дээр зогсоод үхрээ харангаа Р.М-ын машин дотор Р.М бид хоёр Сэрүүн нэртэй 2,5 литрийн пиво 2 ширхгийг хувааж уусан. Тухайн хоёр том пивог Р.М машиныхаа араас гаргаж ирсэн. Тэгээд бид хоёр пивоо уучихаад аймгийн төв рүү орж намайг гэрт хүргэж өгөх гээд Р.М нь өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “Киа бонго” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байх зүүн талын цагдаагийн постон дээр цагдаад баригдсан... Тээврийн хэрэгслийг Р.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймаг Даланзадгад сумын зүүн талын угтах хаалганы хажуугаас аймгийн төвийн зүүн талын цагдаагийн пост хүртэл 1 км гаруй газар жолоодож явсан.” (хавтаст хэргийн 17-19 дэх тал)
Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал)
2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10, 11 дэх тал)
Физик химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын 001743 дугаартай гэрчилгээ (хавтаст хэргийн 12 дахь тал)
Жолоодох эрхээ хасуулсан жолоочийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл (хавтаст хэргийн 13 дахь тал)
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 42-47 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1184 тоот албан бичиг (хавтаст хэргийн 66 дахь тал)
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (хавтаст хэргийн 67 дахь тал).
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Р.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Р.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2,10 хувийн согтолттой ... улсын дугаартай “Киа бонго” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт гэрч Д.Г-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал), эрх бүхий албан тушаалтны 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал), 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10, 11 дэх тал), жолоодох эрхээ хасуулсан жолоочийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл (хавтаст хэргийн 13 дахь тал), физик химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын 001743 дугаартай гэрчилгээ (хавтаст хэргийн 12 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Р.М нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 42-47 дахь тал), Цагдаагийн Ерөнхий газраас олгосон 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 13 дахь тал)-ээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.М-ын согтолтын хэмжээ 2.10 хувьтай гарсан болох нь эрх бүхий албан тушаалтны 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал), 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10, 11 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор аутентик тайлбар хийжээ.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Р.М нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 42-47 дахь тал), Цагдаагийн Ерөнхий газраас олгосон 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 13 дахь тал)-ээр тус тус тогтоогдсон ба уг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 1 жилийн хугацаа дуусаагүй байхад дахин 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Иймд Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч Р.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Р.М-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиг байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Р.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 27 хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ялд нэмж нэгтгэн нийт эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 2 жил 4 сар 27 хоногоор тогтоох саналтай байна. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг бүрэн биелүүлсэн болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Р.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг 2 жил 4 сар 27 хоногоор тогтоож, 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна гэх дүгнэлтийг, шүүгдэгч нь хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Р.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Р.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг удаа дараа үйлдсэн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 340 (гурван зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Р.М нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял (хавтаст хэргийн 42-47 дахь тал) шийтгүүлсэн бөгөөд уг шийтгэх тогтоолоор оногдуулсан үндсэн торгох ялыг бүрэн биелүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялаас 147 хоног буюу 4 сар 27 хоногийн үлдэгдэлтэй болох нь Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1184 тоот албан бичиг (хавтаст хэргийн 66 дахь тал), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (хавтаст хэргийн 67 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуульчилсан.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.М-т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаас үлдсэн 4 (дөрөв) сар 27 (хорин долоо) хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч Р.М-ын нийт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг 2 (хоёр) жил 4 (дөрөв) сар 27 (хорин долоо) хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Р.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Р-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 340 (гурван зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.М-т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаас үлдсэн 4 (дөрөв) сар 27 (хорин долоо) хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч Р.М-ын нийт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг 2 (хоёр) жил 4 (дөрөв) сар 27 (хорин долоо) хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Р.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Р.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ