| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2020/02360/И |
| Дугаар | 102/ШШ2020/03267 |
| Огноо | 2022-10-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2020/03267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн, 3 дугаар баг, Баянмөнх, 00 дугаар хэсэг халуун усны хашаа гудамж, 0 тоотод оршин суух, О овогт Ю-гийн Т /РД:СЭ0000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 02 дугаар байр, 00 тоотод оршин суух, Б овогт А-гийн У /РД:НВ000000/-д холбогдох,
Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 125,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э хариуцагч У, хариуцагчийн өмгөөлөгч Б гэрч О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Бнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Тшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Тнь 2018 онд Улаанбаатар хотод орж ирээд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах 0 өрөө орон сууцыг, сууц өмчлөгч этгээдтэй ярилцаад худалдан авахаар харилцан тохиролцсон байдаг. Ингээд банкнаас зээл авахаар шаардлагатай бичиг баримтаа цуглуулаад явж байхад тухайн орон сууцны өмчлөгч этгээд.Т...Бэлэн мөнгөөр хүн худалдаж авах гээд байна. Надад бэлэн мөнгөний яаралтай хэрэг байна. Чиний банкнаас зээл авах асуудал чинь сунжраад байгаа бол би байраа бэлэн мөнгөөр авах гэж байгаа хүнд зарлаа... гэж хэлсэн байдаг. Үүний дагуу Тхүнээс мөнгө зээлэхээр сураглаж байгаад нутгынхаа таньдаг ахаар дамжуулж О танилцаж, 235,000,000 төгрөгийг зээлсэн байдаг. Т хувьд орон сууцыг нь худалдаж авна гэдгээ илэрхийлж эхний ээлжинд О 10,000,000 төгрөг авч тухайн орон сууц эзэмшигчийн данс руу шилжүүлж байсан. Ингээд Т, О нийт 235,000,000 төгрөг аваад уг орон сууцыг худалдаж аваад тухайн орон сууцанд нүүж ороод удаагүй байхад Х гэх хүн Труу залгаад манай дүү У гэх хүн Драмын театрын ойр хавьд зээлийн гэрээний төсөл бичээд очно. Чи Утай уулзаад гарын үсгээ үг, дуугүй зураад өгөөрэй. Тэр гэрээнд үлдэгдэл төлбөр болон хүүний тооцооллыг гаргаж өгсөн байгаа гэж хэлсэн байдаг. Үүнээс өмнө О Ты гэрт очиж хаалга, үүдийг нь тогшиж, мөнгө төгрөгөө өг гэж удаа дараа асуудал үүсгэдэг байсан учир Ттухайн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Ты хувьд 2019 оны 04 сарын 01-ний өдөр Утай байгуулсан гэрээний дагуу 125,000,000 төгрөг аваагүй. Иймд У болон Тнарын хооронд байгуулсан 2019 оны 04 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн У шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр эхнэртэйгээ хамт хүрч ирээд надтай гэрээ байгуулж байсан. Ты хувьд ухаан санаа эрүүл, гэрээ байгуулснаар ямар эрх зүйн үр дагавар үүсч байгааг бүрэн ухамсарлаж байсны үндсэн дээр надтай гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Миний хувьд Тыг ямар нэг байдлаар дарамталж, шахсан зүйл байхгүй. Манай эгч Оийн хувьд надад ...Би Тгэх хүнээс мөнгө авах ёстой. Чи миний оронд Таас мөнгөө авчих... гэж хэлээд шаардах эрхээ шилжүүлсэн байдаг. Үүний дагуу би Ттай зээлийн гэрээ байгуулсан байдаг. Ты хувьд эхнэртэйгээ ирж зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Тзээлийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хэрнээ гарын үсэг зурснаас хойш 1 ч удаа гэрээний үүргээ биелүүлээгүй байж 1 жил 2 сарын дараа гэнэт гарч ирээд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргаад байгааг ойлгохгүй байна. Хэрэв үнэхээр хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол гэрээ байгуулж байх үедээ л маргаад явах боломжтой байсан. Ты хувьд хууль мэддэг хүнээс зөвлөгөө авчихаад ингэж аяглаж байна. Ты хувьд анх гэрээ байгуулж байхдаа зээлийн үлдэгдэл төлбөр болон хүүг нь хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл гэнэт л би чамаас мөнгө аваагүй тул 125,000,000 төгрөг болон хүү, алданги төлөхгүй гэж маргаад хүн луйвардаад яваад байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярианаас харвал Т нь мөнгө авсан, аваагүй гэж маргадаггүй. Гол нь О биш У гэрээ байгуулсан. Т, У аас мөнгө аваагүй. Иргэний хуулийн 282.4-т заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгөөгүй учир хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж л маргаж байгаа нь харагдаж байна. Гэтэл хэргийн материалаас харвал уг мөнгө нь аль хэдийн Тд олгогдчихсон мөнгө юм. Манай зүгээс нэхэмжлэгч талыг талуудын хооронд болсон үйл баримтыг хольж хутгаад, сайн ойлгохгүй байна гэж үзэж байна. Хэрэв үнэхээр мөнгө олгогдоогүй байсан бол О яагаад Уд шаардах эрхээ шилжүүлээд байгаа юм. Шаардах эрх шилжиж байна гэдэг нь Уаас авсан мөнгө гэж үзэх биш өмнө нь О бодитоор Труу мөнгө шилжиж байна уу гэдгийг л тодруулах нөхцөл байдал юм. Ты хувьд нэхэмжлэлдээ О мөнгө зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Оийн хувьд Уд 130,000,000 гаруй төгрөг өгөх ёстой байсан учраас уг мөнгийг Таас авчих гээд шаардах эрхээ шилжүүлээд У шаардах эрх шилжүүлж авсны үндсэн дээр Ттай зээлийн гэрээ байгуулсан ийм л үйл баримт болсон. Харин Ты хувьд тухайн асуудал дээр хуулийн цоорхойг ашиглаж Уаас надад бодитоор мөнгө шилжүүлээгүй гэж л маргаж байгаа. Хэргийн материалаас харвал хэдийгээр Уаас мөнгө шилжиж ороогүй байдаг ч О аль хэдийн 3-4 удаа Тд мөнгө шилжүүлсэн байдаг. Иймд бодитойгоор олгогдоогүй гэж үзэх үндэслэл байхгүй. Шаардах эрх хуульд заасны дагуу шилжсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч У шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хуулийн 39 болон 40 дүгээр зүйлд заасны дагуу У болон Тнарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Зээлийн гэрээ байгуулж байх үед Тямар нэг байдлаар дарамтлуулж, шахалтад орсон зүйл байхгүй. Хэрэв байсан бол тэр талаарх баримтуудыг гаргаж өгөх ёстой байсан. Одоогийн байдлаар Тдарамтлуулсан, шахалтанд орсон гэх нэг ч баримт хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байгаа ба уг гэрээг эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай этгээдүүд байгуулсан. Хавтаст хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас харвал шаардах эрх шилжээд үүрэг гүйцэтгүүлэгч л солигдож байгаа болохоос биш мөнгө бодитоор олгогдоогүй гэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 123.1-т Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Ты хувьд өөрөө гэрээ байгуулах санал гаргаад, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан үүрэг гүйцэтгүүлэх эрх шилжсэн гэж үзэж байгаа. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх тул Таас 125,000,000 төгрөг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
1.Хариуцагч талаас тухайн гэрээг О зээлсэн мөнгөний үлдэгдэл төлбөр дээр хүүг нь нэмж байгуулсан гэрээ, түүнийг Тхүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байна. Үүнээс харвал уг гэрээ нь Иргэний хуулийн 282.4-т заасан шаардлага хангаагүй байгаа нь тогтоогдож байна гэж үзэж байна.
2. О Уд шаардах эрх шилжүүлсэн гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Хуульд зааснаар бол нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд итгэмжлэлийн нэгэн адил шаардах эрхээ шилжүүлсэн байх шаардлагатай. Тэгээд ч У ямар нэг байдлаар Тд 125,000,000 төгрөг шилжүүлээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т нь хариуцагч Уд холбогдуулан талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч У нь нэхэмжлэгч Тд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 125,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Утай 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 125,000,000 төгрөгийг Уаас хүлээж аваагүй, ...Иргэн О миний бие 235,000,000 төгрөгийг зээлж авсан байсан бөгөөд О нь манай дүү У гэрээ бэлдээд очно, чи гарын үсэг зураарай гэж хэлсний дагуу тус гэрээнд гарын үсэг зурсан тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна... гэх агуулгаар тайлбарлаж байна.
Хариуцагч У нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ... нэхэмжлэгч Тнь эгч О 235,000,000 төгрөгийг зээлж авсан байсан. Манай эгч О нь Тд мөнгөө зээлсэн учраас надаас зээлсэн мөнгөө өгч чадахгүйд хүрсэн. Ингээд эгч надад Таас зээлсэн мөнгөө шаардах эрхээ шилжүүлсний дагуу миний бие уг гэрээг Ттай байгуулсан. Тнь уг гэрээг сайн дурын үндсэн дээр өөрөө зөвшөөрч байгуулсан учраас хүчин төгөлдөр зээлийн гэрээ юм ...гэх агуулгаар тайлбарлан, уг зээлийн гэрээний үүрэгт 125,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцэж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэх 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнд нэхэмжлэгч нь хариуцагчаас 125,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатайгаар зээлүүлэхээр харилцан тохиролцсон байх боловч энэхүү тохиролцооны дагуу хариуцагч У нь нэхэмжлэгч Тд 125,000,000 шилжүүлээгүй, харин нэхэмжлэгч Тнь иргэн О 235,000,000 төгрөгийг зээлсэн, уг зээлийн гэрээний үлдэгдэл үнийн дүн дээр хариуцагч У нь нэхэмжлэгч Ттай зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, гэрч Оийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэжээ.
Иймд талуудын тайлбар, гэрч Оийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаас үзвэл хариуцагч У нь нэхэмжлэгч Тд 125,000,000 төгрөгийг зээлүүлэх хүсэл зориг байгаагүй, тэд энэ талаар харилцан тохиролцоогүй, харин О болон Тнарын хооронд үүссэн зээлийн гэрээтэй холбоотойгоор уг зээлийн гэрээ гэх баримтыг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэн, мэтгэлцэж байх бөгөөд үндэслэлээ...О нь Таас зээлийн гэрээний үүргийн шаардах эрхээ 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсний дагуу уг зээлийн гэрээг байгуулсан гэж тайлбарлан, энэхүү тайлбараа нотлохоор О шаардах эрхээ шилжүүлсэн гэх бичгийн баримтыг нотлох баримтаар ирүүлжээ./хх-19 тал/.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар О нь Таас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхээ Уд шилжүүлсний дагуу У нь О, Тнарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн Таас шаардах эрхтэй болохоос уг шаардах эрх шилжүүлсэн гэх баримтыг үндэслэн шинээр зээлийн гэрээ байгуулан, уг зээлийн гэрээний дагуу сөрөг нэхэмжлэл гарган шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл хариуцагч Уыг нэхэмжлэгч Ттай 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан нь Оийн шаардах эрх шилжүүлснийг хэрэгжүүлсэн үйлдэл гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохоор хуульчилсан байх ба дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдгийг талуудтухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн байхыг ойлгодог.
Талууд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг байгуулахдаа уг зээлийн гэрээний дагуу хариуцагч У нь 125,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Тд шилжүүлэхгүй гэдгээ, нэхэмжлэгч Тнь Уаас 125,000,000 төгрөгийг авахгүй гэдгээ мэдэж уг гэрээг байгуулсан байна гэж үзэхээр байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзлээ.
Ийнхүү хүчин төгөлдөр бус хэлцэл нь шаардах эрхийн үндэслэл болохгүй тул хариуцагч Уын нэхэмжлэгч Тд холбогдуулан гаргасан 125,000,000 төгрөгийг гаруулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ты хариуцагч Уд холбогдуулан гаргасан талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Уын нэхэмжлэгч Тд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 125,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэв.
Харин иргэн О нь нэхэмжлэгч Таас зээлийн гэрээний үүргээ шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т, хариуцагч У нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Уын нэхэмжлэгч Тд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 125,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 783,000 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 782,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Уаас улсын тэмдэгтийн хураамжид 782,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э