Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2018/01351

 

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2018/01351

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .......... давхарт байрлах, ........... ХХК /РД: ........../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............тоотод оршин суух, ........... овогт .........гийн ............ /РД: .........../-д холбогдох,

Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С............, хариуцагч Ц............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ........... ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С............ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц,............ нь манай компанитай 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн .......... дугаар Төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийн 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авсан. Одоогийн байдлаар Ц............. нь манай компанид 220,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд хариуцагч Ц.............ээс 220,000 төгрөгийг гэрээний 5.3-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн 946 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 110,000 төгрөг, нийт 330,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШЗ2017/13526 дугаар захирамжтай буцаасан хэргийн материалаас гаргуулсан Ц.............ийн гарын үсгийг шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлтэд дээрх гэрээнд зурсан гарын үсэг нь Ц.............ийнх мөн гэж гарсан болно гэв.

 

Хариуцагч Ц.............ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би энэ төхөөрөмжийг аваагүй, тухайн үед оюутан байхдаа нэг кафед би бартендерээр ажилладаг байсан, тэр компанийн захирлын хүүхэд нь надтай их төстэй, мөн ажилд анх ороход бичиг баримтыг маань авч байсан. Тэд нар миний бичиг баримтаар энэ гэрээг байгуулсан байх магадлалтай гэж бодож байна. Мөн энэ асуудлыг би цагдаагийн байгулулагаар шалгуулахаар өргөдөл өгсөн байгаа. Миний гарын үсэг мөн гэж яагаад шинжээчийн дүгнэлт гарсныг мэдэхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ........... ХХК нь хариуцагч Ц.............д холбогдуулж зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 330,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц............. би энэ гэрээг байгуулаагүй, миний бичиг баримтаар өөр хүмүүс гэрээ байгуулсан байна, гэрээн дээрх гарын үсэг минийх биш гэж маргажээ.

 

Дараах үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талууд 2014 оны 7 дугаар сарын 9ий өдөр Төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч тал 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэх, гэрээний 1.1-т ... гэрээ байгуулах үедээ төхөөрөмжийн урьдчилгаанд 20,000 төлж, үлдэх төлбөрийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төлөх, төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.3 хувиар тооцож худалдагч талд алданги төлөх үүргийг худалдан авагч тал хүлээнэ. гэж харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд дээрх гэрээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2 дахь хэсгүүдэд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Хариуцагч гэрээг би байгуулаагүй, гэрээн дээрх гарын үсэг минийх биш гэж маргажээ.

 

Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн  буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн гэх гэрээнд болон зээл төлөх хуваарь Хавсрал-1 гэсэн баримтуудад .........гийн ............ гэх нэрний ард зурагдсан гэх гарын үсийг болон Ц............. гэх бичвэрүүдийг 1 хүн бичсэн байна гэх нотлох баримт хэрэгт авагдсан.

 

Гэвч нэхэмжлэгч ........... ХХК нь гэрээний үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйл Хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа, мөн зүйлийн 75.2.1 гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил; гэжээ. Зохигчдын хооронд байгуулсан зээлээр худалдах-худалдан авах гэрээний хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа 2017 оны 7 дугаар сарын 9-ны өдөр дуусан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.............ээс 330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ........... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР