Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/02838

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  О-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М-д холбогдох,

 

Хариуцагч: Э,

 

Хариуцагч: Э нарт холбогдох,

 

8,647,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хашаа байшин зарна гэсэн зарын дагуу Этай холбогдож, улмаар түүний өмчлөлийн хөрөнгүүд болох Баянгол дүүргийн * дугаар хороо, ******гийн * дугаар гудамж, 69 тоот хаягт байршилтай, 506 м2 талбайтай, Г-2 гэрчилгээний дугаартай газар, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, ******* гэрчилгээний дугаартай, 24.75 м2 талбайтай хувийн сууцыг худалдан авахаар болсон. 

Э хашаа, байшинг 8,500,000 төгрөгөөр худалдан ав гэж хэлсэн. Хашаа байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг асуухад тэрээр “...ББСБ-ын барьцаанд байгаа, миний зээлийг чөлөөлөөд аваарай” гэж хэлсэн. Би бодож үзье гэж хэлээд явсан. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 9 цаг * минутад “...8,500,000 төгрөгөөр авчих, манай хүүхдийн төрсөн өдөр болох гээд, би удахгүй гадаад явах гээд” гэсэн мессеж ирсэн. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Э, Э.Э- нар надтай “Б” дээр уулзсан ба тэд надаар 7,900,000 төгрөгийн зээлээ чөлөөлүүлсэн. Энэ өдөр 8,500,000 төгрөгийг би банкнаас аваад тус ББСБ-д бэлнээр 7,900,000 төгрөгийг өгсөн. Тэр өдрөө Э, Э.Э- нараас мөнгө өгсөн талаар баримт бичгээр авсан ба манай найз Т.Б гэрчээр хамт явж байсан. “Б” ХХК-иас Э, З.М, Э.Э- нарын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А0029/2018 тоот зээлийн гэрээ, Б0029/2018 тоот барьцааны гэрээний дагуу үүссэн үүрэг дууссан гэсэн бичгийг хийж өгсөн. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үүрэг дуусгавар болсон тул Баянгол дүүргийн * дугаар хороо, ******гийн * дугаар гудамжны 69 тоот хаягт байршилтай, 506 м2 талбайтай, Г-2 гэрчилгээний дугаартай газар, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай хувийн сууцыг барьцаанаас чөлөөлсөн. Үл хөдлөхийн гэрчилгээг харсан чинь 3 хүн бүртгэлтэй байсан. Би Э-гаас нэг өмчлөгч болох З.М-ийг дуудахыг шаардахад тэрээр түүнийг Солонгост байгаа гэсэн. Би “...энэ хүн байхгүй бол бичиг баримт шилжихгүй, мөнгөө авъя” гэж хэлсэн. Гэтэл  Э “...төлбөрийн чадвар байхгүй. Хүү удахгүй Монголд ирнэ, ирэхээр нь найдвартай шилжүүлж өгнө” гэж намайг ятгаж, үлдэгдэл 600,000 төгрөгийг бэлнээр авсан. Харин ББСБ-ын зээл чөлөөлсөн баримт, үл хөдлөхийн гэрчилгээг би авсан. Гэвч Э надад “...З.М 2020 оны * дугаар сард Монголд ирсэн, хашаа байшингаа шилжүүлэхгүй байна” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа хүү З.М над руу утсаар яриад “хашаа байшингаа өгөхгүй, хохирлыг чинь барагдуулна” гэж худлаа хэлээд алга болсон. Ингээд би шүүхэд хандсан боловч хариуцагч нарын өгсөн хаяг буруу, хаягтаа байхгүй гээд нэхэмжлэлийг хүлээж аваагүй. Ингээд би хариуцагч нарыг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж олсон. Ингээд би дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандаж байна. Үүнд:

1/ Баянгол дүүргийн * дугаар хороо, ******гийн * дугаар гудамж, 69 тоот хаягт байршилтай, 506 м2 талбайтай, Г-2 гэрчилгээний дугаартай газар, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, ******* гэрчилгээний дугаартай 24.75 м2 талбайтай хувийн сууцыг надад худалдсан боловч өмчлөх эрх шилжүүлж өгөхгүй байгаа тул урьдчилгаанд төлсөн 8,500,000 төгрөг;

2/ Шүүхэд баримт бүрдүүлэхэд зарцуулсан буюу нотариатын баримтын төлбөр  17,400 төгрөг;

3/ Өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө, нэхэмжлэл бичүүлэхэд төлсөн 60,000 төгрөг;

4/ Хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг. Ингээд нийт 8,647,600 төгрөгийг хариуцагч Э, 3.М, Э.Э- нараас буюу буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэжээ.

  

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч З.М, Э, Э.Э- нарт холбогдуулж Баянгол дүүргийн * дугаар хороо, ******гийн * дугаар гудамж, 69 тоот хаягт байршилтай, 506 м2 талбайтай, Г-2 гэрчилгээний дугаартай газар, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, ******* гэрчилгээний дугаартай 24.75 м2 талбайтай хувийн сууцны урьдчилгаанд төлсөн 8,500,000 төгрөг, нотариатын баримтын зардал 17,400 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө, нэхэмжлэл бичүүлэхэд төлсөн 60,000 төгрөг, хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 8,647,600 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. 

 

Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нараас Баянгол дүүргийн * дугаар хороо, ******гийн * дугаар гудамж, 69 тоот хаягт байршилтай, 506 м2 талбайтай, Г-2 гэрчилгээний дугаартай газар, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, ******* гэрчилгээний дугаартай, 24.75 м2 талбайтай хувийн сууцыг худалдан авахаар болсон. Тэдний хүсэлтийн дагуу эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхөөр 8,500,000 төгрөг төлсөн. Гэвч хариуцагч нар амалсан ёсоороо газар, уг газар дээрх хувийн сууцны өмчлөлийг шилжүүлж өгөөгүй. Иймд урьдчилгаанд өгсөн мөнгийг өөрт учирсан хохирлын хамт гаргуулна” гэж тайлбарласан.

 

Хариуцагч З.М, Э, Э.Э- нар дээрх нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 09, 20, 27-ны өдрүүдэд хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хариуцагч ямар нэг байдлаар эсэргүүцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэж нэхэмжлэлийг дор дурдсан үндэслэлүүдээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсгүүдтэй харшлахгүй. 

 

Хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бичгийн баримт авагджээ. Уг баримтад “...гэрчилгээний дугаар *, 506м2 газрын хууль ёсны өмчлөгч тул Г-2 худалдсан. Худалдаж авсан Л.О. 8,500,000 төгрөг өглөө. Барьцаанд бичиг баримт авлаа” гэж бичигдсэн ба уг баримтад “өгсөн: Э, Э.Э-. авсан: Л.О” гээд гарын үсгүүд зуржээ /хх 11 хуудас/.  

 

Мөн хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны 8,500,000 төгрөгийн зарлагын баримт,

“Б” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 254/2019 тоот Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст хандсан “Барьцаанаас чөлөөлөх тухай”, “...“Б” нь зээлдэгч Э, З.М, Э.Э- ...нарын зээлийн болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон тул ...Баянгол дүүрэг, ******гийн * дугаар гудамж, 69 тоот хаягт байршилтай, 506 м2 талбайтай, Г-2 гэрчилгээний дугаартай газар, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай хувийн сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү” гэсэн утга бүхий албан бичиг,

эрхийн улсын Г-2 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн * дугаар хороо, ******гийн * дугаар гудамж, 69 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18639312448343 дугаартай, 506 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн * дугаар хороо, ******гийн * дугаар гудамж, 69 тоот хаягт байршилтай, 24.75 м2 талбайтай хувийн сууцны гэрчилгээнүүд байна /хх *, 12, 14 хуудас/.

 

Дээр дурдсан баримтуудыг нэхэмжлэгчийн “...үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авахаар урьдчилж шилжүүлсэн мөнгө...” гэх тайлбартай харьцуулан судлахад Л.Оаас хариуцагч нарт шилжүүлсэн 8,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан дэнчингийн шинжийг агуулж байна гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, нэхэмжлэгчийн “...хариуцагч нарын өмчлөлийн газар, уг газар дээрх хувийн сууцыг худалдан авахаар амаар тохиролцсон” гэх тайлбарыг хариуцагч нарын зүгээс эсэргүүцээгүй, үгүйсгээгүй ба нэхэмжлэгч нь гэрээ байгуулсны нотолгоо болгож газар, уг газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 8,500,000 төгрөгийг хэлцлийн нөгөө тал болох хариуцагч нарт урьдчилан шилжүүлсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүрэг үүсч болно. Дэнчинг хүлээн авсан хариуцагч нар үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг зохих ёсоор байгуулж, улсын бүртгэлд өмчлөгчийг бүртгүүлэх үүргийг хүлээх ба энэ үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.4 дэх хэсэгт зааснаар дэнчин авсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг тавьсан этгээдэд буцааж өгөх, энэ тохиолдолд дэнчин тавьсан этгээд учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах боломжтой. Иймийн учир нэхэмжлэгч нь урьдчилгаанд төлсөн 8,500,000 төгрөг, нотариатын баримтын зардал 17,400 төгрөг, хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 8,587,600 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо бусдаас хууль зүйн туслалцаа авах эсэх нь зохигчийн эдлэх эрх буюу боломж учир нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө, нэхэмжлэл бичүүлэхэд төлсөн 60,000 төгрөгт холбогдох хэсгийг хангахгүй орхив.  

 

Харин хэрэгт авагдсан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бичгийн баримтад  Э, Э.Э- нар гарын үсгээ зурсан нөхцөл байдал, мөн нэхэмжлэгчийн “...гэрээ байгуулах, барьцаанаас чөлөөлөх, мөнгө хүлээж авах үед Э, Э.Э- нар байсан” гэсэн тайлбар зэргийг харгалзан 8,587,600 төгрөгийг Э, Э.Э- нараас гаргуулж, З.М-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1, 233.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Э, Э.Э- нараас 8,587,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60,000 төгрөгт болон хариуцагч З.Мэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,312 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э, Э.Э- нараас 152,352 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.О-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                               Н.ХАНГАЛ