Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Маанийн Мөнхтөр |
Хэргийн индекс | 102/2017/03907/И |
Дугаар | 102/ШШ2018/00700 |
Огноо | 2018-03-02 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2018/00700
2018 оны 03 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2018/00700 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, Дүнжингарав, ... дугаар байр, ... тоотод оршин суух, З овогт Ж-ын Н /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, Горькийн ... дугаар гудамж, ... тоотод оршин суух, С овогт Б-ын А /РД: .../-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 8,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бүрнээ, хариуцагч Б.Ан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Нгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж.Н миний бие 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Өвөр горхи, Баянцагааны хөтөл хаягт байрлах аялал жуулчлалын зориулалттай “Баянцагаан” жуулчны баазаа 4 сарын хугацаатай түрээслэгч Б.Анд түрээслүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т түрээсийн 4 сарын нийт төлбөр 18,000,000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон. Түрээслэгч Б.Ангийн гаргасан саналын дагуу 2017 оны 6 дугаар сарын сүүлд 9,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг удахгүй төлж барагдуулна гэж хэлсэн. Түрээсийн гэрээний хугацаанаас өмнө буюу 2017 оны 8 дугаар сард Б.Ан гар утсаараа “... баазаа хүлээж ав” гэх мессежийг над руу бичсэн, тухайн үед би хотоос хол хөдөө явж байна гэдгээ тайлбарласан боловч удалгүй хажуу баазын хүн над руу залгаад “... танай бааз эзэнгүй хаягдчихаад байна” гэхэд нь 2017 оны 8 дугаар сарын 20-нд бааз руу яаран очиход бүх эд хөрөнгийг эзэнгүй орхиод явчихсан байсан.
Тэгээд Б.Ан руу залгаад баазыг яагаад эзэнгүй хаясан, үлдэгдэл төлбөрөө хэзээ төлөх талаар асуухад ар гэрт гачигдал гарсан, төлбөрийг барагдуулах болно гэж хэлсэн. Ж.Н нь түрээсийн орлогоороо Америкт сурдаг охиныхоо сургалтын төлбөрийг төлөх ёстой байсан, түрээслэгчийн нөхцөл байдлыг харж ядан арга ядаад өөрийн үнэт эдлэлээ ломбарданд тавьж зээл авсан. Түрээсийн төлбөрөө бүгдийг нь авахаа больё, ломбардны өрийг төлчих гэхэд Б.Ан зөвшөөрч байсан. Үүнээс хойш элдэв шалтаг тоочиж төлбөрөө төлөхгүй гэж хэлдэг болсон. Иймд Б.Ангаас түрээсийн үлдэгдэл төлбөр 8,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Б.Нарантуяагийн сөрөг нэхэмжлэлийн хувьд бол Налайхын Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн аялал зуулчлалын газар, Дархан цаазтай газрын хамгаалалттай газруудаас нэгдсэн шалгалт жил бүр явдаг. Үүнтэй холбоотой манай байгууллагаас зөрчил дутагдалгүй, бичиг баримтын зөрчилггүй үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэж ирсэн. Тухайн үйл ажиллагаатай холбтоотой тусгай зөвшөөрөл, ажлын байрны тодорхойлолт зэргийг оффис болон гэрийнхээ хананд жаазлаад өлгөсөн байдаг бөгөөд шалгалтын хүмүүс бэлэн байлгахыг шаарддаг учраас уг бичиг баримтыг байнгын бэлэн байлгадаг. Хариуцагчийн өмгөөлөгчийнх нь гаргаж байгаа тайлбар нь Амарбаясгалангийн өөрийнх нь гаргаж байсан тайлбартай зөрөөд байгаа бөгөөд тухайн үед уг үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тухай тайлбарлаж, гэрээний төлбөрийг төлөхгүй гэсэндээ ийм тайлбар гаргаж байна гэж ойлголоо гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бүрнээгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Түрээсийн гэрээг байгуулахад эрхийн доголдолтой байгаагүй, гэрээг нотариатаар батлуулсан бөгөөд нотариатаар гэрчлүүлсэн тул уг бааз нь эрхийн догодолгүй гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.4-т үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг бүртгэлийн газарт бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болно гэж үздэг боловч түрээсийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно, бүртгүүлээгүй бол хүчин төгөлдөр бус байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бөгөөд мөн хуулийн 196 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсанд тооцогдоно. Гэрээ байгуулагдаад 9,500,000 төгрөг төлөгдсөн, энэ төлбөрт маргахгүй, гэрээний үлдэгдэл 8,500,000 төгрөгийг нэхэмжилж авахаар шүүхэд хандсан. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу баримт бичгээ үйлдсэн, улмаар түрээсийн гэрээ байгуулагдсан, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хариуцагч үйл ажиллагаа явуулж орлого олжээ. Налайх дүүргийн мэргэжлийн хяналтийн газар, онцгой байдлын газар удаа дараа ирж үйл ажиллагааг зогсоосон, шаардлага тавьсан гэж хариуцагч тал тайлбарлаж байгаа нь баримтаар нотлогдохгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Б.Ангийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт болон хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэн Нарантуяа, Амарбаясгалан нар нь Эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулсан. Энэ нь үл хөдлөхийн 2207000395 дугаартай, 020221816 дугаар газрын гэрчилгээтэй аялал жуулчлалын баазыг 1 сарын 4,500,000 төгрөгөөр түрээслэхээр гэрээгээр байгуулсан бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэрээний төлбөрт 9,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Нарантуяад өгсөн. Үйл ажиллагаа хэвийн явуулж байхад Налайх дүүргийн мэрэгжлийн хяналтын газраас холбогдох бичиг баримт Б.Нарантуяагаас шаардсан боловч уг баримт бичгүүд түүнд байгаагүй. Тиймээс Нарантуяатай холбогдох гэсэн боловч Нарантуяа гуай Америк руу явсан байсан учир гэрээг цуцлах тухай саналаа тавьж чадаагүй бөгөөд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болоод баазыг орхисон байдаг. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой түрээсийн гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой. Гэтэл уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөх бус гэрээ юм. Мөн хуулийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээний нэгэн адил хэрэглэнэ гэж заасан. Хуулийн дагуу түрээслэгч эд хөрөнгийн эрхийн доголдолдолгүй эд хөрөнгийг түрээслэх үүрэгтэй байхад холбогдох зөвшөөрөлгүй жуулчны баазыг газрын хамт түрээслэсэн байна. Үүнтэй холбоотой гэрээнээс татгалзаж жуулчны баазыг орхисон. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 288 дугаар зүйлийн 288.1.1 дэх хэсэгт түрээсийн гэрээний эрх зүйн зохицуулалт бий. Энэ хуулийн шаардлагыг хангаагүй буюу тусгай зөвшөөрөл сунгагдаагүй, эд хөрөнгийн эрхийн доголдолтой эд хөрөнгийг түрээслүүлсэн байсан. Ж.Нгийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах жуулчны бааз нь 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 20-ны хүртэл 5 жилийн хугацаагаар газар өмчлөх гэрчилгээг олгогдсон. 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр газрын гэрчилгээний хугацаа дууссан буюу эрхийн доголдолтой хөрөнгийг шилжүүлсэн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болж байгаа юм. Энэ гэрээг хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх шаардлагатай байсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч Б.Анд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 8,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Б.Ан нь нэхэмжлэгч Ж.Нд холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан “Түрээсийн гэрээ”-ээр түрээслэгч Ж.Н нь түрээслүүлэгч Б.Анд улсын бүртгэлийн Ү-2207000395, ГД: 000221816/ дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, “Баянцагаан” жуулчны баазыг 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатай, нэг сарын 4,500,000 төгрөг буюу нийт 18,000,000 төгрөгөөр түрээслүүлэх, түрээслэгч нь төлбөрөөс 10,000,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны дотор, үлдэгдэл 8,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн дотор төлөх, хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн түрээсийн гэрээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2012/51 тоот гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000221816 дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн тайлбараар тус тус нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээ байгуулагдсан болон гэрээ хэрэгжсэн, гэрээний дагуу тодорхой хугацааны дагуу төлбөрийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна.
Гэвч түрээслэгч буюу хариуцагч Б.Ан нь түрээсийн зүйл болох Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, “Баянцагаан” жуулчны баазад 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн амралт, жуулчны баазын зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаад Налайх дүүргийн мэргэжлийн хяналт, онцгой байдлын газраас удаа дараа ирж шалгаж, үйл ажиллагаагаа зогсоох шаардлага тавьсан гэх шалтгаанаар гэрээг цуцлах талаар нэхэмжлэгч Ж.Нд 2017 оны 7 дугаар сарын сүүлээр мэдэгдэж, 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр түрээсийн гэрээг цуцалж, жуулчны баазын түрхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь хариуцагч Б.Ангийн шүүх хуралдаанд “... 2017 оны 7 дугаар сарын 28-нд баазыг орхисон, 8 дугаар сарын 3-ны өдөр Нарантуяа эгчийн гэрт нь очиж түрхүүрүүдийг хүлээлгэж өгсөн, 7 дугаар сарын 23-ны өдөр утсаар мэдэгдэх гэсэн боловч утас нь болохгүй байсан учир 7 дугаар сарын 25-нд мессеж бичиж үлдээгээд холбогдож байгаад 8 дугаар сарын 3-нд түлхүүрийг нь хүлээлгэж өгсөн” гэх тайлбар, нэхэмжлэгчийн “... Б.Ан баазын түрхүүрийг 2017 оны 8 дугаар сарын эхээр авч ирж өгсөн” гэх тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д “Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөгийг буцаан өгөх үүрэгтэй.” гэжээ. Түрээслэгч нь түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, түрээсийн зүйлийг түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрийг шаардах эрхгүй гэж шүүх үзлээ.
Иймд түрээсийн гэрээний үүрэгт 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Б.Ан нь нэхэмжлэгч Ж.Нд холбодуулан 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Н нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2207000395 дугаарт бүртгэлтэй, 000221816 дугаар гэрчилгээтэй Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянцагааны 10 тоот 200 м/кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт Б.Анд 4 сарын хугацаатай түрээслүүлэхээр талууд түрээсийн гэрээ байгуулжээ. Гэвч дээрх хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн газар нь “Мүүлэн” ХХК-ийн эзэмшлийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2012/51 тоот улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална.” гэж заасан байх бөгөөд “Мүүлэн” ХХК нь дээрх гэрээний талаар нэхэмжлэл гаргаагүй болно.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна.”, мөн зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл;” гэжээ. Зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.” гэжээ.
Иймд хариуцагчийн 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Б.А-нгаас 8,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-д заасныг баримтлан Ж.Н, Б.Ан нарын 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөл бус хэлцэлд тооцсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 150,950 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.МӨНХТӨР