Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2017/02340

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ............. тоот хаягт оршин суух, Х овогт Ц.Г-гийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ............... тоот хаягт оршин суух, Н овогт С.Б-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд  55.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Г нь Хан-Уул дүүргийн .............. баригдсан “Э” ХХК-ийн орон сууцны 10 давхар барилга барих ажилд тус компанийн барилгын инженер С.Б-тай 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр аман гэрээ хийж манай барилгын бригад газар шорооны ажлаас эхлээд 10 давхар хүртэл А блокын барилгыг хийж гүйцэтгэхээр тохирч нэг давхрыг 9.000.000 төгрөг, нийт зоорийн давхартай 11 давхрыг нийт 99.000.000 төгрөгөөр тохиролцож, Ц.Г-гийн бригад хийж гүйцэтгэхээр ажилдаа орсон. Ингээд манай бригад нь 11 давхар барилгыг 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлээд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дуусгаж хүлээлгэн өгсөн. Барилгын ажил явагдаж байх хугацаанд ажилчдын цалин, урьдчилгаа гэх мэт 6 удаагийн үйлдлээр 44.000.000 төгрөг өгсөн бөгөөд барилга дуусгаад үлдэгдэл мөнгө өгнө гэж тохирсон боловч одоо болтол өгөөгүй байна. Одоо барилгын ажлын үлдэгдэл хөлс болох 55.000.000 төгрөгийг “Э” ХХК-ийн барилгын инженер С.Бгаас нэхэмжилж байна. С.Б нь мөнгө өгөхгүй худлаа хэлж, арга заль хэрэглэж, нэг хүнийг өдрийн 40.000 төгрөгөөр тохирсон гэх мэт худал зүйл хэлээд үлдэгдэл мөнгийг өгөхгүй байгаа тул бид шүүхэд хандсан. Ц.Г-гийн барилгын бригад нь 3 сарын хугацаанд ажиллаж байгаад гарсан болон шинээр ажилд орж ажилласан нийт 26 хүнтэй ажил үүрэг гүйцэтгэсэн юм. Гэтэл “Э” ХХК-ийн инженер С.Б нь танайх хүн дутуу ажилласан, нэг хүнийг өдрийн 40.000 төгрөгөөр тохирсон гэх худал зүйл гаргаж хөлс мөнгөө төлөхөөс зайлсхийж байна. Анх хэдэн хүнээр ажил үүрэг гүйцэтгэх нь Ц.Г-гийн бригадын асуудал байсан тэл энэ талаар ярилцаагүй. Ц.Г-гийн ажилчид зуурмагыг дандаа хугацаанаас өмнө авч цутгалт хийдэг байсан. Мөн барилгыг барьж дуусгах хугацаанаас 15 хоногийн өмнө барьж дуусган хүлээлгэн өгсөн. Ц.Г-гийн бригад зөвхөн цутгалтын ажил хийхээр анх тохирсон цутгалтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн. Иймд С.Б-гаас барилгын ажлын үлдэгдэл хөлс болох 55.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Б-гийн хувьд Хан-Уул дүүрэгт “Э” ХХК-ийн барилгын ажлыг өөрийн бригадын хамт хийж гүйцэтгэхээр болсон юм. С.Б нь “Э” ХХК-ийн ажилтан биш буюу албан ёсоор хөдөлмөрийн гэрээтэй ажилладаг ажилтан биш. Тохиролцооны дагуу С.Б нь ажлаа эхлэн явж байгаад хажуу талын барилга дээр ажиллаж байсан Ц.Г ажилгүй байна яах вэ гэхээр нь “...манайх хүн дутуу” гээд залуу хүн ажилдаа сайн гэж хүмүүс хэлсэн болохоор нь өөрийн ажилд авч ажиллуулсан. Ингээд Ц.Гг өөрийн бригадтай манай ажилд орж ир гэсэн. Ажилдаа оруулаад Ц.Г-гийн бригадад тусдаа ажил өгөөгүй юм. Өөрийн хийх ёстой байсан ажлыг С.Бгийн бригадтай нийлж хийсэн юм. Нэхэмжлэгч тал анх 99.000.000 төгрөгөөр тохирсон гэж байна. Бодит байдал дээр Ц.Г-тэй 88.000.000 төгрөгийн үнийн дүнгээр тохирсон. Ийнхүү тохирохдоо Ц.Г-гийн бригадад хэдэн хүн ажиллаж байгаагаас үл хамааран нийт 88.000.000 төгрөгийн ажлын хөлс өгөхөөр тохирсон. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ биш хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Учир нь С.Б өөрийн хийх ёстой байсан ажлыг ажиллах хүч нэмэгдүүлж яаралтай дуусгахаар болж Ц.Г-тэй дээрх байдлаар тохирсон юм. Ц.Г-гийн бригадын ажилчдын хувьд ажил таслах болон Ц.Г өөрөө ч  ирдэггүй тохиолдол их гаргадаг байсан. Барилгын ажлын санхүүжилт өдөр өдөртөө биш бөөн орж ирдэг тул өдөр болгон ажилчдын цалинг өгч чадахгүй тул анх ажиллаж эхэлсэн хүний тоогоор бодож нэг хүний өдрийн 40.000 төгрөгөөр тооцвол 88.000.000 төгрөгийн тооцоо гарч байх тул нийт 88.000.000 төгрөгөөр тохирсон юм. Ц.Г-гийн бригадын ажилчид ажилдаа ирдэггүй, тасалдаг байсан нь хэрэгт авагдсан баримт болох хөдөлмөр хамгааллын дэвтрээс харагдана. Ц.Г-гийн бригадын ажилчид ажлаа таслаад байсан учир цалинг нь өдөр өдөрт нь өгдөг болъё гэсэн. Өдөр өдөр нь олгох гэхээр санхүүжилт байхгүй байсан тул санхүүжилт орж ирэх үед нь цувуулж өгдөг байсан. Ийнхүү нийт 10 удаагийн үйлдлээр 44.132.400 төгрөг өгсөн. Энэ мөнгийг өгсөн авсан дээр нэхэмжлэгч тал маргадаггүй. Нэхэмжлэгч нь барилгын ажлыг дангаар гүйцэтгэсэн мэт бичсэн байна. Гэвч үнэн хэрэгтээ энэ ажлыг С.Б-гийн болон Ц.Г, н.Х нарын бригад гүйцэтгэсэн бөгөөд өвлийн эхэн сар хүртэл ажиллаж байгаад ажлаа түр зогсоож ирэх хавар нь үргэлжлүүлэн дуусгасан. Гэтэл нэхэмжлэгч нь 99.000.000 төгрөгийг тооцохдоо барилгын бүх ажилд оролцож байсан тул бид барьсан учраас үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж байна гэсэн байсан. Ажлын хөлсөнд түүний бригадад Ц.Г-гөөр дамжуулж 44.132.400 төгрөгийг өгсөн. Харин Ц.Г нь 44.132.400 төгрөгийг цааш нь ажилчиддаа өгөөгүйгээс болж цагдаагийн газар дээр шалгагдаж байсан удаа бий. Үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдсан. Хэрэв Ц.Г өөрийн бригадын ажилчдаа бүгдийг нь цаг тухайд нь таслуулалгүй ирц бүрэн ажиллуулж байсан бол 88.000.000 төгрөгийг бүтнээр авах байсан. Тухайн үеийн барилгын ажлын нэг өдрийн хөлс 40.000 төгрөг байсан нь талуудын тайлбараар нотлогдож байх тул шинжээчийн дүгнэлт зөв буруу гарсан эсэх дээр маргах үндэслэлгүй байна. Анх шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байна гэв.

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч С.Б-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 55.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч  хийсэн ажилд нь тохирсон хөлсийг төлсөн буюу гэрээний үүргээ биелүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Дараах үйл баримт тогтоогдлоо.

            С.Б нь “Э” ХХК-тай Хан-Уул дүүргийн ........... дугаар байрны угсралтын ажлыг гүйцэтгэх, ажлын хөлс 187.00.000 төгрөг байхаар 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

            Энэхүү гэрээний дагуу ажил гүйцэтгэхдээ С.Б нь Ц.Г-гийн бригадыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хөдөлмөр хамгааллын зааварчилгааны дэвтэр, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 216 тоот Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Прокурорын тогтоол, С.Б-гийн Цагдаагийн байгууллагад өгсөн тайлбараар тус тус тогтоогдож байна.

            Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

            Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч С.Б-ы “Э” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд туслан  гүйцэтгэгчээр ажиллажээ.

            Нэхэмжлэгч нь С.Б-тай байгуулсан туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээний дагуу “Э” ХХК-ийн Хан-Уул дүүргийн ........... дугаар байрны угсралтын ажлыг 2015 оны 07 сараас эхлэн 2015 оны 10 сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.

Ажлын хөлсөнд 44.000.000 төгрөг өгсөн авсан талаарх зохигчид маргаагүй ба нэхэмжлэгч нь 1 давхрыг 9.000.000 төгрөг, зоорийн давхрын хамт 11 давхар гэж тооцон нийт ажлын хөлсийг 99.000.000 төгрөгөөр тохиролцсон, одоо 55.000.000 төгрөгийг авах дутуу гэж нэхэмжилж байна.

            Хариуцагч нь 1 давхрыг 8.000.000 төгрөг, нийт 88.000.000 төгрөгөөр тохиролцсон ч бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаагүй тул өөр бригад нэмж ажиллуулсан бөгөөд ажлын хөлсөнд өөрчлөлт оруулж, хүний 1 өдрийн 40.000 төгрөгөөр ажлын хөлс төлөхөөр тохиролцож, хөлсийг бүрэн төлсөн  гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь тохиролцсон ажил буюу газар шорооны болон цутгалтын ажлыг бүрэн дуусгасан гэх боловч ажил хүлээлцсэн баримт байхгүй, “Э” ХХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01/018 тоот албан бичиг, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааны дэвтэр зэрэг баримтаар барилгын угсралтын ажил 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэхэд бүрэн дуусаагүй болох нь тогтоогдож байна.

            Дээрх нөхцөл байдлаас талууд ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсийг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д заасан байдлаар тохиролцоогүй байна гэж дүгнэлээ. 

Ажлын хөлсийг тохиролцоогүй тохиолдолд ажлын хөлсийг хэрхэн тооцох талаар Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасан бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр ажлын хөлсийг тооцуулахаар шинжээч томилж, уг шинжээчийн дүгнэлтээр 1 өдрийн ажлын хөлс 1 хүний 30.000-50.000 төгрөг буюу дунджаар 40.000 төгрөг болохыг тогтоожээ.

Нэхэмжлэгч нь өөрийн бригадын ажилчдын ажилласан хугацааг тодорхойлсон баримт, хариуцагч нь хөдөлмөр хамгааллын зааварчилгааны дэвтрээр нэхэмжлэгчийн бригадын ажилласан хүн/өдрийг тооцсон баримт ирүүлснээр тооцож үзвэл нэхэмжлэгчийн тооцоогоор 1057 хүн/өдөр, хариуцагчийн тооцоогоор 1030 хүн/өдөр ажилласан байна.

Үүнийг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасны дагуу зах зээлийн дундаж үнэлгээг тооцсон шинжээчийн дүгнэлтээр тооцоход 42.280.000 төгрөгөөс 41.200.000 төгрөг болж байна.

 Иймд ажлын хөлсний үлдэгдэл 55.000.000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна гэж дүгнэлээ.

   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 432.950 төгрөгийг улсын  орлогод үлдээж шийдвэрлэв.             

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 343 дугаар дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2 дахь заалтыг баримтлан хариуцагч С.Б-гаас ажилд гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 55.00.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 432.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  

 

                                         

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Ч.МӨНХЦЭЦЭГ